Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 00087

 

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2018/00087

 

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00392 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Х.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

Э ХХК-ийн захирлын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус үйлдвэрийн Эрчим хүчний цехэд генераторчины ажлын байранд жинхлэн ажиллуулах тушаал гаргахыг даалгах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, З.Ж нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Түмэнжаргал, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Х.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.А- миний бие 2012 оны 01 сарын 18-нд тус үйлдвэрт үйлчлэгчээр ажилд орсон. 2013 онд тухайн үеийн хэсгийн даргын санал болгосноор генераторчин мэргэжлийг эзэмшин үнэмлэхтэй болохдоо дагалдангаа хийж онол практикаараа шалгалтаа өгч тэнцсэн. Дахиж дагалдах шаардлагагүй байсан боловч цехийн даргын тушаалаар 2017.01.17-ноос 4 сарын 17 хүртэл 3 сар цалингүй, үйлчлэгчийн хажуугаар давхар дагалдаж 2017 оны 05 сарын 26-нд тусгай комиссоор шалгалт авахад нь тэнцсэн тул 2017 оны 06 сарын 02-нд хөдөлмөрийн гэрээ 3 сарын хугацаатай хийж албан ёсоор ажиллуулах байсныг 2017 оны 07 сарын 24-н хүртэл тодорхойгүй шалтгаанаар цехийн даргын санаанд нийцээгүй учир хойшлогдож 7 сарын 25-наас генераторчнаар бие дааж 2018 оны 1 сарын 02 хүртэл ажилласан. Уг нь 10 сарын 24-нд жинхлэх байсан боловч цехээс жинхлүүлэх албан бичиг Хүний нөөцийн хэлтэс рүү явуулахгүй байсаар миний бие аргагүй эрхэнд бие давхар байсан тул 2018 оны 01 сарын 03-нд жирэмсний амралтаа авсан учраас жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй амралтаа авсан хүнийг сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуулинд нийцэхгүй мөн цехийн дарга Б нь эрх мэдлээ урвуулан ашиглаж найзынхаа дүүг тус местэнд оруулах /хуурамч бичиг баримтаар/ гэсэн санаа нь биелээгүй тул бас Д.Саруул гэгчийг энэ ажлын байранд хуурамч үнэмлэхээр оруулж жинхлүүлж 1 жил ажиллуулсныг нь миний гомдлоор хуулийн байгууллагад шалгуулж нотлуулж халуулсанд нь намайг өнөөдөр ийм нөхцөл байдалд оруулах болсонд үнэхээр харамсалтай гомдолтой байна. Захирлуудын хурал дээр ажилчидаа сонсъё, санаа бодол, гомдол санал юу байна, асуудлыг шийдэж өгөх зорилготой хурал гэж ойлгосон учраас би тэр хурал дээр хууль бусаар хүнийг ялгаварлан гадуурхдаг, ажлын нөхцөл байдлын талаар ярьсныхаа төлөө сахилгын шийтгэл, давхар ажлын байрыг өөрчлөх, цагдаагийн байгууллагад шалгуулах гэх мэт ганц биш 2, 3 нь байдлаар шийтгэгдэж байна гэж үзэж Б даргын урьд нь надад санал болгож өөр хэсэг рүү ажлын байр өөрчлөх байсан цехийн дарга Бөд эрхийг өгч байгаад үнэхээр харамсалтай байна. Б дарга сахилгын шийтгэлд туршилтын хугацаанд орсон хүнийг жинхлэхгүй гэсэн шалтагаар өмнөх асуудлаа цэгцэлж, хувийн санаагаа гүйцэлдүүлж байгаа тул 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.А- шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Х.А- би Э-т үйлчлэгчээр ажиллаж байхдаа тус үйлдвэрийн Эрчим хүчний цех-ийн генераторчины ажлын байранд дагалдангаар 2017 оны 01 дүгээр сарын 17-оос 04 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацаанд ажиллан 2017 оны 05 дугаар сарын 26-нд шалгалт өгч генераторчины ажлын байранд тэнцсэн. Улмаар миний бие 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Э ХХК, түүнийг төлөөлж ерөнхий захирал Х.Б-тэй №24/17/21 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээ-г генераторчины ажлын байранд байгуулсан ба 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б/1019 дугаар тушаалаар Эрчим хүчний цех-ийн генераторчны ажлын байранд туршилтын 3-н сарын хугацаатай томилогдсон. Энэхүү тушаалаар туршилтын 3-н сар ажиллах ёстой байсан ч 5-н сар гаруй хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн хууль болон 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/1019 дугаар тушаалаар миний туршилтаар ажиллах хугацаа 3-н сар л байх ёстой бөгөөд туршилтын хугацаа дуусмагц тухайн ажлын байранд жинхлэх тушаал гаргах байсан боловч уг тушаалыг гаргалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Э-ийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хууль бусад хууль тогтоомжийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж нэг ажлын байранд нэг жилд 2 удаа 3 болон 5-н сар гаруй хугацаанд ажиллуулж, жирэмсэн байх үед үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр Э-ийн Эрчим хүчний цехийн генераторчины ажлын байранд жинхэлсэн тушаал гаргахыг даалгах гэж нэмэгдүүлж байна. Иймд Э ХХК-ний захирлын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, тус үйлдвэрийн Эрчим хүчний цех-д генераторчины ажлын байранд жинхлэх тушаал гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Х.А-гийн туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажлын байр буюу Эрчим хүчний цех-ийн Хий хангамжийн хэсгийн Ацетилиний станц нь галын болон тэсэрч дэлбэрэх аюулын А ангилал, цахилгааны аюулгүй байдлын В-1а ангилалд хамаарах онцгой обьект юм. Иймд тухайн ажилтны сэтгэл санааны тогтворгүй байдал нь үйлдвэрлэлийн хэвийн аюулгүй ажиллахад сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй байна гэжээ. Үүнээс үзэхэд шалгалтын дүнгээр Х.А-гийн хурал дээр хийсэн цехийн удирдлага, хамт олны талаар хийсэн мэдээлэл нь нотлогдоогүй байна.

Э ХХК-д Ерөнхий захирлын 2013 оны 03 сарын 29-ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан Э ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрэм үйлчилдэг бөгөөд Х.А-гийн хийсэн мэдээлэл үндэслэлгүй болох нь шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүний гаргасан үйлдэл нь ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар Ёс зүйн хороогоор шийдвэрлэх шаардлага үүссэн. Улмаар Ёс зүйн хорооны 2017 оны 12 сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтээр Ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.29, 3.1.30, 3.1.34 заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 заалтын дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Х.А-гийн 2017 оны 10 сард гаргасан үйлдлийг шалгалтын ажлын хэсэг болон ёс зүйн хороо судалж, 2017 оны 12 сарын 22-ны өдөр ёс зүйн зөрчилд тооцсон тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааны дотор буюу Ерөнхий захирлын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/03 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Э ХХК-ийн 8.7.16 дахь заалт, компанийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.14, 3.1.29, 3.1.30 дахь заалтууд, Ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 05-ны өдрийн А/701 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн танилцуулга, Ёс зүйн хорооны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн дүгнэлт зэргийг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу Х.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2013 онд генераторчны мэргэжил эзэмшихдээ дадлага хийгээд шалгалт өгч тэнцсэн. Дахин дадлага хийх шаардлагагүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цалингүй дадлага хийсэн тухайд: 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Түлш эрчим хүчний сайдын 93 тоот тушаалаар баталж 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн яаманд 28/24 дугаараар бүртгэгдэн хүчин төгөлдөр болсон Монгол Улсын бүх аж ахуй нэгж, байгууллагад мөрдөх Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ажиллах дүрэм-ийн 7.2.4-т Даралтат сав ажиллуулдаг ажилчид 12 сараас дээш хугацаагаар мэргэжлийн ажлаа хийлгүй завсардсан тохиолдолд мэргэжлийн шалгалт өгч, ажлын дадал зуршлаа сэргээх зорилгоор тодорхой хугацаанд дагалдан ажилласны дараа бие дааж ажиллах ёстой гэж заасны дагуу Хөдөлмөрийн хуулийн 23.2.2-д нийцүүлэн 3 сар дагалдан хийлгэсэн. 2017 оны 06 дугаар сарын 02-нд Хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулах байсныг цехийн даргын санаанд нийцээгүй шалтгаанаар 2017 оны 07 дугаар сарын 24 хүртэл хойшлуулсан тухайд: Э ХХК-д ажил олгогчийн эрх, үүргийг ганцхан Ерөнхий захирал хэрэгжүүлдэг. Иймээс цехүүд зөвхөн хүсэлтээ албан бичиг байдлаар Ерөнхий захиралд явуулна. Хүсэлтийн талаар Ерөнхий захирлын гаргасан шийдвэрийг үйлдвэрийн Захиргаа Хүний нөөцийн хэлтэс тушаал хэлбэрт оруулан батлуулдаг. Манай цех Х.А-г генераторчин болгох хүсэлтээ 2017 оны 06 дугаар сарын 02-нд Ерөнхий захиралд хүргүүлсэн. Ерөнхий захирлын Б/1019 дугаар тушаал 2017 оны 07 дугаар сарын 21-нд гарсан. Х.А-гийн шаардлагыг зөвшөөрөхгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00392 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг баримтлан Э ХХК-ийн ерөнхий захиралын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.А-г Э ХХК-ийн Эрчим хүчний цехийн Хийн хангамжийн хэсгийн Ацетилины хэсгийн ацетилины суурь машины генераторчны ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу жинхлүүлэн ажиллуулахыг Э ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 140 400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, З.Ж нар давж заалдсан гомдолдоо:

2017 онд Э ХХК-ийн удирдлага ажилтнуудтай цех, цехээр нь хуваарь гарган уулзалтууд хийсэн бөгөөд нэхэмжлэгч Х.А- нь 2017 оны 10 сарын 4-ний өдөр Уурхайчин СО-ны Их танхимд болсон өөр цехийн уулзалтан дээр очиж, цехийнхээ талаар мэдээлэл хийсэн байдаг. Х.А-гийн манай цехийнхэн бүгд архичид, хулгайчид... гэх зэргээр хийсэн мэдээллийн мөрөөр Ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 05-ны А/701 дугаартай тушаалаар шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж бодит байдлыг тогтоохоор шалгалт хийсэн. Шалгалтын ажлын хэсгийн дүн 2017 оны 10 сарын 16-ны өдөр гарч, Х.А-гийн хийсэн мэдээллүүд үндэслэлгүй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Мөн тус шалгалтын хэсгийн 111 хуудас хавсралттай 6 хуудас бүхий шалгалтын дүнд дурдахдаа ...Х.А-гийн туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажлын байр буюу Эрчим хүчний цехийн Хий хангамжийн хэсгийн Ацетилиний станц нь галын болон тэсэрч дэлбэрэх аюулын А ангилал, цахилгааны аюулгүй байдлын В-1а ангилалд хамаарах онцгой обьект юм. Иймд тухайн ажилтны сэтгэл санааны тогтворгүй байдал нь үйлдвэрлэлийн хэвийн аюулгүй ажиллахад сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй байна гэжээ. Үүнээс үзэхэд шалгалтын дүнгээр Х.А-гийн хурал дээр хийсэн цехийн удирдлага, хамт олны талаар хийсэн мэдээлэл нь нотлогдоогүй байна. Э ХХК-д Ерөнхий захирлын 2013 оны 03 сарын 29-ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан Э ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрэм үйлчилдэг бөгөөд Х.А-гийн хийсэн мэдээлэл үндэслэлгүй болох нь шалгалтын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар Ес зүйн хороогоор шийдвэрлэх шаардлага үүссэн. Улмаар Ес зүйн хорооны 2017 оны 12 сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтээр Ес зүйн дүрмийн 3.1.7, 3.1.29, 3.1.30, 3.1.34 заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 заалтын дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х.А-гийн 2017 оны 10 сард гаргасан үйлдлийг шалгалтын ажлын хэсэг болон ёс зүйн хороо судалж, 2017 оны 12 сарын 22-ны өдөр ёс зүйн зөрчилд тооцсон тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааны дотор буюу Ерөнхий захирлын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/03 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Э ХХК-ийн 8.7.16 дахь заалт, компанийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.14, 3.1.29, 3.1.30 дахь заалтууд, Ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 05-ны өдрийн А/701 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн танилцуулга, Ес зүйн хорооны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн дүгнэлт зэргийг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн142/ШШ2018/00392 дугаартай шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.А- сахилгын шийтгэл буруу ногдуулсан ажил олгогчийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК-ийн Эрчим хүчний цехийн Хийн хангамжийн хэсгийн Ацетилины хэсгийн ацетилины суурь машины генераторчны ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу жинхлүүлэн ажиллуулахыг Э ХХК-д даалгах тухай нэхэмжлэл тус тус гаргасан ба хариуцагч ...түүний гаргасан мэдээлэл нь нотлогдоогүй тул ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоосон тул сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, албан тушаалд ажиллуулах тухай хүсэлтийг цехүүд зөвхөн албан бичиг байдлаар Ерөнхий захиралд явуулж Ерөнхий захирлын гаргасан шийдвэрийг үйлдвэрийн Захиргаа Хүний нөөцийн хэлтэс тушаал хэлбэрт оруулан батлуулдаг, тус цехэд генераторчны ажилд жинхлэн ажиллуулахаар хүсэлтээ хүргүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.А-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

Харин шүүх нэхэмжлэгч Х.А-гийн гаргасан ...генераторчны ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу жинхлүүлэн ажиллуулахыг Э ХХК-д даалгах... тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Х.А-г ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/15 дугаар тушаалаар тус хэсгийн Ацетилины суурь машины генераторчинаар 3 сарын хугацаагаар дагалдуулан ажиллуулж 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсаны дараа 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/1019 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөр дуусгавар болгож улмаар туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Түүнчлэн ажил олгогч Б/1019 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож туршилтын 3 сарын хугацаагаар генераторчинаар ажиллуулсан, тус үйлдвэрийн Ерөнхий захиралд Эрчим хүчний цехийн дарга Г.Б 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 24/419 дугаар албан бичгээр туршилтын 3 сарын хугацаа дууссан тул хийн хангамжийн хэсгийн ацетилины суурь машины генераторчиноор нэхэмжлэгчийг жинхлэн ажиллуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч Б/1019 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож генераторчны ажилд туршилтын 3 сарын хугацаатай ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч тэрээр жирэмсний амралтаа эдэлж байх хугацаанд түүний ажил хэвээр хадгалагдаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно-д заасны дагуу нэхэмжлэгч Х.А-г тус хэсгийн Ацетилины суурь машины генераторчины ажилд туршилтын хугацаагүйгээр авсан гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Г.Б нарын гаргасан ....нэхэмжлэгч Х.А-д Ес зүйн хорооны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн дүгнэлт зэргийг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу... гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.А-г түүний гаргасан генераторчны ажилд жинхлэн ажиллуулахыг Э ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00392 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг баримтлан Э ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.А-г Э ХХК-ийн Эрчим хүчний цехийн Хийн хангамжийн хэсгийн Ацетилины хэсгийн ацетилины суурь машины генераторчны ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу жинхлүүлэн ажиллуулахыг Э ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Э ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ