Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00395

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02750 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2222 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Б.Бат-д холбогдох, 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.Бат-тай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Б.Бат- нь зээлээ төлөөгүй тул 2017 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/02147 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаагүй учраас шүүгчийн захирамжид энэ талаар тусгагдаагүй болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18060 гудамжны 60 дугаар байрны В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02750 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бат- Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02147 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал 18060 гудамжны 60 дугаар байрны В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-ид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2271 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02750 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн “Баянгол дүүргийн” гэсний дараа “Иргэний хэргийн анхан шатны” гэж, “албанд” гэснийг “газарт” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02750 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2222 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Бат-д холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Б.Б-ийн нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр Б.Бат- нь Б.Б-аас  35.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18060 гудамжны 60 дугаар байрны В-4 тоот хаягт байрлах, орон сууцыг барьцаалжээ.

Зээлдэгч Б.Бат- зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс Б.Б- зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд хандсан, тэдний эвлэрлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/02147 дугаар захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг захирамж хүчин төгөлдөр байна. Дээрх хэрэгт нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах бол улсын бүртгэлд бүртгүүлэх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 174 дүгээр 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.

Шүүхийн шийдвэр гарч, зээлийн мөнгийг хариуцагчаар төлүүлэхээр болсон хэдий ч хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг талууд маргаагүй. Иймд нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 176.2.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн эсхүл шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргана гэж хуульчилжээ. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дээрх үндэслэлүүдийн алийг ч заагаагүйгээс гадна тэрээр шүүх хуралдаанд оролцож нэмэлт тайлбар гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрийг алдаатай бичснийг залруулж өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2222 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ