Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0327

 

С МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Г.Сын  нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г.С,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:ЧЧ, /Шүүхэд төлөөлөх эрхийн дугаар: Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Гуравдагч этгээд: Р.Ж, Б.И, Э.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилдаа хариуцлагагүй хандаж албан үүргээ биелүүлээгүй Төрийн албаны зөвлөлийн ажилтан Р.Ж, Э.Э болон Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах ажил хариуцсан гишүүн Б.И нарт Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэг, 48 дугаар зүйл болон “Төрийн албан хаагчийн гомдол маргааныг хянан шийдвэрлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авхуулах үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлд даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гуравдагч этгээд Р.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.П  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.С нь татварын байгууллагад доод шатнаас нь эхэлж 10 шахам жил ажиллахдаа 3 дахь удаагаа 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад орж, өрсөлдөөд тэнцсэн. Гэвч тухайн үед сонгон шалгаруулалтын дүн албажиж баталгаажуулахаас өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Татварын ерөнхий газрын дарга Л.З нас барсан. Үүний дараа 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д.ЗБ Татварын ерөнхий газрын даргаар томилогдсон боловч миний сонгон шалгаруулалтын дүнг албажуулж өгөөгүй.

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний бие Татварын ерөнхий газрын дарга Д.ЗБад дээрх сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулж өгөхийг хүссэн өргөдлөө гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй учир 2017 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдлөө өгсөн. Төрийн албаны зөвлөл миний өргөдлийг шийдвэрлээгүй. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 126/ШШ2018/0688 дугаар шийдвэрээр сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж албажуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0072 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсээр байхад Татварын ерөнхий газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс удаа дараа үндэслэлгүйгээр татгалзсан тул миний бие шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд өгснөөр анхан шатны шүүхээс албадан гүйцэтгүүлэх тухай 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/Ш32019/3988 дугаар захирамж гаргасан.

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас татварын ерөнхий газарт шаардлага тавьснаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалтын дүнг Татварын Ерөнхий газар-ын сайтаар нийтэд зарласан гэсэн. Үүний дагуу миний бие дээрх албан тушаал буюу Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргаар томилогдох хүсэлтээ Татварын Ерөнхий газар-ын даргад удаа дараа гаргасан боловч өнөөдрийг хүртэл уг албан тушаалд /салбар зөвлөл эрх зүйн чадамжгүй тул дүгнэлтээ ирүүлээгүй гэх үндэслэлээр/ намайг томилохгүй хохироосон хэвээр байна.  Иймд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү.

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон Д.Өын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

            4. Төрийн албаны зөвлөлөөр эрх ашгаа хамгаалуулахаар 11 удаа гомдол гаргасан боловч асуудлыг хууль журамд заасан шаардлагын дагуу шийдвэрлээгүй гагцхүү албан тоот бичгээр хариу өгч байгаад гомдолтой байна. Зүй нь өмнөх Төрийн албаны тухай /1995,2002,2008 онуудад өөрчлөлт орсон хуулиудын 16, 39-р зүйлүүд болон УИХ-ын 2003 оны 5 сарын 08-ны өдрийн 14-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан гомдол, маргаан хянан шийдвэрлэх журам” болон 2019 оноос мөрдөгдсөн 'Төрийн албаны тухай хууль"-ийн 75-р зүйл, УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журам", Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хамтран баталсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 8-р зүйлийн 8.4, ”Захиргааны ерөнхий хууль”-ийн 92, 93-р зүйлүүдэд зааснаар миний гомдол шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын хүрээнд төрийн албаны зөвлөлөөр шийдвэрлэгдэж албан ёсны хариу гарах ёстой байсан. Шүүх энэ бүхнийг нягтлан шалгаж хүнд суртал гаргаж хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүй Татварын ерөнхий газрын удирдлага болон Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын албан тушаалтнуудад “Төрийн албаны тухай хууль”-ийн 45-р зүйлийн 45.1 болон 48-р зүйлүүдэд заасан сахилгын шийтгэл ногдуулахыг төсвийн шууд захирагч нарт нь даалгах үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мл хариу тайлбартаа: Иргэн Г.Саас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн  албаны зөвлөлийн гишүүн Б.И, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э, тус газрын референт Р.Ж нарт Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 48 дугаар зүйлд зааснаар сахилгын арга хэмжээ авахыг “Төрийн албаны зөвлөлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Нэг. Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т “Улсын Их Хурал Зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд хариуцлага тооцох асуудал нь тус байгууллагын бүрэн эрхийн асуудал биш юм.

Хоёр. Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

Гурав. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол албан тушаал бууруулна” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж тус тус зааснаар Р.Жд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Төрийн албаны зөвлөл нь Ажлын албаны албан хаагчдын ажлын гүйцэтгэл, сахилга хариуцлагын байдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавин ажилладаг.

Төрийн албаны зөвлөлд 2019 оны 4 дүгээр сарын 23, 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан Г.Сын гомдлын хариуг 2019 оны 5  дугаар сарын 23-ны өдрийн 621, 622, 623 дугаар албан бичгээр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан гомдол болон 11 дүгээр сарын 20-ны өдрийн тайлбарт 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/1527 дугаар албан бичгээр, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/648 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн.

Өөрөөр хэлбэл, Маргаан хянан шалгах газрын референт Р.Ж нь албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ зохих ёсны дагуу гүйцэтгэж өргөдөл гомдлын хариуг зохих журмын дагуу хуулийн хугацаанд өгч ажилласан байна.  Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд Р.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Сын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох “Ажилдаа хариуцлагагүй хандаж, албан үүргээ биелүүлээгүй, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И, Төрийн албаны зөвлөлийн ажилтан Э.Э, Р.Ж нарт Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 48 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам"-д заасны дагуу сахилгын арга хэмжээ авхуулах үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

            1.Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Ид Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага тооцуулахыг даалгах шаардлагын тухайд:

            Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна ... ”, 68.3-т “Улсын Их Хурал Зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно ..." гэж тус тус заасан.

            Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Иыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлж, хуульд заасан болзол, шаардлагыг хангасан тул Улсын Их Хурлаас зохих журмын дагуү томилсон. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Ид хариуцлага ногдуулах эсэх нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн асуудал биш болно.

            2. Төрийн албаны зөвлөлийн ажилтан Э.Э, Р.Ж нарт Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага тооцуулахыг даалгах шаардлагын тухайд:

            Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын даргын албан тушаалд ажиллаж байсан Э.Э 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн болно.

            Иргэн Г.Саас Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн өргөдөл, гомдлыг Зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын референт Р.Жд шалгуулахаар хуваарилсны дагуу тайлбар, нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч, шалгаж, тухай бүрд нь хуулийн хугацаанд иргэн болон холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн болно.

            Г.Саас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж хариуг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын референт Р.Ж боловсруулж, тус газрын дарга Э.Э, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И нар тус тус хянаж, танилцаж, улмаар Зөвлөлийн даргад хянуулж, албажуулдаг ажлын горимоор ажилладаг.

            Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчид албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хууль тогтоомжид заасны дагуу хариуцлагатай хандаж биелүүлсэн болно.    

            Түүнчлэн Р.Ж надад хариуцлага тооцуулахаар Г.Саас өргөдөл ирүүлснийг Зөвлөлийн ажлын алба шалгаж, хариуцлага ногдуулах үндэслэлгүй талаарх хариуг иргэнд хүргүүлсэн.

            Төрийн албаны зөвлөлийн ажлын алба нь албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлагын байдалд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавин ажилладаг.

            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл төрийн жинхэнэ албан хаагчдад албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг тухайн байгууллагын томилох эрх бүхий этгээд шийдвэрлэх болохоос шүүхэд даалгаж шийдвэрлүүлэх нь хууль зүйн хувьд боломжгүй, үндэслэлгүй болно. Иймд Г.Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцож Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалын төлөө өрсөлдөн ганцаараа тэнцсэн Г.С эрх ашгаа хамгаалуулахаар төр, хуулийн байгууллагуудаар бүтэн 4 жил хөөцөлдөж байгаа юм. Сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан, Г.С хамгийн өндөр оноо авсан нь нотлогдож, тогтоогдсон байхад эрх бүхий этгээд нь томилгоо хийхгүй хохироож, төрийн байгууллага, албан тушаалтнууд шийдвэрээ гаргаж өгөхгүй чирэгдүүлж байгаа юм. 2017 онд Г.С Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хандсанаас хойш 11 удаа гомдол, хүсэлт гаргасан байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан “Төрийн албаны тухай хууль”-ийн хүрээнд Төрийн албаны зөвлөл энэ асуудлыг шууд шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай байсан бөгөөд 2019 оноос мөрдөгдсөн “Төрийн албаны тухай хууль”-иар ч энэ боломж хадгалагдаж үлдсэн юм. Гэвч энэ байгууллагын ажил хариуцсан ажилтнууд хуулийнхаа хүчин чадлыг ашиглахгүй байсны улмаас нэг асуудлаар 11 удаа гомдол гаргасан. Төрийн байгууллага ийнхүү хүнд суртал гарган, иргэн хүний хуулиар эдлэх эрхийг хөсөрдүүлж тохуурхаж болохгүй биз дээ. Ялангуяа Монгол улсын төрийн албаны төв байгууллага нь иргэддээ ингэж хандаад байвал энэ төрд хэн итгэх юм бэ. Ер нь төр байх, тэдний дотроос Төрийн албаны зөвлөл гэдэг энэ байгууллага байх шаардлага байна уу. Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээрээ бол Төрийн албаны зөвлөл нь “Төрийн албаны тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрд шударга ёсны зарчим сахин биелүүлэх, төрийн албыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр баталсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн хүрээнд “Төрийн албаны тухай хууль”-ийн 65-77 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэрлэх ёстой байв. Эдгээр хууль тогтоомжийн зүйл заалтууд дотор төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон  төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа багтсан байгаа. Түүнчлэн маргааныг хянан шийдвэрлэхдээ ч Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон түүнд нэр дэвшигчийн хооронд гарсан эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх тухай журам”-ыг баримтлах ёстой байсан. Тэгээд ч Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн Захиргааны албаны зөвлөлийн бүтэц орон тоон дотор /Зөвлөлийн гишүүн Б.Иы хариуцах ажлын хүрээнд/ 5-6 хүнтэй Маргаан хянан шалгах газар ажиллуулахаар тогтоож үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн байна. Харамсалтай нь энэ хүмүүс эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүсийг хамгаалах бус/дарга дээдсийн талд үйлчилж/ албан бичиг шидэлцэн нүд хуурдаг нь Г.Сын үүсгэсэн маргаанд цугларсан баримтуудаас тод харагдаж байна.Төрийн албаны зөвлөл нь энэ маргааныг хүлээж аваад тухайн үед үйлчилж байсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 39 дүгээр зүйлд болон 2008 онд Улсын Их Хурлаас баталсан “Маргаан хянан шийдвэрлэх журам” /2008.05.08-ны өдрийн 14 дүгээр тогтоол/-ын дагуу маргаан үүсгэж комисс томилон ажиллуулж дүгнэлт, тогтоол үйлдэн албан ёсны шийдвэр гаргах байсан юм. 2017 онд батлагдаж 2019 оны 01 сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 75-77 дугаар зүйлүүд болон Улсын Их Хурлын 20 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан хянан шийдвэрлэх тухай журам”-ын 10-15 дугаар зүйлүүдэд ч энэхүү зохицуулалт хэвээр хадгалагдсан байгаа. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 01/648 тоот /хэргийн материалын 43, 44, 45 хуудас/ 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/1137 тоот /хэргийн материалын 60-р хуудас/. Төрийн албаны зөвлөл ийнхүү Татварын Ерөнхий газрын талд үйлчлээд байгаа тул албан тушаалын томилгоо хийх үүрэгтэй Татварын Ерөнхий газрын удирдлагын зүгээс хавчлага үзүүлж Г.Сад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Хохирч хэлмэгдсэн энэ асуудлаараа Г.С мөн л Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад нь маргаан үүсгэж шалгалтгүйгээр “Таны гомдолд дурдсан уг шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэж албан тоотоор хариу өгчээ. Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга С.Санжрагчаагийн гарын үсэг бүхий 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/1137 тоот хэргийн материалын 60 дугаар хуудас/

Хэрэв хуулийн хүрээнд зохицуулсан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БаатарЗ нарын хамтран 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ гомдлыг Төрийн албаны зөвлөл харьяалан авч Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Маргаан хянан шийдвэрлэх журам”-ын дагуу шийдвэрлэж тогтоол, дүгнэлт гаргаж өгөх ёстой.

Г.С өнгөрсөн хугацаанд Төрийн албаны зөвлөлд удаа дараа гаргасан гомдолдоо өөрийнхөө талд ашигтай шийдвэрлүүлж өгөөч гэсэн байр сууринаас огт хандаагүй бөгөөд гагцхүү хууль журмын дагуу шийдвэрлүүлэх шаардлага тавьсаар байтал ийнхүү шударга бус байгаад нь гомдож, албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн хүмүүст Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 болон 48 дугаар зүйлүүдэд заасан сахилгын шийтгэл оногдуулах шаардлага тавьсан байна. Гэвч “Төрийн албаны тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан эрх бүхий албан тушаалтан болох ажлын албаны дарга Санжрагчаа нь албан хаагчдаа өмөөрч сахилгын арга хэмжээ авахгүй гэсэн хариу ирүүлсэн учраас “Захиргааны ерөнхий хууль”-ийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан үндэслэлээр шүүхэд хандсан болно. Магадгүй энэ хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн өөр зохицуулалт байж болох авч энэ тохиолдолд түүнийг шүүх олж хэрэглэх үүрэгтэй.

Зөвлөлийн гишүүн Б.Иы хувьд /Төрийн өндөр албан тушаалтан/ Улсын Их Хурлаас томилогддог боловч Төрийн жинхэнэ албан хаагч тул эрх зүйн байдлыг нь “Төрийн албаны тухай хууль”-иар зохицуулдаг. Тиймээс төрийн өндөр сэнтийд заларчхаад хуулийг гажуудуулан хүний эрхийг хохироох эрх энэ хүнд байхгүй. Хэрэв Төрийн албаны зөвлөл Г.Сыг дорд үзэж басамжлалгүйгээр хуулиа барьж шийдсэн бол 2002 оноос хойш үйлчилж байсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 3 болон 2017 онд шинэчлэн найруулсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 32, 76 дугаар зүйлийн 76.4 дэх заалтуудыг үндэслэн шүүхэд хүргэхгүй нэг мөр шийдэх боломж байсан юм. Ер нь энэ бүх үндсэн нотолгоонуудыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд өмнө нь гаргаж өгснөөс гадна энэ маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хууль тогтоомжуудыг хуулбарлан хүргүүлж, шүүхийн зүгээс шалгаж бүрдүүлэх баримтуудын талаарх санал бодлоо ч илэрхийлсэн билээ. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцогчид өөрсдийнхөө гаргасан албан тоотуудаа зөвтгөсөн тайлбар хийхээс өөр үндэслэл нотолгоо гаргаж чадахгүй байгаа нь харагддаг. Маргааныг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байх эрх энэ байгууллага, албан тушаалтнуудад үнэндээ байхгүй шүү дээ. Цаана нь цагаан цаасан дээр хараар биччихсэн хууль, дүрэм, журам байна. Энэ хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж ажиллаж байгаагийнхаа төлөө тэд төрөөс цалин хангамж авч байгаа. Тэгэхээр Г.Сыг хохироосон энэ үйл ажиллагааг эс үйлдэхүй гэж үзэх ч үндэслэлгүй. Яагаад гэвэл гүйцэтгэх ёстой албан үүргээ зориуд санаатай гуйвуулан 11 удаа Г.Сыг 4 жил чирэгдүүллээ. Хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй энэ хүмүүс мэтгэлцэж байгаа нэрийдлээр шүүхийг хуурч, худал мэдээлэл ч өгч байна. Тодорхой ганц жишээ дурдахад Зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж, хууль дээрээ гишгэж байсан С.Санжрагчаа нь ажлаас халагдаад явчхаагүй, энэ байгууллагадаа хэлтсийн даргаар ажиллаж байгаа гэсэн. Иймд энэ хэргийн хариуцагчаар Б.И, С.Санжрагчаа нар илүү ачаа үүрэх нь шударга ёсонд нийцнэ. Энэ хоёр хүн тухайн байгууллагын удирдлагын түвшний хүмүүс учраас ажлыг нь зохион байгуулж, доод тушаалын албан хаагчдаа мэргэшлийн удирдлагаар хангах үүрэгтэй юм. Ер нь захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар зохигчид, эсвэл хууль мэдэхгүйгээр нь мохоох хандлагууд ажиглагддаг. Тэгвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11 дүгээр зүйлийн 11.6, 11.7 дугаар заалтуудад “...тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ тодорхой бус гэсэн үндэслэлээр хянан шийдвэрлэхгүй байх эрхгүй...” гэдгийг шүүхэд үүрэг болгосон байдаг. Иргэн хүн эрх ашгаа зөрчигдсөн гэж үзэн шударга үнэнийг хүсэн шүүхэд хандсан байхад Захиргааны хэргийн шүүхийн зарим ажилтнууд үндэслэлгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцаах, хэргийн хариуцагчийг /нэхэмжлэгчийн санал, оролцоогүйгээр/ солих, хэргийг буруу тусгаарлах, хариуцагчаар татах ёстой байсан этгээдийг гурав дахь этгээд болгож тогтоох зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн олон заалтыг зөрчсөн үйлдэл энэ хэргийн процесс ажиллагааны явцад гарсан. Хууль хэрэглээний энэ мэт завхрал нь шүүх шударга ажиллаж байгаад эргэлзээ төрүүлээд зогсохгүй, хэргийн хугацаа хэтрүүлэх, ачааллыг нь хүндрүүлэх, бичиг цаасны зардлыг ихэсгэх, хувь хүний эрх, эрх чөлөөг гажуудуулсан үйлдэл гэж үзэж байгаа тул эрх бүхий байгууллагуудад нь жич хандах болно” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн хууль тогтоомжийн хүрээнд Төрийн албаны зөвлөл 5 хоногийн дотор маргаан үүсгэж, 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой ба шаардлагатай гэж үзвэл нэг удаа сунгаж, 60 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байсан. Төрийн албаны зөвлөл таван гишүүнтэй. Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгагч нар хэрэг үүсгэж, шалгаад албан ёсны хариу гаргах ёстой. Төрийн албаны зөвлөлд С.Санжрагчаад арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол гаргахад сахилгын арга хэмжээ авах үндэслэлгүй байна гэдэг, Г.Сад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэхэд сахилгын шийтгэл үндэслэлтэй байна гэсэн албан бичгээр хариу өгдөг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтанд арга хэмжээ авахгүй байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйл, 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Г.И, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын референт Р.Ж нарт сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү. Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын референт Р.Ж нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа учир шүүхээс давсан шийдвэр гаргахгүй гэдэг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль, Маргаан хянан шийдвэрлэх тухай журам зөрчиж байгаа учир холбогдох албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. 2019 оны хуулиар маргаан үүсгэх ёстой байсан гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Г.С шүүхэд нэхэмжлэл гаргаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Төрийн албаны зөвлөл уг асуудалд маргаан үүсгэж хянан шийдвэрлэх боломжгүй.

Гурван шатны шүүхийн шийдвэр Г.Сын талд гарсан байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мөн салбар зөвлөлд удаа дараа хүргүүлж байсан.

Маргаан хянан шалгах журам 2019 онд батлагдсан. 2017 оны маргааныг шинэчлэн батлагдсан хуулиар шийдвэрлэх боломжгүй. Маргаан үүсгэж шийдэх ёстой байсан гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т “гомдол маргааныг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ нь заавал маргаан үүсгэх ёстой гэж даалгасан зохицуулалт биш юм.

Төрийн албаны зөвлөлд 11 удаа гомдол гаргасан гэж байна. Г.С нэг асуудлаар удаа дараа гомдол гаргадаг. Гаргасан гомдол бүрд хариу өгсөн байдаг. Сүүлд ажлын албаны дарга С.Санжрагчаа ирсэн гомдлыг нэгтгээд арга хэмжээ авах нь үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Г.С надад ашиггүй шийдвэр гаргасан гэж арга хэмжээ авхуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү гэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай хуулийн зүйл заалт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчээс 2017 оноос эхлэн Төрийн албаны зөвлөлд 11 удаа гомдол гаргасан гэж байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаад, 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой Төрийн албаны зөвлөлийн орон тоо, бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Р.Ж миний бие Төрийн албаны зөвлөлд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анх томилогдсон. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлснээс өмнөх гомдлыг миний бие шалгаж шийдээгүй. Төрийн албаны зөвлөлд томилогдсоноос хойш 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 5 дугаар сарын 10-ны өдөр анхны гомдол ирж байсан. Гомдлын дагуу Г.Стай холбогдох баримтыг цуглуулсан. Тухайн гомдолд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Г.С өндөр оноо авсан, одоог хүртэл томилогдохгүй байгаатай холбоотой шүүхэд хандан шийдвэрлүүлж, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байсан. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гомдлыг нэгтгэн, нэгэнт шүүхийн шийдвэртэй учир маргаан үүсгэн шалгах боломжгүй тухай албан бичгээр хариу өгсөн. Татварын ерөнхий газрын салбар зөвлөл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг биелүүлнэ үү, сонгон шалгаруулалтын оноог зарлан мэдээлж, томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүл гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2019 оны 11 дүгээр сард Г.Саас өмнөх гомдолтой агуулга ижил, дээрээс нь хүний нөөцийн аудитыг Татварын ерөнхий газраар хийлгэж өгөх, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар ажиллаж байгаа Д.Өын томилгоог хүчингүй болгуулах, томилсон этгээд нарт хариуцлага тооцуулах гомдлын шаардлага нэмэгдсэн байсан. Хүний нөөцийн аудит хийлгэхээр Хүний нөөцийн аудитын удирдлагын газарт уламжлан, шилжүүлсэн.

Д.Ө нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2002 оны Төрийн албаны тухай хууль, Улсын Их Хурлын 13 дугаар тогтоолоор баталсан удирдах ажилтныг сонгон шалгаруулах журамд Нийслэлийн, дүүргийн харьяа даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг салбар зөвлөл нь хариуцдаг байсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу Г.Сын сонгон шалгаруулалтын оноог салбар зөвлөл нийтэд мэдээлсэн. Гэвч салбар зөвлөлөөс уг албан тушаалд нэр дэвшүүлж, томилох ажиллагааг хийгээгүй. Учир нь Салбар зөвлөлийн гишүүд бүгд жинхэлсэн томилгоотой байх ёстой. Гэтэл хоёр хүн буюу 50 хүрэхгүй хувь нь жинхэлсэн, үлдсэн нь түр томилгоотой учир нэр дэвшүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэсэн хариу өгсөн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой.

Албан тушаалын тодорхойлолтод зааснаар ирсэн өргөдөл, гомдлыг судалж, холбоотой байгууллагаас баримтыг авч, төсөл, санал боловсруулдаг. Би шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаж байгаагүй.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байна. Даргын албан тушаалд томилогдох ёстой гэсэн агуулга гомдол бүрд байсан” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И нь Улсын Их Хурлаас томилогддог. Маргаан хянан шалгах газарт цохогдсон өргөдөл, гомдлын төсөлтэй танилцах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Г.Сын гаргасан гомдолд тухай бүрд хариу өгч, арга хэмжээ авч ажилласан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.С нь анх тус шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ:

1. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан үндэслэлээр Төрийн  албаны зөвлөлийн үйл ажиллагаа эс үйлдэхүйн хэлбэрээр намайг хохироож байгааг тогтоолгох,

2. Татварын ерөнхий газрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өын хууль бус томилгоотой холбоотой асуудлыг хууль дүрмийн дагуу хянан шийдвэрлэх чиг үүргийг Төрийн албаны зөвлөлд даалгах,

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах,

4. Ажилдаа хариуцлагагүй хандаж чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, нэг асуудлаар 11 удаа гомдол гаргуулахад хүргэсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И, Маргаан хянан шалгах газрын референт Р.Ж, Э.Э нарт Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.11, 48 дугаар зүйл, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 6234 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8059 дугаар захирамжаар “Ажилдаа хариуцлагагүй хандаж албан үүргээ биелүүлээгүй Төрийн албаны зөвлөлийн ажилтан Р.Ж, Э.Э болон Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын гишүүн Б.И нарт Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэг, 48 дугаар зүйл болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авхуулах үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна.

Үүний дараа шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодруулах захирамж гарч, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага хэвээр, харин түүний үндэслэлийг тодрууллаа гэсний дагуу шүүх нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг тусгаарласан нь буруу гэж байгаа боловч уг хэргийг анх тусгаарласан шүүгчид гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дах хэсэгт “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.

Иймд захиргааны хэргийг тусгаарлах захирамж гаргасан шүүгчид өөрт нь гомдол гаргах ёстой байсан.

Нэхэмжлэгчээс... 2017 оноос хойш Төрийн албаны зөвлөлд 4 жил гаруй хугацаанд эрх ашгаа хамгаалуулахаар 11 удаа гомдол гаргасан боловч хуульд   заасан шаардлагын дагуу шийдвэрлээгүй, албан тоотоор хариу өгч байсанд гомдолтой байна.

Өмнөх Төрийн албаны тухай /1995,2002,2008 онуудад өөрчлөлт орсон хуулиудын 16, 39-р зүйлүүд болон УИХ-ын 2003 оны 5 сарын 08-ны өдрийн 14-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан гомдол, маргаан хянан шийдвэрлэх журам” болон 2019 оноос мөрдөгдсөн 'Төрийн албаны тухай хууль"-ийн 75-р зүйл, УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журам", Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хамтран баталсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн" Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 8-р зүйлийн 8.4, ”Захиргааны ерөнхий хууль”-ийн 92, 93-р зүйлүүдэд зааснаар миний гомдол шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын хүрээнд төрийн албаны зөвлөлөөр шийдвэрлэгдэж албан ёсны хариу гаргах ёстой байсан.

Шүүх энэ бүхнийг нягтлан шалгаж хүнд суртал гаргаж хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүй Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын албан тушаалтнуудад “Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 болон 48-р зүйлүүдэд заасан сахилгын шийтгэл ногдуулахыг төсвийн шууд захирагч нарт даалгаж өгнө үү” гэж,

Хариуцагчаас...Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т “Улсын Их Хурал Зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Ид хариуцлага тооцох асуудал нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн асуудал биш,

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/89 дугаар тушаалын дагуу уг албан тушаалаас түр чөлөөлөгдсөн,

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын референт  Р.Ж нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсны дагуу хийж гүйцэтгэсэн, өргөдөл гомдлын хариуг хуулийн хугацаанд өгч ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар Р.Жд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж,

Гуравдагч этгээдээс... Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Иыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлж, хуульд заасан болзол, шаардлагыг хангасан тул Улсын Их Хурлаас зохих журмын дагуу томилсон. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд хариуцлага оногдуулах эсэх нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн асуудал биш,

Нэхэмжлэгч Г.Саас ирсэн гомдлын дагуу тайлбар, нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч, шалгаж, тухай бүрд нь хуулийн хугацаанд иргэн болон холбогдох байгууллагад хариуг хүргүүлэн ажилласан,

Төрийн жинхэнэ албан хаагчдад албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлыг тухайн байгууллагын томилох эрх бүхий этгээд шийдвэрлэх болохоос шүүхэд даалгаж шийдвэрлүүлэх нь хууль зүйн хувьд боломжгүй гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Г.С нь Төрийн албаны зөвлөлд 11 удаа гомдол  гаргасан гэдэг боловч гомдлын агуулгаас харахад нэг асуудлаар удаа дараа гомдол гаргаж байсан байна. Тухайлбал:

1. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БаатарЗ танаа мэдээлэл хүргүүлэх тухай:

-Төрийн албаны тухай хуулийн дагуу Татварын ерөнхий газрын хүний нөөцийн үйл ажиллагаанд Аудит хийлгэх,

-Энэ агентлагийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн ажилд дүгнэлт өгөх,

-Татварын ерөнхий газрын төрийн захиргаа удирдлагын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3/1114 тоот албан бичиг тухайн агентлагийн нэрийн өмнөөс гарсан нь эрх зүйн чадамжийг хадгалсан албан ёсны хариу мөн эсэхийг тодорхойлох,

-Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч гүйцэтгэлийг хангуулах зэрэг арга хэмжээ авхуулах,

2. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БаатарЗ танаа асуудал шийдвэрлүүлэх тухай:

-Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон Д.Өын томилгоог хүчингүй болгуулах,

3. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БаатарЗ танаа гомдол гаргах тухай:

- Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон Д.Өын томилгоог хүчингүй болгож, буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага тооцуулах,

-Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч зохих арга хэмжээ авхуулах,

4. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлд тайлбар хүргүүлэх тухай:

-Д.Өыг Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгуулах,

-Г.Сыг уг албан тушаалд томилуулах,

5. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БаатарЗ танаа дахин гомдол гаргах тухай:

-Төрийн албаны тухай хуулийн 75, 76 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх” журмын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж хариу өгөх,

-Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон Д.Өын томилгоог хүчингүй болгож, Г.Сыг томилуулах,

-Уг албан тушаалд Д.Бадам, Д.Ө нарыг хууль бусаар ажиллуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох,

-Г.Сад сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх, хуудв ёсны үндэслэлтэй эсэх,

-Татварын ерөнхий газар болон Нийслэлийн Татварын газрын хүний нөөцийн үйл ажиллагаанд аудит хийлгэх,

6. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах тухай:

-Маргаан хянан шалгах комисс байгуулж асуудал шийдвэрлүүлэх,

7. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БаатарЗ танаа Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд гомдол гаргах тухай:

-Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, ажилчдынхаа хариуцлага, чадварыг сайжруулах,

-Иргэдийн өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд нь шийдвэрлүүлэх талаар хяналт, шалгалт тавьж шуурхай арга хэмжээ авхуулах,

-Р.Жд сахилгын арга хэмжээ авхуулах,

-Сонгон шалгаруулалтын үр дүнг хэрэгжүүлэх, Г.Сад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах гомдлуудыг Төрийн албаны зөвлөлд тус тус гаргасан байна.

 

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын референт Р.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр уг албан тушаалд томилогдсон байна. Томилогдсоноос хойш нэхэмжлэгч Г.Сын ирүүлсэн гомдлыг хянаж, гомдлын хариуг цаг тухайд нь өгч байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд ажлын чиг үүргээ зохих журмын дагуу биелүүлж ажилласан байна гэж дүгнэлээ. Тухайлбал:

Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч Г.Сын гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 22 болон 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гомдлын хариуг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 621, 622, 623 дугаар албан бичгээр тус тус,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гаргасан гомдол болон 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тайлбарт 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/1527 дугаар албан бичгээр,

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гаргасан гомдолд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/648 дугаар албан бичгээр,

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гаргасан гомдолд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/1137 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн байна.

Дээрх баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан мэдүүлэг, тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Г.С нь Төрийн албаны зөвлөлд 11 удаа гомдол гаргаж байхад гуравдагч этгээд болох Б.И, Э.Э, Р.Ж нар нь гомдлын хариуг хуульд заасны дагуу өгөөгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И нь Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

Иймд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Ид хариуцлага оногдуулах асуудал нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Э нь Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/89 дугаар тушаалаар албан тушаалаас түр чөлөөлөгдсөн тул сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Иймд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И, маргаан хянан шалгах газрын референт Э.Э, Р.Жыг Г.Сын гомдлыг хариуг шийдвэрлээгүй, хүнд суртал удаа дараа гаргаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны хэргийн шүүхээс Төрийн албаны зөвлөлийн дотоод ажилд хөндлөнгөөс оролцож Р.Жыг ажилдаа хайнга хандсан, бусдад хүнд суртал үзүүлж, бусдыг чирэгдүүлсэн, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилтод заасан “Төрийн албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай өргөдөл, гомдол, маргааныг хүлээн авч судлан, удирдлагад танилцуулах” чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Иыг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд гуравдагч этгээд Б.Иы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 04/1073 тоот албан бичгээр В.Долгорыг томилсон байна.

Иймд шүүхээс гуравдагч этгээд Б.Иыг шүүх хуралдаанд заавал биечлэн оролц, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах боломжгүй гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Г.С нь шинэчлэгдсэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4-т заасны дагуу төрийн байгууллагад хүний нөөцийн аудит хийлгэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэж маргадаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд Хүний нөөцийн аудитын журам одоогоор батлагдаагүй байгаа, журам батлагдсан тохиолдолд төрийн байгууллагуудад хүний нөөцийн аудит хийх бүрэн боломжтой гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Хүний нөөцийн аудит хийх журам батлагдаагүй байхад шүүхээс аудит хийлгэхийг даалгаж, аудит хийсэнгүй гэж хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс маргаан хянан шалгах комисс байгуулж, дүгнэлт гаргах ёстой байсан гэх боловч Төрийн албаны зөвлөлөөс маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Төрийн албаны зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлд удаа дараа албан бичиг хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу маргаан үүсгэх боломжгүй.

Иймд Г.Сын гаргасан “Ажилдаа хариуцлагагүй хандаж албан үүргээ биелүүлээгүй Төрийн албаны зөвлөлийн ажилтан Р.Ж, Э.Э болон Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах ажил хариуцсан гишүүн Б.И нарт Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэг, 48 дугаар зүйл болон “Төрийн албан хаагчийн гомдол маргааныг хянан шийдвэрлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авхуулах үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 48 дугаар зүйл, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 болон “Төрийн албан хаагчийн гомдол маргааныг хянан шийдвэрлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сын гаргасан “Төрийн албаны зөвлөлийн ажилтан Р.Ж, Э.Э болон Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах ажил хариуцсан гишүүн Б.И нарт сахилгын арга хэмжээ авхуулах үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ