Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2020/01044

 

 

2020 оны 04 сарын 23 өдөр

 

Дугаар 183/ШШ2020/01044

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Ө

 

Хариуцагч: Н ХХК

 

  Ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авав.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 3 сарын сүүлээр НХХК-ийн фэйсбүүк дэх зарын дагуу 3 удаа очиж уулзан, ярилцлаганд орж, тус компанид барилгын хяналтын инженерээр 2019 оны 4 сарын 22-ны өдөр туршилтын 3 сарын хугацаагаар анх ажилд орсон. 2019 оны 7 сарын 31-ний өдөр цагаар ажиллуулах тухай тушаал гарч, дараа өдрөөс нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Гэтэл 2020 оны 1 сарын 31-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн П. гэх хүн захирал мэдэж байгаа тул чи ажлаас халагдах өргөдлөө өг гэсэн бөгөөд би та нар ажиллуулахгүй гэж байгаа бол тушаалаа өг гэхэд өгөхгүй байсан. Тэр үед манай хүүхдүүд өвдөж би ахлах инженер Оргилд утсаар мэдэгдэж, эмнэлэгт хүүхдүүдээ үзүүлнэ, актаа аваад очно гэдгээ 2020 оны 2 сарын 3-ны өдөр хэлж, маргааш нь 2020 оны 2 сарын 6-ны өдөр хүртэл огноотой, хүү Ц.Ж, Ц.Б нарын нэртэй актаа Б гэх манай компанийн ажилтанд өгсөн бөгөөд 2 сарын 4-ний өдөр акттай байсан ч ажил дээрээ очиж цагаа бүртгүүлж ажилласан. Гэтэл 2020 оны 2 сарын 5-ны өдөр цайны цагаас өмнө надад 2020 оны 2 сарын 4-ний өдрөөр огноолсон 20/032 тоот гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг өгсөн. Тушаалд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг баримтлан байна гээд С1 блокийн гүйцэтгэгч болох Ө.ХХК-д захиалагчийн хяналт муу тавьсан, 1 орцны загварын байрны обойг батлагдсан зургийн дагуу наагаагүйн улмаас тус засварын байрны обойг хуулан шинээр наах шаардлага үүссэн нь компанид хохирол учруулсан, 2020 оны 2 сарын 3-4-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэжээ. Гэтэл би ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Би энэ компанид орсон цагаас дандаа илүү цаг ажилладаг байсан ба 18 цагт ажил тарна гэх ойлголт байхгүй, эрт тарлаа гэхэд 19-20 цагийн үед тардаг, заримдаа шөнийн 4 цаг хүртэл биднийг ажиллуулж байсан. Ажлын зургийн дагуу ногоон, цагаан обойг наасан. Миний гаргаж өгсөн зургийн 2-р талд зурагдсан ногоон, цагаан обойг зургийн дагуу наасан бөгөөд коридорын ил хана учир 2 амсрыг нь нийлүүлж нааж болдоггүй учир 3 см хэртэй давуулан наасан, үүнийг тухайн үедээ Төслийн удирдагч У очиж үзэж шалгасан. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан 20/032 тоот тушаалыг хүчингүй болгож, миний компанийн төслийн менежментийн газрын барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд гэрчээр Мөнхбаясгаланг оролцуулах хүсэлт гаргасан байснаасаа татгалзаж байна. Учир нь энэ хүн хөдөө яваад ирээгүй байгаа юм байна лээ гэв.

 

Хариуцагч НХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,             

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ө хариуцагч НХХК-д холбогдуулан Төслийн менежментийн газрын Барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар шаарджээ.

 

 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

Нэхэмжлэгч М.Ө нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдөр 19/030 дугаар тушаалаар Төслийн менежментийн газрын Барилгын хяналтын инженерээр 3 сарын дадлагажих хугацаатайгаар томилогдож, 2019 оны 08 сарын 01-ний өдрийн мөн захирлын 19/083 дугаар тушаалаар жинхлэн ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5, 37,62/

 

 

 

Харин НХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 20/032 дугаар тушаалаар, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дотоод журмын YII. Хөдөлмөрийн сахилга, хариуцлагын тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1.1., 2.1.2, 2.1.8, 2.1.16, 3.1.3, YIII. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай журмын 4.2, ... байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.3.3, 10.2.4, 10.2.7 дахь заалтыг үндэслэн ... ӨХХК-д захиалагчийн хяналт муу тавьсан, 1 дүгээр орцны загварын байрны обойг батлагдсан зургийн дагуу наалгаагүйн улмаас тус загварын байрны обойг хуулж, шинээр наах шаардлага үүсэн компанид хохирол учруулсан, 2020 оны 02 сарын 03, 04-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан ...үндэслэл зааж М.Өтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч байгууллага нь ...тушаал үндэслэлтэй гарсан бөгөөд М.Өийн гаргасан ноцтой зөрчлүүд нь 2020.03.06-ны өдрийн акт, барилгын талбайн даалгавар, цагийн бүртгэл, фото зургууд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм /хх-ийн 22-32, 59,60,38-46/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг гаргажээ.

 

 

 

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

 

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т /байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7-р хэсгийн 2.1/ тушаалд заасан үндэслэлийг тохирсон байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс М.Ө нь 2020.02.03-ны өдөр ажлын байрандаа ирээгүй болох нь тогтоогдож байх ба дээрх хугацаанд бага насны 2 хүүхэд нь өвдсөн, энэ талаараа ахлах инженер О-д утсаар мэдэгдсэн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч маргаагүй, зохигч талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

 

 

 

Харин дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, зохих этгээдэд энэ талаараа мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн гэрээний 2.1.16-д заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 цаг түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь дараах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч М.Ө нь бага насны 2 хүүхдээ эмнэлэгт үзүүлж, эмчилгээ сувилгаа хийлгэх, хүүхдээ асрах нь эх хүний хуулиар олгогдсон эрх байх ба тухайн тохиолдолд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, зохих журмын дагуу бичигдсэн эмнэлгийн магадлагааг ажил олгогч байгууллагад өөрийн биеэр авчирч өгснийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл тушаал гарсан 2020 оны 02 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч М.Ө нь ажилдаа ирж, дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотолж, ажил олгогчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн мөн тушаалын үндэслэлд дурдсан ...1 дүгээр орцны загварын байрны обойг батлагдсан зургийн дагуу наалгаагүйн улмаас тус загварын байрны обойг хуулж, шинээр наах шаардлага үүсэн компанид хохирол учруулсан... гэснийг нэхэмжлэгч нь зөвшөөрөхгүй гээд хэрэгт Шинэ Яармаг цогцолбор хорооллын C, D блокын В,D айлын Shop drawing/ ажлын зураг/ гэсэн баримт гаргаж ...уг зургийн 2-р талд зурагдсан ногоон, цагаан обойг зургийн дагуу наасан бөгөөд коридорын ил хана учир 2 амсрыг нь нийлүүлж нааж болдоггүй учир 3 см хэртэй давуулан наасан, үүнийг тухайн үедээ Төслийн удирдагч У Мён Гын очиж үзэж шалгасан гэснийг, хариуцагч тал уг зураг нь манай компанийн баталгаажсан баримтгүй, манайд байгаа зурагтай адилхан гэдэг эргэлзээтэй тул нотлох баримт гэж үзэхгүй байна гэх тайлбар гаргаж маргажээ.

 

 

 

Шүүх хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 27, 28,29 дүгээр талд авагдсан фото зургаар баталгаажсан хэсгийг нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн ажлын зурагтай харьцуулахад М.Ө нь уг обойг зургийн дагуу наалгаагүй гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь ногоон обойг 3 см давуулж наасан талаар маргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч талын тушаалын үндэслэлд дурдсан обойг батлагдсан зургийн дагуу наалгаагүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн зургийн дагуу ногоон, цагаан обой наасан гэснийг баримтаар үгүйсгээгүй, маргаагүй байна.

 

 

 

Эдгээрээс дүгнэхэд тушаалын үндэслэлд заасан хөдөлмөрийн гэрээний 10.2.4-т ажилтан үүргээ хангалтгүй биелүүлсэн буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид хохирол учруулсан үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч М.Ө-ийг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх ажлын 54 хоногийн олговор 6 045 840 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгч М.Ө-ийн цалинг нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс /хх-ийн 10/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 2 407 132 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 54 өдрийн /2 407 132:21,5= 111 960 / ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 6 045 840 төгрөгөөр /111 960 х 54 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

 

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 20/032 тоот тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2020 оны 02 сарын 18-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ... бага насны хоёр хүүхэдтэй гэснийг хариуцагч нь хэрэгт энэ талаар баталгаажуулсан баримтыг ирүүлээгүй гэж тайлбар гарган маргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг судалсан байх нь хуульд нийцнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Ө-ийг НХХК-ийн Төслийн менежментийн газрын Барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 045 840 төгрөгийг хариуцагч Н.ХХК-иас гаргуулан М.Ө-т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Өийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Н.ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч НХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 111 683 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                                      

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ