Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00647

 

 

.........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01044 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1230 дугаар магадлалтай,

.........ийн нэхэмжлэлтэй,

“.........” ХХК-т холбогдох

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, Б.Алтанзул нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019.03 дугаар сарын сүүлээр .........ХХК-ийн фэйсбүүк дэх зарын дагуу 3 удаа очиж уулзан, ярилцлаганд орж, тус компанид барилгын хяналтын инженерээр 2019.04.22-ны өдөр туршилтын 3 сарын хугацаагаар анх ажилд орсон. 2019.07.31-ний өдөр цагаар ажиллуулах тухай тушаал гарч, дараа өдрөөс нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Гэтэл 2020.01.31-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн н.Пүрэвсүрэн гэх хүн захирал мэдэж байгаа тул чи ажлаас халагдах өргөдлөө өг гэсэн бөгөөд би та нар ажиллуулахгүй гэж байгаа бол тушаалаа өг гэхэд өгөхгүй байсан. Тэр үед манай хүүхдүүд өвдөж би ахлах инженер н.Оргилд утсаар мэдэгдэж, эмнэлэгт хүүхдүүдээ үзүүлнэ, актаа аваад очно гэдгээ 2020.02.03-ны өдөр хэлж, маргааш нь 2020.02.06-ны өдөр хүртэл огноотой, хүү Ц.Жавхланбаатар, Ц.Баярбаатар нарын нэртэй актаа н.Батцэцэг гэх манай компанийн ажилтанд өгсөн бөгөөд 2 дугаар сарын 4-ний өдөр акттай байсан ч ажил дээрээ очиж цагаа бүртгүүлж ажилласан. Гэтэл 2020.02.05-ны өдөр цайны цагаас өмнө надад 2020.02.04-ний өдрөөр огноолсон 20/032 тоот гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг өгсөн. Тушаалд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг баримтлан байна гээд С1 блокийн гүйцэтгэгч болох Өндөр дээдХХК-д захиалагчийн хяналт муу тавьсан, 1 орцны загварын байрны обойг батлагдсан зургийн дагуу наагаагүйн улмаас тус засварын байрны обойг хуулан шинээр наах шаардлага үүссэн нь компанид хохирол учруулсан, 2020.02.03-04-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэжээ. Гэтэл би ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Би энэ компанид орсон цагаас дандаа илүү цаг ажилладаг байсан ба 18 цагт ажил тарна гэх ойлголт байхгүй, эрт тарлаа гэхэд 19-20 цагийн үед тардаг, заримдаа шөнийн 4 цаг хүртэл биднийг ажиллуулж байсан. Ажлын зургийн дагуу ногоон, цагаан обойг наасан. Миний гаргаж өгсөн зургийн 2-р талд зурагдсан ногоон, цагаан обойг зургийн дагуу наасан бөгөөд коридорын ил хана учир 2 амсрыг нь нийлүүлж нааж болдоггүй учир 3 см хэртэй давуулан наасан, үүнийг тухайн үедээ Төслийн удирдагч У Мён Гын очиж үзэж шалгасан. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан 20/032 тоот тушаалыг хүчингүй болгож, миний компанийн төслийн менежментийн газрын барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд гэрчээр Мөнхбаясгаланг оролцуулах хүсэлт гаргасан байснаасаа татгалзаж байна. Учир нь энэ хүн хөдөө яваад ирээгүй байгаа юм байна лээ гэжээ.

Хариуцагч ......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дотоод журамд Ажлын үеэр 2 хүртэлх өдрийн чөлөөг тухайн газрын захирлын зөвшөөрлөөр олгоно гэж заасан. Мөн 5.3-д Ажилтан ажлын шаардлагын улмаас ажлын байранд шууд ирэх боломжгүй бол энэ тухайгаа өөрийн харьяалагддаг газрын удирдлага, менежерт мэдэгдэх, зөвшөөрөл авах, цаг "бүртгэгчид давхар мэдэгдэх ёстой гэж заасан. Гэтэл ......... нь журмаа баримтлаад энэ тухайгаа мэдэгдэх байсан. Оргил инженерт мэдэгдсэн гэж байгаа боловч энэ хүн журмын дагуу чөлөө олгох эрхтэй этгээд биш. ......... нь төслийн менежметын газарт харьяалагддаг бөгөөд төслийн менежер У Мин Гоуд мэдэгдэх ёстой. .........ийн тайлбараар бол Солонгос хүнтэй ойлголцож чадахгүй учраас ахлах инженер Оргилд мэдэгдсэн гэж тайлбарласан. Гэтэл манай бусад хяналтын инженерүүд Солонгос хэл мэдэхгүй ч чөлөөний хуудсаа бичээд, актаа өгөөд, урьдчилан мэдэгддэг. Энэ бүх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн ажилдаа ирэхдээ 2 хүүхдийн нэр дээр өвчтэй, цэцэрлэгээс чөлөөлөв гэсэн баримтуудыг цаг бүртгэгчид өгсөн байсан.Ийм учраас дотоод журамд заасны дагуу чөлөөгөө аваагүй, компанид хохирол учруулах хэмжээний нөхцөл байдал үүсгэсэнийг тогтоосны үндсэн дээр хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслээд .........ийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Энэ тушаал нь хууль, дүрэм журамд нийцэж гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 183/ШШ2020/01044 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан .........ийг .........ХХК-ийн Төслийн менежментийн газрын Барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,045,840 төгрөгийг хариуцагч .........ХХК-иас гаргуулан .........т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан .........ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг .........ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч .........ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 111,683 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.08-ны өдрийн 1230 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 183/ШШ2020/01044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,683 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Өлзийхишигийн өөрийнх нь хүүхэд мөн эсэх асуудал дээр анхан болон давж заалдах шатны шүүх хурлуудын аль аль нь дээр нь хариуцагчийн төлөөлөгч маргадаг. Энэ талаар хурлын тэмдэглэл дээр ч тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг үнэлэхдээ хариуцагчаас та нар нэхэмжлэгчийг хүүхдийн ээж биш гэж бодоод байгаа юм уу гэж асуудгаас биш энэ байдал чинь хавтаст хэргийн ямар баримтаар нотлогдож байна гэсэн зүйл ярьдаггүй. Бид чөлөө авах нөхцөлийг үгүйсгэдэггүй, хүүхдээ асарсан байхыг ч үгүйсгээгүй, гагцхүү баримтаар нотлогдох шаардлагыг шүүхэд тавьсан. Манай байгууллагын баримталдаг журмын дагуу л чөлөөг авах ёстой гэсэн үндсэн нөхцөлийг барина. Энэ бол бусад ажилчдад ч үүсэх нийтлэг жишгийг бий болгодог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлэх асуудал байхаас биш огт ямар ч баримтгүй зүйл дээр зөвхөн аль нэг зохигчийн тайлбараар тал бүрээс нь үнэлэх асуудал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаа нь шүүгч процессыг ноцтой зөрчиж байна гж харж байна. Нөгөө талаар дээрх магадлалд бичигдсэн 2 хүүхэд нь нэхэмжлэгчийн хүүхэд мөн эсэхтэй холбогдуулан баримт гаргуулах хүсэлтийг хариуцагч гаргаагүй байх тул уг хүүхэд нь нэхэмжлэгчийн хүүхэд биш гэж дүгнэх үндэслэлгүй гэжээ” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй. Шүүх зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Үүнээс биш хэргийг хальж дэврүүлж тийм л байх гэдэг өөрийн итгэл үнэмшлээр шийдэж байгаа мэт процессын хуулиас гадуур хэргийн аль нэг талд үйлчилж байгаа бодит нөхцөл байдлыг харуулж байна. Шүүх хариуцагч талаас гаргаж ирүүлсэн хэргийн 27, 28, 29 дүгээр талд авагдсан фото зургаар баталгаажсан хэсгийг нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн ажлын зурагтай харьцуулан дүгнэж, ......... нь уг обойг зургийн дагуу наагаагүй гэх үйл баримт үндэслэлтэй. Хэргийн 32 дугаар талд авагдсан “Өндөр дээд” ХХК-ийн 2020.03.10-ны өдөр ирүүлсэн .........ийн даалгавраар буруу наасан обойг хуулж дахиж хийсэн болох нь тогтоогдож байна. Уг албан бичигт материал зарцуулалт муу гэх шалтгаанаар торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байгаа учраас нэхэмжлэгчийг ажилдаа хариуцлагагүй хандаж хариуцагч байгууллагад хохирол учруулсан гэж үзэхгүй. Үүний улмаас хариуцагчид ямар нэгэн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байна гэжээ. Нэхэмжлэгч талын гаргаж ирүүлсэн зургийг хэн зохиодог, түүнийг хэн баталдаг тухай, зураг хэдийд нотлох баримтын шаардлага хангасан буюу үнэн ажлын зураг гэж үзэх эсэх нь нотлох баримтыг шинжлэн судалж буй шүүгчийн зайлшгүй анхаарах ёстой зүй ёсны асуудал. Өөрөөр хэлбэл хэн дуртай нэгэн нь ирээд өгсөн хаана ч хамаагүй хэвлээд гаргаад  ирж болох цаасыг нотлох баримтанд тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэх асуудал дээр шүүх анхаарал хандуулах ёстой байсан. Тухайн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт ямар ч тамга тэмдэггүй ажлын зураг гэдгийг нэхэмжлэгчээс өөр хэн ч нотлохгүй байгаа ийм нөхцөлд шүүх өөрийн үзэмжээр хуульд заасан бус аргаар үнэлж дүгнэсэн нь хэргийг шийдвэрлэх эхэн үеэс нэг талын ашиг сонирхолтой байсан гэж өнгөц харахуйц нөхцөл байдлыг үүсгэж байн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримт гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэдэгт бичмэл нотлох баримтыг эх хувиар эсхүл нотариатаар баталгаажуулсан хэлбэрээр ирүүлээгүй байхыг хэлнэ. Хэрвээ нэхэмжлэг өөрийн ажи үүргийн дагуу гүйцэтгэгчид зохих ёсны шаардлагаа тавиад явсан бол манайд баримтаар гаргаж өгсөн хохирол учрахгүй байсан. Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар буюу 2020.04.23-ны өдрийн хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ханын цаас наасан зургийг хэрэгт гаргаж өгсөн. Энэ ханын цаас стандартын дагуу наагдаагүй тул манайх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаас татгалзаж байна гэхэд шүүх тухайн нотлох баримтыг хүлээн авч үнэлсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын зураг нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шүүх хянаж үзээгүй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан тухайн үеийн нөхцөл байдлыг харвал ажлын зөрчил гарсан эсэх дээр захиалагч болон ажил гүйцэтгэгч нар маргаагүй болох нь хэрэгт авагдсан “Өндөр дээд” ХХК-ийн албан бичиг болон “.........”-ийн сахилгын шийтгэлийн арга хэмжээгээр тогтоогдож байна. Харин энэ нөхцөл байдалд ажил гүйцэтгэгч болох “Өндөр дээд” ХХК- нь 2020.02.03-ны өдөр ирүүлсэн талбайн захиандаа захиалагч байгууллагын хяналтын инженер Өлзийхишиг болон төслийн менежерийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэж байснаа тусгасан байдаг. Мөн түүнчлэн бид материал зарцуулалт муу гэдэг шалтгаанаар торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрч болох ч хугацаа хоцрогдлын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн тайлбарыг ажил гүйцэтгэгч ирүүлдэг. Гэтэл шүүхээс хариуцагчид бодит хохирол учраагүй байна гэж үзсэн. ... Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйдэл, эс үйлдэхүй байна. Шүүх хэргийг үнэлж дүгнэхдээ: Маргааны гол мөн чанарыг зөв гаргаж ирэх үйл явдал нь чухал. Фактыг тогтоохдоо бичмэл нотлох баримтанд суурилах нь чухал. ... Манай “.........” ХХК нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг иргэний эрх зүйн хамгаалалтаар баталгаажсан бие даасан субьект юм. Иймээс ашгийн төлөө ажиллах үндсэн зорилготой ажиллахын хувьд ажилтантайгаа харилцан тохиролцсон нөхцөлийн хүрээнд талууд хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Мөн гэрээнд заах стандарт нөхцөлийн дагуу гэрээний харилцааг шууд дуусгавар болгох нөхцөлийг тухайлан заасан. Энэ нөхцөлийн дагуу бид гэрээг дуусгавар болгосон. Компанид ч мөн адил өөрийн гэсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг гэж бий. Шүүх талуудын тэгж эрхийн харилцааг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн асуудал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчимд нийцэхгүй байна. ... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж ээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ........., “.........” ХХК-т холбогдуулан 2020.02.04-ний өдрийн 20/032 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Төслийн менежментийн газрын, барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолд: нэхэмжлэгч .........ийн ажил тасалсан тухайд мөн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс “Өндөр дээд” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд (обой наалтад) зөрчил гаргасныг нотолсон баримтыг шүүх хуульд заасны дагуу үнэлээгүй, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгуулна гэсэн агуулга заажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“.........” ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2020.02.04-ний өдрийн 20/032 тоот тушаалд .........ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг 2020.02 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, захиалагчийн хяналт муу тавьснаас “обой хуулан шинээр нааж” компанид хохирол учруулсан гэж заагаад тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасныг баримталжээ.

Ажил олгогч тушаалын үндэслэлийг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ноцтой зөрчил гаргасан гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцжээ.

“.........” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын VII.Хөдөлмөрийн сахилга, хариуцлагын тухай 2.1.16.-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 цаг түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан” сахилгын зөрчилд тооцно гэж зааснаас өөрөөр Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн нэг нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж “ноцтой зөрчил” гэж тодорхойлон хэлэлцэн тохирсон нөхцөл мөн боловч энэ үндэслэлээр ажилтныг халах тохиолдолд тухай нь зөрчил гарсан байх, мөн баримтаар тогтоогдсон байхыг шаардана.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч .........ийн ажил тасалсан, мөн компанид хохирол учруулсан гэх үйлдэл нь тогтоогдоогүй талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан 2020.02.3-6-ны өдрүүдэд бага насны хүүхдүүдээ эмчийн чөлөөгөөр асрамжилсан тухай “эмчийн Магадлагаа”-гаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь тогтоогдоогүй гэж, мөн обойг зургийн дагуу наагаагүй гэх үйлдэлд нэхэмжлэгчийг буруутайг хариуцагч баримтаар нотлоогүй гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтанд үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 40 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ эрх зүйн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

......... нь ажил олгогчийн ажлаас халсан 2020.02.04-ний өдрийн 20/032 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 , 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг зөрчөөгүй,  шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01044 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1230 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 111,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАНЗРАГЧ

                                                           ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                           Х.СОНИНБАЯР

                                                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД