Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00526

 

2021 05 25 001/ХТ2021/00526

 

 

 

Н.Баянжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00015 дугаар магадлалтай,

 

Н.Баянжаргалын нэхэмжлэлтэй

Завхан аймгийн Засаг даргад холбогдох

 

Засаг даргын 2018.10.25-ны өдрийн А/443 дугаар захирамжийн өөрт холбоотой хэсгийг, мөн 2019.04.03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Н.Баянжаргал, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Баянжаргал, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Баянжаргал нь 1974 онд төрсөн. Боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018.04 сараас Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад халагдсан. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй /2удаа хариуцлага/ хүлээгээгүй гэж үзэж байна. Уг захирамжийн үндэслэл болсон Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг 2018.10.25-ны өдрийн А/443 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай аймгийн засаг дарга захирамжийг 2019.04.15-ны өдөр авч танилцаад эс зөвшөөрч байна. Учир нь 2018.02.15-наас өмнө цэцэрлэгийн эрхлэгчээр хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргасан. Иймд аймгийн засаг даргын 2018.10.25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн хавсралтын өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, Аймгийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүх хуралдаанаар хэргийг эцэслэж шийдвэрлэх хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын 6-р сургуулийн эрхлэгч Намнангийн Баянжаргал нь Завхан аймгийн засаг даргын 2018.10.25-ны өдрийн А/443 дугаар, 2019.04.03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан байна. Нэг. Аймгийн Засаг даргын 2018.10.25-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай А/443 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд 1.1. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Н.Баянжаргал нь 2014.06.27-ны өдрийн Б/224 дугаартай захирамжаар Улиастай сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр анх томилогдсон. 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 6 дугаар цэцэрлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтыг дур мэдэн эзэмшиж байсан болохыг тогтоож тус зөрчилд 2017.06.14-ний өдрийн А/242 дугаартай захирамжаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн 2017 онд улирал бүр үр дүнгийн урамшууллыг 30-45 хувиар өөр дээрээ тушаал гарган авч байсан санхүүгийн зөрчлийг Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017.12.06-ны өдрийн 156 дугаартай актаар тогтоож, тухайн үед Н.Баянжаргалыг өөрийн хүсэлтээр нь 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөж ажлын байраар хангах хүсэлт тавьж Засаг даргаас 2018.04.03-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар Н.Баянжаргалыг чөлөөлж, ажлын туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин 2018.04.03-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилж, дээрх зөрчилд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цаашид хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллах чиглэл өгч тодорхой нөхцөлүүдийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Цэцэрлэгийн эрхлэгч нь хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ аймгийн Засан даргын Тамгын эрх бүхий алба тушаалтны дор /салбар/ сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгдөг бөгөөд www.meduuleg.iaac.mn цахим хуудаст бүртгүүлэн цахимаар өгдөг. Н.Баянжаргал нь 2018.04.03-ны өдөр 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсноос хойш ХАСХОМ-ийг Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах үүргээ мэдсээр байж /2018.03.10-ны өдөр Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх сургалтад хамрагдсан, мөн жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ өгдөг нийтийн албан тушаалтан /180 хоногийн дараа хугацаа хоцроож мэдүүлсэн болохыг илрүүлж, АТГ-ын хяналт шалгалтын ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сард ажиллах явцад уг зөрчлийг тогтоож, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Мөн нэхэмжлэгч Н.Баянжаргал нэхэмжлэлдээ ...2018 оны А/443 дугаартай захирамжийг 2019.04.15-ны өдөр авч эс зөвшөөрч байна гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт захиргааны актыг зохих журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болохоор заасан үүний дагуу захиргаа боломжит бүх аргаар мэдэгдсэн гэж үзэж байна. 2018.10.25-ны өдөр www.zavkhan.gov.mn сайтад байршуулж, дээрх акт байршуулсан талаар 2018.10.29-ний өдрийн удирдлагын шуурхай хурал дээр танилцуулж, өөрийн биеэр аймгийн ЗДТГ-ын бичиг хэргээс гардаж авахыг мэдэгдсэн боловч 2018.11.14-ний өдрийг хүртэлх хугацаанд гардаж аваагүй тул 6 дугаар цэцэрлэгт албан ёсоор хүргүүлсэн. Ийм учраас бид захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах этгээд болон хугацааг нь заасан захирамжийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй болохыг мэдэгдсэн. Хоёр. Аймгийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/19 дугаарт захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Завхан аймгийн Засаг даргын 2019 оны Б/19 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 9.3.18, 9.3.20 дахь хэсэгт заасныг үндэслэн Н.Баянжаргалтай байгуулсан хөдөрмөрийн гэрээг цуцалсан. Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2018.10.25-ны өдрийн А/443 захирамжаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байдаг. 2019.02 дугаар сард 6 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан 1 нас 11 сартай бяцхан хүүхдийн амь нас эрсдэж, түүний ар гэрийн гишүүд цэцэрлэгт байх үеийн камерийн бичлэгийг хуулбарлаж авах хүсэлт тавьж, цэцэрлэгт нь ирэх бүрт цэцэрлэгийн эрхлэгч ёс зүйгүй үйлдэл гаргаж нуугдах, уулзахгүй байх, ам хэлээр доромжлоод, камерийн бичлэгийг өгөлгүй устгасан талаар нас барсан хүүхдийн ар гэр гомдол гаргаж Аймгийн Боловсролын салбарын ёс зүйн зөвлөл хуралдаж тус зөвлөлийн 2019.04.01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Цэцэрлэгт явах насанд хүрээгүй 01 нас 11 сартай хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхээ хэтрүүлсэн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 71 дугаар 71.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан учир Н.Баянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд аймгийн Засаг даргын 2018 оны А/443, 2019 оны Б/19 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Н.Баянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2016.06 сард Улиастай сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. 2018.04.03-ны өдөр Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад Завхан аймгийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн Б/19 тоот захирамжаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ёс зүйн зөрчлийг гаргаагүй, 2 удаа хариуцлага хүлээгээгүй гэж үзэж байгаа тул уг захирамжийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Мөн Завхан аймгийн Засаг даргын 2018.10.25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжаар намайг хөрөнгө орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөсөө 30 хоногийн дотор мэдүүлээгүй гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг захирамжийг надад танилцуулаагүй, гардуулаагүй байсан. Би 2019.04.15-ны өдөр авч танилцаад эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Би цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал хашдаг хүний хувьд хуулийн хугацаанд буюу 2018.02.15-ны өдрөөс өмнө хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гаргаж холбогдох албан тушаалтанд өгч байсан. Завхан аймгийн Засаг даргын 2018.10.25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Мөн 2019.04.03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулах ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Би өөрийгөө ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа. Манай цэцэрлэгт хүмүүжиж байсан Билгүүн гэх хүү өвчний улмаас эндсэн. Үүний улмаас Билгүүн хүүгийн ар гэрийнхэн хяналтын камер бичлэгийг авъя гэж надтай уулзсан. Би хүүгийн ар гэрийнхэнтэй аль болох хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсан. Манай цэцэрлэгийн хяналтын камер техникийн хүчин чадлын байдлаас болоод бичлэгийг хуулах боломжгүй байсан. Уг захирамжаар намайг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгт 2 хүртэлх насны хүүхдийг авч болохгүй гэсэн зүйл заалт байгаагүй. Гэтэл намайг уг хуулийг зөрчсөн гэж үзснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Билгүүн хүүг цэцэрлэгтээ элсүүлэн авсан. Завхан аймгийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг мөн энэ хугацаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нөхөн төлүүлэх дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн Б/19 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь өөрөө хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий шийдвэр юм гэж нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргалыг 2019.04.03-ны өдрийн Б/19 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал 2018.04.03-ны өдрийн А/147 тоот захирамжаар үндсэн цалингийн 1 сарын цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Яагаад сахилгын шийтгэл хүлээх болсон бэ гэхээр 2017 оны улирлын үр дүнгийн урамшууллаар өөр дээрээ тушаал гаргаж улирал бүр 30-45 хувийн урамшуулал авч байсан гэдгийг санхүүгийн хяналт, дотоод аудитын 2017.12.06-ны өдрийн 156 дугаартай актаар тогтоогдсон. Өмнөх шүүх хурал дээр Н.Баянжаргалын өөр дээрээ урамшуулал авч байсан болон хууль зөрчсөн тушаал болон санхүүгийн хяналт дотоод аудитын улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг зөрчил нь ямар зөрчил байсан бэ гэхээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь өөр дээрээ урамшуулал бодож авсан нь ямар үр дагавар үүсгэх вэ гэхээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэг заасны дагуу ажлаас халах зөрчил байсан. Гэтэл нэхэмжлэгч Н.Баянжаргал болон бусад цэцэрлэгийн эрхлэгч нар ижилхэн зөрчил гаргасан байсан учраас цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдөө аймгийн Засаг даргад бид нарыг сэлгэж ажиллуулж өгөөч, мөн өмнө ажиллаж байсан ажлынхаа санхүүгийн зөрчилд хариуцлага хүлээнэ гээд хөдөлмөрийн гэрээ дахин байгуулаад Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил үйлдсэн учраас 1 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага хүлээлгэсэн. Хариуцлага тооцсон шийдвэрийг Н.Баянжаргал тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Мөн 2018.10.25-ны өдрийн А/443 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Мөн Завхан аймгийн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн 2019.04.01-ний өдрийн ёс зүйн дүгнэлтээр Н.Баянжаргалыг талийгаачийн ар гэрийнхэнтэй ёс зүйгүй харьцсан мөн камерийн бичлэгийг талийгаачийн ар гэрт өгөхгүй байсан ч гэсэн хадгалж авч дараа нь хууль сахиулах байгууллагаас шаардах үед гаргаж өгөх боломжоор хангах ёстой байсан. Гэтэл уг үүргээ Н.Баянжаргал биелүүлээгүй. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн дуу хураагуурт талийгаачийн эмээтэй хэрхэн харьцаж байсан, ямар зүйл ярьж байсан, талийгаачийн ар гэрийг хэд хэдэн удаа ирүүлсэн гэдэг нь харагдаж байгаа. Мөн талийгаачийн ар гэрийнхэн шүүхийн тамгын газрын ID-гаар тухайн бичлэгийг хуулаад танай байгууллагад үлдээчихье, уг бичлэг хадгалагдаж байхад болно, эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авчираад танай байгууллагаас авъя гэж хэлж байхад Н.Баянжаргал эрхлэгч өөрөө дур мэдэж уг бичлэгийг устгасан. Сургуулийн өмнөх боловсролын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, мөн 7 дугаар зүйлийн 72 дахь хэсгүүдийг зөрчсөн гэдэг үндэслэлийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хангалттай тогтоосон. Мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол хариуцсан улсын байцаагч Должинсүрэн, мөн эрүүл ахуйн байцаагч нар Улиастай сумын 6-р цэцэрлэг дээр шалгалт хийхдээ Боловсролын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна, мөн Засгийн газрын 2011 оны 311 дугаартай тогтоолыг хэрэгжүүлээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Н.Баянжаргал нь Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт заасан зүйл заалтыг хориглоогүй учраас би 2 хүрээгүй хүүхдийг цэцэрлэгтээ авсан гэж ярьдаг. Хэрвээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар 2 хүрээгүй хүүхдийг цэцэрлэгтээ авч хүмүүжүүлсэн бол хуульд заасан 4 нөхцлийг хангах ёстой байсан. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.8, 8.9, 8.10 дахь хэсэгт заасан нөхцлүүдийг хангасан байх ёстой. Гэтэл Улиастай сумын 6-р цэцэрлэгт ийм нөхцлүүдийн аль нь ч хангагдаагүй. Гэтэл Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасан арга зүйч, эмч гэсэн орон тоо Улиастай сумын 6-р цэцэрлэгт байхгүй. 2 хүртэлх насны хүүхдэд нэмэлт асаргаа шаардлагатай байдаг. Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг заасан зүйл заалт дээр мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах ёстой байдаг. 6-р цэцэрлэгийн хувьд 2 хүртэлх насны хүүхдийг авч хүмүүжүүлэх боломжтой гэсэн барилгын стандартын мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй. Энэ нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтээр тогтоогдож байгаа. Тийм учраас Н.Баянжаргалыг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн үүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээрээс харахад Н.Баянжаргалыг ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн давтан зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдож байгаа. Тийм учраас аймгийн Засаг даргын захирамж нь үндэслэл бүхий захирамж гэж үзээд нэхэмжлэгч Н.Баянжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баянжаргалыг Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 11,494,917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баянжаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл,хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 198,869 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00015 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ныөдрийн 47 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Баянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Баянжаргал хяналтын гомдолдоо: Миний бие Н.Баянжаргал нь ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр эрхэлсэн ажилгүй. Том хүү оюутан, бага хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Би өндөр настай ээжийгээ асардаг. Магадлалыг гардан авч эс зөвшөөрөн энэхүү гомдлыг гаргаж байна. ...Н.Баянжаргал миний бие 2019.04.03 ны өдөр Завхан аймгийн Засаг даргын Б/19 дугаартай захирамжаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Иргэн би хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахын тулд өөрийнхөө үнэн, зөв гэдгээ нотлох баримтуудыг бүрдүүлж шүүхээр эрх ашгаа хамгаалуулахыг хүссэн. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь засаг даргаар томилогдон ажилласан цагаас эхлэн ажлын байрны дарамт шахалт үзүүлж өөртэй нь эвлэрч ажиллахгүй үзэл бодолтой нь нийцэхгүйгээс өс хонзон санаж ажлаас халахад хүргэдэг. Маш олон хүн хохирсон хохирсоорч яваа би тэдгээр хүмүүсийн төлөөлөл болон хийгээгүй хэргийн үнэн зөвийг тогтоолгох гэж эдүүгээ хохирсоор явна. Манай цэцэрлэгт хүмүүжиж байсан Н.Билгүүн гэдэг хүү өвчний улмаас эндсэн. Үүний дараа түүний ар гэрийнхэн хяналтын камерийн бичлэгийг авахыг хүсэж надтай уулзсан нь үнэн ч би тухайн хүмүүст ялгавартай хандаагүй, аль болохоор хүлээцтэй хүндэтгэлтэй харьцаж байсан. Ажилчид болон эцэг эх асран хамгаалагч нарт болон талийгаач хүүхдийн ар гэрт ямарч хүндрэл чирэгдэл учруулаагүй ёс зүйтэй хүндэтгэлтэй, хүлээцтэй харьцаж байсныг иргэн эмээ Цэрэндулам болон тухайн үед хамт ажиллаж байсан багш Ч.Отгонжаргал, нярав Г.Дашхорол нарын шүүх дээр өгсөн гэрчийн мэдүүлгээр тодорхой сайн харагдаж байгаа. Завхан аймгийн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэргийн шүүх үүнийг дүгнэлт биш санал байна гэж үзсэн. Боловсрол Соёлын газрын дарга С.Ганчимэг ёс зүйн зөвлөлийн бүрэлдхүүнийг танилцуулаагүй, бүрэлдэхүүн бүрдээгүй байхад намайг өрөөндөө дуудаж, чамтай холбоотой сүртэй зүйл алга байна. Дүгнэлт гараагүй байна гарахаар чамд мэдэгдэе намайг ажил руугаа яв гэсэн. Иймд 2019.04.01 ний өдрийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг журмын дагуу шийдвэрлээгүй хэт яаран цаг хугацаа хожих гэж албан тушаал эрх мэдлээрээ бүлэглэн үгсэн нэгдэж миний нэр төрийг гутаан доромжилсон шийдвэр гэж үзэж байна. Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасныг журмын дагуу явуулж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчийн ашиг сонирхолд нийцүүлж эрх мэдэлтэн тамга барьж, гарын үсэг зурдаг албан тушаалтанд үйлчлээд байна уу даа гэж би үзэж байна. Засаг дарга Д.Батсайхан надтай эвлэрэх саналыг хэд хэдэн удаа тавьж байсан. Би эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөөгүй хэрэв чи шүүхээр яваад чиний талд шийдвэрлэгдсэн ч чамайг би ажилд авахгүй гэж занал хийж байсныг бодоход шүүхийн ар талд танил талаараа өөртөө үйлчлүүлэх боломжтой учир дахин, дахин үндэслэлгүй шийдвэр гаргаад байна гэж үзэж байна. Мөн албан газрын дарга нарын шуурхай хуралдаан бүр дээр хүүхдийн амийг хохироосон мэтээр ойлгуулж дарамталж байсан. Давж заалдах шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж, үндэслэлгүй, тэгш шударга шийдвэрлээгүйгээс иргэн би эдүүгээ олон сар, жилээр хохирсоор байна. Анхан шатны шийдвэр гарсан хугацаанаас өнөөг хүртэл иргэн миний амьдралд асар их хохирол учирсаар амьдралын их үүсвэр болох ажлын байргүй, цалин хөлсгүй, хөдөлмөрлөх эрхгүй, хөдөлмөрийн харилцаанд гадуурхагдаж сэтгэл санааны болон эрүүл мэнд, эдийн засаг нэр төр алдар хүндээрээ маш их хохирч байна. Миний олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлэмжгүй болгож хохироож байгаад маш их гомдолтой байгаагаа дахин хэлмээр байна. Ингээд та бүхнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал хяналтын гомдолдоо: ...Магадлалыг 2020.05.11-ний өдөр гардан авч эс зөвшөөрөн энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Баянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалд цэцэрлэгийн насанд хүрээгүй, /01 нас 11 сартай/ хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхээ хэтрүүлсэн гэжээ. Н.Баянжаргал нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд заасан эрхээ хэтрүүлсэн зүйл байхгүй бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9-р зүйлийн 9.7 дахь хэсэгт Цэцэрлэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд үндэслэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.7, 8.8, 8.9, 8.10-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж болно. гэж заасан байдаг бөгөөд 2 нас хүрээгүй хүү Билгүүний ээж нь хүсэлт гаргасан байдаг. Мөн магадлалд ёс зүйн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт болон бусад баримтаар хангалттай тогтоогдсон гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь бусад нотлох баримтаар буюу гомдол гаргасан гэх эмээ Б.Цэрэндуламын гэрчийн мэдүүлэг, тухайн үед хамт ажиллаж байсан багш Ч.Отгонжаргал, нярав Г.Дашхорол нарын гэрчийн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Гэтэл бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт-ээр дүгнэлт-ээр Н.Баянжаргалыг ёс зүйн зөрчил гаргасан нь хангалттай тогтоосон гэж үзэх боломжгүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуули/' буруу тайлбарлаж хэрэглэсэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

Н.Баянжаргал нь Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2018.10.25-ны өдрийн А/443 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, 2019.04.03-ны өдрийн Б/19 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий үгүйсгэж чадаагүй, зохигчийн мэтгэлцээгүй асуудлаар буюу сэлгэн ажилласан талаар дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэл болгосон, магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон Завхан аймгийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн Б/19 дугаар захирамжид ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.3.18, 9.3.20 дах... хэсгийг баримталж, Н.Баянжаргал нь 2018.04.03-ны өдрийн А/147 дугаар захирамжаар үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах, 2018.10.25-ны өдрийн А/443 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэлтэй байхдаа дахин ёс зүйн зөрчил гаргасан нь аймгийн Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн 2019.04.01-ний өдрийн 01 дугаар тогтоогдсон, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас нь халжээ.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан Завхан аймгийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн Б/19 дүгээр захирамж нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл нь болсон, бие даасан шаардлага биш тул шүүх захирамжийн талаар шийдвэр гаргаагүй, уг захирамж хууль бус учраас ажилд эгүүлэн тогтоох үр дагаврыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

 

Тушаалд дурдсан сахилгын шийтгэл ногдуулсан 2018.04.03-ны өдрийн 147 дугаар захирамж нь өөр ажил буюу нэхэмжлэгч 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх үеийн санхүүгийн зөрчилтэй холбоотой болохоос гадна сахилгын арга хэмжээ авах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг зөрчсөн, түүнчлэн нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг зөрчсөн нь тус тус тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, олговор гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлээс хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хэтрүүлж гаргасан зөрчилд сануулах шийтгэл ногдуулсан 2018.10.25-ны өдрийн А/443 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах давтан эсхүл ноцтой зөрчил байхгүй тул шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00015 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ