Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 134/ШШ2018/00137

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М-д холбогдох

экскаваторын түрээсийн төлбөр 45 400 000 төгрөгийг гаргуулах,

Хариуцагч Г-ийн сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Чаас молтокны үнэ 44 224 500 төгрөг гаргуулах,

          Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д-ийн бие даасан шаардлагатай хариуцагч Г-ээс экскаваторын түрээсийн төлбөр 45 400 000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч, түүний өмгөөлөгч Ж, хариуцагч Г, түүний өмгөөлөгч С, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Гийн экскаваторыг нэг сарын 10.000.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, улмаар иргэн Г 500010230500000-- тоот данс руу түрээсийн мөнгөө шилжүүл гэснийх нь дагуу 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний бие өөрийн 50071333-- тоот данснаас 33.640 ам долларыг шилжүүлсэн. Удалгүй Г нь экскаватороо түрээслэхээ больсон тул түрээсийн үлдэгдэл мөнгөө буцаан авахаар болж тооцоо нийлсэн бичвэр үйлдэж аль аль нь гарын үсгээ зурсан, мөн мөнгөө 2014 оны 10 дугаар сард багтаан буцаан төлөхөөр тохиролцсон байдаг. Тооцоо нийлсэн бичвэр дээр ДЕМО-300 загварын молтокийг барьцаанд үлдээсэн. Гэтэл М нь нэг ч төгрөгийг надад буцааж өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул иргэн Гээс түрээсийн мөнгө /түрээслээгүй буюу экскаватор ашиглаагүй хугацааны түрээс/ 45.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа миний экскаваторыг түрээслэх талаар Ч, Р бид гурав сууж байгаад ярьсан. Тэгээд Р Ч д мөнгө шилжүүлээд, Ч миний Хас банкны лизингэд 33 640 доллар шилжүүлсэн. Тухайн үед уурхай ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон байсан. Харин экскаватор молток ажиллахгүй гэсэн шалтгаанаар зогсоогүй. Бид нарын хооронд 45 400 000 төгрөгийн тооцоо байгаа нь үнэн. Гэхдээ би төлбөрөө төлж чадахгүй бол молтокоороо хаая гэж бид гурав тохирсон зүйл байгаа. Би хавтаст хэргийн 14-р талд молтокоор хаая гэсэн тайлбар бичсэн. Мөн хх-ийн 122-р талд аудитын газар надаас тайлбар авсан. Түүнд дээрээ ч гэсэн ийм, ийм учиртай төлбөрийг молтокоор хаая гэж тайлбар гаргасан. Мөн тэр мөнгө Р-ээс шилжүүлсэн мөнгө учраас Ч нэхэмжлэх эрхгүй гэв.

Хариуцагч Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч надаас мөнгө нэхэмжлээд байгаа учраас молтокны үнэ 44.224.500 төгрөгийг нэхэмжилж байна. Экскаватор ашиглаагүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45.400.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний хэвийн ажиллаж байсан DMB-300 молтокийг Ч барьцаанд авсан, ингэхдээ барьцааны зүйлийг ашиглаж, эвдэлсэн гэж үзэж байна. Гэрээг анх байгуулсан Р, Ч нартай үлдэгдэл төлбөрт молтокоо өгөхөөр харилцан тохиролцсон байсан юм. Иймд Чаас DMB-300 маркийн молтокны үнэ болох 44.224.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх би Гийн молтоктой экскаваторыг түрээсэлсэн. 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр экскаватор, молток хоёрын аль нь эвдэрсэн эсэх нь тодорхойгүй шалтгаанаар манай ажил зогссон. Мэргэжлийн хяналтын газраас манай ажлыг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зогсоосон. Тиймээс албан ёсоор Мэргэжлийн хяналтын газраас ажил зогсоохоос өмнө манай ажил зогссон байсан гэсэн үг. Рэн Дэвэн, Г, бид гурвын хооронд төлбөрөө молтокоор хаая гэдэг яриа огт яригдаагүй. Ямар нэгэн яриа яригдсан бол Г бид хоёрын дунд тооцоо нийлсэн бичвэр дээр 1 сарын дотор төлбөр төлнө гэж бичигдэхгүй, харин молтокоор хаана гэж бичигдэх ёстой байсан. Хулдын уурхайг нээх талаар Засаг даргын захирамж гарч бид 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаа эхлүүлэх байсан. Тэгээд би Гээс чи мөнгөө өгөх үү эсхүл молтокийг чинь ашиглах уу гэхэд ашиглаж бай гэсэн хариу өгсөн. Тэгээд молтокийг ашиглах гээд 30 минут ажиллуулахад экскаваторын гидро халах үед молток ажиллахаа больсон. Тухайн үед бидний харилцаа хэвийн байсан учраас Гэд молтокийг засварт явууллаа шүү гэж хэлэхэд тэг гэсэн учраас Хера экуйпмент ХХК-д засварт өгсөн. Иймээс би молтокийг ашиглаж, эвдээгүй. Харин молтокийг барьцаанд авсан учраас төлбөрөө өгвөл молтокийг нь буцааж өгөхөд бэлэн байна гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р нь Ч-ын Г-ээс нэхэмжлээд байгаа эксковаторын түрээсийн төлбөрт 45.400.000 төгрөгөөс 40.300.720 төгрөгийг би нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа юм. Учир нь Гээс түрээслэж байсан Хас банкны лизингээр авсан экскаваторын түрээсийн төлбөрт Чын данснаас шилжүүлсэн 33.240 ам.долларын 23.000 ам.долларыг Рби төлсөн юм. Ингэхдээ Чын 5007133379 тоот данс руу өөрийн 5006777042 тоот данснаас 2014.05.13-ны өдөр шилжүүлсэн юм. Мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай аудитын дүгнэлтээр экскаваторын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40.300.200 төгрөг нь Гээс миний авах ёстой авлага гэж үзсэн. Гээс Чын нэхэмжлээд байгаа 45.400.000 төлбөрийг түүний молтокийг ашигласан хугацаанд оруулан бид 3 тооцоо нийлсэн. Чын нэхэмжлэлтэй Гэд холбогдох иргэний хэргийн шийдвэр нь Рминий эрх ашгийг хөндөхөөр байх тул миний бие, бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Ч нь Гээс экскаваторын түрээсийн төлбөр 45.400.000 төгрөг нэхэмжилж байгаатай холбогдуулаад энэ нэхэмжлэл Рэн Дэвэнийн эрх ашгийг хөндөхөөр байна гэж үзээд бие даасан шаардлага гаргасан. Бие даасан шаардлага гаргасан гол агуулга Чын Гээс нэхэмжлээд байгаа 45.400.000 төгрөгөөс 40.300.720 төгрөгийг Рнэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Учир нь Гээс түрээсэлж авсан Хас банкны лизингийн экскаваторын түрээсийн төлбөр нь Чын данснаас шилжүүлсэн 33.240 ам доллараас 23 000 ам долларыг 2014 оны 5 сарын 12-ны өдөр Чын данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Мөн аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан байгаа. Тийм учраас Гээс авах ёстой авлага гэж үзэж байна. Чын нэхэмжлээд байгаа 45.400.000 төгрөгөөс 40.300.720 төгрөгийг Гээс гаргуулж өгнө үү гэж бие даасан шаардлага гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Г-ээс экскаваторын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 45 400 000 төгрөгийг гаргуулахаар,    хариуцагч Г нь нэхэмжлэгч Ч-аас молтокны үнэ 44 224 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан.

 

            Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р нь хариуцагч Г-ээс экскаваторын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 45 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Г нь дээрх шаардлагуудыг ...экскаваторын түрээсийн төлбөрийг би төлөх нь үнэн. Гэхдээ энэ төлбөрт өөрийн өмчлөлийн молтокийг барьцаанд тавьсан бөгөөд хэрвээ мөнгөө төлөөгүй бол молтокоороо хаахаар тохиролцсон тул төлөхгүй хэмээн тайлбарлаж хүлээн зөвшөөрөөгүй.

 

            Нэхэмжлэгч Ч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...Г нь төлбөрөө төлөөд молтокоо авч болно. Би молтокыг нь ашиглаагүй, эвдээгүй гэж хүлээн зөвшөөрөөгүй.

 

            Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв талаас нь харьцуулан дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

            Үндсэн нэхэмжлэлийн талаар:

            Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Г-тэй амаар хэлэлцэн тохиролцож түүний эзэмшлийн экскаваторыг түрээслэн ашиглаж, төлбөрт 33 640 америк долларыг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн өгсөн, гэвч явцын дунд экскаваторыг цаашид ашиглах боломжгүй болсон үндэслэлээр буцаан өгч, гэрээний дагуу шилжүүлсэн дээрх төлбөрөөс хариуцагч Г нь 45 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч-д 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлснээс хойш буцаан төлөх үүргийг хүлээсэн, мөн уг төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Demio-300 маркийн молтокийг Ч-ын эзэмшилд үлдээсэн болох нь талуудын маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримт, Хаан банкны 5007133379 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

            Хариуцагч Г нь Чтай түрээсийн гэрээ байгуулсан, үлдэгдэл 45 400 000 төгрөгийг төлөх талаар маргаангүй боловч уг төлбөрийг 1 сарын дотор төлөхгүй бол өөрийн эзэмшлийн молтокоо төлбөрт тооцон үлдээхээр харилцсан тохиролцсон гэж тайлбарлах боловч уг тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн тухайн үед үйлдсэн баримтанд энэ талаар тусгагдаагүй байна.

            Гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх боловч мөн зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд... гэж зааснаас үзвэл талуудын амаар байгуулсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

            Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд болон хөрөнгийг хүлээж авсан этгээд нарын хооронд хийгдсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр нэхэмжлэгч Ч нь шаардлага гаргах эрхтэй, хариуцагч Г нь экскаваторын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 45 400 000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэгтэй байна.

               Сөрөг нэхэмжлэлийн талаар:

            Хариуцагч М нь барьцаанд тавьсан молтокийг ашиглаж эвдсэн учраас молтокны үнэ 44 224 500 төгрөгийг нэхэмжлэгч Чаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Нэхэмжлэгч Ч нь 45 400 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Гийн эзэмшлийн Demio-300 маркийн молтокийг шилжүүлэн авсан үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

            Уг гэрээг талууд бичгээр байгуулсан тул мөн зүйлийн 235.5-д заасныг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох бөгөөд 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч бодитойгоор гаргуулан авснаар уг гэрээ дуусгавар болох учиртай.

            Гэтэл хариуцагч Г нь гэрээнд заасан 1 сарын хугацаа өнгөрсөн боловч төлбөрөө төлөөгүй, гэрээ дуусгавар болоогүй байхад дээрх гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эд хөрөнгөө шаардах эрхгүй юм.

            Тухайлбал гэрээний талуудын үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу хариуцагч Г нь төлбөр төлсөний дараа, нэхэмжлэгч Ч нь тухайн молтокийг түүнд шилжүүлэх үүргээ биелүүлэх ёстой.

            Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Гэхдээ хариуцагч Г нь төлбөр төлөх үүргээ биелүүлсний дараа нэхэмжлэгч Ч нь түүнд эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тэрээр тухайн молток болон үнийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

               Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            Гуравдагч этгээд Р нь ...нэхэмжлэгч Ч-ын хариуцагч Г-ээс нэхэмжилж буй экскаваторын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 45 400 000 төгрөгийг би Ч-д шилжүүлэн өгсөн үндэслэлээр хариуцагч Г-д холбогдуулан бие даасан шаардлагыг гаргажээ.

            Гуравдагч этгээд Р нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ч-ын Хаан банкны 500713337- дугаар дансанд 23000 доллар шилжүүлсэн, Ч нь уг мөнгөн дээр нэмж нийт 33 640 америк долларыг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Гэд /Хас банкинд/ экскаваторын түрээсийн төлбөрт шилжүүлсэн болох нь тус тус уг дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

            Хариуцагч Г нь ...Р, Ч бид гурав хамтдаа сууж байгаад энэ хоёр миний экскаваторыг түрээслэх гэрээ хийсэн. Тэгээд Р Ч-ын дансанд мөнгө шилжүүлж, Ч нь Хас банкинд миний өмнөөс төлбөр төлсөн гэж тайлбарлах боловч хэрэгт экскаваторыг түрээслэх хэлцэл Р, Ч, Г гурвын хооронд хийгдсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна.

            Энэ хэрэг хэлэлцэх ажиллагаагаар Ч, Р нарын хооронд хийгдсэн гэрээний маргааныг шийдвэрлээгүй тул хэрэгт авагдсан аудитын дүгнэлт, прокурорын тогтоолыг үндэслэж хариуцагч Гээс төлбөр гаргуулах үндэслэлгүй юм.

            Өөрөөр хэлбэл Р, Г нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд этгээд Р-ийн гаргасан хариуцагч Г-ээс экскаваторын түрээсийн төлбөр 45 400 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

            Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч-ын гаргаж өгсөн баримтууд нь /хх-ийн 1 дүгээр хавтасны 195-196, 2 дугаар хавтасны 83-133/ хэрэгт хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

              Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн магадлалд заасан ...анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З нарт нэхэмжлэгч Чын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г-ийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулах, хариу тайлбар гаргуулах эдгээр ажиллагааг огт хэрэгжүүлээгүйгээс, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, ноцтой зөрчигдсөн төдийгүй мэтгэлцэх эрхээр хангаагүй байна гэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлээр тус шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч З-г хэргийн материалтай танилцуулах зорилгоор удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх нь хэргийн оролцогчийн эрх болохын хувьд шүүх түүнийг эрхээ эдлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх үүрэгтэй.

            Гэвч анхан шатны шүүхийн зүгээс дээрх байдлаар хэргийн оролцогчийн эрхээ эдлэх боломж нөхцлийг хангасан боловч шүүхэд ирээгүй тул түүний эрхийг эдлүүлэх зорилгоор хүчээр албадан ирүүлж, хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2- зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 385 000 төгрөгнөөс 384 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Гээс улсын тэмдэгтийн хураамжинд 384 950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох,

            харин хариуцагч Г-ийн сөрөг нэхэмжлэл /УТХ 379 072 төгрөг 50 мөнгө/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р нарын нэхэмжлэлийн шаардлагыг /УТХ 359 453 төгрөг 60 мөнгө/ бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир тэдний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт 738 526 төгрөг 10 мөнгийг орон нутгийн төсвийн орологод хэвээр үлдээх,

            мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р нь нэхэмжлэлийн шаардлагадаа ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжинд 25 496 төгрөг 40 мөнгийг нөхөн гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь тус тус хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар хариуцагч Г-ээс экскаваторын түрээсийн төлбөр 45 400 000 /дөчин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч-д олгож, нэхэмжлэгч Ч-аас молтокны үнэ 44 224 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Гийн сөрөг нэхэмжлэл, харуицагч Г-ээс экскаваторын түрээсийн төлбөр 45 400 000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р-н шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 000 төгрөгнөөс 384 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 384 950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ч-д олгох, хариуцагч Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 379 072 төгрөг 50 мөнгө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р-н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 359 453 төгрөг 60 мөнгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р улсын тэмдэгтийн хураамжинд 25 496 төгрөг 40 мөнгийг нөхөн гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

            3.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 157/ШЗ2017/000-- дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар авсан хариуцагч Гийн Хаан, Хас, Төрийн банкнуудын харилцах дансны гүйлгээг зогсоох, хариуцагчийн улсын бүртгэлийн Ү-22020177-- дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-18040003-- дугаартай газар, Ү-18040007-- дугаартай граж, Ү-18040007-- дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-22030078-- дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 45 400 000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хуралдаанд оролцсон зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.НАРАНЧИМЭГ