Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01589

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК/ РД: /-д холбогдох,

 

17 264 520 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний төрсөн ах Батжаргалын Уртнасан нь 2014 оны 05-р сард “Т” ХХК-ийн Налайх дүүрэгт барьж байгаа Шинэ Налайх хороололд 2 өрөө байр захиалж, 30 хувийн урьдчилгаа буюу 13 308 960 төгрөгийг төлсөн. Тус компани байрыг 1 жилийн дотор барьж, хүлээлгэн өгнө гэсэн боловч өгөөгүй.

Ах маань хөдөө ажилладаг болохоор тэр болгон уулзаж, шаардаж шахаж чадаагүй.

Би ах Б.Уртнасангийн байрны урьдчилгаа төлбөр, байр захиалан авах эрхийг шилжүүлэн авч, урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн 3 955 560 төгрөгийг компанид төлж, 17 264 520 төгрөг болгон 5-р байрны 2-р орц, 1 давхар, 22 тоот 48.36 м.кв 3 өрөө байрыг сонгож, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 05/22-1 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг “Т” ХХК-тай байгуулсан.

Миний хувьд гэрээ байгуулахдаа сайн уншаагүй бөгөөд ер нь байрыг банкны зээлээр авна гэдгээ хэлсэн. Тус компани нь банкны зээлэнд найдвартай хамруулж өгнө гэж хэлсэн. Би байрны ззэл хөөцөлдөх болоод байраа үзье гэхэд надад үзүүлээгүй. Би өөрийн захиалсан 5-р байрны 2-р орц 1 давхрын 22 тоот 3 өрөө байрыг үзээгүй. Надад өөр байр үзүүлээд, яг үүн шиг байр байгаа гэж хэлсэн.

Тус компани байруудыг хэсэгчлэн хувааж, тодорхой нэг банк зээлийн материалыг авч шийдвэрлэдэг юм билээ. Миний захиалсан байрыг Төрийн банкны Налайх дүүрэг дэх салбарт хамааралтай гэсэн тул би тус банкны салбарт зээл хүсч, материалаа өгсөн. Гэтэл тус банкнаас “Т” ХХК нь үүргээ биелүүлээгүй тул зээл олгохоо больсон гэсэн хариу өгсөн. Бусад банк ч “Т” ХХК-ны байранд ипотекийн зээл олгохгүй байгаа гэж сонсогдсон.

Ингээд би “Т” ХХК-ийн байр хариуцсан ажилтануудтай уулзаад, танайх зээлэнд хамруулж өгнө гэсэн худлаа болж байна, одоо яах вэ гэхэд та үлдэгдэл төлбөрөө 1 жилийн дотор төлөөд авч болно гэхээр нь танай компанийн байранд зээл олгохгүй гэж байхад би авах боломжгүй, иймд урьдчилгаа төлбөрөө буцааж авъя гэхэд манай компанид танд өгөх мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн.

Миний хувьд анхнаасаа байрыг банкны зээлээр авах зорилготой байсан бөгөөд 1 жилийн дотор 40 гаруй сая төгрөг төлөх боломжгүй тул урьдчилгаа төлбөр 17 264 520 төгрөгийг буцаан авах хүсэлтийг тус компанид гаргасан боловч танд өгөх мөнгө байхгүй, өгөх боломжгүй гэж хэлсэн учир шүүхэд хандаж байна.” гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг миний бие иргэн Батжаргалын Бгийн нэхэмжлэлтэй танилцаад, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“Т” ХХК нь Б.Бтай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр №05/22-1 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т зааснаар захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 40 283 880 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх ёстой боловч төлөөгүй.

Гүйцэтгэгч буюу манай компанийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад “удахгүй төлнө, банкны зээл бүтэхгүй байна түр хүлээж бай” гэх хүсэлтийг тавьж байгаад, гэнэт шүүхэд хандсаныг зөвшөөрөхгүй байна.

Иймд тус нэхэмжлэлтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах болно.” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 17 264 520/арван долоон сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Т” ХХК нь сууцны үлдэгдэл төлбөр болох 40 283 880/дөчин сая хоёр зуун наян гурван мянга найман зуун ная/ төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын дотор төлөх ёстой боловч төлөөгүй гэх тайлбар гаргасан.

 

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгт 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.2, 2.1, 2.2-т зааснаар хариуцагч нь 48.36/дөчин найм зууны гучин зургаа/ м.кв орон сууцыг барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэд нийт 57 548 400/тавин долоон сая таван зуун дөчин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ... хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.2, 2.1, 2.2-т зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохирсон  хөлс төлөх үүргийг хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 48.36/дөчин найм зууны гучин зургаа/ м.кв орон сууцны төлбөрт хариуцагчид нийт 17 264 520/арван долоон сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 40 283 880/дөчин сая хоёр зуун наян гурван мянга найман зуун ная/ төгрөгийг төлөөгүй болох нь Гэрээний хуулбар, Төрийн банкны орлогын мэдүүлгийн болон 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн № 34 кассын орлогын ордерын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 48.36/дөчин найм зууны гучин зургаа/ м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй талаар зохигчид маргаагүй болно.

 

Гэрээний 2-ын 2.3-т “Захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд ... Алдангийг зөвхөн 1 сарын хугацаанд тооцох ба үүнээс хойш гэрээ цуцлагдана.” гэжээ.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2, 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр 40 283 880/дөчин сая хоёр зуун наян гурван мянга найман зуун ная/ төгрөгийг төлөөгүй байх тул Гэрээ цуцлагдсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-т “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 240.1.5-д “... гэрээнд заасан бусад үндэслэл.” гэж заасан.           

 

Гэрээний 2-ын 2.3-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.5 дахь заалтад зааснаар Гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ... уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн ... үүрэг нь хожим дуусгавар болсон ...” гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар үүрэг дуусгавар болсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид 17 264 520/арван долоон сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас нийт 17 264 520/арван долоон сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас нийт 17 264 520/арван долоон сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас нийт 17 264 520/арван долоон сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 244 273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ