Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 605

 

 О.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Алтанцэцэг,

            шүүгдэгч О.А,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 71 дугаартай эсэргүүцлээр О.Ад холбогдох эрүүгийн 1806028730510 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            .................., 2000 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эх бэлтгэгч мэргэжилтэй, “МДЛ” ХХК-д хаяг рекламын эх бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг, Онон гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 4 дүгээр орцны 51 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;

            О.А нь 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояаль” зочид буудлын өрөөнөөс иргэн Т.Амгаланбаатарын эзэмшлийн Эл Жи маркийн гар утас, банкны виза картыг хулгайлж, данснаас нь 660.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .................... нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.А нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.А нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сэжигтнээр 2 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар шүүгдэгч О.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахаар заасан боловч уг сургалтанд ямар хугацаанд хамрагдахыг дурдаагүй. Мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ямар журмаар ял оногдуулах талаар заагаагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг дурдаагүй. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар хуулийн зохицуулалтыг тодорхой дурдаж өгөөгүй нь шийтгэх тогтоол ойлгомжгүй гарсан байна гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч О.А “тус шүүх хуралдаанд хэлэх зүйл байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

О.А нь 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояаль” зочид буудлын өрөөнөөс иргэн Т.Амгаланбаатарын эзэмшлийн Эл Жи маркийн гар утас, банкны виза картыг хулгайлж, данснаас нь 660.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Т.Амгаланбаатарын “...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз эмэгтэй Хонгорзул, түүний найз О.А нартай эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж яваад Асайд худалдааны төвийн урд “Рояаль” зочид буудалд орж пиво уусан. Тухайн үед Хонгорзул бид 2 нийт 4 орчим лааз пиво ууж, юм ярьж байгаад өдөр Хонгорзул, Азгэрэл нарыг кино үзээд ир гээд кино театр явуулаад би унтсан. Тэр хоёр орой 22 цагийн үед ирээд 00 цагийн үед Азгэрэл найз залуутайгаа уулзана гээд явсан ба түүнийг явсны дараа Хонгорзул дэлгүүр гарсан ба карт алга байна гээд буцаад ороод ирсэн. Би картгүй болчихсон байсан учир найз А.Ариунжаргалын картанд өөрийн 800.000 төгрөгөө хийж, ашиглаж байсан. 1 хоногийн дараа найз руугаа ярьж хэлтэл 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 цагийн орчим 660.000 төгрөг гарсан байна гэхэд нь найзыгаа очоод камер шүүгээд харчих гэтэл хамгийн сүүлд нэг эмэгтэй хүн авсан байна гэсэн. Өмнөх өдөр нь тухайн буудлын өрөөнд манай 2 найз Амгаланбаатар, Нямжав болон Азгэрэл, Хонгорзул нартай байж байгаад орой нь утсаа алдсаныгаа 10-ны орой мэдсэн учир тухайн үед манай найзууд аваад явсан байх гэж бодоод амарч байгаа юм чинь гээд найзуудаасаа асуухгүй байж байгаад орой нь залгахад аваагүй болохыг нь мэдсэн. ...” /хх14-15/,

гэрч Т.Хонгорзулын “...Азгэрэл утсаа оролдож байснаа найз залуу дуудаад байна гээд гараад явчихсан. Азгэрэлийг явсны дараа Амгаланбаатар пиво уумаар байна гэхээр нь би куртка өмсөөд халаасаа шалгатал Амгаланбаатарын надад өгч ашиглуулж байсан карт байхгүй байсан. 3 дугаар сарын 10-ны өглөө Амгаланбаатар бид 2 сэрээд утсаар ярих гэхэд өрөөндөө хайгаад олоогүй. Урд шөнө нь өрөөндөө пиво ууж байгаад үүрээр Нямкаг явсны дараа харахад бидний сууж байсан орон дээр байсан. Өглөө үзэхэд байхгүй байсан. Эхлээд Нямка гэртээ харилаа гэж гараад, дараа нь Азгэрэл хажуу өрөөнд унтахаар орсон ба өглөө сэрэхэд Азгэрэл өөрөө орж ирсэнийг нь бодвол унтахдаа хаалгаа түгжээгүй санаж байна. Азгэрэл бид 2 Тэнгис кино театрт кино хүлээхдээ тоглоомын хэсэгт тоглохоор тооцоо хийхэд ажилтан надаас картны кодыг асуухад нь би жаахан чангаар кодыг нь хэлэхэд Азгэрэл хажуунаас “найз ингэж кодоо хэлэхээр хүн цээжилчихнэ шүү дээ” гэж хэлж байсан бөгөөд наргиан дундаа дараа алга болвол намайг гээд байваа гээд инээж байсан. Мөн кино үзэж гарчихаад гадаа алхаж байхдаа би картыг өмднийхөө баруун халаасанд хийтэл Азгэрэл миний халааснаас аваад курткны баруун халаасанд хийж, цахилгаандаж өгөөд бид 2 Тэнгис кино театрын урдаас такси бариад буудалдаа очсон. ...” /хх19-20/ гэх мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-26/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-29-30/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Аийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

          Шүүгдэгч О.Аийн хохирогч Т.Амгаланбаатарын эзэмшлийн Эл Жи маркийн гар утас, банкны виза картыг хулгайлж, данснаас нь 660.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Прокурор Б.Алтанцэцэг “...хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахаар заасан боловч уг сургалтанд ямар хугацаанд хамрагдахыг дурдаагүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ямар журмаар ял оногдуулах талаар заагаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичжээ.

 

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулинд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацааг тодорхой хуулчилж өгөөгүй байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч О.Аийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахаар байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу биелэлтэд нь хяналт тавина.” гэж заасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хугацаа, хуваарийг тогтоож, биелэлтэд хяналт тавьж ажиллахаар хуульчилжээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 71 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 71 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ