Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00116

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01035 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1332 дугаар магадлалтай, 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Гастросервис ХХК-д холбогдох, 

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8.400.000 төгрөг, алданги 4.200.000 төгрөг, нийт 12.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний зүйл нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар тайлан үйлчилгээг үзүүлэхээр тохирсон болно. Талууд гэрээний нийт төлбөрийг 10.400.000 төгрөгөөр тохиролцож уг мөнгөнөөс Гастосервис ХХК 2.000.000 төгрөг өгсөн. 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр******* ХХК-с санхүүгийн тайлан баримтуудыг хүлээлгэн өгөхийг хүссэн хүсэлт гаргаж, хүсэлт болон гэрээний үүргийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр санхүүгийн баримтыг хүлээлгэн өгч манай байгууллага 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр акт үйлдсэн. Иймд манай компани үлдэгдэл төлбөр болох 8.400.000 төгрөгийг******* ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын байгуулсан гэрээн дээр алданги тусгаж өгсөн. Алдангийн нийт хэмжээ нь Иргэний хуулийн дагуу үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 4 200 000 төгрөг болж байна. Иймд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8 400 000 төгрөг түүний алданги 4 200 000 төгрөг. Нийт 12 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01035 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар******* ХХК-иас санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт нийт 12.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1332 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. ******* ХХК нь хариуцагч болох******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагч******* ХХК бус хариуцагчийн гүйцэтгэх захирал иргэн Г.Цэрэнчимэгт гаргаж буй мэтээр түүний оршин суугаа газрын хаягаар нэхэмжлэлийг гаргасан байхад шүүхээс тус хаягаар шүүхийн ажиллагааг явуулсан байдаг. Мөн 2019 оны 5 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болоод байгаа талаар эмчийн магадлагаа болон хүсэлтийг хүргүүлсэн боловч шүүх үндэслэлгүйгээр уг хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүхэд хүргүүлсэн хүсэлтэд хавсаргасан эмчийн магадлагааг өрхийн эмнэлэгээс авсан гэх үндэслэлээр хүлээж ааалгүй хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр хэрэг ханан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж эаалдах шатны шүүхээс мөн адил хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдын эрхийг тэгш хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг зохих ёсоор хангаагүй нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Гастро сервис ХХК-д холбогдуулан 12.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8.400.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 4.200.000 төгрөг гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. ******* ХХК нь******* ХХК-с 12.600.000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэлийн үндэслэл болгосон зохигчийн хооронд 2016.02.06-ны өдөр байгуулагдсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр ******* ХХК нь Гастро сервис ХХК-ийн захиалгаар тус компанийн 2014.07.01-с 2015.12.31-ний өдрийг хүртэлхи санхүүгийн сар, улирал, хагас жил, жилийн тайлан гаргаж үйлчилгээ үзүүлэх, захиалагч үйлчилгээний төлбөр 10.400.000 төгрөгийг 2016.04.21-ний дотор хэсэгчлэн төлөх, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зохигч тохиролцсон нь тогтоогджээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй, гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээ амаар болон бичгээр аль ч хэлбэрээр байгуулж болно.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгэн ажлын үр дүн буюу тайланг 2017.02.16-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн болон ажлын хөлсийн үлдэх төлбөрийг шаардаж байсан баримт хэрэгт авагджээ.

Иймд гэрээний дагуу ажлын хөлсийн үлдэх хэсэг 8.400.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасантай нийцнэ.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Анзын гэрээг бичгээр хийнэ. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний 3-р зүйлд төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5%-ийн алданги тооцох-оор заасан нь хуульд харшлаагүй ба хариуцагч ажлын хөлсийг 2016.04.21-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрснээс алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул 8.400.000 төгрөгийн тал буюу 4.200.000 төгрөгийг алдангид гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг компанийн үйл ажиллагаа явуулах албан ёсны хаягийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 61-13 тоот гэж бүртгэсэн боловч тус компани уг хаягт байгаагүйгээс нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.15-ны өдрийн 182/ШШ2017/01636 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хийж******* ХХК-ийн захирал Г.Цэрэнчимэгийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Аномо хотхон 76 байр, 5/6 тоотод оршин суудаг болохыг тогтоожээ. Тухайн хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй байна.

 

Гастросервис ХХК нь нэг гишүүнтэй тухайн гишүүн нь Г.Цэрэнчимэг болохыг компанийн дүрэмд заасан, түүний хаягаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг гардан авахдаа энэ талаар маргаагүй тул хэргийг шийдвэрлэх шүүхийн харъяалал зөрчигдөөгүй гэж үзнэ.

Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж, хүсэлтдээ эмнэлгийн магадлагаа хавсарган ирүүлсэн байх боловч тухайн магадлагаа учир дутагдалтайн улмаас төлөөлөгчийг өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймээс шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйл, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчихгүй гэж үзснийг буруутгах боломжгүй юм.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01035 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1332 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч******* ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 217.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЧИМЭГ