Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00392

 

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/00392

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр Баянбулаг баг ** тоотод оршин суух Х.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал талбайд байрлах Э  ХХК-нд холбогдох,

Э  ХХК-ийн захирлын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус үйлдвэрийн Эрчим хүчний цехэд генераторчины ажлын байранд жинхлэн ажиллуулах тушаал гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.А  миний бие 2012 оны 01 сарын 18-нд тус үйлдвэрт үйлчлэгчээр ажилд орсон. 2013 онд тухайн үеийн хэсгийн даргын санал болгосноор генераторчин мэргэжлийг эзэмшин үнэмлэхтэй болохдоо дагалдангаа хийж онол практикаараа шалгалтаа өгч тэнцсэн. Дахиж дагалдах шаардлагагүй байсан боловч цехийн даргын тушаалаар 2017.01.17-ноос 4 сарын 17 хүртэл 3 сар цалингүй, үйлчлэгчийн хажуугаар давхар дагалдаж 2017 оны 05 сарын 26-нд тусгай комиссоор шалгалт авахад нь тэнцсэн тул 2017 оны 06 сарын 02-нд хөдөлмөрийн гэрээ 3 сарын хугацаатай хийж албан ёсоор ажиллуулах байсныг 2017 оны 07 сарын 24-н хүртэл тодорхойгүй шалтгаанаар цехийн даргын санаанд нийцээгүй учир хойшлогдож 7 сарын 25-наас генераторчнаар бие дааж 2018 оны 1 сарын 02 хүртэл ажилласан. Уг нь 10 сарын 24-нд жинхлэх байсан боловч цехээс жинхлүүлэх албан бичиг Хүний нөөцийн хэлтэс рүү явуулахгүй байсаар миний бие аргагүй эрхэнд бие давхар байсан тул 2018 оны 01 сарын 03-нд жирэмсний амралтаа авсан учраас жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй амралтаа авсан хүнийг сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуулинд нийцэхгүй мөн цехийн дарга Б нь эрх мэдлээ урвуулан ашиглаж найзынхаа дүүг тус местэнд оруулах /хуурамч бичиг баримтаар/ гэсэн санаа нь биелээгүй тул бас Д.С гэгчийг энэ ажлын байранд хуурамч үнэмлэхээр оруулж жинхлүүлж 1 жил ажиллуулсныг нь миний гомдлоор хуулийн байгууллагад шалгуулж нотлуулж халуулсанд нь намайг өнөөдөр ийм нөхцөл байдалд оруулах болсонд үнэхээр харамсалтай гомдолтой байна. Захирлуудын хурал дээр ажилчидаа сонсъё, санаа бодол, гомдол санал юу байна, асуудлыг шийдэж өгөх зорилготой хурал гэж ойлгосон учраас би тэр хурал дээр хууль бусаар хүнийг ялгаварлан гадуурхдаг, ажлын нөхцөл байдлын талаар ярьсныхаа төлөө сахилгын шийтгэл, давхар ажлын байрыг өөрчлөх, цагдаагийн байгууллагад шалгуулах гэх мэт ганц биш 2, 3 нь байдлаар шийтгэгдэж байна гэж үзэж Б даргын урьд нь надад санал болгож өөр хэсэг рүү ажлын байр өөрчлөх байсан цехийн дарга Бөд эрхийг өгч байгаад үнэхээр харамсалтай байна. Б дарга сахилгын шийтгэлд туршилтын хугацаанд орсон хүнийг жинхлэхгүй гэсэн шалтагаар өмнөх асуудлаа цэгцэлж, хувийн санаагаа гүйцэлдүүлж байгаа тул 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.А  шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Х.А  би Э  ХХК-ийн захирал Х.Б холбогдуулж Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Х.А  би Э -т үйлчлэгчээр ажиллаж байхдаа тус үйлдвэрийн Эрчим хүчний цех-ийн генераторчины ажлын байранд дагалдангаар 2017 оны 01 дүгээр сарын 17-оос 04 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацаанд ажиллан 2017 оны 05 дугаар сарын 26-нд шалгалт өгч генераторчины ажлын байранд тэнцсэн. Улмаар миний бие 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Э  ХХК, түүнийг төлөөлж ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй №24/17/21 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээ-г генераторчины ажлын байранд байгуулсан ба 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б/1019 дугаар тушаалаар Эрчим хүчний цех-ийн генераторчны ажлын байранд туршилтын 3-н сарын хугацаатай томилогдсон. Энэхүү тушаалаар туршилтын 3-н сар ажиллах ёстой байсан ч 5-н сар гаруй хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн хууль болон 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/1019 дугаар тушаалаар миний туршилтаар ажиллах хугацаа 3-н сар л байх ёстой бөгөөд туршилтын хугацаа дуусмагц тухайн ажлын байранд жинхлэх тушаал гаргах байсан боловч уг тушаалыг гаргалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Э -ийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хууль бусад хууль тогтоомжийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж нэг ажлын байранд нэг жилд 2 удаа 3 болон 5-н сар гаруй хугацаанд ажиллуулж, жирэмсэн байх үед үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр Э -ийн Эрчим хүчний цехийн генераторчины ажпын байранд жинхэлсэн тушаал гаргахыг даалгах гэж нэмэгдүүлж байна. Иймд Э  ХХК-ний захирлын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, тус үйлдвэрийн Эрчим хүчний цех-д генераторчины ажлын байранд жинхлэх тушаал гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.А гийн Э  ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01 сарын 03-ны Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. 2017 онд Э  ХХК-ийн удирдлага ажилтнуудтай цех, цехээр нь хуваарь гарган уулзалтууд хийсэн бөгөөд нэхэмжлэгч Х.А  нь 2017 оны 10 сарын 4-ны өдөр Уурхайчин Соёлын ордоны Их танхимд болсон өөр цехийн уулзалтан дээр очиж, цехийнхээ талаар мэдээлэл хийсэн байдаг. Х.А гийн хийсэн мэдээллийн дагуу Ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 05-ны А/701 дугаартай тушаалаар шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан. Шалгалтын ажлын хэсгийн дүн 2017 оны 10 сарын 16-ны өдөр гарч, Х.А гийн хийсэн мэдээллүүд үндэслэлгүй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. 111 хуудас хавсралттай 6 хуудас бүхий шалгалтын дүнд дурдахдаа ...Х.А гийн туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажлын байр буюу Эрчим хүчний цех-ийн Хий хангамжийн хэсгийн Ацетилиний станц нь галын болон тэсэрч дэлбэрэх аюулын А ангилал, цахилгааны аюулгүй байдлын В-1а ангилалд хамаарах онцгой обьект юм. Иймд тухайн ажилтны сэтгэл санааны тогтворгүй байдал нь үйлдвэрлэлийн хэвийн аюулгүй ажиллахад сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй байна гэжээ. Үүнээс үзэхэд шалгалтын дүнгээр Х.А гийн хурал дээр хийсэн цехийн удирдлага, хамт олны талаар хийсэн мэдээлэл нь нотлогдоогүй байна.

2. Э  ХХК-д Ерөнхий захирлын 2013 оны 03 сарын 29-ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан Э  ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрэм үйлчилдэг бөгөөд Х.А гийн хийсэн мэдээлэл үндэслэлгүй болох нь шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүний гаргасан үйлдэл нь ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар Ёс зүйн хороогоор шийдвэрлэх шаардлага үүссэн. Улмаар Ёс зүйн хорооны 2017 оны 12 сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтээр Ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.29, 3.1.30, 3.1.34 заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 заалтын дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч Х.А гийн 2017 оны 10 сард гаргасан үйлдлийг шалгалтын ажлын хэсэг болон ёс зүйн хороо судалж, 2017 оны 12 сарын 22-ны өдөр ёс зүйн зөрчилд тооцсон тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааны дотор буюу Ерөнхий захирлын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/03 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Э  ХХК-ийн 8.7.16 дахь заалт, компанийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.14, 3.1.29, 3.1.30 дахь заалтууд, Ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 05-ны өдрийн А/701 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн танилцуулга, Ёс зүйн хорооны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн дүгнэлт зэргийг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу Х.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Х.А гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. 2013 онд генераторчны мэргэжил эзэмшихдээ дадлага хийгээд шалгалт өгч тэнцсэн. Дахин дадлага хийх шаардлагагүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цалингүй дадлага хийсэн тухайд: 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Түлш эрчим хүчний сайдын 93 тоот тушаалаар баталж 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн яаманд 28/24 дугаараар бүртгэгдэн хүчин төгөлдөр болсон Монгол Улсын бүх аж ахуй нэгж, байгууллагад мөрдөх Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ажиллах дүрэм-ийн 7.2.4-т Даралтат сав ажиллуулдаг ажилчид 12 сараас дээш хугацаагаар мэргэжлийн ажлаа хийлгүй завсардсан тохиолдолд мэргэжлийн шалгалт өгч, ажлын дадал зуршлаа сэргээх зорилгоор тодорхой хугацаанд дагалдан ажилласны дараа бие дааж ажиллах ёстой гэж заасны дагуу Хөдөлмөрийн хуулийн 23.2.2-д нийцүүлэн 3 сар дагалдан хийлгэсэн. (Хавсралт-1) Дагалдан хийх хугацаандаа цалингаа бүтэн авсан. Цалин авсан баримтын хуулбарыг хавсаргав.

2. 2017 оны 06 дугаар сарын 02-нд Хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулах байсныг цехийн даргын санаанд нийцээгүй шалтгаанаар 2017 оны 07 дугаар сарын 24 хүртэл хойшлуулсан тухайд: Э  ХХК-д ажил олгогчийн эрх, үүргийг ганцхан Ерөнхий захирал хэрэгжүүлдэг. Иймээс цехүүд зөвхөн хүсэлтээ албан бичиг байдлаар Ерөнхий захиралд явуулна. Хүсэлтийн талаар Ерөнхий захирлын гаргасан шийдвэрийг үйлдвэрийн Захиргаа Хүний нөөцийн хэлтэс тушаал хэлбэрт оруулан батлуулдаг. Манай цех Х.А г генераторчин болгох хүсэлтээ 2017 оны 06 дугаар сарын 02-нд Ерөнхий захиралд хүргүүлсэн. Ерөнхий захирлын Б/1019 дугаар тушаал 2017 оны 07 дугаар сарын 21-нд гарсан.

3. 2017 оны 10 дугаар сарын 24-нд жинхлэх байсан боловч цехээс жинхлүүлэх албан бичгийг явуулаагүй тухайд: Х.А  нь 2017 оны 10 дугаар сарын 04-нд үйлдвэрлэлийн цехийн ажилчидтай Ерөнхий захирал тэргүүтэй удирдах бүрэлдэхүүний хийж байсан уулзалтад өөр цехийн төлөөлөлтэй очиж (урд өдөр нь манай Эрчим хүчний цех болон Автотээврийн байгууллага, Хүдрийн ил уурхайн төлөөлөлтэй уулзахад очоогүй) шүүмжлэл хэлэхдээ Эрчим хүчний цех-д шударга юм байхгүй. Шударгаар арга хэмжээ авбал бүгдээрээ халагдах болсон. Бүгд хулгайч, архичид гэж мэдэгдсэний дагуу Э -ийн Ерөнхий захирал 2017 оны 10 дугаар сарын 15-нд А/701 дугаар тушаалаар ажлын хэсэг томилон манай Эрчим хүчний цех-д (ЭХЦ) шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын хэсэг үр дүнгээ 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр таслан Ерөнхий захиралд танилцуулсан. Ерөнхий захирал шалгалтын үр дүнтэй танилцаад Х.А гийн асуудлыг Ёс зүйн хороогоор хянан шийдвэрлэх үүрэг өгсөн. Ёс зүйн хороо асуудлыг хянаж байх хооронд Х.А гийн генераторчиноор ажиллах 3 сарын туршилтын хугацаа 2017оны 10 дугаар сарын 24-нд дууссан. Тухайн ажилтан туршилтын хугацаанд ажлын байрны тодорхойлолтод (Xавсралт-7) заасан шаардлага, чадамжийг хангаж байвал жинхлүүлдэг. Гэтэл шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулгад Х.А г тухайн ажлын байранд ажиллуулах нь эрсдэлтэй гэсэн тул жинхлүүлэх боломжгүй болж ёс зүйн хорооны шийдвэрийг хүлээх шаардлагатай болсон. Ёс зүйн хорооны шийдвэр гарахгүй удсан, бас Х.А гийн жирэмсний амралтаа авах хугацаа ойртсон тул манай цех 2017 оны 12 дугаар сарын 27-нд 24/419 тоот албан бичгээр жинхлэх тушаал гаргуулах саналаа явуулсан. (Хавсралт-8) Ёс зүйн хороо 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон дүгнэлтээ 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай цехэд танилцуулсан. (Хавсралт-9) Энэ дүгнэлтийг үндэслэж Ерөнхий захирал 2018 оны 01 дүгээр сарын 03-нд Б/03 дугаар тушаалаар Х.А д сануулах шийтгэл оноосон. (Хавсралт-10) Энэ шийтгэл нь Э  ХХК-ийн эрх бүхий нэгж, албан тушаалтнууд оролцон хууль эрх зүй, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хөдөлмөрийн харилцаа, ажлын сахилга бат, хариуцлагын талаас нь иж бүрэн шалгалт хийсний үр дүнд авсан арга хэмжээ учраас 2018 оны 01 дүгээр сарын 03-нд гарсан Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгох Х.А гийн шаардлагыг зөвшөөрөхгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А  Э  ХХК-нд холбогдуулан Э  ХХК-ийн захирлын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус үйлдвэрийн Эрчим хүчний цех-д генераторчины ажлын байранд жинхлэн ажиллуулах тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Х.А д 2018 оны 01 сарын 03-ны өдөр Э  ХХК-ийн ерөнхий захирлын Б/03 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Тушаалын үндэслэлд: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Э  ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.16, Компанийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.14, 3.1.29, 3.1.30 дахь заалтууд, компанийн Ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/701 дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын ажлын хэсгийн үр дүнгийн талаарх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн танилцуулга, компанийн ёс зүйн хорооны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2017/01 дүгээр хурлын тэмдэглэл, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт зэргийг баримталсан байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Э  ХХК-ийн удирдлага ажилтнуудтай цех, цехээр нь хуваарь гарган уулзалтууд хийсэн бөгөөд нэхэмжлэгч Х.А  нь 2017 оны 10 сарын 04-ний өдөр Уурхайчин Соёлын ордоны Их танхимд болсон өөр цехийн уулзалтан дээр очиж, цехийнхээ талаар мэдээлэл хийсэн. Х.А гийн мэдээллийн дагуу Ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны А/701 дугаартай тушаалаар шалгалтын ажлын хэсэг байгуулагдан, 2017 оны 10 сарын 16-ны өдөр ажлын хэсгийн дүн гарч, Х.А гийн хийсэн мэдээллүүд үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон. Ажлын хэсэг ...Х.А гийн туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажлын байр буюу Эрчим хүчний цех-ийн Хий хангамжийн хэсгийн Ацетилиний станц нь галын болон тэсэрч дэлбэрэх аюулын А ангилал, цахилгааны аюулгүй байдлын В-1а ангилалд хамаарах онцгой обьект юм. Иймд тухайн ажилтны сэтгэл санааны тогтворгүй байдал нь үйлдвэрлэлийн хэвийн аюулгүй ажиллахад сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй байна гэсэн. ... Иймд Х.А гийн 2017 оны 10 сард гаргасан үйлдлийг шалгалтын ажлын хэсэг болон ёс зүйн хороо судалж, 2017 оны 12 сарын 22-ны өдөр ёс зүйн зөрчилд тооцсон тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ногдуулахаар байна.

Х.А д сахилгын сануулах шийтгэл ногдуулсан Б/03 дугаартай тушаалын үндэслэл болсон Э  ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.7-д Ажилтнууд нь хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн эрх, эрх чөлөөг хүндэтгэн харьцах, 3.1.14-д Компанийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах, 3.1.29-д Ажилтнууд нь компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж хамт олон, олон нийт, иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хараал хэрэглэхгүй, доромжлохгүй, гүтгэхгүй байх, 3.1.30-д Хувийн үзэл бодол, таамаглалаа Э  ХХК-ийн байр суурь хэмээж хамт олон, иргэд, олон нийтэд ухуулан ойлгуулах, тулган шаардах, гажуудуулан мэдээлэхгүй байх гэж заажээ.

Нэхэмжлэгч, Э  ХХК-ийн удирдлагууд ажилтнуудтай уулзсан уулзалтын бичлэгийг гаргуулах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авсан боловч эхлэл буюу нээлт хэсэг, өөрөөр хэлбэл уулзалтын зорилго юу байсныг танилцуулсан хэсэг байхгүй бичлэгийг нотлох баримтаар өгсөн бөгөөд, хариуцагч өөр бичлэг байхгүй гэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уулзалтын зорилгыг: үйлдвэрийн удирдлага, хамт олны дотор ямар асуудал хуримтлагдаж байдаг талаар тодруулах, удирдлагын сонорт хүрдэггүй ямар асуудал байдгийг судлах зорилготой уулзалт байсан гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Э -ийн удирдлагууд, ажилчидтайгаа тэдний санаа бодлыг сонсох, удирдлагын сонорт хүрдэггүй ямар асуудал байдгийг судлах зорилготой уулзалт зохион байгуулсан бөгөөд, уулзалтанд үг хэлсэн Х.А гийн мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулан шалгаж, түүнийг ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Э  ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.16-д Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж энэ тухай эрх бүхий байгууллага, Ёс зүйн хороонд мэдээлэх, 3.1.21-д Ажилтнууд нь албан ажил болон үзэл бодлоо илэрхийлсний төлөө бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, байгууллага болон хувь хүний нэр төрийг нь гутаан доромжлох, гүтгэх, эрх мэдлээр далайлгах аливаа илрэл гаргах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэхийг хориглох, 3.1.24-д Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах буюу гаргасан шийдвэрээс үүдэн гарч болзошгүй, учирч бий болсон үр дагавар, сөрөг талыг анхааруулж, мэдэгдэж байх, 3.1.37-д Ажилтнууд нь аливаа асуудалд шударга бус байдал гаргахгүй, хуурч мэхлэхгүй байх гэж заасан байх ба, Х.А г үг хэлснийх нь төлөө сахилгын шийтгэл ногдуулж буй нь Э  ХХК-ийн удирдлагууд, ажилтнуудтай хийсэн уулзалтын зорилгодоо хүрээгүй, ажилтнуудаа үг хэлснийх нь төлөө тэднийг шалгах, арга хэмжээ авсан нь зүйд нийцээгүй гэж үзэхээр байна.

Ажилтны ёс зүйн дүрмийн 4.1-д ёс зүйн зөрчил гэдэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журам, эрх бүхий байгууллагаас баталж гаргасан эрхийн акт болон энэ дүрмээр тогтоосон ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл эс үйлдлийг хэлнэ, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7.16-д ёс зүйн зөрчил гаргасан бол сануулах шийтгэл ногдуулна гэжээ.

Хэргийн 60 дугаар хуудсанд Х.А гийн ёс зүйн асуудлыг хянан шийдвэрлэсэн Э  ХХК-ийн Ёс зүйн хорооны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт авагдсан. Уг дүгнэлтэнд Х.А г Компанийн Ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.29, 3.1.30, 3.1.34 дэхь заалтыг мөрдөөгүй, энэ нь ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон тул Компанийн ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журмын 5.1-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулахыг Ерөнхий захиралд санал болгох, Х.А г туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажлын байрыг үндсэн цалин, ажлын хөдөлмөрийн нөхцөлийг бууруулахгүйгээр өөрчлөх асуудлыг цех дотроо шийдвэрлэхийг Эрчим хүчний цехийн дарга Ж.Бөд үүрэг болгож, Х.А гийн олон нийтийн арга хэмжээн дээр гаргаж тавьсан мэдээлэл нь Э  ХХК-ийн болон нэгжийн хамт олны нэр хүндэд халдсан асуудал болох эсэхийг тогтоолгохоор Цагдаагийн байгууллагад хандахыг Хууль эрх зүйн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Ес зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.1, 2.3.5-д зааснаар Ёс зүйн хороо нь Компанийн ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож дүгнэлт гаргахаар заасан байх ба, Ёс зүйн хороо нь: Х.А г Компанийн Ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.29, 3.1.30, 3.1.34 дэхь заалтыг мөрдөөгүй, энэ нь ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон гэж дүгнэсэн бөгөөд, ажлын хэсгийн танилцуулга нь сахилгын зөрчил гэдгийг тогтоосон гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Х.А г шалгасан ажлын хэсгийн танилцуулгад: Х.А  нь цехийн хамт олонтойгоо болон удирдах ажилтнуудтайгаа харилцааны маш их зөрчилдөөнтэй байдал үүсгэсэн. Энэхүү байдлаас хамаарч ажилтан Х.А гийн сэтгэл санаа тогтворгүй, анхаарал төвлөрөлт хэвийн бус, сэтгэл зүйн хямралын шинжтэй байна. /Сэтгэл зүйн хямралтай байдлаас хамаарч өөрөө хэд хэдэн удаа авто осол гаргасан тухайгаа хэлсэн-Х.А гийн мэдэгдэл/. Эрчим хүчний цехийн Хийн хангамжийн хэсгийн Ацетилены станцын генераторчноор туршилтын хугацаагаар ажиллаж байгаа Х.А гийн ажлын байр нь галын болон тэсэрч дэлбэрэх аюулын А ангилал, цахилгааны аюулгүй байдлын В-1а ангилалд хамаарах онцгой объект юм. Иймд тухайн ажилтны сэтгэл санааны тогтворгүй байдал нь үйлдвэрлэлийн, аюулгүй ажиллахад сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй байна гэжээ.

Ажлын хэсгийн танилцуулга нь Х.А г тухайн ажлын байранд ажиллахад эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ажилтны сэтгэл санааны тогтворгүй байдал нь үйлдвэрлэлийн, аюулгүй ажиллахад сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй байна гэдгийг ажлын хэсэг тогтоох боломжгүй. Энэ нь мэргэжлийн эмчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байхад дээрх байдлаар дүгнэн ажилтныг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулахгүй байгаа нь ажилтны эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч, ажлын хэсэг Х.А г тухайн ажлын байранд ажиллахад эргэлзээтэй гэсэн учир жинхлүүлэн ажиллуулах санал тавих эрхгүй, тиймээс жинхлүүлэн ажиллуулах албан бичгийг явуулаагүй гэж тайлбарласан.

Хэргийн 5 дугаар хуудсанд Х.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан. Энд Х.А тай Э  ХХК-ийн Эрчим хүчний цехийн Хийн хангамжийн хэсгийн Ацетилины хэсгийн ацетилины суурь машины генераторчны ажлын байранд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба, туршилтын гурван сарын хугацаа дууссан хэдий ч Х.А г жинхлүүлэн ажиллуулаагүй байна.

Э  ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1-д Компанид иргэдийг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлүүдийг үндэслэн компанийн Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ, контракт байгуулж, тушаалаар баталгаажуулна,

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулахаар зохицуулсан бөгөөд, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хугацаатай гэрээг талууд харилцан тохиролцож байгуулна гэж заасан.

Хийн хангамжийн хэсгийн Ацетилины хэсгийн ацетилины суурь машины генераторчны ажлын байр нь байнгын ажлын байр байх ба, туршилтын хугацаа дууссан, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болоогүй бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтныг ажиллуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх сунгасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэсэн. Тиймээс хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Х.А д сахилгын шийтгэл ногдуулсан Э  ХХК-ийн ерөнхий захиралын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.А г Э  ХХК-ийн Эрчим хүчний цехийн Хийн хангамжийн хэсгийн Ацетилины хэсгийн ацетилины суурь машины генераторчны ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу жинхлүүлэн ажиллуулахыг Э  ХХК-д даалгаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдолоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй, сахилгын шийтгэлийг 2017.01.03-нд ногдуулсан түүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүх хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 140 400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг баримтлан Э  ХХК-ийн ерөнхий захиралын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.А г Э  ХХК-ийн Эрчим хүчний цехийн Хийн хангамжийн хэсгийн Ацетилины хэсгийн ацетилины суурь машины генераторчны ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу жинхлүүлэн ажиллуулахыг Э  ХХК-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 140 400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА