| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2018/02269/И |
| Дугаар | 184/ШШ2018/02161 |
| Огноо | 2018-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2018/02161
| 2018 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2018/02161 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б Схолбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Сын төлөөлөгч Э.Солонго, түүний өмгөөлөгч Г.Ариунзул, хариуцагч Б.Сб, түүний өмгөөлөгч Ц.Алимаа, гэрч Б.Баяртулга, Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие Б.Сбт 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус өгсөн. Б.Сб нь манай найз Б.Баяртулгын оюутан ангийн залуу юм. Дээрх мөнгийг надаас зээлэхдээ манай ээж Нигер улсаас 217,000,000 төгрөг явуулах гэж байгаа юм, уг мөнгөний шимтгэл хураамж хэрэгтэй байна гэж надаас нийт 9,400,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Эдгээр мөнгийг өгөхөд манай найз нар болох Б.Баяртулга, Г.Энхбаяр нар харж байсан. Гэтэл Б.Сбтай 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш холбоо барих болмжгүй болсон. Би 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан боловч 2018 оны 5 дугаар сарын дундуур иргэний журмаар хэргээ шийдвэрлүүл гэж явуулсан. Албан ёсоор эрүүгийн хэрэг үүсээгүй. Надад цагдаагийн байгууллагаас бичгээр хариу өгөөгүй. Б.Сбаас мөнгөө нэхэж фэйсбүүк мессенжерээр цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн талаар хэлэхэд мөнгийг чинь өгнө битгий цагдаад өгөөрэй гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Б.Сбаас 9,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Б.Сб өөрийн танилаар дамжуулан Б.Саас 9,400,000 төгрөгийг зээлсэн. Зээл авах шалтгаанаа дурдахдаа ээж Нигер улсаас 217 000 000 төгрөг явуулах гэж байна. Шимтгэл төлөх шаардлагатай байгаа учраас чиний зээлсэн мөнгийг 2 нугалж төлье гэдэг агуулгаар мөнгө зээлсэн байдаг. Манай үйлчлүүлэгч мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч өгнө удаахгүй гэдэг арга хэрэглэж 6 сарын хугацаа авсан. Аргаа барахдаа нүүр ном /фейсбүүк/-ын чатаар нь мөнгөө өгөхгүй бол цагдаад хандлаа гэж бичих үед битгий цагдаа шүүхэд хандаарай мөнгийг чинь удахгүй өгнө гэсэн байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар өгч байснаа өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй зүйл ярьж байгаа нь хэрэгт хамааралгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Сб шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний хувьд энэхүү 9,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч намайг ганцаараа авч хэрэглэсэн мэтээр бичжээ. Нэхэмжлэгч Б.С нь манай найз Б.Баяртулгын оюутны найз бөгөөд миний хувьд түүнийг танихгүй байсан. 2018 оны 3 дугаар сард найз Б.Баяртулгаас мөнгө хурдан олох арга байдаг болов уу гэж асуухад тэр бөөр зарах арга байна, хоёулаа интернэтээр хайж үзье гээд бид хоёр өдөр хайхад Майкл гэдэг хүнийг олсон. 140,000 ам.доллар болно, эхний ээлжинд 90,950 ам.доллар, дараа нь үлдэгдэл 50 000 долларыг шилжүүлнэ гэсэн. Найз Б.Баяртулга эхлээд чи хариуц гээд бид миний нэр дээр мөнгө авахаар, шилжүүлэхээр болсон. Интернэтээр холбогдоход мөнгө шилжүүлэх банк бэлэн дансаа өгнө үү гэсэн. Нэгдүгээрт интернэтээс 315 ам.доллар, 20 ам.доллар шимтгэл шилжүүлнэ үү гэсэн. Найз Б.Баяртулга, дүү Баяндалайдаа ах нь 217,000,000 төгрөг шилжүүлж авах гэсэн чинь 315 ам.доллар дээр гацчихаад байна, найзаасаа мөнгө олоод өгвөл найзад чинь нэг нугалж өгнө гэсэн. Найз Б.Баяртулга дүү Баяндалайгаас 800,000 төгрөг зээлсэн. Улмаар Сумъяабаатараас мөнгө зээлээд дүүд нь 1,600,000 төгрөг болгож өгсөн. Тухайн үед 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз Б.Баяртулга, түүний ах Эрдэнэцогт, Б.С, Б.Сб бид нар хамт банкаар 335 ам.доллар, 20 доллар шимтгэл шилжүүлсэн. Дараа нь интернэтээс 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 527 ам.доллар, 20 ам.доллар шимтгэл шилжүүлнэ үү гэсэн. Б.С ахаас 3,500,000 төгрөг зээлж, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр миний утасны төлбөр 85,000,000 төгрөгийг төлж найз Б.Баяртулга түүний ах Эрдэнэцогт, Б.Сын найз Энхбаяр бид тав банкаар 1,815,000 төгрөг буюу 527 ам.доллар, 20 ам.доллар шилжүүлсэн. Бид нийтдээ 2735 ам 6,566,561 төгрөгийг шилжүүлсэн.
Найз Б.Баяртулга, Б.С, Энхбаяр бид ярилцан өөр өөрсдийн хэрэгцээ шаардлагаа хангах зорилгын үүднээс гадаад руу мөнгө шилжүүлсэний улмаас их мөнгө буцаан авахаар тохиролцон гэндэн бусдад цахимаар зальдуулсан хохирогч болсон. Бидний үйл ажиллагаанаас болж хохирсон нэхэмжлэгч Б.Сын ажлын газрын найз, түүний найз Б.Баяртулга, Б.С, Энхбаяр, Б.Сб бид бүгд буруутай байгааг шүүхээс анхаарч өгнө үү. Үүнд Б.Баяртулга, хариуцагч Б.С нар өөрсдөө мөнгө бусдад шилжүүлсэн тул тэд хохиролоо өөрсдөө хариуцах ёстой гэж үзэж байгааг анхаарна уу. Би зээлээр мөнгө аваагүй, бүгд л өөр өөрийн ашиг харж энэ ажиллагаанд оролцсон, Баяртулга бас мөнгө төгрөг хариуцах ёстой. Учир нь анхнаасаа бид 2 ярилцаад энэ асуудалд үүссэн. Баяртулга танай ээж гадаадад байдаг ээжээс мөнгө ирэх гэж байгаа гэж хэлээд шимтгэлийн мөнгө олъё гэсэн санааг гаргасан. Бөөр зарах гэж байгаа гэвэл итгэхгүй гэсэн. Мөнгийг хамт аваад хэрэглэсэн, шилжүүлсэн, энэ хэд бүгд л мэдэж байгаа, би ганцаараа зээлээд үрээд хэрэглээд дуусгасан юм юу ч байхгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Сбаас зээлийн гэрээний үүрэг 9,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигч буюу нэхэмжлэгч талаас ...хариуцагч Б.Сб нь өөрийн найз Б.Баяртулгаар дамжуулан 9,400,000 төгрөгийг бэлнээр зээлсэн тул уг мөнгийг нэхэмжилж байна гэж, хариуцагч талаас ...Мөнгөн дүн зөрүүтэй байх тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч гэх Б.Баяртулга, хариуцагч Б.С нар өөрсдөө оролцсон, мөнгө зээлж, мөнгө олж бусдад шилжүүлсэн тул хохиролоо өөрсдөө хариуцах ёстой гэж тус тус тайлбар гарган маргадаг.
Хариуцагчийн ...Б.Баяртулга бид 2 бөөрөө бусдад худалдахаар тохиролцож интернетээр гадаадын хүнтэй холбогдсон, тухайн хүнээс 217 сая төгрөгийн санал тавьсан, урьдчилгаа мөнгө шилжүүлэх ёстой гэсний дагуу Баяртулгын дүүгээс, Б.Саас мөнгө авч тухайн хүн рүү шилжүүлж байсан гэх тайлбар болон хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны кассын орлогын баримт, мөнгө илгээх маягт, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Сб нарын хооронд тодорхой хэмжээний өгсөн, авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээнэ” гэж заасантай нийцсэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэсний дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцож амаар байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Тодруулбал Б.С, Б.Сб нарын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх ба зээлдэгч буюу хариуцагч Б.Сб зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Ст зээлсэн мөнгөө буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр тухайн үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Саас хариуцагч Б.Сбт нийт 9,400,000 төгрөг шилжүүлж өгсөн гэх боловч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2 “...эсрэг талын тайлбар, татгалзалтай танилцах, тайлбар өгөх, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан эрх, үүргийн хүрээнд бүрэн нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч талын ...Б.Баяртулгын дүүгээс авсан, Б.Саас авсан мөнгүүдийг гадаадын хүний данс руу шилжүүлсэн, Баяртулгын дүүгээс авсан мөнгөө нэг нугалаад Сумъяабаатараас авсан мөнгөөс өгсөн, мөн тухайн мөнгүүдээс төрсөн өдөр тэмдэглэсэн, хамт ууж идсэн гэх тайлбарын хувьд Б.Сбаас Нигер улсын иргэнд шилжүүлсэн болон шилжүүлгийн шимтгэлд нийт 2,735 ам.доллар буюу 6,566,256 төгрөгийг зарцуулсан болох нь Худалдаа хөгжлийн банкны 4 удаагийн мөнгө шилжүүлсэн буюу илгээсэн баримт /хх17-20/, кассын орлогын 8 ширхэг баримтаар /хх54-55/ нотлогдож байх тул баримтаар нотлогдсон дээрх төлбөрийг хариуцагч Б.Сб хариуцах хуулийн үндэслэлтэй байна. Харин хамт ууж идсэн, төрсөн өдөр тэмдэглэсэн, бэлнээр өгсөн, авсан гэх мөнгө хэдэн төгрөг байсан талаарх маргалдагч талуудын тайлбар зөрүүтэй, хуульд заасны дагуу баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,833,744 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь тухайн мөнгийг өөрөө хэрэглэсэн, Баяртулга энэ мөнгийг хариуцах учиртай гэх хариуцагч талын тайлбар нь гэрч Баяртулгын ...Гадаадын хүн рүү мөнгийг Сайнбаяр шилжүүлж байсан, Сумъяабаатараас ээжээс мөнгө ирнэ, урьдчилгаа мөнгө шилжүүлэх хэрэгтэй гэж хэлээд мөнгө авч байсныг мэднэ гэх мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ...Баяртулга надад ээжээс мөнгө ирэх гэж байгаа гэж хэлээд хүмүүсээс мөнгө авсан нь дээр, бөөрөө зарах гэж байгаа гэвэл мөнгө өгөхгүй гэж хэлсний дагуу түүний танил Сумъяабаатарт ингэж хэлж мөнгө авсан гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагчаар Б.Сбыг тодорхойлж түүнээс зээлийн үүрэг шаардсан нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ба хуулиар нэхэмжлэгчид олгогдсон эрхийн хүрээнд байна. Харин Б.Баяртулгад зээлийн гэрээний үүрэгт хамаатуулж хариуцагч Б.Сбаас хохирол шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.
Иймд хариуцагч Б.Сбаас 6,566,256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгон, нэхэмжлэлийн шаардлага болох 9,400,000 төгрөгөөс 2,833,744 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэрэгт цугларсан баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сбаас 6,566,256 /зургаан сая таван зуун жаран зургаан мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,833,744 /хоёр сая найман зуун гучин гурван мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улпсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 165,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ