Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2022/0900/З |
Дугаар | 221/МА2024/0288 |
Огноо | 2024-05-01 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2024/0288
“К*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******
Нэхэмжлэгч: “К*******” ХХК
Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О*******, Г.Э*******
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0161 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагч Б.О*******, Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******, Б.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин
Хэргийн индекс: 128/2022/0900/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0161 дүгээр шийдвэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар 13.1.3, 13.11-д заасныг тус тус баримтлан “К*******” ХХК-иас, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О*******, Г.Э*******, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт тус тус холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.О*******, Г.Э******* нарын Г******* ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Г******* ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт ".... "Г*******" ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №НHA-26210000078 тоот Нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулахдаа тус компанийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн хариуцагч татварын байцаагчдын үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Дээрх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №НА-26210000078 тоот Нөхөн ногдуулалтын акт нь нэхэмжлэгч “К*******” ХХК-д хамааралгүй, хаяглагдаагүй байх ба уг нөхөн ногдуулалтын актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн ирээдүйд зөрчигдөж болзошгүй үндэслэл тогтоогдохгүй байна." гэж дүгнэжээ.
3.2. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай компани болон гуравдагч этгээд "Г*******" ХХК-ууд нь БНСУ-ын Ойн газар, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтран хэрэгжүүлж байгаа "Ногоон хэрэм" төслийн дэд төсөл болох "Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах" төслийг хэрэгжүүлэхэд түншлэл болон хамтран ажилласан, уг ажлыг хийж гүйцэтгэхэд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээ ёсоор бидний хийж гүйцэтгэх ажлууд нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай байсан ч бидний 2018, 2019 онуудын төслийн санхүүжилт, санхүүжилтээр худалдан авсан бараа, хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөөгүй болно. Харин Сангийн сайдын 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт"-д манай "К*******" ХХК багтаж, “Г*******" ХХК нь жагсаалтад ороогүй юм.
3.3. Дээрх Сангийн сайдын 2020 оны 79 дүгээр тушаалд 854,764.99 ам долларын дун бүхий бараа, ажил, үйлчилгээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой болсон юм. Гэтэл гуравдагч этгээд “Г*******” ХХК нь 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын 476.890,849 төгрөгийн хөлсийг дээрх кодоор шивж тайлагнах ёстой байтал манай компаниас 2018.10.03-ний өдөр шилжүүлсэн 60,000,000 төгрөг, 2019.05.23-ний өдөр шилжүүлсэн 1,109,433,442.68 төгрөг, 2019.10.25-ны өдөр шилжүүлсэн 687,000,000 төгрөг нийт 1,856,433,442.68 төгрөгийн хөлсийг дээрх кодоор шивж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тайлан гаргасан байна.
3.4. Өөрөөр хэлбэл “Г*******” ХХК нь манай компаниас авсан 2018, 2019 онуудын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй орлогуудаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого гэж тайлагнаж татвар ногдох орлогоо бууруулсан, мөн “Г*******” ХХК нь ийнхүү илүү тайлагнаснаар Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын дагуу тайлагнах 854,764.99 ам.доллар /ойролцоогоор 2,43 тэрбум төгрөг/ нь манай компанийн хууль ёсны дагуу тайлагнах ёстой орлогуудтай нийлж 3.8 тэрбум төгрөг болж хэтрээд байна.
Тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 5.3-т "Энэ журмын 4.1-д заасан жагсаалтын хүрээнд дараах үндэслэлээр албан татвараас чөлөөлөхгүй: 5.3.1. худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь жагсаалтад заасан тоо, үнийн дүнгээс хэтэрсэн; 5.3.2. худалдан авалт хийсэн этгээдийн нэр нь жагсаалтад ороогүй." гэж заасан байдаг. “Г*******” ХХК-ийн дээрх үйл ажиллагаанаас болж манай компанийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоо 1,856,433,442.68 төгрөгөөр илүү тайлагнасан, ийнхүү илүү тайлагнаснаас бусад хууль ёсны чөлөөлөгдөх орлогуудыг татвараас чөлөөлөхгүй байх бодит эрсдэл үүсч, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байхад зөрчигдөөгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт манай компанийг Сангийн сайдын тушаалаар батлагдсан жагсаалтад багтсан учир эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийжээ. Нэхэмжлэгч талын зүгээс Сангийн сайдын тушаалаар батлагдсан жагсаалтад орсон гэдэгт огт маргаагүй, энэхүү үйл баримт нь илэрхий зүйл юм. Гагцхүү ийнхүү жагсаалтад заасан 854,764.99 ам.доллар /ойролцоогоор 2,43 тэрбум төгрөг/ нь "Г*******" ХХК-ийн илүү шивсэн 1,856,433,442.68 төгрөгтэй нийлж 3,9 тэрбум төгрөг болж хэтрээд байгаа нь манай компанид эрсдэлийг үүсгэж байна гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх нь Сангийн сайдын тушаалын хавсралтад заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогын хязгаараас хэтэрсэн гэдэг дээр ямар ч дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчсөн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч “К*******” ХХК-иас, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О*******, Г.Э*******, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.О*******, Г.Э******* нарын “Г*******” ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж, албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, “Г*******” ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгах” шаардлага гаргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “К*******” ХХК-иас, Баянгол дүүргийн Татварын хэлтэст 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн 2021-15 дугаар албан бичгийн дагуу эрсдэлд суурилсан төлөвлөгөөт иж бүрэн хяналт шалгалт хийх 2621400860 тоот томилолтоор тус татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******, Г.Э******* нар нь “Г*******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд хийсэн бөгөөд илэрсэн зөрчилд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №НА-26210000078 дугаар нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
4. Нэхэмжлэгчээс “....дээрх нөхөн ногдуулалтын актаар хариуцагч нар нь уг компанийг зөрчил гаргасан гэж үзэж, зөрчилд хариуцлага тооцсон атлаа 614,414,753.18 төгрөгийг нь зөрчил гэж үзэж, үлдэгдэл 1,242,018,689.5 төгрөгийг зөрчил биш гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэж марган “...зарим зөрчилд шийтгэл оногдуулахаас татгалзсан буюу шийтгэлээс чөлөөлсөн улсын байцаагч нарын шийдвэрийг хүчингүй болгож, “Г*******” ХХК-д татварын хяналт шалгалтыг дахин хийж, гаргасан зөрчлийг бодитоор тогтоож, “Г*******” ХХК-ийн илүү шивсэн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөлтийн төлбөрийн баримтуудыг татварын цахим системд залгуулж өгөх”-ийг хүссэн гомдлыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Татварын ерөнхий газрын даргад гаргасан байна.
5. Улмаар Татварын ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 08/1522 дугаар албан бичгээр “...татварын иж бүрэн хяналт шалгалт хийж, үр дүнг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05/102 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна. Мөн танай компанийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дахин татварын хяналт шалгалт хийлгүүлэх гомдолтой танилцаж нэмэлт тодруулга авахаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цахим шуудангаар /[email protected]/ мэйл хүргүүлсэн боловч ирүүлсэн баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул дахин татварын хяналт шалгалтад хамруулах боломжгүй болно” гэх хариуг хүргүүлжээ.
6. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Г*******” ХХК нь манай компаниас авсан 2018, 2019 онуудын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй орлогуудаа Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого гэж тайлагнаж татвар ногдох орлогоо бууруулсан бөгөөд ийнхүү илүү тайлагнаснаар Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын дагуу тайлагнах 854,769.99 ам.доллар нь манай компанийн хууль ёсны дагуу тайлагнах ёстой орлогуудтай нийлж 3,8 тэрбум төгрөг болж хэтрээд байна. ...Уг үйл ажиллагаанаас болж манай компанийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоо 1,865,433,442.68 төгрөгөөр илүү тайлагнасан гэж үзэх, ийнхүү илүү тайлагнаснаас хууль ёсны чөлөөлөгдөх орлогуудыг татвараас чөлөөлөхгүй байх бодит эрсдэл үүсээд байна. Татварын улсын байцаагч нар нь 614,414,753.18 төгрөгийг нь зөрчил гэж үзэж, үлдэгдэл 1,242,018,689.5 төгрөгийг зөрчил биш гэж үзсэн нь ойлгомжгүй...” гэж,
7. Харин хариуцагчаас “... 2018 онд урьдчилж орсон орлогоор бүртгэгдсэн 614,414,753.18 төгрөгийн борлуулалтын орлогод аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж хариуцлага тооцсон. Тус аж ахуйн нэгжийн төслийн ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөнд тусгагдсан ажил нь 2019 оны 4 дүгээр сар, 2020 оны 4 дүгээр сараас гүйцэтгэж эхлэхээр тусгасан нь Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 тоот тушаал, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна. Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтын ажлыг төслийн хүрээнд хийсэн ажлын гэрээ, график, календарчилсан төлөвлөгөө, анхан шатны баримтад үндэслэн бодитой тооцож гаргасан...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.3-д “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа”, 13.11-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан бөгөөд Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалаар “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт”-ыг баталжээ.
9. Дээрх тушаалын хавсралтын 53 дахь хэсэгт “Ногоон хэрэм” төсөл тусгагдсан бөгөөд уг төслийн гүйцэтгэгчээр “Миреко Эм Жи Эл” ХХК /хуучин нэрээр/ буюу нэхэмжлэгч “К*******” ХХК нь 854,764.99 ам.долларын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр тусгагдсан байна.
10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, БНСУ-ын Ойн газар, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтран хэрэгжүүлж байгаа “Ногоон хэрэм” төслийн хүрээнд гүйцэтгэх “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах” ажлын гүйцэтгэгчээр “Миреко Эм Жи Эл” ХХК /хуучин нэрээр/ шалгарсан бөгөөд “Г*******" ХХК, “Тунхаг зам” ХХК нартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллажээ.
11. Улмаар “Миреко Эм Жи Эл” ХХК /хуучин нэрээр/ шалгарсан бөгөөд “Г*******" ХХК, “Тунхаг зам” ХХК нар нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Барилга угсралтын ажил хуваарилан гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд “Г*******" ХХК 51.8 хувь буюу 1,504,940,948 вон, “Тухлаг зам” ХХК 19.9 хувь буюу 577,746,942 вон, “Миреко Эм Жи Эл” ХХК /хуучин нэрээр/ 28.3 хувь буюу 822,434,725 воны ажил гүйцэтгэхээр тохиролцжээ.
12. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч болон уг төслийн ажлыг хамтран гүйцэтгэж байгаа компаниуд дээрх сайдын тушаалаар батлагдсан хөнгөлөлтийг гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээгээр эдлэх боломжтой гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар тайлбарласан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
13. Өөрөөр хэлбэл, уг төслийн ажлыг аль компани хийсэн эсэхээс үл хамаарч төслийн санхүүжилтээр худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой гэж үзэхээр байна.
14. Мөн дээр дурдсан Татварын ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 08/1522 дугаар албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч “Миреко Эм Жи Эл” ХХК нь дахин хяналт шалгалт хийлгүүлэхээр Татварын ерөнхий газарт гомдол гаргахдаа хүргүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас дахин хяналт шалгалт явуулах боломжгүй гэх хариуг хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс холбогдох баримтаа бүрдүүлэн дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэхээр байна.
15. Түүнчлэн ирээдүйд татварын байгууллагаас нэхэмжлэгч компанийн маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн нөхцөлд ч нэхэмжлэгч нь холбогдох баримтыг бүрдүүлэн дээрх Сангийн сайдын 2020 оны 79 дүгээр тушаалын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой болохыг хариуцагч үгүйсгээгүй байна.
16. Иймд “К*******” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тус компанийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж үзсэн аливаа шийдвэр байхгүй байгаа энэ тохиолдолд “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №НА-26210000078 тоот нөхөн ногдуулалтын актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН