Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00383

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2018/00383

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа пдаргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг ** тоотод оршин суух Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдох,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хэрэгжүүлж ажилд эгүүлэн тогтоож ажиллуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж анх нэхэмжилсэн цалин хөлс 1 258 560 төгрөг, нэмэгдүүлсэн хөлс 623 778 төгрөгийг нэхэмжилсэн шаардлага гаргасан байсан. Энэ хэргийг шийдвэрлэх явцад 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас дуудаж 2017 оны 11 дүгээр сарын 24 нд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авсан тухай, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б/32 тоот тушаалаар ажлаас халсан тухай тушаалуудыг надад танилцуулсан. Мөн шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хурлын дараа хариуцагч дээрх тушаалыг гарган өгсөн байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хэрэгжүүлж ажилд эгүүлэн тогтоож ажиллуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...2017 оны 11 сарын 24-ний өдөр ажилд авсан тухай Б/27 тоот тушаал гаргасан атлаа ажиллуулаагүй байж байгаад 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Б/32 тоот тушаал буюу ажлаас халсан тушаал гаргасан учир уг тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар сургуулийн аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захирал надад чамайг ажилд аваагүй, зөвхөн ажилгүй байсан хугацааны чинь олговорыг олгохын тулд тушаал гаргасан гэж хэлсэн... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сургуулийн аж ахуйн нярав Д.Оын ажлыг Ц.Сувдмаад хүлээлцэх үед тооллогын баримтаар хөрөнгө дутагдсан. Тухайн үед Д.О зарим нэг хөрөнгийг хүмүүст түр ашиглуулж байгаа тиймээс авчруулж гүйцээнэ, мөн тусгай зориулалтын зарим хөрөнгүүд эвдэрч байхгүй болсон тул актлах шаардлагатай байгаа гэсэн учраас хэсэг хугацаанд хүлээж байсан. 16 дугаар сургуулийн хөрөнгө салгахад тооллогоор дутсан хөрөнгүүд дутсан хэвээрээ байсан учраас 16 дугаар сургуулиас жилийн эцсийн тайлан тооцоо гаргахаас өмнө дутагдалтай байгаа хөрөнгөө шийдвэрлэж өгнө үү гэж албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу Д.Оыг дуудаж уулзаад очиж асуудлаа шийдэж ир гээд явуулсан боловч эргэж ирээгүй. Дутагдалтай байсан сурагчийн сандал ширээнээс сургалтын менежер Б.Лхагвасүрэн, жижүүр А.Сайнжаргал нар хувьдаа ашиглаж байсныг 2018 оны 1 дүгээр сард авчирч өгсөн байсан. Мөн 13 дугаар сургуулийн бага ангийн багш Ч.Энхжаргал 2016 онд 4 ширээ 8 сандал авсан удахгүй аваачиж өгнөө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. Энэ талаар нь захирал Д.Дэлгэрмаа уулзахаар дуудуулсан боловч утас нь сүлжээ унаад болохгүй байсан, дараа нь өөрөөс нь асуухад хөдөө байж байгаад ирлээ гэсэн. Дараа дахин нэг дуудуулсан Чамайг захирал эхнэртэйгээ ирж уулзаж асуудлаа нэг тийш болго гэж байна гэсэн бас ирээгүй, тэгээд дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 22-нд хүүхдээ аваад сургуулиас гарах гээд явж байхад нь одоо заавал уулз гэж дагуулаад захирлын өрөөнд оруулсан. Мөн дараа нь удалгүй Одоо яг ирээд уулзаач гэсэн хотод япон хэлний сургалтанд сууж байна гэсэн. Дараа нь бас нэг дуудуулахад хүүхэд харах хүнгүй байна амжвал орой очно гээд ирээгүй. 2017 оны 11 дүгээр сарын 30-нд ирж тушаалаа авах гэж ирэхэд захирал байхгүй байж таарсан Улаанбаатар хотод ажлаар явсан байсан. Мөн сургуулийн бүх тушаал шийдвэр аймгийн дотоод аудитын албанд шалгагдаж байсан тул тэндээс өөрийг нь явуул тушаалыг нь авч өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөө тушаалаа авч ирээд ажилдаа орлоо гэсэн тухайн үед нь захирал Улаанбаатар хотоос ирээгүй байсан. Захиралыг байхгүй байсан 3 өдөр өглөө хүүхдээ сургуульд нь хүргэх, авах үедээ цагаа бүртгүүлж явж байсан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захирал Оыг дуудуулж уулзаад 16 дугаар сургуулийн дутагдсан хөрөнгөө шийдээд ир, тэгэхгүй бол хөрөнгө дутааж ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас халах хэмжээнд хүрээд байна, ийм үндэслэлээр ажлаас халагдвал цаашид дахин төрийн албанд орох, санхүүгийн ажил эрхлэхэд чамд саад болдог учиртай гэсэн боловч, тийм юм байхгүй, би хөрөнгө идээгүй, шийддэг журмаараа шийд гэсэн. Тэгээд буцаж ирэхгүй болохоор нь утсаар ярьтал надад хамаагүй шийддэг газраар нь шийдүүл гэж дахин хэлсэн тул 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.Оыг ажлаас халах тушаал гаргасан. Дутагдсан хөрөнгүүдийн талаар Д.От нэг бүрчлэн танилцуулж байж гарын үсэг зуруулсан болно гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдууланОрхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.О нь тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 142/ШШ2017/01079 дугаартай шийдвэрээр Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллагын захирал 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Д.Оыг няраваар ажиллуулахаар Б/27 дугаартай тушаал гарган ажилд нь авсан байх ба, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б/32 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлын хариуцлагагүй үйл ажиллагаанаас байгууллагад 3 260 752 төгрөгийн хохирол учруулсан гэж няравын ажлаас нь чөлөөлжээ.

Талуудын тайлбараас үзэхэд Д.Оыг 5 дугаар сургуулийн няравын ажилд авсан тушаал гарсан хэдий ч ажиллуулаагүй байх ба, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ ...нярав Д.Оын ажлыг Ц.Сувдмаад хүлээлцэх үед тооллогын баримтаар хөрөнгө дутагдсан. Энэ талаар нь захирал Д.Дэлгэрмаа уулзахаар дуудуулсан боловч ирээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 22-нд сургуулиас гарах гээд явж байхад нь одоо заавал уулз гэж дагуулаад захирлын өрөөнд оруулсан. 2017 оны 11 дүгээр сарын 30-нд ирж тушаалаа авах гээд ирэхэд нь захирал Улаанбаатар хотод ажлаар явсан байсан. Сургуулийн бүх тушаал шийдвэр аймгийн дотоод аудитын албанд шалгагдаж байсан тул тэндээс өөрийг нь явуулж тушаалыг нь авч өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөө тушаалаа авч ирээд ажилдаа орлоо гэсэн, тухайн үед нь захирал Улаанбаатар хотоос ирээгүй байсан. Захиралыг байхгүй байсан 3 өдөр өглөө хүүхдээ сургуульд нь хүргэх, авах үедээ цагаа бүртгүүлж явж байсан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захирал Оыг дуудаж уулзаад 16 дугаар сургуулийн дутагдсан хөрөнгөө шийдээд ир, тэгэхгүй бол хөрөнгө дутааж ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас халах хэмжээнд хүрээд байна гэсэн. Д.О би хөрөнгө идээгүй, шийддэг журмаараа шийд гэсэн. Тэгээд буцаж ирэхгүй болохоор нь утсаар ярьтал надад хамаагүй шийддэг газраар нь шийдүүл гэж дахин хэлсэн тул 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.Оыг ажлаас халах тушаал гаргасан. Дутагдсан хөрөнгүүдийн талаар Д.От нэг бүрчлэн танилцуулж байж гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар Д.Оын ажлыг 2017 оны 03 дугаар сарын 20-нд Ц.Сувдмаад хүлээлгэн өгсөн, тэр үед эд хөрөнгө дутаж байсан. Одоо энэ дутсан хөрөнгүүд нь 16 дугаар сургуулийн хөрөнгүүд гэсэн.

Дутсан гэх эд хөрөнгүүд нь 16 дугаар сургуулийн хөрөнгө байхад, 5 дугаар сургуулийн захирал нярав Д.Оыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

2016 оны 06 дугаар сарын 28-наас өмнө 16 дугаар сургууль нь 5 дугаар сургуульд харьяалагддаг байсан байх ба, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тус тусдаа биеэ даасан сургууль болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан.

Д.Оыг эд хөрөнгө дутаасан гэдгийг 2017 оны 03 дугаар сарын 20-нд мэдсэн, түүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн Д.Оыг ажлаас халсан Б/32 дугаартай тушаалд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн, мөн байгууллагад 3 260 752 төгрөгийн хохирол учруулсан гэсэн боловч энэ талаарх баримтуудаа хэрэгт ирүүлээгүй, хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Хэдийгээр Д.Оыг, 5 дугаар сургуулийн захирал 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр ажилд нь авсан тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр дахин ажлаас чөлөөлсөн нь ажилтны эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Д.Оыг Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан, 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 дугаартай ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулна гэснийг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй байдал гэж үзэн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй болно.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Оыг Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА