Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0658/З |
Дугаар | 221/МА2024/0347 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0347
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 231 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/0658/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 231 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/589 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнэхдээ хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/589 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Энэ талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал маргадаггүй. Мөн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх газрын үзлэг хийсэн бөгөөд тус газар дээр хоосон хашаа, хайсгүй байгаа нь тогтоогдсон атал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн оролцогчид маргаагүй асуудлаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрээ гаргасан. Үүнд “нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зардал гаргасан болох нь:
-Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах газрыг дуудлага худалдааны анхны үнэ нийт 220 000 000 төгрөг төлсний үндсэн дээр эзэмших болсон нь Төлбөрийн даалгавар №38, нэхэмжлэх, Төрийн банкны шилжүүлгийн баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
-Нэхэмжлэгч нь газрыг төлбөрийг хугацаанд нь жил бүр төлсөөр илсэн байх ба газрын төлбөрийн асуудал дээр хэргийн оролцогчид маргаагүй байна.
Мөн телевизийн студийн барилгын зураг төсөл боловсруулах зорилгоор байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн ...” Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. Гэтэл дуудлага худалдааны үнэ төлсөн, барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх хэргийн үнэн зөв байдлыг дүгнэх, хуульд нийцсэн үнэн зөв шийдвэр гаргах зарчим алдагдсан гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Анх нэхэмжлэгч компанид нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/952 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “телевизийн студи, конторын барилгын зориулалттай” 20 000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/488 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байх ба маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан ““А” ХХК-ийг эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
2.2. Нэхэмжлэгч “А” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нийслэлийн Засаг даргын захирамжаар өгсөн газар эзэмших эрх нь дэд бүтэц хийгдэнэ гэж хэлж дуудлага худалдааны үнэ төлүүлсэн, ... дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, цахилгаан болон ус, дулааны шугам сүлжээ хэрхэн ямар байдлаар тавигдах эсэхээс хамаарч манайх барилгын зураг, ямар барилга барих эсэхийг шийдвэрлэх боломжтой учраас энэ асуудал хүлээгдэж газар эзэмших эрхийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй...” гэж тайлбарлан маргажээ.
2.3. Анхан шатны шүүх “...маргаан бүхий газарт дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдээгүй буюу цахилгаан, ус, дулааны шугам сүлжээ тавигдаагүй шалтгааны улмаас манай компани маргаан бүхий газар дээр барилгын ажлыг эхлүүлж чадаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй, ... нэхэмжлэгч “А” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх нь” №22/125 тоот албан бичгээр “дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгаа болон дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаагаа хариуцагчид мэдэгдэж байсан байна, ... дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.4. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцсон, тодруулбал дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн нөхцөлтэй дуудлага худалдаанд оролцож ялагч болсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
2.5. Нөгөөтээгүүр, Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
2.6. Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК нь анх газар эзэмших эрх олгосон 2011 оноос хойших бүхий л цаг хугацаанд газар дээр бодитой хөрөнгө оруулалт хийж, барилга байгууламж бариагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, тухайн газар нь атраараа байгаа болох нь анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг дуудлага худалдааны анхны үнийг төлсөн, түүнчлэн газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.7. Түүнчлэн нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газарт телевизийн студи, конторын барилга байгууламж огт бариагүй, бодитоор ашигласан нөхцөл байдал нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь нэхэмжлэгч компанид ажилдаггүй, хууль зүйн туслалцаа үзүүлж, уг захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа боловч өөрөө хүсэлт гарган өмгөөлөгч Н.М-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, түүнчлэн Э.Н нь өөрөө хуульч бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг энэ тохиолдолд өмгөөлөгч Н.М-аас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан хүсэлтийг хангахгүй орхих нь нэхэмжлэгч компанийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хөндөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН