Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2018/00622

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2018/00622

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байрны 413 тоотод оршин суух, Халх овогт Шагдарын Энхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрын 24 тоотод оршин суух, ЖЭ55012917 регистрийн дугаартай, Ухаанууд овогт Сүхбаатарын Гомбодорж,

Хариуцагч:Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 24 дүгээр байрны 20 тоотод оршин суух, ПЮ78122272 регистрийн дугаартай, Гандооёо овогт Батсүхийн Эрдэнэбаатар нарт холбогдох,

Газар албадан чөлөөлж, уг газрыг эзэмшигч нь Ш.Энхжаргал мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Нарантуяа, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагч С.Гомбодорж, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1995 оны 01 сарын 04-ний өдрийн Хэрлэн сумын Засаг даргын захирамжийн дагуу Хэрлэн сумын 7 дугаар баг, Ивээл хороолол, хивсний үйлдвэрийн ажилчдын байрны баруун тал, Нарлаг дэлгүүрийн зүүнд талд байрлах 300 м2 газрын эзэмшигч нь Ш.Энхжаргал юм. Гэтэл уг газар дээр С.Гомбодорж нь өөрийн эд зүйлийг авчирч тавиад газрыг чөлөөлж өгөхгүй байна. Тухайн газрыг Ш.Энхжаргал нь 1999 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 60 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ авсан. Ш.Энхжаргал нь тус газар дээр өөрийн орон сууц барих, ногоо тарих зориулалтаар тус газрыг авсан байдаг. С.Гомбодоржид уг газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардаж байсан. Мөн холбогдох байгууллагад хандахад газар эзэмших гэрээг С.Гомбодоржтой байгуулаагүй, Ш.Энхжаргалтай гэрээ байгуулсан тул та санаа зовох зүйлгүй гэж намайг удаа дараа буцааж байсан. Иймд тус газрыг Шагдарын Энхжаргалын эзэмшлийн газар мөн болохыг тогтоож, Ш.Энхжаргалын эзэмшлийн газраас С.Гомбодоржийг албадан нүүлгэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмших, ашиглах эрх буюу узуфрукт гэдэг ойлголтын талаар Иргэний хуулийн 152 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Эзэмшигч нь өмчлөгчийн нэгэн адил эзэмших, ашиглах эрхтэй байдаг. Харин түрээслэх, захиран зарцуулахдаа өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авах ёстой учир тэр нь газар эзэмших гэрээгээр батлагдана. Үүний дагуу Ш.Энхжаргал нь 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 60 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, гэрээ байгуулсан байдаг. Энэ талаар Дорнод аймгийн архиваас ирүүлсэн тодорхойлолтонд тодорхой заасан байдаг. Үүнээс үзэхэд 1995 оны 01 сарын 04-ний 03 тоот тушаалаар Ш.Энхжаргалд хувийн хашаа байшин барих, өөрийн хэрэгцээний ногоо тарих зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгосон болох нь харагдаж байна. 2009 онд улсын хэмжээгээр эзэмшил газрын кадастрын зургийг гаргахад Ш.Энхжаргал нь кадастрын зургийг зуруулсан байдаг. Дорнод аймгийн Засаг дарга Жанлавын гаргасан захирамжид 6 дугаар багийн иргэн Шагдарын Энхжаргалд СМУ-н /Ивээл хорооллын/ 23-р байрны баруун талд уртаараа 20 метр, өргөнөөрөө 14 метр 280м2 талбайтай газрыг ахуйн хэрэгцээнд зориулж олгосон байна. Иймд Ш.Энхжаргал нь өмчлөгчийн зөвшөөрлөөр газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байна. Ш.Энхжаргал нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр газрын албанд очиж гэрээгээ хийсэн байна. Мөн жил болгон газар эзэмшсний татвараа төлсөн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. С.Гомбодоржид холбогдох байгууллагаас тус газар нь Ш.Энхжаргалын нэр дээр байгаа тул тантай гэрээ байгуулах боломжгүй гэсэн албан тоот явуулсан хэрэгт авагдсан байна. Удаа дараагийн засаг даргын захирамжууд, барилга, хот байгуулалтын газартай байгуулсан гэрээнүүд, гэрчийн мэдүүлгүүд кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус газар нь Ш.Энхжаргалын эзэмшлийн газар болох нь нотлогдож байна. Бусдын эд хөрөнгийг хязгаартай ашиглах эрх буюу узуфруктын дагуу эзэмшлийн зүйлийн зориулалтыг өөрчилж болохгүй бөгөөд хязгаартай эзэмших эрхийг тодорхойлуулахаар өөрийн зардлаар шинжээч томилуулж болно гэж заасан байдаг. Үүний дагуу мэргэжлийн байгууллагад хандахад Ш.Энхжаргалын газрын байршилыг тодорхойлсон кадастрын зургийг шинжлэн судалсан байдаг. Үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хуульд нэг газрыг эзэмшихээр хэдэн ч хүн өргөдөл өгч болохоор тусгасны дагуу өргөдлийг шийдвэрлэхээр заасан байдаг. Үүний дагуу Ш.Энхжаргалд тус газрыг эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарч, Ш.Энхжаргал нь газрын эзэмших гэрээг цаг тухайд нь сунгуулж, татвараа төлж байсан. Гомбодорж нь газар эзэмшихдээ хувийн хэрэг нээлгээгүй кадастрын зураг хийлгээгүй тул түүнтэй гэрээ байгуулаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч С.Гомбодорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус газрыг 2000 оны 10 сарын 24-ний өдрийн Хэрлэн сумын засаг даргын 225 тоот захирамжаар надад олгосон. Анх Болдбаярын гэх жижиг газар манай газрын баруун талд байсан. Болдбаяр та энэ газрыг эзэмшилдээ аваач, би зүүн талынх нь газрыг авчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд 6 дугаар багийн засаг дарга Зоригтбаатартай уулзаж тус газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлсэн. Тэгэхэд Зоригтбаатар нь би судалж үзье гэсэн хариу өгсөн. Тэгээд удалгүй Зоригтбаатар нь намайг дуудаж тус газрыг эзэмшиж байгаа хүн байхгүй байна. Та бичиг баримтаа бүрдүүлж өг гэсэн. Тэгээд би барилга зургийн товчооны Лхагвасүрэн гэдэг хүнээр газрынхаа зургийг зуруулж, хэмжилт хийлгэж, өргөдөл болон 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолтын хамт хотын захиргааны газрын албанд Болороо гэдэг хүнд материалаа өгсөн. Ингээд 2000 онд Засаг даргын захирамж гарч надад газрын гэрчилгээ олгосон. Үүнээс хойш би энэ газар дээрээ амьдарч байна. Тус газар дээр би зуны цагт ногоо тарьж, өвлийн улиралд машинаа тавьдаг байсан. Манай хашааг өвгөн, хөгшин хоёр хардаг байж байгаад ноднин жилээс хашааг маань харахаа больсон. Олон манаач сольж байгаагүй. Гэтэл Хүрэлбаатар гэдэг хүн ирээд энэ газар миний газар гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэв чиний газар мөн юм бол гэрчилгээгээ аваад ир гэж хэлэхэд Хүрэлбаатар нь дахиж ирээгүй. Харин Хүрэлбаатар нь төмөр хаалга байсныг аваад явсан юм. Ингээд эзэнгүй байсан газрыг 69 машинаар 50 гаруй чиргүүл хог зөөж байж тус газрыг янзалсан. Үүнээс хойш энэ газар дээр өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ хугацаанд миний эзэмшлийн газар дээр маргаан гаргасан хүн байхгүй. Нэхэмжлэгч надтай олон удаа уулзаж байсан гэж хэлж байгаа нь үндэсгүй. Намайг хууль бусаар газар эзэмшсэн гэж үзэж байгаа юм бол тухайн үедээ холбогдох газар мэдэгдэж учраа олж болох байсан. Намайг газраа цэвэрлэж байхад Доржоо гэдэг хүн газар дээр минь байшингийн торх босгосон байсан тул тус торхыг холдуулж өгнө үү гэж газрын албанд 3, 4 удаа хандаж байсан. Би 2008 онд газрын гэрчилгээ, бичиг баримтаа шинэчлэх шаардлагатай гэж сонсоод холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн нотариатаар батлуулаад газрын албан дээр очсон. Гэтэл миний газрын гэрчилгээг минь газрын албанд байлгаж байгаад солих шаардлагагүй юм байна гээд буцаагаад надад өгсөн. Тухайн үед тус газар огт эзэнгүй байсан. Би 2015 онд газрын гэрчилгээгээ сунгах гэж очиход Ш.Энхжаргал гэдэг хүний нэр дээр байгаа тул таны гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тухайн үед нь Ш.Энхжаргал гэдэг хүнтэй чинь уулзъя гэхэд уулзуулаагүй тул өнөөдрийг хүртэл маргаантай яваад байна. Газрын алба нь кадастрын зураг, нэрийг андуурснаас болж ийм маргаан үүссэн юм бол уу гэж бодож байна гэв. Би Засаг даргын захирамжаар хуулийн дагуу газар эзэмшиж байгаа. Ш.Энхжаргалын эзэмшиж байгаа газар дээр 2 хүний газар байгаа. Ш.Энхжаргал нь газраа бусдад алдчихаад миний газрыг авахаар газрын албатай хуйвалдаж кадастрын зураг хийлгэсэн. Газрын албанаас намайг 2008 оны 5 сард газрын гэрчилгээ шинэчлэх гэж байна гээд намайг баримт бүрдүүлж ир гэсэн. Ингээд 2009 оны эхээр таны гэрчилгээг өөрчлөх шаардлагагүй юм байна гээд буцааж өгсөн. 2008 онд тус газрын баруун талд нь Нарлаг угаалгын газар, зүүн талд нь Болдбаярын газар байсан бөгөөд тухайн газар дээр хэний ч нэр байгаагүй хоосон байсан. Ингээд материалаа өгч хүлээх хооронд тус газар дээр хууль бусаар кадастрын зураг хийлгэсэн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Гомбодорж нь 2000 онд багийн засаг даргад өргөдөл гаргасныг багийн засаг дарга хот байгуулалтын албанд шилжүүлсний дагуу С.Гомбодоржид газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан байдаг. Тухайн үед уг газар дээр мэдээлэлийн санд Ш.Энхжаргалын эзэмшил газар гэж байгаагүй. Тухайн үед Ш.Энхжаргал газар эзэмшсний татвар төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй байсан. 2005-2009 онд газрын гэрчилгээг шинээр олгож байсан. С.Гомбодорж нь бичиг баримтаа бүрдүүлэн газрын албанд өгөхөд гэрчилгээг шинэчлэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн боловч одоо болохоор газрын санд хувийн хэрэг нээгдээгүй гэж тайлбарладаг. С.Гомбодоржийн эзэмшлийн газрын эзэмшлийн хугацаа дууссан учир газрын албанд хандахад уг газар Ш.Энхжаргалын нэр дээр бүртгэлтэй учир давхцаж байна гэсэн хариуг өгч гэрээний хугацааг сунгаагүй байна. Үүнээс үзэхэд С.Гомбодоржийн нэр дээрх газар дээр Ш.Энхжаргалын нэрийг бүртгэсэн нь газар эзэмшил нь давхацсан харагдаж байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа кадастрийн зургийг үндэслэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Мөн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус хийгдсэн байх тул иргэний шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул захиргааны хэргийн шүүхэд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Б.Эрдэнэбаатар миний бие 2000 оноос эхлэн Нарлагын зүүн талын С.Гомбодорж гэх хүний хашааны зүүн талд дугуй засварын байрыг түрээслэж дугуй засах, гагнуур хийх зэргээр 16 жил ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд Гомбодорж гуайн эзэмшиж байсан хашаанд өөрийн хамаатан болох өвгөн хөгшин хоёроор хашаагаа мануулж, өвөлдөө машин тэргээ тавьж, зундаа ногоо тарьж одоог хүрсэн. Өвгөн хөгшин хоёр нас өндөр болж 2016 онд хүүхдүүд нь ирж аваад явсан тул Гомбодорж гуай намайг ажлаа хийх далимаар манай хашааг манаж өвгөн, хөгшин хоёрын амьдарч байсан пинд бууж бай гэхэд нь би зөвшөөрөн одоог хүртэл энэ хашаанд ажиллаж амьдарч байна.

Намайг энд ажиллаж, амьдарч байх хугацаанд энэ газрын талаар ямар нэгэн яриа, маргаан гарч байгаагүй. Харин энэ оны 03 сард Энхжаргал гэж хүн ирж энэ миний газар, газар чөлөөлж өгөөрэй. Гомбодорж гэдэг хүн хаана амьдардаг вэ гэж асуусан. Би түүнд эзэн нь бишээ Гомбодоржтой өөртэй нь уулз гэж хэлсэн. ...2016 оноос одоог хүртэл энэ газар ажиллаж амьдарч байна гэжээ.

Шүүх хэрэгт авагсдан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Нарантуяа нь С.Гомбодорж, Б.Эрдэнэбаатар нарт холбогдуулан Ш.Энхжаргалын эзэмшлийн газрыг албадан чөлөөлж, газар эзэмшигч нь Ш.Энхжаргал мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд бүрэн дэмжсэн байна.

Хариуцагч С.Гомбодорж түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, уг газар нь С.Гомбодоржийн эзэмшлийн газар гэж маргадаг боловч С.Гомбодоржийн эзэмшлийн газар мөн болох талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульд заасны дагуу шүүхэд гарган ирүүлээгүй байна.

Тухайлбал хариуцагч тал нь маргаж буй дээрх газрын талаар Монгол Улсын газрын тухай болон иргэнд газар өмчлөх, эзэмшүүлэх тухай хуулийг зөрчиж төр захиргааны байгууллага газрыг давхацуулан олгосон учир иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжгүй захиргааны хэргийн шүүхээр хэргийг шийдвэрлүүлнэ гэсэн тайлбар гарган маргаж байгаа боловч Хэрлэн сумын засаг даргын 2000 оны 10 сарын 29-ний өдрийн 225 дугаартай захирамжаар С.Гомбодоржид Хэрлэн сумын 6-р баг Гантик ХХК-ний зүүн талд 600 м 2 газрыг эзэмшүүлэхээр захирамж гарч 2001 оны 01 сарын 16-ны өдөр иргэн аж, ахуй нэгж байгууллагын газар зэмших гэрээг С.Гомбодоржид 275 м2 газрыг 15 жилийн хугацаатай гэрээ байгуулж, мөн газар эзэмших гэрчилгээг 2000 оны 10 сарын 25-ны өдөр 15 жилийн хугацаагаар олгосон байна. Хэрэгт авагдсан бичмэл баримтаас С.Гомбодоржийн газар эзэмших гэрээ болон газар эзэмших гэрчилгээ зэрэг газар эзэмшихтэй холбоотой гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байна.

Гэтэл газар эзэмших гэрээний хугацаа дууссаны дараа хариуцагч тал нь маргаж буй дээрх газрыг Газрын тухай болон Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчиж өөр хүнд эзэмшүүлсэн гэх үндэслэлээр газар өмчлүүлэх шийдвэр гаргасан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2005 оны 03 дугаартай захирамжийг хүчингүй болгох талаар дээд шатны Засаг даргад болон шүүхэд энэ талаар ямар нэг гомдол гарган хянуулаагүй байгаа зэргээс үзэхэд хариуцагч тал уг газрыг төр захиргааны байгууллага үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж маргасан өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хэргийг захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр СМУ-ийн 32 дугаар байрны баруун талд байршилтай 280 м2 талбай бүхий газрын эзэмшигч нь Ш.Энхжаргал болох нь хэрэгт авагдсан, шинжлэн судалсан бичмэл баримт болох Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1995 оны 01 сарын 04-ний өдрийн газар эзэмшүүлэх тухай 03 дугаартай захирамж, 1999 онд олгогдсон 09/14/0068 дугаартай Шагдарын Энхжаргалд Дорнод Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 300м2 газрыг 60 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх тухай Газар эзэмших гэрчилгээ-ний хуулбар, кадастрийн зураглал, Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 06 сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэн олгох тухай 205 дугаартай захирамж, 2009 оны 06 сарын 30-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 09 сарын 19-ний өдөр Ш.Энхжаргалтай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ мөн Ш.Энхжаргал нь газар эзэмшсэний татвар төлсөн талаарх татвар хурааалтын тасгаас ирүүлсэн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 119 дүгээр хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын 32 дугаар байрны баруун талд байршилтай 280м2 газрыг хуулийн дагуу эзэмшигч нь Ш.Энхжаргал мөн болохыг тогтоож, уг газар дээр байгаа С.Гомбодоржийн /байр, хүлэмж, амбаар зэрэг/ эд зүйлийг албадан нүүлгэсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гомбодоржоос улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Энхжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ