Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2019/01893

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А-д холбогдох

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, гэрч С.А, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2003 онд одоогийн нөхөр Р.Б-тэй үерхэж байхад түүний эгч Р.Н-н бие муудаж, нас барсан. Тухайн үед Р.Н-н охин С.А 7 өнчин хүүхдээ асарч, амьдрахад хэцүү болсон ба 2008 онд нэхэмжлэгчийн өмчийн .... тоот хашаа байшинг худалдаж авна гэж байснаа 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээ болгоё гэхээр нь хашаа байшингаа өгсөн. Ингээд нэхэмжлэгч нь нөхөртэйгөө хамт түүний ажилладаг Найрамдал зуслангийн ажилчдын байранд амьдарч байсан. Гэтэл нөхөр Б ажлаасаа гарснаар 2016 оноос хойш байр түрээслэн амьдарч, одоо 8-25 насны 4 хүүхэд болон 85 настай ээж болох Б.Ц-г асран, нийт 7 ам бүл болон амьдарч байна. Гэтэл С.А нь нэхэмжлэгчийн бэлэглэсэн гэх байшинд амьдралгүй 5 жил эзэнгүй орхисныг тус хорооны дарга П.Т нотолж байгаа бөгөөд, өөрсдөө бие даан амьдарцгааж байна. Яагаад нэхэмжлэгчид болон түүний нөхөрт мэдэгдэлгүйгээр эзэнгүй хаячхав гэхэд Бид зарна, та эсвэл хүн суулгах уу гэдэг. Анх хашаа байшингаа өгөхдөө засвар хийж өгсөн боловч одоо байшингийн 3 цонхны нэг нь төмрөөр хадагдсан, дээврийн бүрээс хуулагдсан, дээврээс дусаал гоождог болж, өнгөө алдсан байдалтай болсон. Мөн сүүлийн хэдэн жил хаана амьдарч байгааг сураглан, манай хашаа байшинд амьдрах уу гэж асууж лавлахаар эсрэгээр ойлгож, өгсөн хашаа, газраа авах гээд байгаа юм уу, би ханшаар нь худалдаж авсан гэж дарамтлан, доромжилж хөөж гаргасан байна. Үүнээс болж нөхөр Б сэтгэл санаагаар унаж даралт нь ихсэж эмнэлэгт хэвтсэнээр даралтын өвчтэй болсон. Ээжийг нь нас барснаас хойш анхаарал тавьсаар өдийг хүрсэн байтал сүүлийн 2 жилээс нэхэмжлэгчийнд ирж очихоо больсон. Ингэж сайхан сэтгэлээр туслах зорилготой бэлэглэсэн зүйлийг эзэнгүй хаяж, утас мессэжээр хандахад хариу өгөхгүй байгаа учир удаа дараа гомдсоор өдийг хүрч, тэсэж чадахгүй бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгохоор шийдсэн. Мөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг өөрийг нь хуурч мэхэлсэн мэтээр бичсэнд үнэхээр гомдож байгаа. Одоо тус хашаа, байшин нэгэнт эзэнгүй байгаа учир өөрсдөө өөд нь татаж, 7 ам бүлээрээ амьдрах шаардлага гараад байна. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ гэж ярьж байгаа ч хэдэн төгрөгийг хэзээ, яаж, хэрхэн төлсөн нь мэдэгдэхгүй байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2004 оны хавар Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороонд 600,000 төгрөгөөр хашаа авч тэр хашаандаа 3 сар амьдарсан. Ээж минь хавдар судлалын үндэсний төвд үзүүлэхэд манай гэр эмнэлгээс хол байсан учраас Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, зурагтын шинэ эцэст худаг, автобусны буудалтайгаа ойрхон сарын 20,000 төгрөгийн төлбөртэй хашаа түрээсэлж амьдарч байсан. Тэр үед Ц.Д эгч нагац Б нар эмээг эргэх зорилгоор манайд ирж байсан. Хэсэг хугацааны дараа Ц.Д эгч ...тоотод миний нэг хашаа байгаа та нар тэр хашааг харангаа амьдарч бай гэж хэлэхээр нь очиж үзтэл буудалтайгаа ойрхон байсан учраас тэнд очиж амьдарсан. Тэр үед Б ах та нар энд амьдарч байх хугацаандаа цаашдаа амьдрах газраа судална биз гэж хэлсэн. Бид тэнд хэсэг амьдарч байсан. 2005 оны 1 дүгээр сарын 15-нд ээж минь нас барсан. 2005 оны 3 дугаар сарын 17-нд Ц.Д эгчийн охин нь төрсөн ба охиныг нь эргэхээр эгч С.А бид очсон. Тэр үед Ц.Д эгч та нарын амьдарч байгаа хашаа байшинг бид 2,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа, та нар амьдрах газраа олоорой гэж хэлэхэд нь бид хашаа байшин худалдаж авахаар төлөвлөж байсан учраас тэр хашаа байшинг 3,000,000 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Бидэнд 3,000,000 төгрөг бэлэн байгаагүй учраас бид хоёр хувааж өгөхөөр тохиролцсон. Эхний ээлжид 1,500,000 төгрөгийг нь өгөөд, 2007 оны 12 сард үлдэгдэл 1,500,000 төгрөгийг нь өгч дуусгасан. Бид хамаатны хүмүүс учраас өөрсдийнхөө нэр дээр шилжүүлэх гэж яараагүй. 2008 оны 02 дугаар сарын 15-нд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2008 онд олимп болж байх үеэр Ц.Д эгч манайд ирээд татвар төлөх болох тул бэлэглэлийн гэрээ хийе гэдэг саналыг надад тавьсан. Ц.Д нь манай нагац ахын эхнэр тул бэлэглэлийн гэрээ хийхийг нь хүлээн зөвшөөрч хийсэн. Бидний дунд муу харилцаа байгаагүй. Нэхэмжлэгч талаас манайд ирэхээ больсон гэж хэлж байна. Бид 2017, 2018, 2019 оны цагаан сараар очиж золгосон. Мөн 2018 оны 12 дугаар сар хүртэл хашаа байшинд хүн амьдарч байсан, эзэнгүй орхиогүй. 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан хашаа байшинг үнэгүй өгсөн гэж хэлэн буцаан авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд 2012 оноос хойш амьдраагүй хэмээн хорооны тодорхойлолтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байна. Хаяг байршил буюу хувь хүний нууцыг задруулсан, нөгөө талаас худал тодорхойлолт гаргаж өгсөн байх тул энэ хурлын дараа хорооны Засаг даргын үйлдэлд гомдол гаргаж шалгуулна. Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ бус худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийт 3,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хоёр хувааж бэлнээр өгсөн. Эхний 1,500,000 төгрөгийг өгөхөд эгч С.А, дараагийн 1,500,000 төгрөгийг 2007 оны 12 дугаар сард өгөхдөө дүү С.Б харсан. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас уг гэрээний дагуу шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч С.А-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хувийн сууц бэлэглэлийн гэрээ, Газар бэлэглэлийн гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Д нь С.А-д ... тоот хаягт байрлах 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байх 5,800,000 төгрөгийн үнэ бүхий нэгж талбарын 18639314064845 дугаартай, 440 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариу төлбөргүйгээр бэлэглэх нөхцөлийг тусгажээ. Мөн талууд 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Д нь С.А-д дээрх хувийн сууц, газрыг тус бүр 3,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирчээ. Зохигчид эдгээр гэрээнүүдэд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-6-7, 21-22/

Нийслэлийн ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201016553 дугаар бүхий, 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байх улсын бүртгэлийн Г-2201004544 дугаартай, 440 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч С.А байна. /хх-38-39/

Нийслэлийн ... тоот хаяг нь ... тоот болж өөрчлөгдсөн байна. /хх-34-35/

Зохигчид хувийн сууц, газрын өмчлөх эрхийг шилжүүлэхдээ буюу улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Хувийн сууц бэлэглэлийн гэрээ, Газар бэлэглэлийн гэрээг үндэслэсэн гэж тайлбарлах ба уг үйл баримтын тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч Ц.Д 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувийн сууц бэлэглэлийн гэрээ, Газар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, харин бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон учир бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг хүсэж, улмаар бэлэглэлийн зүйлийг буцаан шаардсан агуулгатай нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь бэлэг хүлээн авагч бэлэглэлийн зүйлийг 5 жилийн турш эзэнгүй хаясан, сүүлийн 2 жилийн хугацаанд холбоо харилцаагүй болсон, нөхрийг доромжлон хөөж гаргаснаас даралт ихсэх өвчинтэй болгосон нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хэмээн тайлбарлаж, энэ нь хувийн сууцны фото зураг болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын гаргасан . . . 2012 оноос хойш тус хаягт оршин суугаагүй гэх тодорхойлолтоор тогтоогдоно гэжээ. /хх-34, 36/

Бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэдэгт тухайн этгээдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьт сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдлыг ойлгох тул нэхэмжлэгчийн дээр дурдсан үндэслэл болоод баримтаар бэлэглэгчийг бэлэг хүлээн авагч гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө хувийн сууц, газрыг худалдаж авсан, харин өмчлөх эрхээ шилжүүлж авахын тулд бэлэглэлийн гэрээ байгуулсан хэмээн тайлбар өгчээ. Хувийн сууц, газрыг нэхэмжлэгч хариуцагчид бэлэглэлийн гэрээ байгуулан өмчлөх эрхээ шилжүүлэн өгч, хариу төлбөрт нийт 3,000,000 төгрөг авсан нь гэрч С.А, С.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч С.А-д хувийн сууц, газрыг бэлэглээгүй, уг гэрээгээр эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй байсан, хариу төлбөр авсан нь тогтоогдож байх тул талуудын 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувийн сууц бэлэглэлийн гэрээ, Газар бэлэглэлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзлээ. Зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байгаа нь талуудын худалдах, худалдан авах хүсэл зоригийг үгүйсгэхгүй тул шилжүүлсэн эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлгүй.

Иймээс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэлээр шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хувийн сууц бэлэглэлийн гэрээ, Газар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д-өөс хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН