Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 112/ШШ2021/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Э.О-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А-т холбогдох “Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд С.А, гэрч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь  нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Э.О миний бие 2008 онд анх Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд номын санчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 онд тус номын сангийн эрхлэгч, захирлаар томилогдож одоог хүртэл тасралтгүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр үр бүтээлтэй ажиллаж байна. Гэвч Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 тоот тушаалаар намайг Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг, зорилго, зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн хууль бус үндэслэлээр албан тушаал бууруулах захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.О 2008 оноос Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд номын санчаар ажилд орж 2021 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оноос эхлэн Нийтийн номын сангийн захирлын албан тушаалд орж түүнээс хойш захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан. Мөн 2016 онд Засаг даргын захирамжаар захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж шүүхийн шийдвэрийн дагуу буцаан томилогдсон. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг албан тушаалаас бууруулсан. Нэхэмжлэгч Э.Оийн тухайд тус захирамжийг хууль бус гарсан учраас тус захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Нийтийн номын сангийн захирлын ажил үүрэгт эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар захирамж нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсгүүдийг тус тус удирдлага болгон албан тушаал бууруулсан. Үндэслэл шалтгаан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт байрлах санхүүгийн албаны аудитын акт, албан шаардлага зэргийг үндэслэсэн. Албан үүрэг болон албан тушаалын тодорхойлолт заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд албан тушаал бууруулсан. Гэвч тухайн акт буюу албан шаардлага нь өөрөө Э.Оийн буруутай үйл ажиллагаатай шууд хамааралгүй. Харин нягтлангийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн акт тавигдсан. Энэ акттай холбоотой албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй. 5 компьютерийг хотоос татан авч чадаагүй, цар тахлаас болоод байна. Э.Оийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн акт тавигдаагүй. Үүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж түүнийг албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй юм. Э.О нь төрийн үйлчилгээний албан тушаалтан. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой зохицуулалт. Төрийн жинхэнэ албан хаагч гэж захиргааны болон тусгай албан хаагчийг хэлнэ гэж Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд тодорхой заасан. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дэх хэсэгт “Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж заасан. Хэрэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газарт гэсэн албан бичиг авагдсан. Хариу ирээгүй. Зөвшилцөнө гэдэг нь нэг тоот явуулахыг ойлгохгүй. Тодорхой хэмжээний аль нэг талдаа гарсан шийдвэр ирэх ёстой. Ирээгүй байхад шууд албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийтийн номын сангийн захирал Э.О-тэй холбогдуулж, тус байгууллагын албан хаагчдаас аймгийн Засаг даргад хандаж, өргөдөл гаргасан тул ажлын хэсэг байгуулж, байгууллагын үйл ажиллагаа, санхүү, төсвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, ажлын хэсгийн илтгэх хуудсаар чиг үүрэг, зорилго зорилт болон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар захирамжаар албан тушаал бууруулсан. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “...аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө.”, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалтад “Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна гэж заасан. Хуулийн дээрх заалтуудын агуулгын хүрээнд аймгийн Засаг дарга нь хяналт шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудсаар тогтоогдсон хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох эрхтэй. Учир нь хариуцагч аймгийн Засаг дарга нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл, гомдлыг хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж заасан хуульд заасан нийтлэг үүргийн дагуу иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд албан тушаал бууруулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, хууль тогтоомжид нийцсэн шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлгүй талаар өмнө тайлбар гаргаж байсан. Энэ тайлбараа дэмжиж байгаа. Маргаан бүхий захиргааны акт буюу аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл бүхий байх, бодит нөхцөл байдалтай тохирсон байх зарчим нийцэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэ талаар тайлбар өгөх нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Соёлын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг барьсан. Тухайн захиргааны акт гарах болсон үндэслэл нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, Соёлын тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “Соёлын хяналтыг соёлын улсын хяналтын алба, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ” 2-т “Соёлын улсын хяналтын алба нь соёлын тухай хууль тогтоомж, түүнтэй холбогдсон норм, норматив, дүрэм, журмын хэрэгжилт болон соёлын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина” гэж заасан. Үүний дагуу ажлын хэсэг оруулж шалгалт оруулж зөрчил гаргасан байдлыг харгалзан үзэж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай 45 дугаар зүйлийн 45.1.1-д  тус тус зааснаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийг байгууллага дотроос удаа дараа өргөдөл, гомдол гарч байсан. Энэ нь байгууллагын үйл ажиллагаа, сэтгэл ханамж ямар байгааг илэрхийлж байгаа. Мөн тухайн байгууллагын төлөөлж байгаа ажилтны үзүүлэлт болдог. Удаа дараагийн шалгалтаар 5 хуулийн 7 заалт болон бусад холбогдох эрх зүйн актыг зөрчил гаргасан байгаа. 2 дах удаагийн шалгалтаар мөн адил зөрчил давтан гарсан байна. Хариуцлага тооцуулах тухай ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Аймгийн Засаг дарга буюу ажил олгогчийн зүгээс хариуцлага тооцох буюу арга хэмжээ авахдаа зөрчлийн шинж чанар, удаа дараа давтагдсан байдал, хэр хэмжээг харгалзан удирдлагад албан тушаал бууруулах болон холбогдох албан хаагчдад дахин шалгалт оруулж хариуцлагын асуудал ярихаар шийдвэрлэсэн. Ажил олгогчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэг нь хуульд үндэслэсэн буюу хуульд нийцсэн гэж байгаа. Харин өөрөөр буюу ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах нь Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл бүхий байх зарчим алдагдана гэж үзсэн байгаа. Улсын дээд шүүхийн 1996 оны 216 дугаартай тогтоолд "зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурал буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэртээ авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно гэж тайлбарласан. Төрийн байгууллага буюу захиргааны үйл ажиллагааны хэлбэр нь үйлдэл, эс үйлдэхүй гэсэн үйл ажиллагаагаар явуулдаг. Аймгийн Засаг даргын тухайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газарт холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн. Харин хариу албан бичиг ирүүлээгүй байдаг. Энэ нь нэг талаараа захиргааны үйл ажиллагааны эс үйлдэхүй гэсэн агуулга харагдаж байгаа. Хариу ирүүлээгүй асуудлаас зөвшилцсөн, зөвшилцөөгүй гэдэг ойлголт нь үл шалтгаална. Санал солилцох гэдэг нь ямар нэгэн бичиг явуулах гэж тайлбарлавал өрөөсгөл харагдана. Захиргааны үйл ажиллагааны эс үйлдэхүй гэсэн агуулга яригдаж байгаа. Албан тушаал бууруулсан захирамж нь төрийн албан хаагчийн тухайд хөдөлмөрийн харилцаанаас үүдэх агуулга тусдаа яригдах учраас албан тушаал бууруулах шийдвэр нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Ажлын хэсгийн 2 удаагийн хурлаар орсон зөрчил нь тухайн байгууллагын удирдлагатай шууд холбогдоно. Байгууллагын удирдлага гэдэг нь тухайн байгууллагыг төлөөлөх бүрэн эрх эдлэхийн зэрэгцээ үүрэг хариуцлага хүлээдэг. Ажлын хэсгийн шалгалтаар нийт 5 хуулийн 7 заалт болон холбогдох эрх зүйн актыг зөрчсөн байгаа. Соёлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Шилэн дансны тухай хууль, Статистикийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөн адил зөрчсөн болох илтгэх хуудас ирсэн. Эдгээр хуульд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Эдгээрийн хуулийн дагуу төрийн албан хаагчид арга хэмжээ авсан. 2020 оны 12 дугаар сарын ажлын хэсгийн шалгалтын арга хэмжээ дотор урамшуулал олгосон нь хууль зөрчсөн. Тухайн байгууллага төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал хариуцлага хүлээлгэнэ. Мөн мэргэжилгүй хүн албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн байдаг. Мөн 2018-2019 оны санхүүгийн аудитын тайлангаар зөрчилгүй санал дүгнэлт өсгөн. Санхүүгийн хяналт шалгалтаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд шалгалтаар 397.000 төгрөгийн акт тогтоосон. Энэ актын хугацааг мөн хэтрүүлсэн. Энэ нь захирлын үүрэгт хамаарна. Мөн жолоочийн тооцооны хуудсыг стандартын дотор хөтөлдөггүй. Байгууллагын машинаар хот дотор 1.103 км явсан зөрчил байгаа. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон аймгийн Засаг даргын захирамжийг зөрчсөн үйлдэл байгаа. Мөн тухайн захирлын үйл ажиллагаатай холбогдох асуудал. Мөн бичиг хэргийн материалын зардлыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авсан асуудал байгаа. Төсөв батлагдаагүй байхад компьютер худалдаж авсан байгаа. Энэ Төсвийн тухай хуулийн 16.5 дах хэсгийг зөрчсөн байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр мөн адил ажлын хэсэг шалгасан. Гэтэл энэ шалгалтаар Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх хэсгийг зөрчсөн. Зах зээлийн үнээс өндөр үнэтэй ном худалдаж авсан асуудал байгаа. Энэ ч үүднээс Санхүүгийн хяналт аудитын албанаас арга хэмжээ тооцуулах албан тоотыг аймгийн Засаг даргад ирүүлсэн байдаг. Энэ баримт нь мөн хэрэгт авагдсан. Тухайн зөрчлийг шууд болон шууд бусаар тухайн байгууллагын төлөөлж байгаа этгээд хариуцах ёстой. Тухайн байгууллагыг төлөөлж байгаа этгээд бүрэн төлөөлнө. Төсвийн шууд захирагч тул хяналт тавина. Энэ асуудал дээр аймгийн Засаг дарга холбогдох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

Гуравдагч этгээд С.А шүүхэд гаргасан тайлбартаа: С.А би Хүнс, хөдөө аж ахуйн газарт Захиргаа, удирдлагын албаны даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/05 тоот захирамжаар Нийтийн номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон болно. Би дээрх захирамжид дурьдсны дагуу Э.Оийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр номын санчаар томилон ажиллуулж, өөрийнх нь хүсэлтээр 03 сарын 01-ний өдрийг хүртэлх цалинг олгосон. Гэвч энэ албан хаагч томилсон өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул 03 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цалинг олгоогүй. Энэ хугацаанд Төрийн аудитын газраас 2020 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт хяналт шалгалт хийж ирүүлсэн акт, албан шаардлага ирүүлсэн. Акт, албан шаардлагад дурьдсан зарим бараа бүтээгдэхүүнийг орлогодсон боловч өнөөдрийг хүртэл байгууллагад байхгүй. Санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчлийг удаа дараа гаргаж байсан учир аймгийн Засаг даргын 2021 оны Б/05 тоот захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас Э.О-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 02 сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалинг буцаан төлүүлэх, аймгийн Төрийн аудитын газраас 2020 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт хяналт шалгалт хийж ирүүлсэн акт, албан шаардлагад дурьдсан зөрчлийг арилгуулахаар даалгаж өгнө үү гэв.

Гэрч С.У шүүхэд мэдүүлэхдээ: Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-тай хамт сонсох ажиллагаа хийхэд Э.О ирсэн. Э.О-д ажилтнуудаас ирсэн өргөдлийг танилцуулж, албан тушаал бууруулах болсон тухай хэлсэн. Тэгэхэд Э.О би өөрсдийнх нь тухай өргөдөл гомдол өгнө гээд гарсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Э.О-ээс Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Нийтийн номын санд 2008 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оноос Нийтийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан байна.

Орон нутгийн өмчит номын сангийн захирал нь аймгийн Засаг даргын өмнө ажил үүргээ хариуцах чиг үүрэгтэй байна.

Нэг. Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ.

Дээрх хууль тогтоомжид үндэслэн хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг зорилго, зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн нь хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудсаар тогтоогдсон гэж  албан тушаал бууруулжээ.

 

1.1 Маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд:

1.1.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь бүх шатны Засаг даргаас өөрийн бүрэн эрх, тухайлсан хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах нийтлэг эрхийг илэрхийлсэн заалт юм.

1.1.2. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.” гэж заажээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/182 дугаар албан бичгээр түүнийг албан тушаал бууруулж байгаа тухай мэдэгдсэн байна. Энэ нь Соёлын тухай хуульд заасан “зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэсэн агуулгатай нийцээгүй байх ба харин ч нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан тухай мэдэгдэл гэж дүгнэхээр байна. 

1.1.3. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно.”, 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагч боловч байгууллагын төсвийг захиран зарцуулах эрх бүхий төсвийн шууд захирагч буюу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан тул Төрийн албаны хуулийг баримталсныг буруутган дүгнэх боломжгүй юм.  Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заасан болно.

Түүнчлэн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, биелүүлж ажиллах албан үүргийнхээ хүрээнд төрийн үйлчилгээний гүйцэтгэх, туслах ажилтнаас илүүтэйгээр төрийн албаны хууль тогтоомжийн зохицуулалтад хамаарах нөхцөлтэй байна.  

 

1.2. Хэргийн оролцогчдын гаргасан бусад тайлбар, үндэслэлийн талаар:

          1.2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонсох ажиллагаа хийж, захирамжийг төслийг танилцуулаагүй гэж маргаж байх бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар сонсох ажиллагааг хийхдээ тухайн байгууллагын ажилтнуудын өргөдлийн талаар танилцуулсан байдаг. Харин захирамжийн төслийг танилцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

1.2.2. Хариуцагч Нийтийн номын сангийн захирал Э.О-ийг ажлаас чөлөөлөхдөө хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг зорилго, зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн нь хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудсаар тогтоогдсон гэжээ. Байгууллагын ажилтнуудаас өгсөн өргөдөл, гомдлын дагуу аймгийн Засаг даргын орлогчийн  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/668 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 112 дугаар сарын 17-ны болон 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн илтгэх хуудсаар шалгалтын талаар санал, дүгнэлтээ гаргасан байдаг. Энэ санал, дүгнэлтэд “..албан хаагчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй, ур чадварын нэмэгдлийг журмын дагуу олгоогүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-ийг зөрчсөн, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг зөрчсөн, номыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авсан, худалдан авах ажиллагааны журам зөрчсөн” гэх дүгнэлтүүд байгууллагын удирдах албан тушаалтан буюу нэхэмжлэгчид хамааралтай байх харин нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлээгүй, уншигчийн бүртгэлийн дэвтэр хөтлөөгүй зэрэг үйл ажиллагааг түүнд шууд хамааралтай гэж дүгнэх боломжгүй байна.

Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн ажлын хэсгийн дүгнэлтээс харахад нэхэмжлэгч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргээ хангалттай биелүүлж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дүгээр албан бичгээр санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн байх бөгөөд үүнд нэхэмжлэгч багтсан байдаг. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба тус байгууллагын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийсэн байх бөгөөд 2 төлбөрийн акт, 1 албан шаардлага хүргүүлсэн байна. Ажилтны цалинг дутуу олгосон, өөртөө албан томилолтын мөнгө илүү олгосон талаарх актыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зөрчлийг арилгасан тухайгаа 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн байдаг.

1.2.3. Гуравдагч этгээдээс Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас Нийтийн номын сангийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудит хийсэн баримтуудыг ирүүлсэн бөгөөд тус байгууллага нь аудитын “Хязгаарлалттай” дүгнэлт авч, төлбөр барагдуулах акт тавигджээ. Хязгаарлалттай дүгнэлтэд “Босго үнээс дээш давсан хөрөнгө оруулалтад худалдан авах ажиллагаа зарлаагүй, төсвийг зориулалт бусаар зарцуулсан, тооллогоор дутагдсан 24,713,0 мянган төгрөгийн зөрчил илэрсэн” гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/133 дугаар актаар “...Хэсэгчилсэн хөрөнгийн тооллогоор 5 ширхэг 8,350,0 мянган төгрөгийн компьютер, 3 ширхэг 2,160,0 мянган төгрөгийн ширээ, 2 ширхэг номын шкаф 2,300,0 мянган төгрөг, 1 ширхэг 280,0 мянган төгрөгийн сэтгүүлийн ширээ, 1 ширхэг 550,0 мянган төгрөгийн номын тавиур дутагдлаа. Хөрөнгийн хэсэгчилсэн тооллогоор дутагдсан 13,640,0 мянган төгрөгийг орон нутгийн төсвийн 100050000982 тоот дансанд төвлөрүүлэх” гэжээ. Нийтийн номын сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаа нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан нэхэмжлэгчид хамааралтай байна.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлт, актын талаар тус байгууллагын нягтлан бодогч С.Д-г гэрчээр асууж, тодруулахад актад дурдагдсан хөрөнгүүдийг 2019 оны сүүлээр худалдан авсан, 5 компьютерийг шаардлага хангаагүй учир буцаасан. Эргэж авч чадаагүй байгаа гэсэн мэдүүлэг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  5 компьютерийг хотоос татан авч чадаагүй, цар тахлаас болоод байна гэж тайлбар гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 5 компьютерийг дутаасан шалтгаанаа Ковид-19 цар тахлын нөлөөлөлтэй холбон тайлбарлаж байгаа тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл цар тахлын нөхцөл хүндрээгүй байсан бөгөөд орон нутаг, хот хоорондын хөдөлгөөн хэвийн байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Дээрх хөрөнгүүдээс 5 компьютерийг 2019 оны эцэст худалдан авч, 2020 онд солиулж аваагүй, 2 номын шкаф байсан гэж тайлбар гаргаж байх бөгөөд бусад дутагдуулсан хөрөнгийн талаар тайлбар гаргаагүй болно.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлт, актад дээр дурдсанаас өөр тайлбар гаргаагүй, маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийсэн атлаа эдгээр хөрөнгүүд нь биет байдлаар байхгүй, дутагдсан, дутагдсан хөрөнгийг бүртгэлд тусгасан зэрэг санхүүгийн үйл ажиллагааны зөрчлийг зөвхөн тухайн байгууллагын нягтлан бодогчид хамааралтай гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь “16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, “16.5.4.төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, “16.5.6.дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, “16.5.7.байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” бүрэн эрхтэй байна. Тодруулбал, аливаа албан тушаалын бүрэн эрх нь эрх үүргийн нэгдлийг агуулж байдаг бөгөөд түүнд хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийг өөрөө хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг багтана.

Нэхэмжлэгч төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмыг мөрдөх, худалдан авсан эд хөрөнгийг баримтаар хүлээн авч тайланд тусгах байтал энэ үйл ажиллагааг хийлгүй хөрөнгийг дутагдуулсан зэргээр хууль тогтоомжид заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож байна гэж үзлээ.

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “хариуцлагатай байх”, 6.6-д “Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:,  6.6.1-д “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх;”, 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заажээ.

Иймээс нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг баримтлан албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;

 Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасан байна. Энэхүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтаас харахад шүүхээс ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

Иймээс нэхэмжлэгчийг  эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.1,Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Э.О-ээс Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.ОЮУНСҮРЭН