Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 02690

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/02690

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, Хасбаатарын гудамж, дүгээр байр тоотод оршин суух, Б овогт С.Ц /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, П.т давхарт байрлах “С” ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг дугаар хороо, грийн хаус, байр, тоотод оршин суух, Б овогт Б.Э /РД: / нарт холбогдох,

 

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан /0173/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.Ц  нь “С” ХХК-д 2001 оноос 2013 оны хооронд заслын мастерийн албан тушаалд ажилласан. Түүнийг ажиллаж байх хугацаанд буюу 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “С ” ХХК-ийн захирал Д.Б нь Монгол улсад барилгын салбар үүссэний 79 жилийн ойг компанийн хүрээнд тэмдэглэсэн. Уг тэмдэглэлт өдрөө тухайн компанид амжилттай ажилласан О.З, Т.Н болон С.Ц  нарын хүмүүсийг орон сууцаар шагнаж, нэг өрөө байрны эрхийн бичгийг гардуулан өгсөн. Ингээд хариуцагч байгууллага нь амалсан ёсоороо Баянгол дүүргийн дүгээр хороо, Хасбаатарын гудамж  дүгээр байрны тоот хаягт байрлах 1 өрөөг орон сууцанд нэхэмжлэгч С.Ц ыг 2006 онд оруулсан бөгөөд тэрээр уг байранд 2006 онд ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлээрээ амьдарч байна. С.Ц  орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар компанийн удирдлагад удаа дараа аман хэлбэрээр хүсэлт тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Харин эсрэгээрээ захирал Д.Б нь шагналт өгсөн байраа өөрийн төрсөн охин Б.С-д дараах нь төрсөн хүү Б.Э-ийн нэр дээр шилжүүлэн өгч, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байсан. Б.Э  нь 2016 онд  С.Ц т холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргахад л ийм асуудал болсныг нь мэдсэн. Энэхүү нэхэмжлэлийг шүүхээс “нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй” гэсэн үндэслэлээр буцаасан ба Б.Э  нь шүүхэд дахин хандаагүй. Хэрэв уг байр нь үнэхээр л Б.Э гийн хууль ёсны өмчлөлийнх байсан бол тэрээр шүүхэд аль хэдийнээ хандаад асуудлыг шийдвэрлүүлэх байсан.

Нэхэмжлэгч гэр бүлийн хамт энэ байранд 11 жилийн хугацаанд амьдарч, өөрийн өмч гэж үзэж, холбогдох төлбөр, зардлыг нь хариуцан амьдарч ирсэн. Хариуцагч “С ” ХХК, түүний захирал нь нэхэмжлэгчийн шагналын эд хөрөнгийг хуйвалдан өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч байгаа хэрэгт цугларсан баримтаар нотлогдоно. Тухайлбал, хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14/1 тоот “С ” ХХК-ийн албан бичиг байгаа. Уг албан бичгээс үзэхэд “С ” ХХК нь шагналаар олгосон орон сууцыг С.Ц т өгөх гэж байснаа болиод тус компанийн захирал Д.Б гийн төрсөн охин Б.Э д өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг бүртгэлийн байгууллагаас хүссэн байгааг харж болно.

Хариуцагчийн зүгээс энэхүү үйлдлээ “...С.Ц  нь байнга архи ууж, ажлаа тасалдаг байсан учраас шагналын байраа буцаан авсан” мэтээр тайлбарладаг боловч хэрэгт С.Ц  архи ууж, ажил тасладаг байсан талаар баримт байхгүй, арга хэмжээ авсан тухай тушаал, холбогдох нотлох баримт байхгүй. Энэ орон сууцыг нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлгэнд бус харин шагналд авсан байдаг. Ийм учраас хариуцагч талын яриад байгаа шиг бэлэглэгчийг ноцтой гомдоох асуудал манай энэ хэрэгт хамаарахгүй. Хамаарлаа гэхэд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байгаа.

Иймээс С.Ц  уг орон сууцны өмчлөгч нь болох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн материал дунд орон сууц захиалгын гэрээ гэж байгаа. Энэ гэрээнд 2013 онд С  ХХК-ийг төлөөлж н.Т, захиалагч талыг төлөөлж Б.Э  нар гарын үсэг зурж байгуулсан байдаг. Энэ нь тухайн орон сууцыг баригдаад ашиглалтанд орсноос 8 жилийн дараа хийсэн гэрээ байдаг. С.Ц той хамт шагнагдаж байсан хүмүүс бүгд тухайн байраа өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.  Хэрэгт авагдсан баримтуудаар уг орон сууцыг С.Ц т бэлэглээгүй, харин шагнасан болох нь тогтоогдож байгаа тул “С ” ХХК-ийн захирал Д.Б н шагналд өгсөн Баянгол дүүргийн дүгээр хороо дүгээр байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр С.Ц ыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С ” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Ц  нь манай компанид ажиллаж байгаад сахилгын зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Компани ажилчдынхаа орон байрны асуудалд анхаарч нэр бүхий хүмүүсийг тогтвортой ажиллуулах үүднээс ажиллаж байх хугацаанд нь тэднийг орон байраар хангаж, шинэ жилээр урамшуулсан юм. Гэхдээ өмчлөх эрхийг шууд шилжүүлж өгөөгүй. Байр авсан хүмүүс эрхэлсэн ажилдаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, тодорхой хугацааны дараа өмчлөлдөө шилжүүлэн авсан байхад С.Ц  архи ууж, ажлын байраа санаатай орхин явах зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж, арга хэмжээ авагдаж байсан. Нэгэнт засрахгүй байсан учраас байрыг өмчлөлд нь шилжүүлж өгөөгүй. С.Ц  ажлаас халагдсан ч өнөөдрийг болтол тухайн байранд хууль бусаар амьдарсаар байгаа. Бид байр чөлөөлж өг гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн. Мөн байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Энэ байр нь одоо “С ” ХХК-ийн өмч хөрөнгө биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э  шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байр нь миний нэр дээр байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С ” ХХК, Б.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Хамгийн анх 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “С ” ХХК-ийн зүгээс С.Ц ыг тус байгууллагад үр бүтээлтэй ажилласан гээд нэг өрөө байрны эрхээр шагнасан нь үнэн. Ингээд шагналын Баянгол дүүргийн  дүгээр хороо, Хасбаатарын гудамж  дүгээр байрны тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцанд нэхэмжлэгчийг оруулсан. Гэхдээ “С ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид уг байрны өмчлөх эрхийг бэлэглээгүй байсан. Түүнийг цаашдаа тухайн компанид тогтвортой ажиллах байх гээд өгсөн. Гэтэл С.Ц  нь ажлаа байнга тасалж, ажлын байран дээр архидан согтуурч, өгсөн үүрэг даалгаварыг огт биелүүлэхгүй байсан. Өөрөөр хэлбэл тэрээр бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдлүүдийг хийсэн. Ийм ч учраас “С ” ХХК нь түүний нэр дээр тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх гэж байснаа болиод Д.Б  захирлын төрсөн охин Б.С-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг анх гаргуулсан. Улмаар уг байрны өмчлөлийг өөрийн төрсөн хүү Б.Э  рүү шилжүүлсэн нь үнэн. С.Ц  нь энэ бүх үйл явдлыг огт мэдээгүй биш мэдэж л байсан. Тэрээр 2006 онд байр авснаас хойш ажиллаж байгаад 2013 онд ажлаа хаяж явсан. Бид нэхэмжлэгчийн ар гэрийг нь бодоод түүний нийгмийн даатгалын шимтгэлийг бүр 2016 он хүртэл төлсөн. Гэвч тэрээр эргэж ажилдаа ороогүй, хаяад явсан. Одоо маргаан бүхий байр нь Б.Э гийн нэр дээр байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

“С ” ХХК нь 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсад барилгын байгууллага үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажиллаж, хариуцсан ажилдаа амжилт гаргасныг нь үнэлэн С.Ц ыг нэг өрөө байрны эрхийн бичгээр шагнажээ. /хх 4 хуудас/.

 

Улмаар дээрх эрхийн бичгийг үндэслэн “С ” ХХК-ийн зүгээс өөрсдийн барьж, ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн дүгээр хороо, Хасбаатарын гудамж дүгээр байрны  тоот хаягт байршилтай орон сууцанд С.Ц ыг оруулсан ба энэхүү орон сууц нь С.Ц ын эзэмшил, ашиглалтад 2006 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд байгаа талаар зохигчид маргаангүй байна /хх 5-27, 123, 124 хуудас/.  

 

Мөн дээрх орон сууц нь “С ” ХХК-иас С.Ц т шагналаар олгосон орон сууц мөн эсэх талаар зохигчид маргаангүй.

 

Хариуцагч “С ” ХХК нь Баянгол дүүргийн  дүгээр хороо, Хасбаатарын гудамж  дүгээр байрны тоот хаягт байршилтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Ц ын нэр дээр гаргуулах хүсэлтийг Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар руу явуулсан байсан хэдий ч “...орон сууц захиалгын гэрээ хийсэн” гэсэн үндэслэлээр гэрчилгээг Б овогтой С-ийн нэр дээр сольж гаргахыг хүссэн болох нь “С ” ХХК-иас Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №14/1, 14/2 тоот албан бичгүүдээр нотлогдож байна /хх 154-162 хуудас/.

 

Дээрх хүсэлтийн дагуу иргэн Б.С-ийн нэр дээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан ба 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу иргэн Б.Э  уг орон сууцны өмчлөгч болжээ /хх 163, 197-205 хуудас/.

 

Нэхэмжлэгч С.Ц  нь хариуцагч “С ” ХХК болон Б.Э  нарт холбогдуулан Баянгол дүүргийн дүгээр хороо, Хасбаатарын гудамж дүгээр байрны  тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

Тэрээр “...хариуцагч байгууллага нь миний ажил хөдөлмөрийг үнэлж орон сууцаар шагнасан атлаа захирал Д.Б нь уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр бус өөрийн хүүхдүүдийн нэр дээр гаргаж өгсөн. Би уг байранд 2006 онд ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлээрээ амьдарч байгааг харгалзан нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэж өөрийн шаардлагын үндэслэлээ шүүхэд тайлбарласан.  

 

 Хариуцагч Б.Э  “...Маргаан бүхий байр нь миний нэр дээр байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн, хариуцагч “С ” ХХК-ийн зүгээс “...орон сууцыг нэхэмжлэгчид тухайн компанид тогтвортой ажиллах байх гэж өгсөн. Гэвч С.Ц нь үүрэгт ажлаа хангалттай биелүүлээгүй, бэлэглэгчийг буюу ажил олгогчийг ноцтой гомдоосон” гэсэн тайлбаруудыг шүүхэд гаргасан.  

 

“С ” ХХК-иас С.Ц т 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсан “Хүндэт өргөмжлөл”, “С ” ХХК-иас Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт явуулсан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №14/1, 14/2 тоот албан бичгүүд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр асуугдсан О.З, Т.Н, Д.Б  нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад “С ” ХХК нь С.Ц ыг ажил хөдөлмөрөөрөө хамт олноо тэргүүлсэн буюу тус компанийн шагнал олгохоор тогтоосон болзлыг биелүүлсэн гэж үзээд түүнийг нэг өрөө байрны эрхээр шагнасан тул талуудын  хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгох үүрэг, шагналыг авах эрх үүссэн байна /хх 4,117-120, 154, 155 хуудас/.

 

Нэгэнт С.Ц нь шагналд өгсөн орон сууцанд уг орон сууц ашиглалтад орсон үеэс оршин суугаа талаар зохигчид маргаагүй учир Баянгол дүүргийн дүгээр хороо, Хасбаатарын гудамж  дүгээр байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр С.Ц ыг тогтоох нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн дүгээр хороо, Хасбаатарын гудамж дүгээр байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр С.Ц-ыг тогтоосугай.   

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 104,750 төгрөгийг улсын орлогоос хариуцагч “С ” ХХК болон Б.Э нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ц т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ