Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 555

 

 Б.Сод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Л.Соёмбо,

            шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Сод холбогдох эрүүгийн 1805010010750 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ................, 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн тавилгын үйлдвэрт мужаан ажилтай, ам бүл 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар баг, “Өнгөт” гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.......................5/;

            Б.С нь 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 9 дүгээр гудамжны 5 тоот буюу хохирогч Н.Отгонжаргалын оршин суух нийтийн байрны хаалгыг эвдэн нэвтэрч, Самсунг S-7 маркийн гар утсыг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...................ыг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Сыг 1 жил хорих ялаар шийтгэж, Б.Сод оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сын цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож, Б.С бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Отгонжаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Сыг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Н.Отгонжаргал бид хоёр 2017 оны 12 дугаар сарын сүүл үед танилцан дотно болсон. Танилцснаас хойш удахгүй тэднийд очиж хонодог, бие биедээ хайртай гэдгээ хэлж, ханилан суухаар тохиролцож байсан. Н.Отгонжаргал 3 дугаар хорооллын эцэст “Амно” гэдэг худалдаа үйлчилгээний газарт оёдолчин хийдэг байсан. Эхний үед би ажил дээр нь очиж хүлээж байгаад тарахаар нь хамт гэрт нь очдог байсан. Гэтэл тэр “нэг болохоор ажил дээр ирээд хүлээчих юм, үгүй бол гэрийн гадаа хүлээчих юм, чи бид 2 нэгэнт ийм харилцаатай болсон юм чинь одоо ингээд битгий энд тэнд хүлээж зогсоод бай, намайг ажилтай, байхгүй үед шууд гэрт ороод хоол, цай өөрөө хийж идээд гэртээ байгаа юм шиг амарч бай, ажил дээр ирээд хүлээгээд байхаар чинь ажлынхаа газрын хүн хараас санаа зовоод байх юм” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийн 1 хувийг надад өгсөн юм. Үүнээс хойш, би энэ гэрт орох, өөрийн гэр мэт байх бүрэн эрхтэй болсон. Би 2018 оны 2 дугаар сарын 10-ны өглөө ажлаа тараад ирэхдээ 1 шил архи аваад очиход Н.Отгонжаргал ажилдаа яваагүй намайг хүлээгээд байж байсан. Би ажил дээрээ юм хийж хоноод ирлээ гэдгээ хэлсэн. Н.Отгонжаргал надад хоол цай хийж өгөөд ажилдаа явсан. Би архиныхаа талыг уугаад унтаад өгсөн. Орой Н.Отгонжаргал ирж, бид 2 хоол хийж идээд зурагт үзэж байгаад нөгөө үлдсэн тал шил архиа хувааж уугаад караокед орж жаахан дуулж сууцгааж байгаад гэртээ ирье гээд хорооллын эцэст байдаг караокед орж, пиво авч суугаад дуулж байгаад 01 цаг өнгөртөл дуулсан боловч Н.Отгонжаргал явахгүй байсан. Гэртээ харья гэхэд суугаад байхаар нь би уурлаад гарч явсан. Тэгээд гэртээ орох гэтэл гэрийн түлхүүрээ нөгөө өмднийхөө халаасанд орхисоноо санаж, энэ үед уг нийтийн байранд очиход эзэнтэй байсан. Түүнд түлхүүрээ орхичихож, хөших юм байна уу гэхэд хөших юм алга гэж хэлсэн. Тэгээд 20-30 см урт нарийн төмрийн хугархай олоод зүүдэг хятад цоожийг хөшиж онгойлгоод гэртээ орсон. Тэгээд 20-30 минут Н.Отгонжаргалын ирэхийг хүлээсэн боловч ирээгүй. Тэгэхээр нь ширээн доор байсан утсыг нь аваад гарсан. Гарахдаа гэрээ нөгөө хятад цоожоор цоожлоод явсан. Өргөөгийн урд зогсож байсан 1 хүнд уух гэсэн юм 130.000 төгрөгөөр авчих гэж гуйж байгаад өгсөн. Тэгээд архи авч уусаар өөрийгөө хянах чадваргүй болж тасарсан. Маргааш нь Н.Отгонжаргалаас ичээд, айгаад очиж чадаагүй 2 хоносон. Тэгээд холбогдож ярьсан. Би түүнд утсыг нь авсан, аваачиж өгнө гэдгээ хэлсэн. Гэтэл цагдаад өгчихсөн гэж хэлсэн. Би хүнээс мөнгө авсан байсан. Тэрийг аваад Н.Отгонжаргалд утас аваад өгчихье гэж бодож байсан боловч надаар тавилгаа хийлгэсэн хүн мөнгөө түр өгч чадахгүй болж, би утас авч өгч чадахгүй болсон. Цагдаа дуудаж эхэлсэн. Ийм байдлаар энэ хэрэгт холбогдсон. Би энэ хэрэгтээ их гэмшиж байна. Намайг шүүх бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орсон гэж ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг, ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би тэр гэрт хууль бусаар ороогүй гэж үзэж байна.” гэв.

            Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч орох” гэдэг хүндрүүлэх шинж нь гэмт этгээд тухайн орон байранд нэвтэрч орох эрх байхгүйг, нэвтэрч орох эрхийг эзэмшигч, өмчлөгчөөс аваагүй атлаа нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авсан үйлдлээр хангагддаг. Өөрөөр хэлбэл, орон байрны халдашгүй эрхэд халдах замаар уг хэргийг хэрэгжүүлсэн нь хүндрүүлэх шинж болдог. Хэргийн үйл баримт, нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч, хохирогч нар хоорондоо хувийн дотно харьцаатай, Н.Отгонжаргалын гэрт Б.С нь олон удаа орж хонож байсан, ер нь хамт амьдарч байсан гэж үзэж болохоор байдаг. Тэрчлэн Н.Отгонжаргал нь өөрийг нь байхгүй үед нэвтрэн орж байхыг зөвшөөрч, түлхүүрийнхээ 1 хувийг Б.Сод өгсөн байсан гэдэг нь шүүх хурал дээр хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон. Хохирогч Н.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “Соронзонболдтой танилцаад хэсэг хугацаа өнгөрч бид хоёр хамт байх болсон, мөн манай гэрт нэвтэрч орох эрхтэй байсан. Би түлхүүрний 1 хувийг өөрт нь өгсөн байсан. Соронзонболд миний rap утсыг хулгай хийсэн гэж би бодохгүй байна, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн нь тогтоолын үндэслэх хэсэгт, тэрчлэн шүүх хурлын тэмдэглэлд авагдсан байгаа. Шүүгдэгч мөн үүнийг давхар нотлож мэдүүлдэг. Гэтэл шүүх орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлүүдийг бий болгож байна. Шүүгдэгч шүүх хурал явагдах өдрийг хүртэл 72 хоног урьдчилан хоригдсон байдаг. Гэтэл шүүх түүнийг шүүх хурлын тэмдэглэлд 72 цаг, шүүхийн тогтоолд 49 хоног урьдчилан хоригдсон гэж буруу тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн зэрэг ял хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл хэрэгт хангалттай байдаг. Иймд давж заалдах шатны шүүх дээрхи байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан гэм бурууг хөнгөрүүлэн тооцож, шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, ял хөнгөрүүлэх үндэслэл байгааг харгалзан 6 сараас хэтрүүлэхгүй хэмжээгээр хорих ялын хэмжээг тогтоож, мөн урьдчилан хоригдсон нийт хугацааг бодитой тооцон эдлэх ялд оруулж, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Н.Отгонжаргалтай танил, бие биенээ мэддэг гэж байгаа боловч хохирогч Н.Отгонжаргал анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “хаягийг нь мэдэхгүй, бид хоёр гурван удаа уулзаж байсан” гэх байдлаар мэдүүлэг өгдөг. Шүүгдэгч Б.С хохирогч Н.Отгонжаргал гэрийнхээ түлхүүрийг надад өгсөн байсан гэх зүйлийг гомдолдоо бичсэн байна. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй зүйл юм. Шүүгдэгч Б.С нь хохирогч Н.Отгонжаргалтай хамтран амьдарч байсан тул эзнийх нь зөвшөөрөлгүй бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэнээ хүлээн зөвшөөрөөд байдаг. Цагдан хоригдсон хоногийн талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдахдаа техникийн алдаа гаргасан байх тул зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.С нь 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 9 дүгээр гудамжны 5 тоот буюу хохирогч Н.Отгонжаргалын оршин суух нийтийн байрны хаалгыг эвдэн нэвтэрч Самсунг S-7 маркийн гар утсыг хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Отгонжаргалын “...2018 оны 2 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед хорооллын эцэст байрлах караокед Соронзонболдын хамт ороод үйлчлүүлж байгаад бид 2 маргалдсан. Тэгээд Соронзонболд гараад яваад өгсөн. Би тэндээ 03 цаг хүртэл ганцаараа сууж байгаад гэртээ ирэхэд манай хаалганы цоожийг эвдчихсэн, хулгай орсон байдалтай байсан. Тэгээд байрны эзнээс асуусан чинь чамтай хамт байсан залуу ирээд явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Гэрийн хаягийг нь мэдэхгүй. Хөдөө байдаг гэж хэлж байсан. 2, 3 удаа уулзсан байх. ...” /хх14-15/ гэх мэдүүлэг,

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх20-21/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч О.Соронзонболдыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч О.Соронзонболдын бусдын амьдарч байсан өрөөний цоожийг эвдэн орж, дотор нь байсан гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс О.Соронзонболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Соронзонболд “...Намайг шүүх бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орсон гэж ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, хохирогч Н.Отгонжаргал “...хаалганы цоожийг эвдчихсэн байсан, гэрийн хаягийг нь мэдэхгүй, хөдөө байдаг гэж хэлж байсан, 2, 3 удаа л уулзаж байсан. ...” /хх 14-15/ гэж мэдүүлдэг бөгөөд түүнийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нь хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх боловч шүүгдэгч О.Соронзонболд нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 360.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн анхан шатны шүүх дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тухайн зүйлд зааснаас доогуур ял оногдуулсныг хөндөхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ