Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/763

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Ш.Л-,

хохирогчийн өмгөөлөгч Б.Б___,

гэрч Ц.С-,   

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч З.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З.М-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ---- дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З- овогт З-ын М- /РД:----/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч З. М- нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ---- дугаар хороо, Хангайн ---- тоотод иргэн Ш.Л-ын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан “Нокиа” маркийн гар утсыг нь дээрэмдэж, 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ш.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр энэ залуу манайд орж ирсэн. Хүү чинь хаачсан юм” гэхээр нь би “чамайг танихгүй юм, юу билээ” гэхэд танай хүүгээс машины юм авдаг гэхээр нь би хүү рүү залгатал “Тийм юм байхгүй” гэж хэлэхээр нь би гаргасан. Үдээс хойш тэр залуу дахиад ирсэн. Тэгээд би 18-ны өдөр гэрээ түгжээд өнжсөн. 19-ний өглөө мөн ирээд шууд багалзуурдаад унагасан. Гарт байсан утсыг авсан. Би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь дараад ухаан алдуулсан. Хөөргөө гаргаж өг, өгөхгүй бол ална гээд байсан. Э- гэж хүүхэд орж ирж амь аварсан. Маш их гомдолтой байна. Би 3 удаа ухаан алдсан, намайг 3 удаа боосон. 1.525.000 төгрөг авсан. Таван сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Гэрч Ц.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би М-д өр байхгүй. Цагаан сараар ажил дээр хөөргөөрөө хөөрөглөж байсан. Ажлынхаа нэг эгчид хөөргөө зардаг юм уу гээд ярьж байсан. Тэр үед М- хажууд байсан. Цагдаа ирээд миний утас дээрээс ажлын хамт олны зургийг ээжид харуулахад М-г заасан. М- бид хоёрын дунд ямар ч мөнгө төгрөгийн асуудал байхгүй” гэв.

 

Эрүүгийн ---- дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ш.Л-ын: “...Миний хүү С- 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө “ажилдаа явлаа” гээд 07 цагийн үед гараад явсан. 08 цагийн үед гаднаас хар шилтэй 170см орчим өндөр, бор царайтай, 20-25 орчим насны эрэгтэй хүн гаднаас орж ирээд шууд миний цамцны захнаас барьж аваад мушгаад хоолой шахаад унагаасан. Би юу болоод байгааг мэдээгүй, ухаан алдаад уначихсан. Би сэргэж босох гэтэл ахиад намайг боогоод унагаасан. Хэсэг байж байгаад би сэргээд харсан чинь миний бор өнгийн авдрыг ухаж байх шиг харагдсан. Би хаалгаар гарч зугтаах гээд хаалга уруу дөхөөд “амь авраарай” гээд хашгирсан чинь ахиад намайг боогоод унагаасан. Нэг сэрсэн чинь би шалан дээр байсан. Нөгөө залуу гэрийн эд онгичоод юм хайгаад байснаа миний дээр гарч өвдөглөөд байхаар нь “миний дүү яаж байгаа юм бэ, над шиг хөгшин эхтэй байж болиоч миний хүү” гэхэд нөгөө зүс танихгүй залуу “надад эх байхгүй, би өнчин, чи хүүгийнхээ хөөргийг надад гаргаад өг, гаргаж өгөхгүй бол чамайг ална” гэж хэлсэн. Би тэр үед ингээд үхэж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд байж байхад хажуу айлын эмэгтэй хаалгаар шагайхаар нь “эмээг нь хүн алах гээд байна” гэсэн чинь нөгөө эмэгтэй яадаг хулгайч вэ? Чамайг цагдаа дуудаж өгнө гэхэд нөгөө зүс танихгүй залуу би энэ айлын хүүхдээс авцаатай юм, тэрийгээ авах гэж байгаа юм гэж хэлээд гараад яваад өгсөн. Явахдаа 80.000 төгрөгөөр 2017 оны 4 сард хүү С- авч өгсөн хар өнгийн гадаргуутай “Нокиа” маркийн гар утсыг аваад явсан. ...Намайг боож унагаан хөөрөг нэхэж, гар утас авч явсан зүс танихгүй залуу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед манай гэрт орж ирээд “танай хүү хэзээ ирэх юм бэ” гэж асуусан. Тэр үед “би танай хүүгээс машины юм авдаг юм” гэж хэлэхээр нь нөгөө залуугийн хажууд хүү С- уруу залгаад нэг залуу манай гэрт чамаас авцаатай, машины юм авдаг гээд ирсэн байна, ямар учиртай юм бэ” гэсэн чинь миний хүү С- “наадхаа цагдаа дуудаж өг, надад хүнд өгөх өглөг байхгүй” гэж хэлсэн. Ингээд нөгөө зүс танихгүй залууд цай хийж, тавгын идээ тавьж өгөөд миний хүү чамд өгөх юм байхгүй гэж хэлсэн чинь бид хоёрын асуудал танд хамаагүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд орой 18 цагийн үед нөгөө зүс танихгүй залуу буцаж орж ирээд “танай хүү ирсэн үү, хэдэн цагийн үед ирэх юм бэ” гэхээр нь “заримдаа орой ирдэг” гэж хэлээд “чи ер нь ямар учиртай юм бэ” гэхэд “танай хүүгээс мөнгө авдаг” гэж хэлээд гараад явсан. Орой манай хүү ирээд нэг залуу, машины сэлбэг авдаг, мөнгө авдаг гээд яриад байх юм ямар учиртай юм бэ гэж асуусан чинь миний хүү С- надад ямар ч юм байхгүй, хулгайч явж байгаа байх гэж надад хэлсэн байгаа. ...Намайг цохиж зодсон асуудал байхгүй, ямар ч байсан 3 удаа боож унагаасан. Намайг боож унагаахдаа миний дээр гарч дарснаас болж хавирга хугалсан байсан. Хоолой боосноор хоолой хэсгээр хавдсан, юм ярьж болохгүй байсан. Намайг боосон залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний хувьд санал гомдол нэхэмжлэх зүйл байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна. Сэтгэл санааны хохирлоо барагдуулна. Биеийн байдлаа зүгээр болтол эмчилгээний мөнгийг нэхэмжлэх болно. Дээрх асуудлаас болж их сэтгэл санааны хямралд ороод байна. Гэртээ ганцаараа байхдаа их айж байна. Унтаж чадахгүй байдалд хүрээд нойрны эм ууж унтаж байгаа. Эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан. Цаашдаа эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно. Яваандаа 5.000.000 төгрөгийн нэхэмжилэл гаргаж өгөх болно. Дээрх 5.000.000 төгрөг бол эмчилгээний зардал болон сэтгэл санааны цаашдын хохирол нэхэмжилж байгаа юм, албан ёсны баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-16-17, 70-71/,

Гэрч Л.Э-ын: “2018 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 8 цагийн үед би гэртээ байхад эмэгтэй хүн орилоод байгаа юм шиг чимээ гараад байхаар нь хажуугийн байшинд байдаг айл уруу яваад ороход үл таних залуу хажуу айлын авдрыг нь ухаад сууж байсан. Уг айлын эмээ цаана нь уйлаад зогсож байсан. Эмээ намайг хараад “ашгүй чи ороод ирэв үү, эмээг нь аллаа, тусламж дуудаарай” гэхэд тэр залуу эргээд над уруу харсан “би юу болж байна” гэхэд тэр залуу “би энэ хүний хүүхдээс нь мөнгө авах ёстой юм, чи утсаар хүүхдийг нь дуудаад өг” гэхээр нь би “мэдэхгүй ээ” гэхэд тэр үл таних залуу босоод гэрийн үүдэнд ирээд, үүдэнд байсан жижиг хар цүнхийг аваад гараад явсан. Тэгэхэд хажуу айлын эмээ намайг “цагдаа дуудаад, хүү рүү яриад өг” гэхээр нь би хүү рүү нь залгаад болсон асуудлыг хэлсэн. Тэр үл таних залуу 25-30 орчим насны, тарган ч биш туранхай ч биш биетэй, 170 см орчим өндөртэй, цайвар царайтай, том бүлтгэр нүдтэй залуу байсан. Хар хөх өнгийн малгайтай цамцтай байсан, өөр зүйлийг нь анзаараагүй. Намайг гэрт орох үед хөгшин уйлчихсан, зүс танихгүй залуу авдрыг нь ухчихсан зогсож харагдсан. ...Ямар ч байсан Л- эмээ надад “манай гэрт хоёр удаа ирж байсан залуу сая надаас хүүхдийнхээ хөөргийг гаргаж өг, гаргаж ирэхгүй бол ална шүү гээд байсан” гэж уйлаад яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21, 22-----, 75/,

Гэрч Ө.Г-ын: “Би С-, М- гэх хүмүүсийг танидаг, манай ажлын газрын хүмүүс байна. Би хөөрөгний талаар сайн мэдэхгүй, ямар ч байсан С- “миний аавын улаан шүрэн толгойтой харлаг манан хөөрөг байгаа” гэж ярьж байсан. Би тухайн үед С-оос “хэдэн төгрөгийн үнэтэй хөөрөг юм бэ” гэж асуухад “70 сая төгрөгийн хөөрөг байгаа юм” гэж ярьж байсан. Тухайн үед манай ажлын М- хажууд байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.-----ны өдрийн 5167 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ш.Л--н биед өвчүү ясны хугарал, дух, эрүүнд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-33/,

Шинжээч Б.Г-ийн: “Өвчүү ясны хугарал нь цээж өвчүү орчимд хүч үйлчлэх, цохих, дарах гэх мэт, харин дух, эрүүнд зулгаралт, хэвлийн цус хуралт гэмлүүд нь мохоо зүйлээр тус тус байрлалд /проекц/ цохих, үрэх нидгэрэгдэх зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Миний үзлэгийн хэсэг газрын үзлэгийн тэмдэглэлд Л-ын хүзүүний урд хэсэгт эмзэглэлтэй, 5х4 см талбайд арьс улайсан байсан. Энэ нь хүзүү хоолойд заамдах үед үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-38/,

“_____” ХХК-ийн 2018.06.18-ны өдрийн СХЗ-18-319 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй /Нокиа гар утас/ хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 06 сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 28.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-85-87/,  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.06.22-ны өдрийн 587 дугаар дүгнэлтэд: “1.Ш.Л- нь болсон хэрэг асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. 2.Ш.Л- нь гэмт халдлагад өртсөнөөс үүдэн Гэмтлийн дараах стрессийн хариу урвал сэтгэцийн эмгэгтэй болсон байна. 3.Ш.Л-ын дээрх гэмтэл нь сэтгэцийн олдмол эмгэг болно. 4.Ш.Л- нь гэмт халдлагад өртөхөөс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна” гэжээ /хх-91-93/,

Шүүгдэгч З.М- яллагдагчаар өгсөн: “...Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд дээрэмдэх санаа зорилготой ороогүй, хамт ажилладаг байсан С-той уулзах гэж гэрт нь ортол нэг эгч сууж байсан. “Танай хүү байгаа юу” гэж асуусан чинь “манай хүүхдээр яах гэж байгаа юм” гэхээр нь “танай хүүхдээс зээлүүлсэн мөнгөө авах ёстой байсан юм” гэж хэлсэн чинь тэр эгч өөрийн гар утсаар залгаад С-той яриад байсан. Дараа нь “миний хүү чамд мөнгө өгөхгүй гэж байна” гэхээр нь “юу яриад байгаа юм, би мөнгөө заавал авах ёстой” гэж хэлсэн чинь “тэгвэл цагдаа дууднаа, чи цагдаагаар учраа ол” гэж хэлээд орноос босоод цагдаа уруу залгалаа гэхээр нь гар утсыг нь булаагаад хойшоо түлхээд боогоод орон дээр дарж унагаад байж байсан чинь тэр эгч ахиад босож ирээд “чи намайг боолоо” гэхээр нь ахиад боогоод орон дээр унагаасан. Дараа нөгөө эгчээс “та мөнгө өгч чадахгүй бол хөөргийг нь ломбардад тавиад ямар нэгэн байдлаар хүний мөнгийг олж өг” гэсэн чинь “амь авраарай” гэж 2-3 удаа орилсон. Дараа нь гэрийнхээ авдрыг уудлаад энд тэнд өөрийн авдрыг үзээд, зурагтын доогуур үзэж гэр дотроо тойроод яваад байсан. Тэр үед гаднаас нэг эгч орж ирээд “юун хүн орж ирээд байгаа юм” гэж эгчээс асуухаар нь би “надаас мөнгө зээлсэн тэр мөнгийг өгөх ёстой” гэсэн чинь гаднаас орж ирсэн эгч “тэр хүнтэйгээ учраа ол” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм, надаас мөнгө зээлээд жил гаруй болж байна, одоо хүртэл өгөөгүй...аргаа бараад гэрт нь ирлээ, би өөрөө хүнээс мөнгө зээлсэн, тэр нэхэгдээд байна” гэж хэлсэн чинь С-ын дугаарыг аваад “чи өөртэй нь ярь” гэж хэлэхээр нь “хүүхдийг чинь ажлаасаа ирэхээр нь дахиад ирнээ” гэж хэлээд эгчийн хажуугаар гарч яваад үүдний амбаарт гэрийн тавилганууд байхаар нь би гар утсыг шидээд шууд ажил уруугаа явсан. Ажил дээр байж байсан чинь цагдаа ирээд барьж авсан. Би Л-ын гэрт хоёр удаа очсон, эхлээд хүүхдийг нь асууж очсон. С- надаас 2017 оны 01 дүгээр сард “байр, банкны мөнгө хийх гэсэн юм” гээд 450.000 төгрөг авсан. Тэр мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа. Би хэн нэгний дарамт шахалтаар дээрх үйлдлийг хийгээгүй. Зээлүүлсэн мөнгөө авах гэж явж байгаад ийм үйлдэл хийсэн. Хөөргөө хурдан зараад мөнгөө өгөөч гэж хэлсэн. Өөр ямар нэгэн байдлаар хөөрөг нэхсэн асуудал байхгүй. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хойш нь боож түлхэж унагаахдаа гэмтэл үүссэн байх гэж бодож байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-72-74, 101/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/, хохирол төлсөн баримт /хх-7, 13, 82/, эмчилгээний баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, хохирлын баримтууд /хх-9-12/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-35/, эмчлүүлэгчийн карт /хх-36-37/, хорооны тодорхойлолт /хх-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-43, 102/, Тагнуулын ерөнхий газрын тодорхойлолт /хх-44/, шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт /хх-45/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-46, 47/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-68, 69/, гэрч Б.Т_____ын мэдүүлэг /хх-76-77/, гэрч Д.Мөнгөндалайн мэдүүлэг /хх-78-79/,  гэрч Д.Н_____гийн мэдүүлэг /хх-80-81/,  хохирлын мөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-82/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын 4 ширхэг баримт зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч З.М- нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ---- дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамж, 14 тоотод иргэн Ш.Л-ын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж “Нокиа” маркийн гар утсыг нь авсан, мөн биед нь өвчүү ясны хугарал, дух, эрүүнд зулгаралт, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ш.Л-ын “...Эрэгтэй хүн гаднаас орж ирээд шууд миний цамцны захнаас барьж аваад мушгаад хоолой шахаад унагаасан. Би сэргэж босох гэтэл ахиад намайг боогоод унагаасан. Хэсэг байж байгаад би сэргээд харсан чинь миний бор өнгийн авдрыг ухаж байх шиг харагдсан. Би хаалгаар гарч зугтаах гээд хаалга уруу дөхөөд “амь авраарай” гээд хашгирсан чинь ахиад намайг боогоод унагаасан. Нөгөө залуу гэрийн эд онгичоод юм хайгаад байснаа миний дээр гарч өвдөглөөд байхаар нь “миний дүү яаж байгаа юм бэ, над шиг хөгшин эхтэй байж болиоч миний хүү” гэхэд нөгөө зүс танихгүй залуу “надад эх байхгүй, би өнчин, чи хүүгийнхээ хөөргийг надад гаргаад өг, гаргаж өгөхгүй бол чамайг ална” гэж хэлсэн. ...“Нокиа” маркийн гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-16-17, 70-71/, гэрч Л.Э-ын “...Намайг гэрт орох үед хөгшин уйлчихсан, зүс танихгүй залуу авдрыг нь ухчихсан зогсож харагдсан. ...Ямар ч байсан Л- эмээ надад “манай гэрт хоёр удаа ирж байсан залуу сая надаас хүүхдийнхээ хөөргийг гаргаж өг, гаргаж ирэхгүй бол ална шүү гээд байсан” гэж уйлаад яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21, 22-----, 75/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5167 дугаар “1.Ш.Л--н биед өвчүү ясны хугарал, дух, эрүүнд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-33/, шүүгдэгч З.М-н яллагдагчаар өгсөн: “...Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд дээрэмдэх санаа зорилготой ороогүй. Цагдаа уруу залгалаа гэхээр нь гар утсыг нь булаагаад хойшоо түлхээд боогоод орон дээр дарж унагаад байж байсан чинь тэр эгч ахиад босож ирээд “чи намайг боолоо” гэхээр нь ахиад боогоод орон дээр унагаасан. Дараа нөгөө эгчээс “та мөнгө өгч чадахгүй бол хөөргийг нь ломбардад тавиад ямар нэгэн байдлаар хүний мөнгийг олж өг” гэсэн чинь “амь авраарай” гэж 2-3 удаа орилсон. Дараа нь гэрийнхээ авдрыг уудлаад энд тэнд өөрийн авдрыг үзээд, зурагтын доогуур үзэж гэр дотроо тойроод яваад байсан. Тэр үед гаднаас нэг эгч орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-72-74, 101/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-68, 69/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.М-г дээрэмдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “Мөнгө зээлсэн эсэх асуудлыг шалгаагүй. Мөнгө өгсөн, авсан асуудлыг тогтоох ёстой байсан. Сэдэлт, гэм бурууг нарийн тогтоох ёстой. Зээлүүлсэн мөнгөө авахаар орсон. Иймд дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа” гэж,

улсын яллагч “Хохирогчийн хүүгийн хөөргийг авах зорилготой очоод хөөрөг асуугаад байсан нь тогтоогдсон. Ц.С-оос мөнгө авахаар очсон гэх боловч хохирогчийг боож унагаад довтлоод хийсэн нь дээрэмдэх гэмт хэрэг” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хүүгийнх нь хөөргийг авахаар довтолж байгаа нь дээрэдмэх гэмт хэрэг мөн. 3 удаа боож унагасан байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцуулсан болно.

Хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч З.М- эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор хохирогч Ш.Л-ын хоолойг боон унагаж түүний эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэн довтолсон болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.    

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Л-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 28.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд тэрээр “эмчилгээний зардалд 1500.000 төгрөг, “Нокиа” утасны үнэ 28.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардалд 1.173.792 төгрөг, эд хөрөнгийн 28.000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд эд хөрөнгөд учирсан хохирол болох 28.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-13/, хохирогчийн “Би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-70/-ээр хохиролд 1528.000 төгрөг төлөгдсөн нь нотлогдож байх тул шүүгдэгч З.М-г энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 500.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээ болон сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгтэй холбоотой тодорхой тооцоо гаргах бололцоогүй байгааг харгалзан нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт: 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч шууд санаатай хүсэж үйлдсэн тул тохиолдлын шинжтнй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээ 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх болон 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгээд бага хугацаагаар тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч З.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахмад настай буюу 63 настай эмэгтэй, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөж бэлтгэсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэмтлийн дараах стрессийн хариу урвал сэтгэцийн олдмол эмгэг учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, 0-2 насны 2 хүүхдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 01 сараар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч З.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.М- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуутраг овогт Зоригтын М-г дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, З.М-н биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.М- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ш.Л-ын “өмгөөллийн хөлс 500.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд З.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                   

 

               

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР