Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 748

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00439 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Цд холбогдох

 

Баталгааны гэрээний үүрэгт 11 371 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд

Хариуцагч П.Ц

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ч нь 2015 онд Хар хорин худалдааны төвийн 11 дүгээр лангууг түрээслэн ажиллуулдаг П.Ариунзаяад 11 371 000 төгрөгийн үнэ бүхий гурил нийлүүлсэн байна. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гурилын үнэ болох 11 371 000 төгрөгийг өгөхөөр тохиролцож барааг хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш П.Ариунзаяагийн эрүүл мэнд нь муудаж, түүний төрсөн эгч П.Ц нь гурилын үнэ 11 371 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталгааны гэрээ байгуулсан. Гэтэл П.Ц нь өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй байна. Иймд П.Цгээс 11 371 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Чээс ямар нэгэн бараа, гурил будаа зээлээр авсан асуудал байхгүй. П.Ариунзаяагийн сэтгэцийн байдлыг далимдуулан гурил, будаа авсан хэмээн цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан бөгөөд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэг хариуцах чадваргүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Баталгааны гэрээ гэх баримтын тухайд П.Ариунзаяад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байснаас гадна танд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж хууран мэхэлж гарын үсэг зуруулсан нь миний хүсэл зориг биш байсан. Нэхэмжлэгч Б.Ч нь П.Ариунзаяатай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байдаггүй, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө их хэмжээний үнийн дүн бүхий будааг авсан талаар дурдсан ба түүнийгээ нотлох баримт байдаггүй. Дүүд маань гурил зээлээр өгөхийг би мэдээгүй, баталгаа гаргасан зүйл байхгүй, сүүлд ийм хэмжээний өртэй гэдгийг мэдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 231 дүгээр зүйлиин 231.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Цгээс 11 371 000 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 886 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.3, 234 дүгээр зүйлийн 234.1дэх хэсгийг баримталснаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ч, П.Ариунзаяа нарын хооронд тодорхой үүрэг үүссэн байх, энэхүү үүргийн талаар баталгаа гаргагч мэдэж байхыг шаардаж байна. Гэтэл П.Ц нь П.Ариунзаяагийн зээлээр авсан гурлын үнэ 11 371 000 төгрөгийг барагдуулаагүй байгаа нь үнэн, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд байраа зарж, барагдуулна гэж баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан. Харин хуурч мэхэлж гарын үсэг зуруулсан, хүсэл зориг биш, баталгаа гаргасан зүйл байхгүй гэх зэргээр хариуцагчийн тайлбарлаж байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй. П.Ариунзаяа нэхэмжлэгчээс зээлээр гурил авч байсан төдийгүй өөрөө ч гурил авдаг байсан талаар шүүхэд тайлбар гаргаж байсан. Ийм үйл баримт тогтоогдсон байхад Иргэний хуулийн дээрхи заалтыг Б.Ч, П.Ариунзаяа нарын хооронд үүрэг үүссэн байх, энэхүү үүргийн талаар баталгаа гаргагч мэдсэн байхыг шаардаж байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч П.Ариунзаяад хэдий хэмжээний гурил өгсөн, түүний үнэ хэдэн төгрөг болсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэжээ. Гэтэл Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1560 дугаартай тогтоолд Б.Чд худалдан борлуулж мөнгийг өгнө гэж итгүүлэн 11 466 000 төгрөгийн гурил авч буцааж өгөлгүй залилсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн тогтоолын тогтоох хэсгийн гуравт Б.Чд учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч 11 371 000 төгрөгийн үнэ бүхий гурил хариуцагчийн дүү П.Ариунзаяад зээлээр өгсөн болохоо баримтаар нотолж  чадаагүй гэж дүгнэж П.Ариунзаяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэж чадаагүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хуурч мэхлэж гарын үсэг зуруулсан, миний хүсэл зориг биш гэж маргадаг боловч энэ үндэслэлээ нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх энэ байдалд бодитой дүгнэлт хийгээгүй байдаг. Баталгаа гаргагч баталгаа хүлээн авагчид өөрийн гаргасан баталгааны үүргээ амлалтын үүргээ биелүүлээгүй учир үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлсэн болно. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.5 дахь хэсэгт баталгааны үүрэг хүлээгч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Баталгаа нь харилцан тохиролцсон гэрээний тохиролцоо биш учир Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч П.Цд холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 11 371 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гурил будаа зээлээр аваагүй, гэрээнд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэх үндэслэл заан маргажээ.

Хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Баталгааны гэрээ”, мөн өдрөө П.Цгийн баталгаа гаргасан тухай бичиг, П.Ариунзаяаг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан бичмэл нотлох баримтууд авагджээ. /хх 4, 86-87, 90 дэх тал/

Талуудын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн “Баталгаа гаргах тухай” баримт болон “Баталгааны гэрээ”-нд “...П.Ариунзаяа нь Хар хорин захын гурилын 11 дүгээр лангууг ажиллуулдаг. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гурилын үнэ 11 371 000 төгрөг өгөхөөр тохиролцож, бараа бүтээгдэхүүнийг Б.Чээс П.Ариунзаяад хүлээлгэн өгөн, үүнээс хойш П.Ариунзаяагийн эрүүл мэнд муудаж, гурилын үнэ 11 371 000 төгрөгийг төлөөгүй болохыг”, мөн баталгааны гэрээний 1-д “...баталгаа гаргагч П.Ц нь төрсөн дүү П.Ариунзаяагийн Б.Чд төлөх ёстой бараа бүтээгдэхүүний үнэ 11 371 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцов” гэх нөхцлүүдийг тусган, улмаар Б.Ч, П.Ц нар гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан байна. /хх 4, 90 дэх тал/ Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан бичгийн хэлбэрээр хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Мөн хэрэгт авагдсан Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1560 дугаар тогтоолоос үзвэл П.Ариунзаяаг эрүүгийн журмаар холбогдуулан шалгахад С.Сүрэнд үлэмж хэмжээний хохирол, Н.Жүрмэддоржид бага бус хэмжээний хохирол, “Б.Ч, н.Оюунсайхан нараас 11 466 000 төгрөгийн гурил, цагаан будааг авч ..., ...залилан мэхэлж” их хэмжээний хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 565 дугаар дүгнэлтээр П.Ариунзаяа нь хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 86-87 дахь тал/

Хариуцагч П.Ц нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүйн гадна нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд талуудыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүрээнд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээ байгуулсан гэж үзнэ. Гэрээний агуулгаас үзэхэд П.Ц нь өөрийн дүү П.Ариунзаяагийн өр төлбөрийг төлөх баталгаа гаргасан байх тул Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасны дагуу баталгаа гаргагч гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Б.Ч нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Цгээс П.Ариунзаяагийн гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дүгээр зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэн Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Цгээс баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 371 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00439 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Цгээс 11 371 000 /арван нэгэн сая гурван зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгосугай” гэж, 2 дахь заалтын “...хэвээр” гэсний дараа “...үлдээж, хариуцагч П.Цгээс 196 886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196 890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

                                                                                                 Ч.ЦЭНД