Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2018/02165

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2018/02165

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ тоот хаягт оршин суух Б- овогт Б-ын Ч- /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... тоот хаягт оршин суух Л- овогт П-ийн Ц- /РД:...../-д холбогдох,

 

Баталгааны гэрээний үүрэгт 11.371.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц-, хариуцагч П.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хувиараа бизнес хийдэг ба “Өег” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд гурил нийлүүлдэг түгээлтийн цэгтэй. Хар хорин зах дээр гурилын 11 дүгээр лангууг ажиллуулдаг П-ийн А-д  2015 оны 11 сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 сарын 20-ны хооронд гурил нийлүүлсэн. П.Ц- нь П.А-гийн төрсөн эгч бөгөөд мөн Хар хорин зах дээр гурилын лангуу ажиллуулдаг. Одоо ч ажиллуулж байгаа. Гурил нийлүүлж байх үед эгч дүү хоёр хуваагаад гурилаа авдаг байсан. Хэсэг хугацааны дараа гурилын мөнгөө авах гээд очиход П.А-гийн бие нь муудсан гэсэн. 10 гаруй хүн П.А-г цагдаа, шүүхэд өгөөд эхэлчихсэн байсан. Би бас тэр хүмүүсийн адилаар цагдаад өгөх гэтэл П.Ц- нь “...манай дүүгийн бие муу байна,  миний дүү битгий цагдаад өгөөрэй. Эгч нь яаж ийж байгаад хуваагаад өгнө гэсэн. Би бас өөрөө хүн амьтнаас мөнгө зээлчихсэн байсан. Гэтэл намайг нотариат оръё, эгч нь баталгааны гэрээ хийгээд өгье, найдвартай, П.А-гийн байрыг удахгүй зараад мөнгийг чинь өгье гээд П.А-гийн нөхөртэй нь гэрийн гадаа ирээд намайг хүлээж байгаад  2015 оны 12 сарын 24-ний өдөр нотариат дээр очиж гэрээ хийсэн. Тэгэхэд бүх авсан барааных нь тооцоог нийлээд гаргасан. Бид хоёрыг нотариат дээр очиж уулзаж байхад дүүгийнхээ өмнөөс төлбөр мөнгийг хийнэ. П.А-гийн байрыг зарна гээд 11.371.000 төгрөгийг 22 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон. Нотариатч надад баталгааны гэрээний талаар тайлбарлаж хэлсэн. П.А-гийн нөхөр нь цагдаагийн хүн байдаг. Тэр хүн нь бас надруу ярьж байсан. Түүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрлөө. П.Ц- нь сая шүүхээс нэхэмжлэл авчхаад 3 хоногийн дараа надтай манай гэрийн гадаа ирж уулзсан. Эгчдээ жоохон хугацаа өгчих гэсэн. Надад утсан дээрээ хийсэн бичлэг хүртэл бий. 500.000-1.000.000 төгрөгөөр бага багаар төлье гэж удаа дараа намайг мэхэлсэн. Харин би тэгж яриагүй л гэж байна.  Миний хувьд энэ хүний мууг үзэх гэсэн юм байхгүй. Баталгааны гэрээний дагуу П.Ц-гээс 11.371.000 төгрөгийг гаргуулж авах нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би Хархорин зах дээр лангуу түрээсэлж  гурил, будаа зарж байгаа нь үнэн. 2015 онд ч лангуу ажиллуулдаг байсан. 2015 оны 11 сард манай дүү П.А- Б.Ч-ээс 11.371.000 төгрөгийн бараа авсан юм байна. Яг 11.371.000 төгрөгийн бараа авсан гэж мэдэхгүй байна. Манай дүү бид хоёр бараагаа хольж зардаг гэдэг бол худлаа. Хоёр тусдаа авч зардаг. Би ч гэсэн Б.Ч-ээс зөндөө бараа зээлээр авч зардаг байсан. 11.371.000 төгрөгийн бараа авч байхыг би нүдээрээ хараагүй. Б.Ч- надад хэлэхдээ жилийн эцэс болж байна. Тайлан тооцоо хийх гээд би байгууллагад өртэй гарах гээд байна. Би П.А-гийн нөхөр н.Анхаатай ярьсан байгаа. Байраа зараад мөнгөө өгнө гэсэн гээд надаас гуйгаад байсан. Манай дүү П.А- сэтгэцийн эмнэлэгт хэвтчихсэн байсан. Нөхөр нь надруу утастаад та очоод Б.Ч-т гарын үсэг зураад өгчхөө гэсэн. Нотариат дээр очиж гарын үсэг зурсан нь үнэн. Б.Ч- хэзээ нь тийм бараа өгсөн юм. Падаан өгч байхыг нь ч хараагүй. Одоо манай дүү группт орчихсон байгаа. Шар хадны сэтгэцийн эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Прокурорын дүгнэлт хүртэл гарсан байгаа. Хэн хэндээ итгээд гарын үсэг зурчихсан. Би Б.Ч-ийн гэрийн гадаа очиж тэр мөнгийг би төлөхгүй ээ гэдгээ хэлсэн. Тэрнээс 500.000 төгрөгөөр, 1.000.000 төгрөгөөр өгье гэж хэзээ ч хэлж байгаагүй. Б.Ч- худлаа яриад байна тэгж бас болохгүй. Би эргүүлж өгөх боломжгүй л гэж хэлсэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Ч- нь Хархорин захын гурилын 11 дүгээр лангууг ажиллуулдаг П.А-д 2015 оны 11 сарын 04-ний өдрөөс тухайн оныхоо 11 сарын 20-ны өдрийн дотор 11.371.000 төгрөгийн үнэ бүхий гурил нийлүүлсэн байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заагдсан худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд хийгдсэн байна гэж үзэж байгаа. Гэтэл П.А-гийн эрүүл мэнд нь муудсан байдаг. Энэ үед П.А-гийн төрсөн эгч П.Ц- П.А-гийн төлөх 11.371.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж баталгааны гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан “Баталгааны гэрээ”-ний 1,6,7,8,9,10, дугаар заалтуудаар хариуцагч П.Ц-гийн хариу тайлбартаа бичсэн шиг айлган сүрдүүлж, юу ч ойлгоогүй байхад нь хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан зүйлгүй гэдэг нь тодорхойлогддог. Хуралдааны явцад би ерөөсөө мэдээгүй зураад өгчихсөн гэдэг, нэг бол хариу тайлбартаа надад дарамт шахалт үзүүлсэн гээд байдаг. Энэ нь нотариатаар гэрчлүүлсэн “Баталгааны гэрээ”-гээр үгүйсгэгдэж байна. Сая шүүгчийн асуултад ч дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй гээд хариулж байна. Баталгаа нь үүрэг гүйцэтгэгчээс хамаарахгүйгээр өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэсэн байгаа. Тиймээс П.А-гийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар Б.Ч-т баталгаа гаргаж өгсөн байгаа. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэсний дагуу шаардаж байгаа. Б.Ч-тэй тохиролцож байгаа биш баталгаа гаргаж өгч байгаа учраас би тэр гурил өгснийг хараагүй зүгээр гуйгаад байхаар нь зураад өгчихсөн гэдэг нь бол байж болохгүй. Баталгаа гаргасан П.Ц- нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд,  хуралдааны шатанд асуусан энэ гэрээг уншиж гарын үсэг зурсан уу? гэхэд тийм ээ гэсэн. Б.Ч-т би төлөх ёстой гэдгийг мэдээд баталгааны гэрээг Б.Ч-т гаргаж өгсөн байхад би гурил өгснийг нь мэдэхгүй хараагүй гээд байгаа нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 11.371.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Б.Ч- нь хариуцагч П.Ц-д холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 11.371.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...П.А-д худалдсан гурилын үнэ 11.371.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч П.Ц- баталгааны гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон тул уг гэрээний үүргийг шаардана...” хэмээн тодорхойлов. 

 

Хариуцагч нь “...11.371.000 төгрөгийн үнэ бүхий гурилыг П.А-д өгснийг мэдэхгүй, албан хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргав.

 

Нэхэмжлэгч Б.Ч- нь 2015 оны 11 сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 сарын 20-ны өдрийн хооронд нэгдүгээр зэргийн гурил 3 тонн, дээд зэргийн гурил 8 тонн, нийт 11.371.000 төгрөгийн үнэ бүхий гурилыг Хархорин худалдааны төвийн 11 тоот лангууг ажиллуулдаг П.А-д худалдсан байна. Хариуцагч П.Ц- нь П.А-гийн төрсөн эгч бөгөөд П.А- Б.Ч-ээс гурил худалдан авдаг байсан эсэх талаар маргаагүй, мөн өөрөө гурил худалдан авдаг байсан талаар тайлбарлав.

 

П.Ц- нь 2015 оны 12 сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.Ч-тэй “Баталгааны гэрээ” байгуулжээ. Энэхүү гэрээний 1-т “...Баталгаа гаргагч П.Ц- нь төрсөн дүү П.А-гийн Б.Ч-эд төлөх ёстой бараа бүтээгдэхүүний үнэ 11.371.000 төгрөгийг 2016-01-15-нд төлөхөөр тохиролцов...” гэжээ. /хх-3,4/

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2-т “үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ” хэмээн тус тус зааснаар баталгаа гаргагч П.Ц- нь худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох П.А-гийн хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг хүлээж бичгээр гэрээ байгуулжээ. Энэ нь хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т нийцэж байна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т “хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан тул П.А-гийн хүлээсэн үүргийг гуравдагч этгээд болох П.Ц-гээр гүйцэтгүүлж болохоор хуульд заажээ.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлд  “хүч хэрэглэж хийсэн хэлцэл”-ийг “хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөнд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” хэмээн тодорхойлсон ба хариуцагч П.Ц-гийн “...албан хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан” гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагчийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн гэрээ байгуулаагүй талаар П.Ц- мэдүүлсэн болно. Иймд хариуцагчийн хариу тайлбар үгүйсгэгдэв.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах” эрхтэй талаар заасан бөгөөд худалдан авагч П.А- нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул хуулийн дээрх заалтад зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй.

 

Хариуцагч П.Ц- нь баталгааны гэрээ байгуулсан талаар, мөн анх гэрээ байгуулахад Баянгол дүүргийн тойргийн нотариатч гэрээний агуулгыг тайлбарласан талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т зааснаар хариуцагч П.Ц-гээс баталгааны гэрээний үүрэгт 11.371.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196.886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 196.886 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т заасныг баримтлан хариуцагч П.Ц-гээс 11.371.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196.886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц-гээс 196.886 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ