Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 122

 

"Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярболд, Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр, Д.Оюунтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 814 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0066 дугаар магадлалтай, “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 814 дүгээр шийдвэрээр 1. Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.2.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 11 дүгээр зүйлийн 11.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Энхтүвшингийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн заавар жагсаалт болон хепатитын вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40%-иас багагүй хөнгөлөлт үзүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгал үндэсний зөвлөлд тус тус даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0066 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0066 тоот магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2, 14, 16 дугаар зүйл ба 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтаас холбогдох захиргааны актад төр, захиргааны байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо, тэдгээрийн хуваарьт ажлыг тодруулж болно. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх манай нэхэмжлэлд холбогдох хариуцагчдыг татан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх явцад ба шийдвэр гарсны дараагаар хариуцагч байгууллагууд нэхэмжлэлд дурдагдсан асуудлаас заримыг нь шийдвэрлэж эхэлсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д тусгагдсан агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд мөн хуулийг буруу хэрэглэлээ хэмээн үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус бөгөөд нэхэмжлэлд тусгагдсан захиргааны актыг гаргахад холбогдох захиргааны байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, оролцоог тус бүрд нь тодорхой тоочсонгүй гэсэн хэрнээ Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 814 тоот шийдвэрийг хүчингүй болгосон нь тус хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл боллоо. Элэгний хатуурал, хорт хавдрын 90 орчим хувийн шалтгаан болсон хепатитын вирусын эмчилгээний өндөр үр дүн олон улсын түвшинд нэгэнт тодорхой болоод удаж байна. Гэтэл Монголчууд төлбөрийн чадваргүйн улмаас түүнийг хэрэглээ болгож чадахгүй амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирсоор, мөн татвар, даатгалын шимтгэлээ албан журмаар төлсөөр, даатгалын сан нь жил бүр хэдэн арван тэрбумын ашигтай ажилласаар байгаа нь түмэн олонд ил тод асуудал. Ийнхүү манай байгууллага энэ тухай холбогдох байгууллагуудад зохих шаардлагыг хүргүүлж, олон түмний анхаарлын төвд оруулан, эцэст нь шүүхэд хандан хариуцагч талуудаар зохих зарим ажлыг хийлгүүлж чадлаа. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон эмчилгээний удирдамжид багтсан гэх 2 нөхцлийг бүрэн хангасан эм өнөөгийн байдлаар хепатитын В вирусын хувьд 2, харин С вирусын хувьд 8 байгаа. Гэтэл хепатитын В вирусын эсрэг үйлчилгээтэй тенофовир, энтекавир гэсэн 2 эм хоёулаа 2014 онд үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ч ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад зөвхөн тенофовир буюу 1 нь 2016 онд орлоо. Харин С вирусын эмийн хувьд рибавирин, пегинтерферон гэсэн 2 эм 2014 онд, софосбувир- ледипасвир гэдэг эм 2016 онд тус тус үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад, харин 2015 онд ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад рибавирин ба софосбувир+ледипасвир гэсэн 2 эм хамрагдаад байна. Товчхондоо, шүүх засаглалын оролцоотойгоор зохих нөхцлийг бүрэн хангасан хепатитын В вирусын 2 эмийн 1-ийг нь, С вирусын 8 эмийн 2-ийг нь л монголчууд хэрэглэж чадахаар болоод байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 814 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0066 тоот магадлалыг тус тус хянан үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ингэснээр өндөр үр дүнтэй, сөрөг нөлөө багатай, хямд үнэтэй бусад эмүүдэд ижил, тэгш боломж буй болно. Ийнхүү холбогдох байгууллагууд тэдгээр эмийг монголчуудад сонголттойгоор, зохистой хэрэглүүлж, богино хугацаанд, хямд зардлаар эдгэрэх, улмаар хойч үеэ элэгний хүнд өвчнөөс аль болох эрт хамгаалах, олон хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, санхүүг эрсдэлээс хамгаалах зэрэг олон сайхан ажлын эхлэл болох юм” гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-аас “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, хепатитын вирусыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулж, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40%-иас багагүй хэмжээний хөнгөлөлт үзүүлэхийг даалгах”шаардлагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг удаа дараа явуулсны эцэст нэхэмжлэгч нэхэмжлэлээ дээрх байдлаар тодорхойлсон боловч шаардлага тус бүрийг аль хариуцагчид холбогдуулан гаргасан, тухайн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах /уялдах/ эсэх, ямар хууль бус үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ байгаа талаар бүрэн тусгаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх боломжгүй ч тухайн тохиолдолд, захиргааны байгууллага тус бүр ямар хууль бус үйл ажиллагаа явуулсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хариуцагчид “тодорхой шийдвэр гаргахыг даалгаж” шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 106.4-т заасныг зөрчжээ.

Мөн “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-ын дүрэм, үүсгэн байгуулагдсан баримт бичиг хэрэгт нотлох баримтаар авагдаагүйгээс тус төрийн бус байгууллага нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Иймд, анхан шатны шүүх магадлалд дурдсан зүйлүүдийг шалгаж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг ямар хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа, тухайн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах эсэх, захиргааны байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэхийг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0066 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН