Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00556

 

 М.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00576 дугаар шийдвэр,

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 223/МА2020/00013 дугаар магадлалтай,

 М.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвд холбогдох,

 Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч М.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Болдбаатар миний бие 2002.06 сараас эхлэн Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Миний бие тус суманд сонгуулиар ардчилсан нам ялсан цагаас хойш байнга ажлын байр дээрээ дарамтлуулсаар ирсэн. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед удирдлагаас байнга дарамталдаг, намын харьяалал ярьж ямар нэгэн шалтаг тоочиж ямар ч шийдвэргүйгээр цалин мөнгө хасдаг байсан ч би эр хүн байж хэл ам хийгээд яахав дээ гээд тэвчсээр ирсэн.

Намайг архи уусан гэж ажлаас халсан. Ажлаас халсан тушаалд 2019.10.23, 24, 25-ны өдрүүдэд ажил тасалсан гэж бичсэн байна. Би тухайн үед ажил таслаагүй, одоо энэ хүмүүс ямар худлаа бичиг баримт бүрдүүлээд намайг гүтгэж байгааг би үнэхээр мэдэхгүй байна. Үнэхээр тэр өдрүүдэд ажил тасалсан гэж үзэж байгаа бол тэр үед нь яагаад тушаал гаргаад надад өгөөгүйд гайхаж байна. Одоо ажлаас халах болохоор ямар ч үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна. Миний бие тушаалд бичсэнчлэн 2019.12.11-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би хүмүүст ажлын шаардлагаар зүй ёсны шаардлага тавьснаас ёс зүйгүй авир гаргасан зүйл байхгүй. Тушаалд ямар учраас намайг ингэж үндэслэлгүйгээр гүтгэж, ажлаас халж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Манай байгууллагын эрхлэгчийн гаргасан тушаал үндэслэлгүй тул Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019.12.13-ны өдрийн б/07 дугаарыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны 51 хоногийн цалин 1,592,998 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж байсан М.Болдбаатарын өгсөн нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

Намын харьяалал ярьж ямар нэгэн шалтаг тоочиж цалин хасдаг гэх боловч нэг ч удаа улс төр ярьж заргалдсан мэтгэлцсэн зүйл байхгүй хир их намчирхаж янз бүр болдог вэ талаар байгууллагын хамт олон гэрчлэх байх, хөгжмийн багш хүнтэй ямар улс төр ярьж маргалдах хэрэг байх вэ дээ үнэхээр худлаа ярьж ээ гэж бодож байна. Ажлын байранд ийм тухай ор ярьдаггүй цээрлэдэг. 2019.10.23-ны өдөр Алтат 4-р багийн өдөрлөг арга хэмжээ болж, хурал эхлэх болсон М.Болдбаатар байгаагүй бүжгийн багш Б.Хишигжаргалд үүрэг өгч тэр арга хэмжээг явуулсан орой дахин сурагласан согтуу тасарсан гэж дуулдсан. Тухайн үед нь номын санч Д.Баасансүрэн, Ганхуяг нарт үүрэг өгч цагийн бүртгэлд тэмдэглэ, өчигдөр ирээгүй өнөөдөр алга ажил дээр орой болтол сууж цагийг бүртгэ гэсэн үүрэг өгч анхааруулсан. Орой бүр мэдээ авсан би өөрөө давхар анхаарлаа хандуулсан дараагийн 2 өдөр дараалан ирээгүй 3 өдөр дараалан ажил тасалсныг манай хамт олон 4-р багийн засаг, сумын засаг дарга, сумын бүх шатны дарга нар мэднэ, тэд гэрчлэх байх.

Өмнөх тооцоо байгаа учир тэр бүр алдаа болгон дээр юм яриагүй ер нь ажилдаа дургүй хүнийг байнга ирээч гэх шаардлага байгаагүй. Сүүлийн үед гуйлгаж ажилд ирэх гээд байгаа мэдрэмж төрдөг болсон. Тайлан мэдээ гээд ажил ихтэй байсан.

Өмнөх асуудлуудыг нийлүүлж байгаад засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн шатны арга хэмжээ ав гэсэн үүрэг өгсөн миний санал нэг байсан. Засаг даргын зөвлөлийн хурлаар мэдэгдсэн өөрт нь засаг дарга хэлсэн, би хурал дээр хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн байсан. Малын тоонд яваад ирсэн сургуулийн урлагийн үзлэгээр бөөн маргаан дэгдээсэн байсан. Иргэн Б.Нарангэрэл, Н.Мөнхзул багш, бүжгийн багш Б.Хишигжаргал нар мэдээлэл өгсөн өмнөх хурлаас хойш 1 cap болж байсан шууд л халах тушаалаа гаргасан.

Анх ажилд ороход санал бодлыг нь сонсож ажил хийхэд хүндрэлтэй зүйл юу байна гээд судалж ажилласан. Шинэ техник хэрэгсэл иж бүрэн солих хэрэгтэй, депузерийн шингэнүүд байхгүй болсон өөр онц зүйлгүй гэсэн. Хөгжмийн багшийн хүсэлтийг хүлээн авч засаг даргад танилцуулж техник хэрэгсэл комоор нь, компьютер караоке машин проектор, хөгжимчдийн хувцас ком, депузерийн шингэн гээд үгүй дутуу юмгүй хэлсэн бүрийг нь авч өгсөн. Ажлын нөхцөл бололцоогоор хангасан арга хэмжээ авч өгч ажилласан. Гэтэл өөрөө ажилдаа ирэхгүй өөр ажилд орно гээд явдаг, ажил хийлгэх гэж нэлээд шахсан эхний хагас жилд жилийн эцсийн тайлан, дугуйлангууд ажиллуулсан байдал арга хэмжээнүүдэд концерт бэлтгэх гээд ажлын шаардлагууд их тавьсан. Түүнийг дарамталсан гэж бодож байгаа юм байх гэх ойлгож байна.

Мэргэжлийн болон ажилдаа сэтгэлтэй хүн бэлтгэх шаардлага олон удаа авсан учир халсан болно. Техник хэрэгслээ ажиллуулж чадахгүй хагас жил болсон нь нотлогдох байх, өөрийн ашиглаж байсан суурин компьютер хэмхэлсэн, худгийн цэнхэр мотор үгүй хийсэн, хуучин техник хэрэгслүүдийг бүх зүйлийн тал хэсгүүдийг бүгдийг ажилгүй болгож орхисон байна.Бүгдийг хөгжим засварын газар авч очиж шалгуулсан. Ажлаа дүгнүүл гэхээр дүгнүүлдэггүй хийсэн ажлын тайлан бичиж өгч нэг удаа ч үзээгүй.хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлдэггүй гэхэд бараг болно доо.

Ийм хүнийг яалтай нь билээ, би загнасан хэрэлдсэн аргадсан гуйсан харьцахгүй удаан байж үзсэн урамших болов уу гээд цалинг олон удаа бүтэн бичсэн эхнэртэй нь 3 уул аа тойрч суугаад ярьж үзсэн надад ямар алдаа байгаа болоод энэ хүн дургүй байна вэ гэж ч эрэгцүүлж бодож үзсэн удирдлагын олон арга хэрэглэсэн өөр гарц надад байсангүй.Нэг гэр бүлийн хүмүүс биш хэрэлдэх ч биш хийх ч биш яваад яах вэ Хууль байхад гэж үзэж энэ шийдэлд хүрсэн гэжээ.

 Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00576 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хангай овогт Маргуузын Болдбаатарыг Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,347,785 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн санхүүгээс гаргуулан М.Болдбаатарт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.Болдбаатарын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн санхүүд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвөөс 52,515 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 223/МА2020/00013 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж,

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын дүгнэлт, бүх заалтууд нь нэхэмжлэгч талыг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн, нотлох баримтад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.

Дуу хөгжмийн багш М.Болдбаатарыг ажлаас халсан 2019.12.13-ны Б/07 тоот тушаалын агуулгыг танилцуулахад:

1. Дуу хөгжмийн багш М.Болдбаатар нь 2019.03.19 ны Б/04 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан нь 2019.02.29-ний өдөр Гурван түрүү 3 дугаар багийн өдөрлөгийн үеэр болсон үдэшлэг дээр М.Болдбаатар нь хөгжмөө хааж унтраачихаад согтуугаар иргэдтэй хэрүүл, маргаан үүсгэж, тэдний үгийг сөргөж байсан бөгөөд шаардлага тавихаар Чаддаг юм бол өөрөө асаа, харъя гээд миний өөдөөс омогдсон. Мөн тус багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Намжилсүрэнтэй маргалдсан. Энэ зөрчлийн талаар хэлэлцэнэ, байгууллагын хурал хийнэ гэдгийг түүнд урд өдөр нь хэлсэн. Өглөө хурал эхлэх болсон М.Болдбаатар ирээгүй. Түүнийг утсаар дуудахад Би хөдөө явж байна гэж өөдөөс эсэргүүцсэнийг манай ажилтнууд бүгд сонссон. Бид хуралдаад түүнд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан. 3-р сарын 20-22 өдрүүдэд ч шийдвэрээ танилцуулах гэсэн ажилдаа ирэхгүй болохоор нь Соёлын төвийн мэдээллийн самбарт тушаалыг тавьчихсан. Гэтэл шүүхийн шийдвэрт М.Болдбаатарт шийдвэрээ гардуулан өгөөгүй гэж намайг буруутгасан. Тухайн үед М.Болдбаатар энэ талаар гомдол гаргаагүй тул тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон.

Ийнхүү шийтгэл ногдуулсан боловч М.Болдбаатар нь дутагдалдаа дүгнэлт хийгээгүй мөн л ажил тасалсан, архи уусан хэвээр л байсан.

2019.10.23-ны өдөр архи ууж Алтат 4 дүгээр багийн өдөрлөг соёлын арга хэмжээнд хөгжим аппаратур ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, 10.24-ний өдөр ажил тасалсан зөрчлийг хэлэлцэх гэтэл ажилдаа ирээгүй. Номын санч Д.Баасансүрэн, үйлчлэгч Т.Ганхуяг нарт цагийг нь бүртгэх үүрэг өгсөн боловч тэр ажилдаа ирээгүй, цаг бүртгэгчид даалган ажиглахад бидний нүдэнд огт харагдаагүй, бас ажил тасалсан гэж бид тэр өдөр дүгнэн ярилцсан. Гэвч цаг бүртгэлийн төхөөрөмжид 11.09 цагт бүртгэгдсэн байдаг. Өглөө 9.00 ажилдаа ирэх ёстой бөгөөд өдөр цайндаа 13.00 явах, 14.00 ажилдаа ирэх, 18.00 цагт ажлаас тарах бүртгэлүүд нь цаг бүртгэлийн төхөөрөмжид уншигдаагүй, тэр өдөр хийсэн ажлын тайлан зураглал, үүрэг даалгавар биелүүлсэн гэх баримтгүй тул ажил тасалсанд тооцсон. Мөн 10.25-нд ажил тасалсан нийт гурван өдөр дараалан ажил тасалсан, архи уусан. /11.09 цаг бүртгүүлсэн л бол ажилд ирсэн гэдэг нь хэзээ ч тооцож боломжгүй ажил/ Бүртгүүлэхийн төлөө ажил хийж байгаа билүү ажлаа хийсний төлөө цалин авч байгаа билүү гэдэг үүргээ огтхон ч ойлгохгүй байна. Урьд өдөр нь ажлаа тасалсан хүн өөртөө дүгнэлт хийгээд дараа өдөр нь арай эрт ирж болох л байсан. Уучлаарай гээд ороод ирж ч болно. Юу болов одоо ямар ажилтай байна гэж санаа зовох ч үгүй, үл тоосон шинжтэй байсан. Эдгээр байдлыг үнэн зөвөөр дүгнэж өгнө үү.

Шүүх нэхэмжлэгчийг өөрөө хуралдаанд оролцоогүй байхад зөвхөн түүний гомдлыг үндэслэж хариуцагч миний тайлбарыг үгүйсгэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.Тушаалд зөрчил давтан үйлдсэн гэж тэмдэглэж, өмнөх зөрчлөө давтсан, ажлын цагаар архи уусан согтуурсан гэж оруулж өгсөөр байтал, ажилдаа ирэх сонирхолгүй түүнийг ажилд эргүүлж ав гэсэн шийдвэр гаргаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

2. М.Болдбаатар нь хөгжмийн багшийн мэргэжилгүй, мэргэжлийн бус гэсэн нь нотлогдохгүй байна гэсэн шүүхийн дүгнэлтийн тухайд: М.Болдбаатар нь соёл урлагийн чиглэлээр суралцаагүй. Сумын соёлын төвийн хөгжмийн багшийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага нь хөгжмийн дээд боловсролтой, баклаврын зэрэгтэй байх ёстой. Гэтэл тэрээр дээд боловсрол эзэмшсэн дипломгүй, зөвхөн 10 дугаар төгссөн хуудастай.

2018, 2019 онд Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас хөгжмийн багшийг дээд боловсролтой болгох сургуульд элсэлтийн шалгалт өгүүлэх тухай албан бичиг Соёлын төвд ирүүлсэн. Болдбаатарын материалыг бүрдүүлж Засаг дарга, эрхлэгч, хөгжмийн багш бид гурвалсан гэрээ хийгээд шалгалтанд ор гэсэн үүрэг өгсөн боловч боломжгүй гээд яваагүй. Тус газрын соёлын ажил хариуцсан арга зүйч Эрдэнэтогтохоос 2018, 2019 онуудад түүний сургуульд хамрагдаагүй байдлыг удаа дараа анхааруулж, цаашид хөгжмийн багшаар ажиллуулах боломжгүйг сануулж, ажлаас чөлөөлөх талаар надад мэдэгдэж байсан. Элсэлтийн ерөнхий шалгалт 2019.03.20-нд болохыг түүнд мэдэгдсэн боловч шалгалт өгөөгүй.

3. М.Болдбаатар 2019.12.11-ний өдөр Сургуулийн урлагийн үзлэгийн үеэр багш, сурагчдын дунд согтуугаар ёс зүйгүй ааш авир гаргасан сахилгын зөрчлийн тухайд:

Соёлын төвд 2019.12.11-ний өдөр наймдугаар ангийн сурагчдын урлагийн ноймор явагдаж, тус ангийн сурагч А.Биндэръяаг дуулж байхад М.Болдбаатар микрофоныг нь шууд унтраасан, ...хэрүүл үүсгэж, багш Н.Мөнхзулыг доромжилсон байдаг. Хөгжмийн багш М.Болдбаатар багш, хүүхдүүдийг уйлуулж гомдоон, маргаан үүсгэж, эцэг, эхчүүд, багш нарын дунд үймээн шуугиан дэгдээж бөөн хэрүүл болгосон талаар тус сургуулийн 8-ын А ангийн багш Н.Мөнхзул, бүжгийн багш Б.Хишигжаргал иргэн Б.Нарангэрэл нар тухайн үед надад мэдээлсэн.

Иймд дээр тэмдэглэсэн, учирласан нөхцөл байдлуудыг тунгаан үзэж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 151/ШШ2020/005576 тоот шийдвэр, мөн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.19 ны өдрийн 223/МА2020/00013 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Болдбаатарын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж, миний шүүхэд мэтгэлцэх эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 223/МА2020 00013 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан шүүх ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 168.1.3 дахь хэсэгт заасан ...шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 151/ШШ2020/00576 дугаартай шийдвэр бүхий иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн өмгөөлөгч миний хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр бичсэн зургаан үндэслэл тус бүрт хуулийн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, эдгээр үндэслэлийн аль хэсгийг дэмжсэн, няцаасан болохыг магадлалын үндэслэх хэсэгт ойлгомжтой, тодорхой дүгнээгүйд гомдолтой байна.

Хоёр: Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, эдгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт авагдсан үйл баримтуудыг харьцуулан дүгнэхэд Баянцагаан сумын Соёлын төвийн хөгжмийн багш М.Болдбаатар нь 2019 онд сахилгын гурван удаагийн зөрчил гаргасан нь хөдөлбөргүй тогтоогдсон, ажил олгогч энэ тухай тушаалдаа тэмдэглэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг шийдвэртээ зөв хэрэглэсэн байдаг.

Ажил олгогчийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байхад анхан болон давж заалдах шатны шүүх тухайн шийдвэрийг бүхэлд нь буруутгасан дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Дөрөв. Нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангасан арга журмын тухайд.

Хоёр шатны шүүх ажил олгогчийн шийдвэрт ямар нэг дутагдал, утгын алдаа буй эсэх, хуулийн холбогдох заалт үндэслэсэн эсэхэд голчлон анхаараад М.Болбаатарын ажил хэргийн нэр хүнд, чадвар, хувийн зан чанар, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, давтан гаргасан зөрчлүүдийн шинж байдлыг харьцуулан үзэж хэрэг маргааны жинхэнэ байдалд бодит дүгнэлт өгч чадаагүй, ажил олгогчийг буруутгах зорилгоор архины хамааралтай, ажил тасалдаг, албаны үүргийг зохих ёсоор хэрэгжүүлдэггүй, сахилгын зөрчил байнга гаргагч, аль ч шатны шүүх хуралдаанд оролцохоос зайлсхийдэг сахилгагүй этгээдийг хамгаалсан дүгнэлт, шийдвэр гаргасанд туйлын харамсаж байна. Энэ нь орон нутгийн иргэд олон түмний шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд илтэд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.

Иймд миний гомдолд тэмдэглэсэн эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 151/ШШ202000/576 дугаартай шийдвэр, мөн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 223/МА2020/00013 дугаартай магадлалыг тус тус өөрчилж, М.Болдбаатарын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч М.Болдбаатар Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, М.Болдбаатарыг Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,347,785 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, М.Болдбаатарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019.12.13-ны өдрийн Б/07 тушаалаар ...дуу, хөгжмийн багш М.Болдбаатарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэн 2019.03.19-ний өдөр сахилгын арга хэмжээ авагдаж байсан боловч 2019.10.23, 24, 25-ны өдрүүдэд 3 өдөр дараалан ажил тасалж сахилгын зөрчил давтан гаргасан, 2019.12.11-ний өдөр болсон урлагийн үзлэгийн үеэр багш сурагчдын дунд ёс зүйгүй ааш авир гаргаж, таагүй нөхцөл үүсгэсэн, архи уусан, согтуу байсан ба мэргэжлийн бус ажил мэргэжилдээ тэнцэхгүй... гэж ажлаас нь халжээ.

 Хэрэгт авагдсан баримтаар Соёлын төвийн эрхлэгчийн 2019.03.19-ний өдрийн Б/04 тушаалаар М.Болдбаатарт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2019.10.23, 24, 25-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдсон.

 Ажил олгогч ажилтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг үндэслэн хариуцлага тооцжээ.

 М.Болдбаатарын 2019.10 сард гаргасан ажил тасалсан зөрчлийг тухайн үед нь илрүүлсэн атлаа 2019.12 сард хариуцлага хүлээлгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 Энэ хугацаанд зөрчлийг Сумын Засаг даргын хурлаар хэлэлцүүлсэн нь хугацааг тасалдсан гэж үзэх эсхүл хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй тул хугацаа хэтрүүлж хариуцлага тооцсон ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

 Мөн ажилтныг ажлаас чөлөөлсөн Б/07 тушаалд дурдагдсан ...2019.12.11-ний өдрийн сургуулийн урлагийн үзлэгийн үеэр ажилтан согтуу байсан, ёс зүйн зөрчил гаргасан... үйлдлийг нотолсон талаар хэрэгт баримтгүй тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Нэхэмжлэгч М.Болдбаатар нь ажил тогтмол тасалдаг, үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддаг, ёс зүйгүй, хөгжмийн багшийн мэргэжилгүй талаарх ажилтны гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн байхыг шаардана.

 Ажилтныг ажлаас чөлөөлсөн Соёлын төвийн 2019.12.13-ны өдрийн Б/07 тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019.12.13-ны өдрийн Б/07 тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй үндэслэлээр М.Болдбаатарын нэхэмжлэлийг хангаж, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00576 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 223/МА2020/00013 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх нарын гомдлыг хангахргүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧИД                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                  Б.УНДРАХ

                                                    Д.ЦОЛМОН

                                                             Х.ЭРДЭНЭСУВД