Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 02750

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/02750

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо,  тоотод оршин суух, Ү.ц овогт Б.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, Х.я овогт Б.Б /РД:/-д холбогдох

 

үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Б  нь Б.Б-тай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Б.Б нь зээлээ төлөөгүй тул 2017 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/02147 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаагүй учраас шүүгчийн захирамжид энэ талаар тусгагдаагүй болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Ханын материал гудамжны дугаар байрны тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б  болон Б.Б нар 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Б.Б  нь 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохирчээ /хх31 хуудас/.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд иргэн Я.Г-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Ханын материал гудамжны дугаар байрны тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна /хх 30, 33 хуудас/.

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн байна /хх 30 хуудас/. 

 

Нэхэмжлэгч Б.Б  нь 2017 онд талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөрбайгуулагдсан зээлийн гэрээний үүргийг буюу нийт 62,253,667 төгрөгийг хариуцагч Б.Б-аас шаардаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад зохигч талууд эвлэрсэн гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/02147 дугаар захирамжаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хх 27 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлага болох 62,253,667 төгрөгийн 9,100,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 53,153,667 төгрөгийг Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны болон мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд хоёр хувааж нэхэмжлэгчид бүрэн төлөхөөр харилцан тохирсон, улмаар уг захирамжид гүйцэтгэх хуудас бичигдсэн байна /хх 27-29 хуудас/.

 

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Б.Б-д холбогдуулан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02147 дугаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах агуулга бүхий шаардлагыг гарган шүүхэд хандсан /хх 1, 11 хуудас/.

 

Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан Я.Г болон хариуцагч Б.Б нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж бичгийн тайлбарыг тус шүүхэд ирүүлээгүй /хх 61, 68, 75 хуудас/.  

 

Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Дээр дурдсанчлан Б.Б болон Б.Б нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шүүхээс хянаад талуудын эвлэрлийг баталсан, уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэгэнт үндсэн үүрэг болох зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул түүний дагалдах барьцааны эрх Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар үүссэн, хүчин төгөлдөр гэж үзнэ. 

 

Өөрөөр хэлбэл, барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, уг гэрээгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй байдаг. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж,  үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02147 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Ханын материал гудамжны  дугаар байрны тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ