Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00512

 

 Д.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01091 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1143 дугаар магадлалтай,

 Д.Сарантуяагийн нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

2019.07.18-ны өдрийн Б-2-119, 2019.09.05-ны өдрийн Б-2-168, 2019.10.25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, сахилгын шийтгэлд суутгасан 1,002,575 төгрөг, 2019 оны үр дүнгийн шагнал 2,557,640 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Сарантуяа, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, О.Болдсайхан, Ч.Энрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын дотоод аудит хяналтын албаны дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ажил олгогч 2019.07.18-ны өдрийн №Б-2-119 тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа миний гаргасан гэх зөрчлийг хэлэлцсэн ямар нэгэн шуурхай хурал хийгээгүй. Хэн гэдэг албан тушаалтан, ямар хууль бус үүрэг, даалгаврыг гүйцэтгэсэн мөн Улаанбаатар төмөр замын хэмжээнд мөрдөгдөж байгаа ямар дүрэм, зааврыг биелүүлээгүй, ямар шалтгааны улмаас үнэнчээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй, байгууллагын нууцад хамаарах ажил үүрэгтэй холбоотой ямар мэдээллийн нууцыг хадгалах үүргээ биелүүлээгүй талаар дүгнэсэн баримт материалыг танилцуулаагүй. Дээрх тушаалд дурдсанаар би эрх хэмжээгээ хэтрүүлэн, шалгалтанд хамааралгүй ямар байгууллагын санхүүгийн баримт материалыг албан тушаалаа ашиглан хэн гэдэг ажилтныг дарамтлан улмаар түүнийгээ нуун дарагдуулахыг шаардан авч бусдад ямар хэлбэрээр тараасан сахилгын зөрчил гаргасан бэ гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас хариу тайлбар ирэх хүртэл мэдээгүй явсан. Тухайн тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг тусгайлан гаргасан. Улаанбаатар төмөр замын даргын 2019.09.05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие 2019.03.07-ны өдрөөс 2019.03.11-ний өдрийг хүртэл Сүхбаатар өртөөнд дотоод аудит, хяналтын албаны дарга С.Наранбаярын баталсан томилолтын удирдамжийн дагуу томилолтоор ажилласан. Тухайн үед Сүхбаатар өртөөн дээр манай албаны орлогын байцаагч Г.Алтанчимэг, Ж.Болор нар төлөвлөгөөт шалгалт хийж, албаны дарга намайг тус өртөөн дээр ажиллаж, шалгалт хийж байгаа ажилтан нарынхаа шалгалтын явцтай танилцах, заавар, зөвлөгөө өг гэсэн үүрэг өгч, томилолтоор хийсэн ажлаа албаныхаа даргад 2019.03.12-ны өдөр танилцуулж, албаны дарга тухайн томилолтын удирдамжид заасан ажлын биелэлтийг дүгнээд 100 хувь гүйцэтгэсэн гэж үзэж, зардлын тооцоо хийхийг зөвшөөрч, гарын үсэг зурж Захиргаа аж ахуйн хэлтсээс цохолт аван зардлын мөнгөө авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Гэтэл Улаанбаатар төмөр замын даргын дээр дурдсан тушаалд намайг Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн талаар байхгүй байна. Хэрвээ намайг 2019.03.08-ны өдөр сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол 2019.03.07-ны өдрөөс 2019.03.11-ний өдрүүдэд томилолтоор ажиллахдаа хууль бусаар дур мэдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, зохих журмын дагуу томилолт авч, ажил үүргээ тайлагнасан. Улаанбаатар төмөр замын даргын 2019.09.05-ны өдрийн тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулах үед би ээлжийн амралттай байсан. Улаанбаатар төмөр замын даргын 2019.10.25-ны өдрийн 217 дугаартай тушаалаар намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний хувьд Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны А-202 тушаалаар батлагдсан журмын дагуу явсан. Удирдах газрын захиргаа аж ахуйн хэлтэст үнийн тооцоо нийлж тухайн өртөөнөөс явах болгондоо үнэмлэхээ үзүүлж яв гэх А-202 журмын дагуу явсан тул сахилгын зөрчлийг гаргаагүй гэж үзэж байна. Улмаар намайг удаа дараа байх байхгүй, өвчтэй, ээлжийн амралттай хугацаанд арга хэмжээ аваад өөрт мэдэгдэхгүйгээр хяналт шалгалт явуулж, 2018 оноос н.Пунцаг гэдэг дарга маш их дарамталсан. Үүнээс болж 1 дүгээр сард миний бие өвдөж, 7 дугаар сард мөн өвдсөн. Төмөр замын эмнэлгээр гадуур эмчлүүлж байгаад ээлжийн амралтаа авч, шар хадны эмнэлгийн нойргүйдлийн болон сэтгэцийн тасагт үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэж хэлсэн. 2019.08.01-ний өдрөөс 9 сарын 11-ний өдрийн хооронд ээлжийн амралттай байсан ба ажлын байрны дарамт, сэтгэл санааны хямралаас үүдэн 9 сарын 11-ний өдрөөс 9 сарын 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж, 9 сарын 23-ны өдрөөс 10 сарын 03-ны өдрийг хүртэл өрхийн эмнэлгийн хяналтанд байж эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөтэй байсан. Тэгэхээр намайг өвчтэй байхад шалгалт явуулсан болж таарч байна. Би өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн батлагдсан удирдамжгүйгээр ямар аж ахуйн нэгжийг шалгасан, шалгалтанд хамааралгүй ямар санхүүгийн баримт материалыг эх хувиар нь хэнээс шаардан авсан бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Миний асуудлыг хэлэлцсэн удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Ж.Батболдын удирдан хийсэн 2019.10.24-ний өдрийн хурлын тэмдэглэлийг өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй бөгөөд уг хурал дээр би хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, албаны даргын удирдан хийсэн 2019.12.13-ны өдрийн авто тээвэр үйлчилгээний төвийн санхүүгийн аудитын шалгалтын шуурхай хурал дээр тус төвийн ерөнхий нягтлан бодогч Л.Бурмаа зам тээврийн хөгжлийн сайдын унадаг автомашины хөнгөлөлтийн талаар ярьж хөдөө гадаа явахад бэлэн мөнгө гардаг, гаргахгүй бол болохгүй шалтгаанууд байна гэж ярьсны улмаас албаны даргын өгсөн үүргийн дагуу тус нэгж дээр аудитор Ц.Оюунчимэгийн хамт 2019.05.02-ны өдөр ажиллан гүйцэтгэлийн шалгалт хийж, шалгалтын тайлан болон холбогдох материалуудыг албаны дарга С.Наранбаярт танилцуулсан. Дотоод аудит хяналтын албаны хийсэн шалгалт хууль бус нэг талыг барьсан, хүний хувийн нууцад халдсан гэдгийг хэлсэн байдаг. Батлагдсан удирдамжгүй шалгалт хийгдсэн гэж байна. Батлагдсан удирдамжаар аудиторууд шалгалт хийгээд өгсөн үүрэг даалгаврын дагуу Ц.Оюунчимэг бид хоёр биелсэн байна уу, үгүй юу гэдгийг үзсэн. Манай албан дээр шалгалт хийж дуусаад шуурхай хуралд ирэхдээ зөвлөмжийн биелэлтийг барьж байдаг, зарим нь хэсэг хугацааны дараа барьдаг. Оны эцэст бид хуваарилж аваад гардаг. Сүүлдээ миний яаж өвдсөн, ямар өвчнөөр өвдсөн тухай Улаанбаатар төмөр замын даргын 10 сарын 10-ны өдрийн баримт гаргаж ирсэн. Намайг удаа дараа хүний нөөцийн албаны Н.Баттуяа, манай албаны н.Гантуул гэдэг хүмүүсээр шалгуулан, өвчний картаа өг гэж хэлдэг байсан. Би өгье гээд гэрээсээ аваад гарсан боловч тэтгэвэрт гарахад нэг жил дутуу, 50 гаруй насны хүний дүүрэн өвчний түүхийг хөндлөнгийн хүмүүст танилцуулах зүрх сэтгэл хүрээгүй. Өвчний акт бол НХО-ын санхүү дээр байгаа түүнийг үз гэж хэлсэн. 2019 оны 6 сараас 9 сарын хооронд 7 удаа хувийн зорилгоор албан тушаал, эрх мэдлээ урвуулан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүйгээр галт тэргээр зорчсон нь дотоод аудит хяналтын албаны 2019.10.17-ы өдрийн шалгалтаар тогтоогдсон гэж байна. Улаанбаатар төмөр замын тээврийн хяналтын байцаагч, дотоод аудит хяналтын албаны санхүүгийн болон орлогын байцаагч, зорчигч тээврийн албаны байцаагч бусад албаны байцаагч нар галт тэргэнд шалгах эрхийн үнэмлэхийнхээ үндсэн дээр шууд харилцааны галт тэрэгнээс бусад бүх суудлын галт тэргэнд байр эзлэн зорчих эрхтэй. Энэ үнэмлэхийн тухай Улаанбаатар төмөр замд ажилладаг бүх хүмүүс мэднэ. Эрхийн үнэмлэх тодорхой тооны хэдэн хүмүүст байдаг. Надад хоёр үнэмлэх байдаг ба нэг нь албаны үнэмлэх, нөгөө нь эрхийн үнэмлэх. Дотоод аудит хяналтын албаны 2019.10.17-ны өдрийн шалгалт хийсэн гэх дотоод аудит, хяналтын албаны ажилтан Ч.Эрдэнэбат, н.Болдсайхан нар уг шалгалтын удирдамжийг 2019.10.16-ны өдөр танилцуулахад шалгалтанд хамрагдах асуудал хувийн нууцад хамаарах эрүүл мэндтэй холбоотой асуудал байна гэдэг тайлбарыг хэлэхэд хүлээж аваагүй. Улаанбаатар төмөр замын даргын 2015.01.23-ны өдрийн А-14 дугаартай тушаалаар батлагдсан төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийн дагуу Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн удирдлага, алба, хэлтэс, тасаг, төв, товчоо, салбар нэгжийн батлагдсан орон тоо, албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ болон контрактаар ажиллаж байгаа ажилтнуудад жилийн эцсийн үр дүнгийн шагналыг тайлант оны эхнээс бүтэн ажилласан ажилтнуудад тооцож олгодог. Ажил олгогч надад 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагналыг олгоогүй. Би Улаанбаатар төмөр замд 30 жил тасралтгүй ажиллах хугацаандаа жил бүр ажлын үр дүнгийн шагналаа бүрэн авч байсан. Иймээс надад удаа дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж байгаа тул дээрх шагналыг авах эрхтэй гэж үзэж байна. Мөн ажлын байрны дарамтанд байнга өртөн, Улаанбаатар төмөр замын даргын дотоод аудит хяналтын хэлтсийн дарга Ж.Пунцаг намайг хувийн, ажлын байдлаар доромжилж, сүүлдээ гэр бүл, найз нөхөд, ах дүүсийг ярьж хэлэх болсон. Энэ талаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2019.07.19-ний өдөр гомдол гаргасан ч хурлын шийдвэр одоо болтол гаргаагүй байна. Ажил олгогч намайг үнэнч, шударгаар ажил үүргээ гүйцэтгэсний төлөө элдвээр шахан дарамталж янз бүрийн шалгалтыг удаа дараа явуулж, хууль бусаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг ногдуулсан. Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан үзэж, Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Сарантуяа нь Улаанбаатар төмөр замын дотоод хяналтын албаны дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны Б-500 дугаартай тушаалаар батлагдсан дотоод аудит, хяналтын албаны дүрэм, хяналт шалгалтыг зохион байгуулах журам, албан томилолтоор ажиллах журам, төмөр замаар зорчих маягтыг алба, нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журам зэргийг зөрчиж, албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирдамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019.09.05-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч 2019.03.08-аас 10-ны өдрүүд буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр, хагас, бүтэн сайн өдрүүдэд Сүхбаатар өртөөнд албан томилолтоор ажилласан тухай албан томилолтын удирдамж байна. Уг удирдамжийг албаны дарга асан С.Наранбаяр баталсан боловч удирдамжид байвал зохих албан томилолтын үр дүн буюу гүйцэтгэлийн тайлан байхгүй байдаг. Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны А-500 дугаартай тушаалаар батлагдсан дотоод аудит хяналтын албаны дүрмийн 4.8, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны А-501 дугаартай тушаалаар батлагдсан дотоод аудит хяналтын албаны хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.12, 3.5.1 дэх хэсэгт заасны дагуу удирдамж боловсруулан батлуулж ажиллах ёстой. Мөн албан томилолтын удирдамжид үндсэн болон нэмэлт үүрэг гэх хэсэг байдаг. Орлогын байцаагч Ж.Болор, Г.Алтанчимэг нарын бичгээр гаргаж өгсөн тайлбараас үзэхэд тэдний ажлыг шалгасан гэх үндэслэл харагддаггүй. Түүнчлэн галт тэрэгний дарга н.Орхон, н.Энхтүвшин, явуулын кассир Б.Даваасүрэн нарын бичгээр өгсөн тайлбарт ямар нэгэн шалгалт, тооллого хийсэн гэх нотолгоо байхгүй байна. Иймд албаны дээрх дүрэм, журмын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн. Эдгээр дүрэм, журмыг биелүүлэх үүрэг ажилтанд байдаг ба биелүүлээгүй гэж үзсэн учраас сахилгын шийтгэл ногдуулсан. Дотоод аудит хяналт албаны хяналт, шалгалт зохион байгуулах журмын 10.4, 10.5 дахь хэсгийг үндэслээд, 2019.09.05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед Д.Сарантуяа 2019 оны ээлжийн амралтаа эдэлж байсан хэдий ч түүнийг ээлжийн амралтаас дуудан ажиллуулах тухай тушаал гарсан бөгөөд уг тушаалаар 2019.08.28-ны өдрөөс эхлэн ажиллах ёстой байтал ар гэрийн гачигдал, бэрхшээл зэргийг дурдсан өргөдөл ирүүлээд ажилдаа ирээгүй учир бидэнд авагдсан баримтын үндсэн дээр шалгалт хийсэн. Д.Сарантуяа Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 4.14, 7.2.6 болон хөдөлмөрийн дотоод журмын 5.4, дотоод аудит хяналтын албаны дүрмийн 7.3.2, дотоод аудит хяналтын албаны хяналт, шалгалт зохион байгуулах журмын 5.13-т заасныг тус тус зөрчсөн. Манайд албаны болон Сүхбаатар өртөөний хэсэглэлийн хувьд хяналт шалгалт яаралтай явуулах талаар ямар нэгэн гомдол, мэдээлэл байхгүй бөгөөд өөрөө хэлбэл баяр ёслол, амралтын өдрүүдэд шалгалт хийх зайлшгүй шаардлага байгаагүй. Д.Сарантуяа хяналт шалгалтын удирдамж хийж батлуулаагүй, хяналт шалгалтын тайлан, ямар нэгэн илтгэх хуудас, шалгалтын баримт бичгийн бүрдэл байхгүй байна. Нэхэмжлэгч албаны холбогдох дүрэм журмыг зөрчиж, хууль бусаар албан томилолтоор ажилласан учраас төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журмын дээрх заалтуудыг зөрчсөн нь харагдаж байна. Д.Сарантуяад албан томилолтын зардалд 50 600 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл 286,450 төгрөг, баяр ёслолын өдөр ажилласны нэмэгдэл 253,482 төгрөг, нийт 590,532 төгрөгийг олгосон санхүүгийн баримт байгаа тул албаны ямар нэгэн хяналт хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул галт тэрэгний тасалбарын үнэ 59,600 төгрөгийг оруулж, тооцоод нийт 650,132 төгрөгийг нөхөн төлүүлэх акт тогтоож байсан. Мөн 2019 оны 6 сараас 9 сарын хооронд 7 удаа хувийн зорилгоор зорчихдоо Улаанбаатар төмөр замын даргын 202 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж үнийг төлсөн нөхцөлд олгох журмын 3.2-т заасныг зөрчиж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүй галт тэргээр зорчсон нь дотоод аудит хяналтын албаны 2019.10.17-ны өдрийн шалгалтаар тогтоогдсон. Ингээд сахилгын шийтгэл давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Сарантуяа нь автотээвэр үндэсний төвд 2019.05.02-ны өдөр удирдамжгүйгээр шалгалт явуулж, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь автотээвэр үйлчилгээний төвийн дарга Б.Энхтөрийн тайлбарууд, дотоод аудит хяналтын албаны аудиторуудын 2019 оны жилийн удирдамжийн жагсаалт, удирдамжийн бүртгэл, дотоод аудит хяналтын албаны 2019.10.01-ний өдрийн 34 дугаартай шалгалтын тайлан зэргээр нотлогдсон. Д.Сарантуяа нь 2019 оны 6 сарын 27, 7 сарын 10, 8 сарын 07, 9 сарын 18, 9 сарын 22, 9 сарын 30-ны өдрүүдэд нийт 7 удаа хувийн зорилгоор буюу Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд 4 удаа, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 3 удаа явсан нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүй галт тэргээр зорчсон нь дотоод аудит хяналтын албаны 2019.10.17-ны өдрийн 34 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан, статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны 2019.10.15-ны өдрийн 12/241 тоотоор ирүүлсэн мэдээллийн нэгдсэн сангаас 2018 оны 01 сараас 2019.10.03-ны өдрийн хооронд зорчигчийн галт тэргээр зорчсон лавлагаа, нэхэмжлэгчээс 2019.10.15-ны өдөр асууж авсан тайлбар зэргээр тогтоогдож байна. Түүний 2019.10.16-ны өдөр удирдамжгүй шалгалт явуулсан талаар бичиж өгсөн тайлбар дээрх шалгалтын дүнг хэлэлцсэн хуралд Д.Сарантуяа өөрийн биеэр оролцож, тайлбараа гаргаж байсан зэргээс үзэхэд түүнийг өвчтэй үед шалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй. Дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Сарантуяад Улаанбаатар төмөр замын даргын 2019.07.18-ны өдрийн Б-2-119 дугаартай тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, Олон нийтийн сүлжээгээр хариуцагч байгууллагатай холбоотой нийтлэл гарсантай холбоотойгоор ажлын хэсэг байгуулж шалгалт явуулсан. Нийтлэлд дурдагдсан хэсэг нь Д.Сарантуяагийн аж ахуйн хэлтсийн эдийн засагч Б.Золзаяагаас гаргуулж авсан санхүүгийн баримтад байгаа баримт, мэдээлэл болон аж ахуйн хэлтсийн 2019 оны санхүүгийн шалгалтын тайлангийн 33 дугаар хуудсанд байх мэдээллүүд байсан. Энэ нь Б.Золзаяа, С.Наранбаяр, Ж.Пунцаг нарын бичсэн тайлбар, асууж авсан тэмдэглэл, дотоод аудит хяналтын албаны 2019 оны 7 сарын 01-ний өдрийн шалгалтын тайлан, ажлын хэсгийн илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Д.Сарантуяа нь 2019.07.19-ний өдөр хүлээн авсан бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацаа 2019.10.19-ний өдөр дууссан байхад 1 сар 28 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх гэсэн хэлбэрээр гомдлоо гаргасан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ингэж гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснээр шүүхэд гомдол гаргах эрхээ алдана. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улаанбаатар төмөр замын даргын Б-2-119 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн цалингаас зөвхөн нэг сарын суутгал хийгдсэн ба ээлжийн амралтын дараа өвчтэй байсан, цалин олгогдоогүй зэрэг шалтгааны улмаас үлдэх 2 сарын цалингаас суутгал хийгдээгүй. Д.Сарантуяад 2019 оны 7 сарын үр дүнгийн шагнал болон 716,250 төгрөгийг олгоогүй нь Улаанбаатар төмөр замын даргын 2018.05.28-ны өдрийн 245 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Улаанбаатар төмөр замын ажилтан нарын сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрэм-ийн 2.13 дахь хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд тухайн сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг олгохгүй гэх заалттай нийцэж байна. Жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийн 15 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, төмөр замын тээврийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн ажилтанд жилийн эцсийн үр дүнгийн шагнал олгохгүй гэж заасан. Үүний дагуу Д.Сарантуяад жилийн ажлын үр дүнгийн шагнал олгох ёсгүй ба тухайн үр дүнгийн шагналын зорилго алба, хэлтэс, тасаг, төв, товчоо, салбар нэгжийн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлмөр материалын зардлыг хэмнэх, санхүү эдийн засгийн үр ашиг орлогыг нэмэгдүүлэх, ажлын хариуцлага сахилга бат дэг журмыг дээшлүүлэх, ажилтны тогтвор суурьшилтай ажилласан ажлын үр дүнг дүгнэхэд оршдог. Иймээс ажил олгогчийн зүгээс Д.Сарантуяад сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01091 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1143 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08ы өдрийн 102/ШШ2020/01091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Д.Сарантуяа, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 1143 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-н 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан доорх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Сарантуяад үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан УБТЗ-ын даргын 2019.07.18-ны өдрийн №Б-2-119 тушаалыг үндэслэл бүхий болсон гэж дүгнэхдээ хариуцагчийн гаргасан маргаан бүхий тушаалын үндэслэлд огт байхгүй, уг тушаалд дурдагдаагүй заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн мэтээр дүгнэсэн нь хууль бус болсон байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь 2019 оны 4-р сард хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дотоод аудитын хяналтын албаны дарга С.Наранбаярын хүсэлтээр тус байгууллагын эдийн засагч Б.Золзаяагаар 2017 оны санхүүгийн 2 хавтас баримт авахуулан албан ажлаас өөр зорилгоор ашиглаж, мэдээлэл задрах, нууц алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан болох нь ажлын хэсгийн болон албан шалгалтын тайлан, илтгэх хуудас зэргээр тогтоогджээ.

Хариуцагч тал Д.Сарантуяагийн энэ үйлдлийг нь Дотоод аудит хяналтын албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.12, Дотоод аудит хяналтын албаны дүрмийн 7.2.2-т заасан заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр УБТЗ-ын даргын 2019.07.18-ны өдрийн №Б-2-119 тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй болсон байна. Учир нь хариуцагч тал УБТЗ-ын даргын 2019.07.18-ны өдрийн №Б-2-119 тушаалын үндэслэлд Дотоод аудит хяналтын албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.12, Дотоод аудит хяналтын албаны дүрмийн 7.2.2-т заасан заалтуудыг огт дурдаагүй байхад давж заалдах шатны шүүх тушаалын үндэслэлийг өөр байдлаар тодорхойлж, улмаар нэхэмжлэгчийг эдгээр дүрэм, журмын заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт уг тушаалын үндэслэл болсон эрх хэмжээгээ хэтрүүлэн шалгалтад хамааралгүй санхүүгийн баримт материалыг албан тушаалаа ашиглан бусдыг дарамтлан нуун дарагдуулахыг шаардан авч бусдад тараасан сахилгын зөрчил гаргасан гэх байдлыг нотлогдоогүй гэж дүгнэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ийм зөрчлийг огт гаргаагүй болохоо нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүх энэ талаарх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадалгүй, зөвхөн нэг талыг барьсан дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Хариуцагч байгууллага нь 2019.06.10-ны өдөр udriinsait.mn, todmedee.mn сайтад УБТЗ-н орос дарга албаны мөнгөөр гэрээ тохижуулжээ нэртэй, 2019.06.19-ны өдөр zaluu.com, dardas.mn сайтад Алтан карт чинь хэнд явна аа, Жигжиднямаа даргаа нэртэй нийтлэлүүд гарсныг Д.Сарантуяад холбогдуулан түүнийг буруутгаж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон боловч уг үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй юм. Харин уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр дээр дурдсан сайтуудаас нэр нь дурдагдсан нийтлэлүүдийг Д.Сарантуяа гаргаж өгсөн эсэх талаар лавлагаа гаргуулсан ба уг мэдээллүүд нь Д.Сарантуяатай хамааралгүй болох нь тогтоогдсон байгаа болно. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дотоод аудитын хяналтын албаны дарга С.Наранбаяр нь Замын даргын тушаалаар томилогдон Дотоод аудит хяналтын албаны даргын ажлыг 2018.11 сараас 2019.07 сар хүртэл хугацаанд гүйцэтгэж байсан тул албаныхаа ажилтнуудад үүрэг даалгавар өгч, шаардлагатай баримт материалуудыг гаргаж авах эрхтэй этгээд билээ. Захиргаа аж ахуйн хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд ээлжит шалгалт хийгдэж байх үед албаны дарга С.Наранбаярын шаардан авч үзсэн санхүүгийн баримт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтлэгдсэн гээд байгаа материалууд гэдгийг хариуцагч тал нотлоогүй ба Дотоод аудит хяналтын албаны дарга Наранбаярын өгсөн үүрэг даалгаврыг ямар үндэслэлээр хууль бус гэж дүгнэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй юм. Нэхэмжлэгч Д.Сарантуяад байгууллагын нууцад хамаарах хяналт шалгалтын материалыг алдагдуулсан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Үүнээс үзэхэд энэхүү хөдөлмөрийн маргаантай холбоотойгоор УБТЗ-аас гаргаж өгсөн шалгалтын материалууд нь тухайн байгууллагын нууцад хамаарах материал гэж ойлгогдож байна. Гэтэл эдгээр материалыг байгууллагын нууцын журмын дагуу албажуулаагүй байгаагаас үзэхэд хяналт шалгалтын материалууд нь байгууллагын нууцад хамаардаг гэдгийг хариуцагч нотолж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3 дахь хэсэгт энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасанчлан Төмөр замын ажилчдын эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хуулиа зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж Д.Сарантуяагийн эрх ашиг хохирсон байгааг дүгнэн үзэж, түүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байгааг шүүх сэргээн тогтоох үндэслэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдал үүссэнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тооцох боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байгааг сэргээх хүсэлт гаргахдаа энэхүү хүсэлттэй холбоотой МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2019.07.23-ны өдөр гаргасан өргөдөл, МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Материал танилцуулах хуудас, Баянгол дүүргийн тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн №498 бүртгэлийн дугаар бүхий итгэмжлэл, Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний холбооны Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, албан тоот зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн байгааг шүүх тухайн нэхэмжлэл, хүсэлттэй хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй учир холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Д.Сарантуяад түүний үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан УБТЗ-ын ХНН-н даргын 2019.07.18-ны өдрийн №Б-2-119 тушаал нь үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2. Давж заалдах шатны шүүх нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын Д.Сарангуяад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан 2019.09.05-ны өдрийн №Б-2-168 тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ гэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч Д.Сарантуяаг Сүхбаатар өртөөнд албан томилолтоор ажиллуулах удирдамж байгаа боловч нэхэмжлэгч нь хяналт, шалгалтын удирдамж, ажлын төлөвлөгөөг холбогдох этгээдээр батлуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Дотоод аудит хяналтын албаны дүрмийн 4.8-д албаны ажилтнууд нь хяналт, шалгалтын удирдамж, ажлын төлөвлөгөөг замын даргын болон албаны дарга, орлогч нараар батлуулж мөрдөн ажиллана. гэж заасныг зөрчиж, хяналт, шалгалтын удирдамжгүй Сүхбаатар өртөөрүү зорчсон болох нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн илтгэх хуудсаар тогтоогдсон байх тул уг тушаалыг хууль зүй үндэслэлтэй гэж үзнэ. гэжээ.

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хуулийн болоод бодит үндэслэл таарсан байхыг шаарддаг бол ажил олгогч ажилтан Д.Сарантуяад Дотоод аудит хяналтын албаны дүрмийн 4.8-д заасныг зөрчсөн талаар акт дүгнэлт гаргаагүй, мөн тухайн 4.8 дахь заалтын зохицуулалт нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Дотоод аудит хяналтын албаны дүрмийн 4.8 дахь заалтыг ажил олгогч өөрөө хэрэгжүүлж ажиллах ёстой, ажилтанд удирдамж өгөөгүй нь ажилтны буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. Албан томилолтоор ажиллах журмын дагуу ажилтнууд албан томилолтоор хийж гүйцэтгэх ажлын удирдамжаа томилолт олгох хуудсанд тусган, удирдах ажилтнаараа томилолтоо танилцуулан хаалгаж, санхүүд өгснөөр томилолтын мөнгө авдаг дүрэм үйлчилдэг байгууллагад дүрэм журамд тусгагдсан заалтыг илэрхий үндэслэлгүйгээр хамаатуулан ажилтныг хохироож байгаа нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдал, ажилтны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллах чиг үүргээ хэрэгжүүлсэн байдалд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Сануулах шийтгэл ногдуулна гэжээ. Гэтэл маргаан бүхий тушаалд Д.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын зүйл заалтыг үндэслээгүй нь уг тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, уг хуулийг зөрчсөн тушаал болсон байна.

Анхан шатны шүүх уг тушаалд дурдсан нэхэмжлэгч Д.Сарантуяаг 2019.03.08-ны өдөр албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирдамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн талаар дүгнэлт хийхдээ хариуцагч уг тушаалд дурдсан асуудлыг нотолж чадаагүй учраас арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна гэсэн хуульд нийцсэн зөв зүйтэй дүгнэлтийг хийсэн байдаг. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19 дэх талд ... Харин 2019.03.08-ны өдөр албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд шүүх дүгнэхэд, Дотоод аудитын, хяналтын албан ажиллагсдын амралт баяр ёслолоор ажилласан 2019.03.25-ны өдрийн НВА-гийн дарга С.Наранбаярын баталснаар, нэхэмжлэгч Д.Сарантуяа Сүхбаатар өртөөнд 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд, илүү цаг 24 цагаар ажилласан нъ НВА-гийн дарга С.Наранбаяр гарын үсэгтэй Албан томилолтын удирдамж, Улаанбаатар төмөр замын ажилтнуудын албан томилолтоор ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар албан томилолтын үүргээ биелүүлсэн гэж үзэн, албаны дарга тохирох зардал тооцоог хийхийг зөвшөөрч, гарын үсгээ зурж, 590,532 төгрөгийг олгосон талаар талууд маргаагүй мөн 2019.10.28-ны өдөр ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл болон ажлын комисст дээрх тайлангаа 9, 54 дүгээр жагсаалтаар хүлээлгэн өгсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат Би Д.Сарантуяатай утсаар яриад чамайг даргын тушаал, удирдамжийн дагуу шалгах гэж байна, надад өгөх тайлан, бичиг баримт байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн, сүүлд ажил хүлээлцэхэд нөгөө асуусан тайланг өгсөн гэж хүлээлцсэн байсан, тухайн үед тайлан байгаагүй сүүлд нөхөж хийсэн гэж би хардаж байгаа гэх тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч нар хуульд заасны дагуу өөрийн татгалзал үндэслэлтэй холбоотой баримтаа цуглуулж бүрдүүлэх, нотлох үүрэгтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүх олгосон хэдий ч хэрэгжүүлж, 2019 оны эхний хагас жилийн тайланд тусгагдсан ажлыг нэхэмжлэгч хийгээгүй болохыг нотолж чадаагүй учраас дээрх арга хэмжээг авсан нь үндэслэлгүй байна. гэж нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа энэ дүгнэлтээ үгүйсгэсэн байдлаар маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн нь шүүх хуулийг илтэд буруу хэрэглэсэн болохыг харуулж байна. Маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Төмөр замаар зорчих маягтыг алба, нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журам-ын холбогдох заалтуудыг нэхэмжлэгч зөрчөөгүй, албан томилолтоор явсан байна гэдэг нь хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогддог юм.

Давж заалдах шатны шүүх маргаан бүхий 2019.09.05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад маргааны үндэслэл болсон гол баримтыг бусад баримттай зөвтгөн дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүх нотлох баримтыг нягталж шалгах үүрэгтэй, нотлох баримтыг хуулийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх ажиллагааг хийлгүйгээр хууль зөрчиж, анхан болон давж заалдах шатны шүүх уг тушаалыг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж дүгнэсэн нь хууль бус болсон юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гол нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт тавьсан шаардлагад нийцсэн тохиолдолд шүүх уг баримтыг хуулийн дагуу үнэлэх, дүгнэх бопомжтой учраас Д.Сарантуяад сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн 2019.09.05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалыг хуулийн үндэслэлтэй гэж үзсэн нь хууль бус байна.

3. Давж заалдах шатны шүүх Монгол-Оросын ХНН УБТЗ-ын даргын 2019.10.25-ны өдрийн №Б-2-217 тушаалаар Б.Сарантуяад ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүх уг тушаалын талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн байдлаар ганцхан өгүүлбэрээр дүгнэсэн байдаг ба энэ дүгнэлт нь ИХШХШТХ-н 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэнтэй нийцэж гараагүй учраас шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий хууль ёсны гэх боломжгүй байна. Улмаар тухайн тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй талаарх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүхээс үнэлээгүй орхигдуулсан, уг тушаалд дурдсан зөрчлүүд нь ямар нөхцөл байдал, хэрэгт байгаа ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй атлаа ажлаас халах тушаалыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болсон байхад давж заалдах шатны шүүх энэ байдлыг хуулийн дагуу дүгнэж чадсангүй ээ. Иймд ажилтанд ногдуулах сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй болохыг шүүх анхаарч үзэлгүйгээр дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг бүхэлд нь буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр бслжээ.

Төмөр замаар зорчих маягтыг алба, нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журам-ын 1.1-д Энэхүү журмын зорилго нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн төмөр замын зорчигчийн галт тэргээр зорчих маягтыг салбар нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох, түүний зарцуулалтад хяналт тавих, тооцоо хийхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино, 1.2-т УБТЗ нийгэмлэгийн ажиллагсдад олгож байгаа бүх маягтуудыг байгууллага хоорондын тооцоогоор тооцно гэж, 2.1-д УБТЗ нийгэмлэгийн ажилтнуудад олгож байгаа маягтыг шалгах эрхийн үнэмлэхээр зорчих гэж тус тус ангилна гэж заасан. Үүний дагуу Шалгах эрхийн үнэмлэхийг Замын даргаас тусгайлан олгосон эрх бүхий ажилтан нар дээр дурдсан журмын 3.2-т заасны дагуу тухайн өртөөний тасалбарын няравт шалгах эрхийн үнэмлэхээ үзүүлж, тасалгаат хатуу вагонд зорчих тасалбар авч зорчих эрхтэй юм. Тийм ч учраас энэ журмын дагуу холбогдох өртөөдийн тасалбарын няравууд шалгах эрхийн үнэмлэхийг үндэслээд өөр бусад ямар нэгэн баримт бичиг шаардалгүйгээр суух талон бичиж өгч, мөн билетийн үнийг аж ахуйн хэлтэстэй хоорондын тооцоогоор тооцдог журамтай. Шалгах эрхийн үнэмлэхгүй бусад ажилтан нар нь өөрийн удирдах даргаас авсан томилолт, ажлын үнэмлэхээ үзүүлэн суух талон авч явдаг.

Аж ахуйн хэлтэс нь ажил олгогчийн зарим чиг үүрэг буюу УБТЗ-ын Удирдах газрын алба, хэлтсийн ажилтнуудын цалин хөлс, томилолт гэх мэт санхүү, аж ахуйн бүхий л зардлуудыг хянаж, хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр харьяалах салбар нэгжүүдтэй хоорондын тооцоогоор тооцдог. Хариуцагч УБТЗ-ын гаргаж өгсөн нотлох баримтанд байгаа Статистик бүртгэл мэдээллийн технологийн албаны 15/241 албан бичгийн хавсралтаар аж ахуйн хэлтэс нь Д.Сарантуяагийн шалгах эрхийн үнэмлэхээр явсныг шалгаад, хоорондын тооцоогоор төлбөрийг тооцсон нь ажил олгогч түүний энэ үйлдлийг холбогдох дүрэм, журамд нийцсэн, хууль ёсны үйл ажиллагаа болохыг хүлээн зөвшөөрсөн байна гэдгийг нотолж байгаа юм.

Мөн Монгол-Оросын ХНН УБТЗ-ын даргын 2019.10.25-ны Д.Сарантуяад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-2-217 дугаар тушаалд тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга гарын үсэг зурсан нь УБТЗ нийгэмлэгийн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байдаг. Хариуцагч байгууллагын Нэгдүгээр орлогч дарга Милостных.И.В-д УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь итгэмжлэл олгохдоо ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулах талаар итгэмжлэлийг олгоогүй болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын 2012 оны 01 дүгээр зөвлөмжийн 3.4- д Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, харин сахилгын зөрчил гаргасан этгээд нь тухайн ажил олгогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан байна. гэсэнтэй нийцэхгүй байгаа ба Б.Сарантуяад сахилгын шийтгэл ногдуулах эрх олгогдоогүй албан тушаалтан нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халах шийдвэр гаргасан болохыг анхаарч үзэхийг хүсч байна.

Иймд Монгол-Оросын ХНН УБТЗ-ын даргын 2019.10.25-ны өдрийн №Б-2-217 тушаалаар Б.Сарантуяад ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

4. Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь түүнд ажил олгогчийн зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлж байсан талаар гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст гаргасныг шийдвэрлэн хариуцагчид зөвлөмж хүргүүлсэн байдаг. Энэхүү зөвлөмжид УБТЗ-н Дотоод аудит, хяналтын албаны орлогч дарга Ж.Пунцаг нь ажилтнууддаа дарамт шахалт үзүүлж, тэдний хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Мөн уг зөвлөмжид Д.Сарантуяагаас УБТЗ-н Ёс зүйн хороонд хандан УБТЗ-н Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцаг болон Д.Сарантуяад холбогдуулан хяналт шалгалт явуулсан Ч.Эрдэнэбат нарын ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл, Д.Сарантуяаг ажлаас халахаар заналхийлсэн тухай гомдол гаргасныг хариуцагч талаас шийдвэрлэхгүй удаашруулж буй талаар дурдсан байгаа нь нэхэмжлэгчийн ажлын байрны дарамтанд өртсөн гэх тайлбарыг нь нотолж байгаа болно. Мөн Замын даргын 2019.07.23-ны өдрийн упр 204 б тоот цахилгаанаар ...Дотоод албаны хяналтын албаны ажилтнууд хяналт, шалгалт явуулахдаа зөвхөн Замын даргын баталсан удирдамжийн дагуу явуулна гэж журамласныг зөрчиж Ж.Пунцаг нь эрх мэдлээ хэтрүүлэн Д.Сарантуяаг шалгах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хууль бусаар явуулсан нь ажлын байрны дарамт шахалт байсан байна гэдгийг нотолж байгаа юм. Нэхэмжлэгч Д.Сарантуяа ажлын байрны дарамтанд өртөж, энэхүү хууль бус үйлдлийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргасанд хариуцагч тал өширхөж, улмаар ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас халахын тулд, түүнийг буруутгахын тулд хариуцагчийн зүгээс хууль бус шалгалтыг удаа дараа явуулсан, ажил олгогчийн зүгээс ажилтны эрх ашгийг удаа дараа зөрчсөн талаар давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаар давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 102/ШШ2020/01091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 1143 дугаар магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2019.07.18-ны өдрийн Б-2-119, 2019.09.05-ны өдрийн Б-2-168, 2019.10.25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, сахилгын шийтгэлд суутгасан 1,002,575 төгрөг, 2019 оны үр дүнгийн шагнал 2,557,640 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 1.   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019.07.18-ны өдрийн Б-2-119 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тушаалын дагуу суутгасан 1,002,575 төгрөгийг буцаан олгуулах шаардлагын талаар:

 Ажил олгогчийн дээрх тушаалаар Д.Сарантуяаг Хөдөлмөрийн дотоод журмын 8.2., хөдөлмөрийн гэрээний 4.3., 4.8.-д заасан үүргээ биелүүлэлгүй зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн шалгалтад хамааралгүй санхүүгийн баримт материалыг албан тушаалаа ашиглан бусдыг дарамтлан нуун дарагдуулахыг шаардан авч, бусдад тараасан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 Нэхэмжлэгч нь ажил олгогчоос ямар үндэслэлээр хариуцлага тооцсон талаар танилцуулаагүй, тухайн зөрчлийн хэлэлцсэн ямар нэг шуурхай хурал хийгээгүй, албан тушаалаа ашиглан дээрх материалыг бусдаас шаардан авч, бусдад тараасан гэх ажил олгогчийн тушаал үндэслэлгүй гарсан гэж үзэн, тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Ажилтанд сахилгын хариуцлага тооцсон ажил олгогчийн тушаалын үндэслэл баримтаар тогтоогдсон, гаргасан зөрчилд тохирсон байх учиртай.

 2019.06.10-ны өдөр Улаанбаатар төмөр замын Удирдах газрын Аж ахуйн хэлтсийн санхүүгийн мэдээлэл udriinsait.mn, todmedee.mn сайт зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн үйл баримтад үндэслэн байгууллагын нууцад хамаарах мэдээ, мэдээлэл алдагдсан, дотоод дүрэм, журам зөрчигдсөн эсэхийг шалгахад дээрх нийтлэлд дурдсан мэдээллийг Дотоод аудитын хэлтсийн дарга Д.Сарантуяа аж ахуйн хэлтсийн эдийн засагч Золзаяагаас гаргуулж авсан баримтад байсан мэдээлэл болох нь тогтоогдсон,

 Д.Сарантуяа нь хяналт шалгалт хийх явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, дотоод аудит хяналт шалгалтын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомж, заавар журмын дагуу явуулах талаарх Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 4.3., 4.8.-д заасан ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах, ...байгууллагын нууцад хамаарах, ажил үүрэгтэй нь холбогдох мэдээллийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй гэснийг, дотоод аудит, хяналтын албаны хяналтын дотоод журамд заасан ажилтан удирдлагаас өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй... гэснийг зөрчиж, албан ажлын шаардлага гараагүй үед албаны даргын хүсэлтээр албан ажлаас өөр зорилгоор санхүүгийн баримт ашиглаж байхад нь уг үйлдлээс татгалзаагүй, өөрийн шууд харъяалагдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй талаар Ажлын хэсгийн тайлан болон Албаны шалгалтын тайланд тусгагджээ.

 Дээрх баримтыг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй тул ажилтны гаргасан зөрчлийг тогтоогдсон гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Ажилтанд сахилгын хариуцлага тооцсон ажил олгогчийн тушаалыг Д.Сарантуяа 2019.07.19-ний өдөр хүлээн авсан боловч дээрх тушаалыг эс зөвшөөрч 2019.12.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ...гомдлоо гаргах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл баримтаар тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

 Хүндэтгэн үзэх шалтгаанд хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч нь хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан нөхцөл байдал хамаарна.

 Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хоёр шатны шүүх хүндэтгэн үзэх шатлгаанд хамаарахгүй гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Иймд сахилгын шийтгэл ногдуулсан 2019.07.18-ны өдрийн Б-2-119 тушаалыг хүчингүй болгож, тус тушаалыг үндэслэн суутгасан 1,002,575 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

 2.   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019.09.05-ны өдрийн Б-2-168 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагын талаар:

Ажил олгогчийн дээрх тушаалаар Д.Сарантуяаг 2019.03.08-ны өдөр албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирдамжид заасан үүргийг бүрэн гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй нь Дотоод аудит, хяналтын албаны дүрэм, Хяналт шалгалтыг зохион байгуулах журам, Албан томилолтоор ажиллах журмын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1. дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 Ажилтан дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2019.03.07-2019.03.11-ний өдөр хүртэл Сүхбаатар өртөөнд Дотоод аудит, хяналтын албаны дарга С.Наранбаярын баталсан удирдамжийн дагуу томилолтоор ажилласан, ажлын тайлангаа албаныхаа даргад танилцуулсан, албаны дарга биелэлтийг дүгнэж, үүргээ биелүүлсэн гэж үзэн зардлын тооцоо хийхийг зөвшөөрч, Захиргаа санхүүгийн хэлтсээс томилолтын зардлыг олгосон тул тушаал үндэслэлгүй гэж маргажээ.

 2019.09.04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай №ХШ-61/05/32 дугаартай Илтгэх хуудсаар ...Д.Сарантуяа нь 2019.03.08, 09, 10-ны баяр ёслолын болон амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт албан томилолтоор ажиллаж, томилолтын болон бусад нэмэгдэл цалин хөлсийг авсан тухай санхүүгийн баримт байгаа боловч Хэлтсийн дарга Д.Сарантуяагийн энэхүү томилолт нь хууль бус, Д.Сарантуяа нь энэ томилолтын талаар шууд удирдах дарга болох албаны орлогч даргад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй нь Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 1.14., Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.-ийг зөрчсөн, ...нь тогтоогдсон, Д.Сарантуяа нь хувийн зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу явахдаа албан тушаалын давуу байдлаа ашиглаж, хяналт шалгалтыг чанаргүй хийсэн, ...дутуу гүйцэтгэсэн, албан тушаалдаа хариуцлагагүй, хайнга хандсан... гэж дүгнэжээ.

 Хэдийгээр ажилтан тухайн хугацаанд албан томилолтоор Сэлэнгэ аймагт ажилласан боловч үүрэгт ажилдаа хайнга хандсан, шалгавал зохих шалгалтыг дутуу гүйцэтгэсэн болох нь хэрэгт цугларсан гэрчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдсон тул хоёр шатны шүүх ажилтны гаргасан зөрчилд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 3.   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019.10.25-ны өдрийн Б-2-217 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагын талаар:

 Ажил олгогчийн дээрх тушаалаар Д.Сарантуяаг урьд сахилгын зөрчил гаргасан, 2019.06 сараас 2019.09 дүгээр сарын хооронд 7 удаа хувийн зорилгоор галт тэргээр зорчихдоо УБТЗ-ын даргын 2017 оны А202 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Төмөр замын зорчих маягтыг салбар нэгж үнийг төлсөн нөхцөлд олгох журам-ын 3.2.-ыг зөрчиж, албан тушаал эрх мэдлээ урвуулан шалгах эрхийн үнэмлэхээр үнэ төлбөргүйгээр галт тэргээр зорчсон нь шалгалтаар тогтоогдож сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл заажээ.

 Ажилтан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, УБТЗ-ын тээврийн хяналтын байцаагч, дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн болон орлогын байцаагч, зорчигч тээврийн албаны байцаагч бусад албадын байцаагч нар галт тэргэнд зорчих эрхийн үнэмлэхнийхээ үндсэн дээр шууд харилцааны галт тэрэгнээс бусад бүх суудлын галт тэргэнд зорчих эрхтэй. Тухайн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж явсан, батлагдсан удирдамжгүйгээр, эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөтэй байхад шалгалт явуулсан гэжээ.

 Хэрэгт цугларсан баримтаар ажилтан тухайн өдрүүдэд албан ажлын журмаар галт тэргээр зорчсоноо нотлоогүй тул зөрчил гаргасан гэж үзсэн нь буруу биш байна.

 Иймд 2019.07.18, 2019.09.05-ны өдрүүдэд сахилгын шийтгэл хүлээсний дараа дахин сахилгын зөрчил гаргасан нь нотлогдсон тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 4.   2019 оны үр дүнгийн шагнал 2,557,640 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 Замын даргын 2015.01.23-ны өдрийн А-14 тушаалаар батлагдсан Төмөр замын ажилтнуудад жилийн үр дүнгээр олгох шагналын дүрмийн 15-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан /40.1.4., 40.1.5./, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, Төмөр замын тээврийн тухай хууль болон ...холбогдох хууль дүрэм зөрчсөн ажилтанд жилийн үр дүнгийн шагнал олгохгүй... гэжээ.

 Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзсэн тул ажилтанд тухайн жилийн үр дүнгийн шагнал олгох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01091 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1143 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Д.Сарантуяа, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Сарантуяагаас 2020.06.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧИД                    Х.СОНИНБАЯР

                                       Б.УНДРАХ

                                         Д.ЦОЛМОН

                                                 Х.ЭРДЭНЭСУВД