Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2023/0562/З |
Дугаар | 221/МА2024/0335 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2024/0335
2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2024/0335 | Улаанбаатар хот |
“Э***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “Э***” ХХК захирал М.Т***,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, Б.Ө***,
Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М***, М.О***,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э***” ХХК,
Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М***, М.О*** нар,
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М***, М.О*** нарын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №НА-21220000077 дугаартай нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийн 19,064,301,431.28 төгрөгийн зөрчилд холбогдох 1,809,867,010.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0228 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, Б.Ө***, хариуцагч М.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***,
Хэргийн индекс: 128/2023/0562/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э***” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М***, М.О*** нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М***, М.О*** нарын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №НА-21220000077 дугаартай нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийн 19,064,301,431.28 төгрөгийн зөрчилд холбогдох 1,809,867,010.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0228 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2019/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.3, 47.5, 47.7, Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5, 47.16, Зөрчлийн тухай 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэгт шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М***, М.О*** нарын үйлдсэн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА-21220000077 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн Хяналт шалгалтын зөрчлийн талаар гэж заасны 2, 4-д бичигдсэн татварын зөрчлөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, 2020 онд 6,629.58 тн жонш экспортлохдоо 3,934,165,588.28 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй" гэх 7,868,331,176.56 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 11,195,970,256.9 төгрөгийн зөрчлийн дүнд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Хурлын явцад хариуцагч нар нийслэлийн Татварын газарт тайлагнасан 564,139,435.78 төгрөгийн үнэлгээний дүнг давхардуулан тооцсон болох нь баримтаар тогтоогдож, хариуцагч хүлээн зөвшөөрч байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу,
3.2 Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааны эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.3.2 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон,
3.3 Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамаарах 405.714.285.08 төгрөгийн төлбөр нь Үндсэн хууль зөрчсөн хуулийг үндэслэн ногдуулсан тул нийт 489,764,988.79 төгрөгийн төлбөрийг хасаж шийдвэрлэж өгнө үү” гэх зэрэг үндэслэлээр тайлбарлана.
4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
4.1 ...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 7,868,331,176.56 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх шаардлага байгаагүй,
4.2 Программын ачааллаас болоод дүнг давхардуулсан нь үнэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давхар ногдуулсан нөхөн татвар 52,531,689.82 төгрөгийн торгууль, 21,012,675.03 төгрөг, алданги 10,506,337.97 төгрөг, нийт 84,050,703.73 төгрөгөөр актын төлбөрийг бууруулан өөрчилж, шүүхийн шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” хэмээн тайлбарлажээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
3.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21220000077 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар нэхэмжлэгч хуулийн этгээдийг
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2018 онд 2,559.5 тн, 2019 оны 1 дүгээр улиралд 415.83 тн, нийтдээ 2,975.33 тн жоншийг экспортлохдоо 2018 онд 1,304,845,503.73 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр улиралд 270,881,570.40 төгрөгийн, нийт 1,575,727,073.13 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2019 онд 20,260.34 тн жоншийг экспортлохдоо 2019 оны 2, 3, 4 дүгээр улиралд 3,851,722,385.75 төгрөгийн, 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн, 2021 онд 170,535,668.62 төгрөгийн, нийтдээ 7,956,423,642.64 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд /ТТ-15 маягт/ 2018 онд 2,559.5 тн, 2019 оны 1 дүгээр улиралд 415.83 тн, нийт 2,975.33 тн жоншийг экспортлохдоо 2018 онд 1,304,845,502.73 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр улиралд 270,881,570.40 төгрөгийн, нийт 1,575,727,073.13 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд (ТТ-15 маягт) 2019 оны 2, 3, 4 дүгээр улиралд 6,204.34 тн, 2020 онд 6,629.58 тн, 2021 онд 7,426.42 тн, нийт 20,260.34 тн жоншийг экспортлохдоо 2019 оны 2, 3, 4 дүгээр улиралд 3,851,722,385.75 төгрөгийн, 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн, 2021 онд 170,535,668.62 төгрөгийн, нийтдээ 7,956,423,642.64 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй болохыг тогтоож, нийтдээ 19,064,301,431.28 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1. ...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2-т “алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно”, 73.2.1-т “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 74 дүгээр зүйлийн 74.1-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 82 дугаар зүйлийн 82.1.1-т “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2-т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн татварын дүнгийн 40 хувиар гэж заасныг үндэслэн 1,205,214,679 төгрөгийн нөхөн татвар, 400,503,980 төгрөгийн торгууль, 205,678,818 төгрөгийн алданги, нийтдээ 1,811,397,477 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон.
3.2. Нэхэмжлэгч “Э***” ХХК-иас тухайн нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.3, 47.5, 47.6, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /2019.11.22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.3.3 дахь заалтыг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн НА-21220000077 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3.3. Нэхэмжлэгч “Э***” ХХК татварын нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн үлдэх дүнг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гарган маргасныг анхан шатны шүүх “...Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1-т “зайлшгүй байх”, 5.1.2-т “тодорхой байх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд болон хуулийн хүрээнд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг түдгэлзүүлснийг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, ... татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-т “төлбөл зохих татварын дүнг 50 хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2-т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж заасныг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, хариуцагч захиргааны байгууллага дахин судалж, татварын хууль тогтоомжид заасан холбогдох судалгаа, тайланг шалгаж шинэ захиргааны акт гаргах шаардлагатай” хэмээн үзэж, маргаан бүхий актын 2, 4-д бичигдсэн зөрчилд хамаарах хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.
4. Маргаан бүхий үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтын тухайд, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж,
Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж тухайлан заасанчлан татвар төлөгч этгээд нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “47.1-т ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” хэмээн өөрчлөн найруулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 47 дугаар зүйлийн 47.1-т “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-т “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-т “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5-д “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө, 47.16.1-т “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2-т “экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.
Мөн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө, 1.1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1.2. Ашигт малтмал экспортолсон этгээд, 1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд байхаар зааж тухайн хуулийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т “Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно”,
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-т “Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно” хэмээн тус тус заасан.
5. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч “Э***” ХХК нь маргаан бүхий үйл баримтад хамаарах “аль ч цаг хугацаанд АМНАТ төлөгч байх”-ыг болон “… хууль хэрэгжих хугацааны хийдэл огт гараагүй” болохыг үндэслэлтэй зөв дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх хэдий ч нэхэмжлэгчээс маргасан нийт 19,064,301,431.28 төгрөгийн зөрчлөөс 2020 онд хамаарах 3,934,165,588.28 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, 2020 онд 6,629.58 тн жонш экспортлохдоо 3,934,165,588.28 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй гэх 7,868,331,176.56 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг хариуцагч улсын байцаагч нараас нэхэмжлэгчийн 2020 онд Нийслэлийн Татварын газарт ТТ-15 маягт /АМНАТ-ийн/ тайлагнасан 564,139,435.78 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 52,531,689.82 төгрөгийн төлбөр ногдуулан тайлагсныг бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүй зөрчилд тооцсон хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан “тооцооллыг гаргах эрхийг шүүхээс хэрэгжүүлэхэд учир дутагдалтай” гэх үндэслэлээр “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзсэн нь буруу.
Маргаан бүхий захиргааны акт болох Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №НА-21220000077 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 19,064,301,431.28 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,809,867,010 төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгчийн 2020 онд Нийслэлийн Татварын газарт тайлагнасан ч хариуцагчаас давхардуулан ногдуулсан 52,531,689.82 төгрөгийн нөхөн татвар, 21,012,675.03 төгрөгийн торгууль, 1,506,337.97 төгрөгийн алданги нийт 84,050,703.73 төгрөгийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0228 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Э*** ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэгт шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М***, М.О*** нарын үйлдсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА-21220000077 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн Хяналт шалгалтын зөрчлийн талаар гэж заасны 2, 4-д бичигдсэн татварын зөрчлөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2020 онд 3,934,165,588.28 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, 2020 онд 6,629.58 тн жонш экспортлохдоо 3,934,165,588.28 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй" гэх 7,868,331,176.56 төгрөгийн зөрчилд хамаарах хэсгийг хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж” гэснийг “...“...нэхэмжлэгч Э*** ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж,
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн НА-21220000077 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 19,064,301,431.28 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,809,867,010 төгрөгийн төлбөрөөс давхардуулан ногдуулсан 52,531,689.82 төгрөгийн нөхөн татвар, 21,012,675.03 төгрөгийн торгууль, 1,506,337.97 төгрөгийн алданги нийт 84,050,703.73 төгрөгийг хасаж” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА