Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00252

 

Ц.Дэлгэр-Өрнөхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01893 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1683 дугаар магадлалтай,

Ц.Дэлгэр-Өрнөхийн нэхэмжлэлтэй,

С.А холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дэлгэр-Өрнөхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...С.Ариунаа 2008 онд миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн 6-207 тоот хашаа байшинг худалдаж авна гэж байснаа 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээ болгоё гэхээр нь хашаа байшингаа өгсөн. Миний бие нөхрийнхээ хамт түүний ажилладаг Найрамдал зуслангийн ажилчдын байранд амьдарч байсан. Гэтэл нөхөр ажлаасаа гарснаар 2016 оноос хойш байр түрээслэн амьдарч, одоо 8-25 насны 4 хүүхэд болон 85 настай ээжийгээ асран, нийт 7 ам бүл болон амьдарч байна. Гэтэл С.Ариунаа нь миний бэлэглэсэн гэх байшинд амьдралгүй 5 жил эзэнгүй орхиж, өөрсдөө бие даан тусдаа амьдарч байна. Үүнийг хорооны дарга П.Тунгалаг нотолж байгаа. Бидэнд мэдэгдэлгүйгээр яагаад эзэнгүй орхиод явсан гэхэд бид зарна, та эсвэл хүн суулгах уу гэдэг. Анх хашаа байшингаа өгөхдөө засвар хийж өгсөн боловч одоо байшингийн 3 цонхны нэг нь төмрөөр хадагдсан, дээврийн бүрээс хуулагдсан, дусаал гоождог болж, өнгөө алдсан байдалтай болсон. Мөн сүүлийн хэдэн жил хаана амьдарч байгааг сураглан, манай хашаа байшинд амьдрах уу гэж асууж лавлахаар эсрэгээр ойлгож, өгсөн хашаа, газраа авах гээд байгаа юм уу, би ханшаар нь худалдаж авсан гэж дарамтлан, доромжилж хөөж гаргасан. Үүнээс болж нөхөр Баяр сэтгэл санаагаар унаж даралт нь ихсэж эмнэлэгт хэвтсэнээр даралтын өвчтэй болсон. Ээжийг нь нас барснаас хойш анхаарал тавьсаар өдийг хүрсэн байтал сүүлийн 2 жилээс манайд ирж очихоо больсон. Сайхан сэтгэлээр туслах зорилготой бэлэглэсэн хашаа байшинг эзэнгүй хаясан. Одоо уг хашаа байшин эзэнгүй байгаа учир бид өөрсдөө өөд нь татаж, 7 ам бүлээрээ амьдрах шаардлага гараад байна. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж ярьж байгаа ч хэдэн төгрөгийг хэзээ, яаж, хэрхэн төлсөн нь мэдэгдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ариунаагийн шүүхэд гаргасан тайлбарт:  ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2004 оны хавар Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороонд 600.000 төгрөгөөр хашаа авч 3 сар амьдарсан. Ээж минь Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэхэд манай гэр эмнэлгээс хол байсан учраас Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, зурагтын шинэ эцэст худаг, автобусны буудалтайгаа ойрхон сарын 20.000 төгрөгийн төлбөртэй хашаа түрээсэлж амьдарч байсан. Тэр үед Ц.Дэлгэр-Өрнөх эгч, нагац н.Баяраа нар эмээг эргэх зорилгоор манайд ирж байсан. Хэсэг хугацааны дараа Ц.Дэлгэр-Өрнөх эгч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 207 тоотод миний нэг хашаа байгаа та нар тэр хашааг харангаа амьдарч бай гэж хэлэхээр нь очиж үзтэл буудалтайгаа ойрхон байсан учраас очиж амьдарсан. Тэр үед н.Баяраа ах та нар энд амьдарч байх хугацаандаа цаашдаа амьдрах газраа судална биз гэж хэлсэн. Бид тэнд хэсэг амьдарч байсан. 2005 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ээж минь нас барсан. 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ц.Дэлгэр-Өрнөх эгчийн охин нь төрсөн. Охиныг нь эргэхээр эгч С.Анхбаяр бид очсон. Тэр үед Ц.Дэлгэр-Өрнөх эгч та нарын амьдарч байгаа хашаа байшинг бид 2.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа, амьдрах газраа олоорой гэж хэлэхэд нь бид хашаа байшин худалдаж авахаар төлөвлөж байсан учраас тэр хашаа байшинг 3.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Бидэнд 3.000.000 төгрөг бэлэн байгаагүй учраас хувааж өгөхөөр тохиролцсон. Эхний ээлжинд 1.500.000 төгрөг өгөөд, 2007 оны 12 дугаар сард үлдэгдэл 1.500.000 төгрөг өгч дуусгасан. Бид хамаатны хүмүүс учраас өөрсдийнхөө нэр дээр шилжүүлэх гэж яараагүй. 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2008 онд Олимп болж байх үеэр Ц.Дэлгэр-Өрнөх эгч манайд ирээд татвар төлөх тул бэлэглэлийн гэрээ хийе гэдэг саналыг надад тавьсан. Ц.Дэлгэр-Өрнөх нь манай нагац ахын эхнэр тул бэлэглэлийн гэрээ хийхийг нь хүлээн зөвшөөрч хийсэн. Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ бус худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийт 3.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хоёр хувааж бэлнээр өгсөн. Эхний 1.500.000 төгрөгийг өгөхөд эгч С.Анхбаяр, дараагийн 1.500.000 төгрөгийг 2007 оны 12 дугаар сард өгөхөд дүү С.Баяраа харсан. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн учраас уг гэрээний дагуу шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01893 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Дэлгэр-Өрнөхөөс хариуцагч С.Ариунаад холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1683 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй хуулийг буруу хэрэглэсэн. Бэлэглэлийн гэрээгээр хүчингүй болсон худалдах-худалдан авах гэрээ гэснийг улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх буюу сөрөг нэхэмжлэл гаргаагүйгээр хувийн сэдэлтээр гарган хэлэлцүүлэн хуулийг буруу хэрэглэн зөрчсөн. С.Ариунаа нь Ц.Дэлгэр-Өрнөхөд 3 сая төгрөг өгсөн нотлох баримтгүй байхад мөн татвар төлөхөөс зайлсхийж гэж хуулийг ноцтой зөрчсөн. С.Ариунаа нь Иргэний хуулийн 182, 183, 110, 109, 243, 244, 245.2-р зүйлд заасан эрх үүргээ биелүүлсэн ямарч нотлох баримтгүй байхад хуулийг ноцтой зөрчсөн юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Дэлгэр-Өрнөх нь С.Ариунаад холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...туслах зорилгоор хашаа, газраа бэлэглэсэн, ...нүүх үедээ хэлээгүй, эзэнгүй орхиод 10 гаран жил болсон, худалдаж авсан болохоор бидний шийдэх хэрэг гэж хандаж хөөсөнд гомдолтой... гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...хашаа, байшинг 3.000.000 төгрөгөөр худалдан авсан, ...мөнгийг хувааж төлсөн, нэр шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ байгуулсан... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ц.Дэлгэр-Өрнөх өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн 6 дугаар гудамж, 207 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууц, уг сууц байрлаж буй 440 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр С.Ариунаад шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Ариунаа улсын бүртгэлд бүртгэгдсэнийг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч энэхүү бэлэглэлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

Хэрэгт мөн зохигчийн хооронд 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дээрх хувийн сууц болон газрыг тус бүр 3.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохирсон бичгэн хэлбэртэй, нотариатчаар баталгаажуулсан гэрээ авагджээ.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.

Энэ тохиолдолд бэлэглэгч нь эд хөрөнгөө өөрийн хүсэл зоригоор хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагчид шилжүүлж гэрээ байгуулсан нь тогтоогдохоос гадна бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн байхыг шаардана.

Зохигчийн хооронд нэг талын буюу бэлэглэлийн гэрээ эсхүл хоёр талт худалдах- худалдан авах гэрээний аль нь байгуулагдсан нь тэдний хооронд үүссэн маргааны зүйл болсон байх тул шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, нэхэмжлэгчийн шаардах эрхийн болон хариуцагчийн татгалзлын үндэслэлийн талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг заажээ.

Шүүх зохигчийн хооронд сууц, газар шилжүүлэх хүсэл зориг нь хариу төлбөргүй нэг талын хүсэл зоригоор буюу бэлэглэлийн гэрээний үндсэн дээр бус худалдах-худалдан авах гэрээний дагуу илэрхийлэгдсэн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч сууц, газраа шилжүүлэх, хариуцагч уг эд хөрөнгийг хүлээн авч үнийг төлөх үүргийг харилцан хүлээсэн нь тогтоогдсон гэж үзэхдээ хэрэгт байгаа нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Тухайлбал, хариуцагчийн тайлбар, зохигчийн хооронд байгуулагдсан хувийн сууц, газрыг худалдах-худалдан авах гэрээ, сууц, газрын үнэд нийт 3.000.000 төгрөг төлснийг гэрчилсэн С.Анхбаяр, С.Баяраа нарын мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Иймд хувийн сууц, газрыг 3.000.000 төгрөгөөр худалдаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн нь тогтоогдсон гэж үзнэ.

Шүүх эдгээр байдлыг дүгнэж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн гэж, давж заалдах шатны шүүх мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж өөр өөрөөр дүгнэжээ.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

Харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцлийн хувьд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр талууд уг хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилго агуулахын зэрэгцээ талууд хэлцлийн эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэдэгтэй санал нэгдсэн, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэн байхыг ойлгоно.

Дээрхээс үзвэл, татвараас зайлсхийхийн тулд сууц, газрыг худалдах-худалдан авах гэрээг бэлэглэлийн гэрээгээр халхавчилж хийсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.

Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон ч бодитоор байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр илэрхийлэгдсэн талуудын хүсэл зоригийг үгүйсгэхгүй тул талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй юм.

Нэгэнт бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1683 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ц.Дэлгэр-Өрнөх нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЦАГААНЦООЖ

                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД                                                   П.ЗОЛЗАЯА

                  Х.СОНИНБАЯР

            Д.ЦОЛМОН