Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 153А

 

  

 

 

 

 

 

 

                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, шүүгч Ю.Энхмаа /и/ нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба, 

шүүгдэгч Т.Очирцэрэнгийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Лхагвадоржийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Ц.Рашзэвэг  

иргэдийн төлөөлөгч А.Гүррагчаа

шүүгдэгч Д.Лхагвадорж, Т.Очирцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лхагвадорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Очирцэрэн нарт холбогдох 201518020222 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Лхагвадоржийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1984 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 заасан хэсгээр 350 цагийн албадан ажил хийлгэх ял, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хоног хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих хөнгөн ялыг 3 жил 1 хоногийн ял болох хүнд ялд багтааж.түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаарын магадлалаар Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар гэснийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг болгон өөрчилж 6 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадожрид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар гэж өөрчилж шийтгэсэн, Сум дундын 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаарын захирамжаар 2 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багт оршин суух Сартуул овогт Дагийсүрэнгийн Лхагвадорж. /РД:НШ 84082975/

 

Шүүгдэгч Т.Очирцэрэнгийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1988 оны 05 сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багт Сүмбэр Баянлигт оршин суух Боржигон овогт Толягийн Очирцэрэн, /РД:НШ 88050871/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

- Шүүгдэгч Т.Очирцэрэн нь Д.Лхагвадоржтой бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17-18 цагийн орчим Төв аймгийн Сүмбэр сумын нутаг "Баруун тахилгат" гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч, "Дэтмэнт" харуул хамгаалалтын албаны хамгаалалт хийж байсан газар луу иргэдийг уриалан очиж, "гэрээ буулга, эндээс зайл" гэх шалтгаанаар гэрийг нь нураасан,

 

- Шүүгдэгч Д.Лхагвадорж нь Сум дундын 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар захирамжаар 2 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа шүүгдэгч Т.Очирцэрэнтэй бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17-18 цагийн орчим Төв аймгийн Сүмбэр сумын нутаг "Баруун тахилгат" гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч, "Дэтмэнт" харуул хамгаалалтын албаны хамгаалалт хийж байсан газар луу иргэдийг уриалан очиж, "гэрээ буулга, эндээс зайл" гэх шалтгаанаар гэрийг нь нурааж танхайрсан,

 

- Мөн Д.Лхагвадорж нь танхайрах явцдаа хамгаалалтын албаны ажилтан Д.Эрдэнэбатыг зэвсгийн чанартай зүйл буюу “Униар” цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, ажилтан Н.Ганхуягийг зодож танхайрсан,

 

- Мөн Д.Лхагвадорж нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн байшингийн хороололын 3-6 тоотод оршин суух Г.Гансүхийн гэрт иргэн Т.Очирцэрэнг "хийж байгаа үйлдэл хорилоо" гэх шалтгаанаар шалтаглан зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

 

- Мөн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сайн" ломбард руу нэвтрэн орж, ломбардны ажилтан М.Баасандалайн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, 1.226.880 төгрөгийг ломбарднаас дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх анхан шатны шүүх хуралдааны үед прокурор намайг дарамжталсан учраас би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй. 2006-2007 онуудын хооронд Төв аймгийн Сүмбэр сумын Баруун тахилт гэх ууланд алт гарч эхэлсэнээс хойш тэнд их хэмжээний 7-8 мянган хүн цугларч эмх цамбараагүй байдал үүссэн. Орон нутгаа ухуулах нь буруу зүйл гэж үзээд нутгийн иргэд орон нутгийн удирдлагад хандаж Энэрэлт хангай гэх ТББ байгуулсан ба тухайн үед ТББ-ын тэргүүнээр Пүрэвсүрэн гэх хүн томилогдсон. Цагдаа нар гар аргаар алт олборлогчдод хяналт тавьж байгаад хэл аманд орж тэр эрхээ орон нутгийн удирдлагад шилжүүлж, орон нутгийн удирдлага тэрхүү эрхийг ТББ-д олгосон. Энэрэлт хангай ТББ-ын дотоод журмын дагуу хурлаар орж 2015 оны 08 дугаар сараас эхлэн миний бие ТББ-ын тэргүүн томилогдон ажиллах болсон. ТББ дан ганц алт олборлоогүй тухайн бүс нутагт нөхөн сэргээлт хийх, ойр орчмын хог цэвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байсан ба 2015 оны 09  дүгээр сараас Сүмбэр сумын засаг дарга ТББ-ыг албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон. Ийнхүү ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулах гэж байсан боловч би өмнө үйлдсэн хэргээр Өмнөговь руу шийтгүүлж ирсэн. Ингээд намайг суллагдаж ирээд 06 сарын 10-нд гэртээ байхад нутгийн иргэд болон төрийн бус байгууллгын гишүүд эргээд ТББ-ын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг санал болгосноор би Баруун тахилт уулан дээрээ очиход олон хүмүүс бужигналдаж байсан ба тэнд хамгаалалтын алба гэхээр зүйл байгаагүй. Тухайн үед ямар ч хамгаалалтын алба байгаагүй, зөвхөн тэр өдөр л титэмт гэх хамгаалалтын алба ирсэн гэдгийг өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр Эрдэнэбат гэх хүн хэлдэг. Хар подволк өмссөн хүн болгоныг хамгаалагч гэж намайг буруутгаж байгаад харамсалтай байна. Энэрэлтхангай ТББ-ын гишүүд сар болгон 1000 төгрөг хураамж фонд үүсгэн 500 төгрөгийг бичил уурхайчдын эрхийг хамгаалах холбоонд өгч үлдсэн 500 төгрөгөөр Энэрэлтхангай ТББ үйл ажиллагаагаа явуулж уг гэрийг худалдаж авсан. Гэтэл уг гэрийг Ганхуяг гэх хүний өмч болгосонд үнэхээр гомдолтой байна. Энэ асуудлаас болж Ганхуяг бид хоёр маргалдахад хажуунаас Эрдэнэбат гэх хүн намайг шүүрний ишээр цохисон. Намайг Эрдэнэбат эхлээд цохисон болохоор би түүнийг санаатай цохисон. Гэхдээ би гартаа ямар нэгэн зүйл барьж түүнийг цохиогүй, өөрийн гараа л цохисон. Энэ асуудал гэр буулгахаас өмнө болсон. Уг гэр ТББ-ын гэр учраас тэнд байсан ТББ-ын гишүүд бүгд л гэр буулгасан. Ганцхан Очирцэрэн бид хоёр гэр буулгаагүй. Бид гэр нураагаагүй, өөрсдийн гэрээ буулгасан юм. Намайг 2015 оны 10 дугаар сарын 29-нээс 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл би өсгөлөн зарлахад прокурор, мөрдөн байцаагч 2 өсгөлөн зарлаж намайг ажилд төвөг удлаа гэж анх ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2-оор зүйлчлээд дараа нь 181.3 болгож зүйлчлэл өөрчлөгдсөн. Анх 181 дүгээр зүйлийн 181.2-оор зүйлчлэхдээ хууль бус алт олборлогч гэдэг гэтэл бид ашигт малтмалтын хууль болон үндсэн хуулинд заасан бичил уурхай эрхлэгчид. 2015 оны 08 дугаар сарын 10-нд би Энэрэлтхангай ТББ-ын тэргүүн болсон. Миний дараа ТББ-ын тэргүүнээр Баасанбат гэх хүн томилогдож Баянхайрхан нэртэйгээр ТББ үйл ажиллагаа явуулах болсон юм. Би танхайн гэмт хэрэг үйлдээгүй, бусдыг санаатайгаар цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 11 дүгээр сарын 20-нд намайг өлсгөлөн зарлаад 24 цаг болоогүй байхад байцаалт авна гэж прокурор, мөрдөн байцаагч хоёр ирсэн. Миний биеийн байдал муу байна би мэдүүлэг өгмөөргүй байна гэхэд прокурор зүгээр зүгээр ганц хоёр зүйл асууя гэж надад шахалт дарамт үзүүлэн тулган шаардаж байцаалт авсан. Би Эрдэнэбатыг санаатай цохисон гэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Гэрч нар бид гэр буулгасаны дараа очсон Лхагвадорж гартаа мод бариад цохисон, цохиогүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Эрдэнэбат намайг гэрээс гарч ирэхэд би түүнийг цохисон болж таардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмтлийг хохирогч Эрдэнэбатын биед учруулаагүй. Би эгчийнхээ хашаанд эхнэр хүүхдийн хамт гэр бариад амьдардаг. Гэтэл миний 70 гарсан настай ээжийн хашааг битүүмжилсэнд харамсалтай байна. Анх би ломбарданд гар утсаа тавих гэж орсон. Би дээрэмдэе гэж гэмт хэрэг үйлдээгүй, булаах зорилготой гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн талаар бичлэг байгаа гэсэн. Тэр бичлэгт миний амнаас ганц ч үг гардаггүй, би тэр хүний амь биед аюултайгаар заналхийлээгүй, биед нь гэмтэл учруулаагүй гэв.

 

Шүүгдэгч Т.Очирцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр олон хүн гэр буулгаж байсан болохоор би тэдгээр хүмүүсийг өөрсдийн эзэмшлийн гэрээ буулгаж байна гэж ойлгосон. Би тэр үед нилээн согтуу байсан болохоор хэнд юу гэж хэлсэнээ сайн санахгүй байна. Миний хувьд өөр хүнтэй муудалцсан асуудал байхгүй. Лхагвадоржтой бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.5 гэсэн зүйл анги сонсгож байгаад харамсалтай байна. Тухайн үед бид хоёроос гадна 10 гаран хүн хамт. Гэхдээ зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөн мөрдөн байцаалтанд: Төв аймгийн Цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсүүдэд гаргасан. Хууль бусаар алт олборлогсод дайрч хамгаалагч Д.Эрдэнэбатын биед гэмтэл учирсан. Т.Очирцэрэнг Д.Лхагвадорж нь зодож гэмтэл учруулсан. Сайн ломбардны байранд үл таних эрэгтэй нэвтэрч, эд зүйл дээрэмдлээ..." гэх гомдлууд /хх-ийн 15-22 дугаар хуудас/

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд " Хэрэг учрал болсон гэх газар Төв аймгийн Сүмбэр сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойш 8 км орчим газарт "Баруун тахилгат" гэх алт гарч байсан газар...бариатай нэг гэр буулгаж тараасан, гэрийн хаалга, ханыг хугалж эвдэрсэн байсныг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд" /хх-ийн 23-26 дугаар хуудас/

 

Төв аймгийн Сүмбэр сумын Баруун тахилгат гэх ууланд хураалгаатай байгаа гэрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 236-240 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 8815 тоот дүгнэлт: "1. Эрдэнэбатын биед зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 106 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 06 сарын 17-ны өдрийн 8987 тоот дүгнэлтэнд: "1. Т.Очирцэрэнгийн биед доод эрүүний баруун талын далд хугарал, хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 108-109 дүгээр хуудас/

      

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-48 дугаар хуудас/

 

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл: Цэргийн цайвар ногоон алаг саарал өнгийн дотортой эрэгтэй хүний хүрэм байх ба уг хүрмэнд нүдээр үзлэг хийхэд ямар нэгэн урагдал цооролгүй, гадны ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй... гэх тэмдэглэл /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

 

Эд мөрийн баримтыг хурааж авч хэрэгт хавсаргасан тогтоол:  Саарал өнгийн саарал 1 ширхэг, яллагдагчийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан ногоон эрээн өнгийн эрэгтэй хүрэм 1 ширхэг  /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

      

Таньж олуулах ажиллагаа: “...Сайн ломбардны ажилтан хохирогч М.Баасандалайд зураг үзүүлэхэд 3 гэсэн дугаар авсан Д.Лхагвадорж гэх эрэгтэйн зааж энэ хүн мөн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 62-64 дүгээр хуудас/

 

Хохирогч иргэний нэхэмжлэгч Н.Ганхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ ...2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүмбэр суманд "Баруун тахилгат" ууланд хамгаалалтын ажил хийж байхад орой 17 цагийн үед манай хамгаалж байсан объект руу 20-25 залуучууд дайрсан. Тэдгээрийг удирдан чиглүүлж байсан хүн нь цагаан цамцтай саравчтай малгайтай хүзүүн дээрээ шивээстэй залуу байсан. Лхагвадорж та нар эндээс зайл гээд гэрийн хаалга тооныг эвдсэн гартаа мод бариад манай хамгаалагч нар луу дайраад намайг нэг удаа гартаа барьж байсан модоороо цохиж, манай гэрийг буулгаж эвдээд дахин ашиглах боломжгүй болгосон. Тэгээд машиндаа суугаад явсан. Намайг нэг удаа мөр хавьцаа цохисон. Манай хамгаалагч Д.Эрдэнэбат гэх залууг модоор зодож гэмтээсэн. Гэрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 83 дугаар хуудас/

 

Хохирогч Т.Очирцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын төвд Соёлын намайг төвд байж байхад Д.Лхагвадорж ирээд надад хэлэхдээ "Хүмүүс цуглуул уул руу явъя" гэхээр би яах гэж байгаа юм бэ гэхэд хүмүүс цуглуулаад уул руу явъя гээд байсан... Өдрийн 15 цагийн орчим "Баруун тахилгат" уул руу явсан ба ууланд хамгаалалт гарсан байсан. Ууланд очоод Д.Лхагвадорж машинаас буугаад хамгаалагч нарт хандан "та нар эндээс яв, бид нар уулан дээрээ үлдэнэ" гэхэд тус хамгаалагч нарыг удирдаж явсан хүн нь Д.Лхагвадоржид хандан "Бид нарт тийм тушаал шийдвэр ирээгүй" гэхэд Д.Лхагвадорж тэнд байсан гэрийг нураагаад, нурсан гэрийн нэг унь авч дундуур нь хугалаад тэнд байсан хамгаалагч нар луу дайраад байсан ба нэг хамгаалагчийг униар цохиж байгаа харагдсан. Бид нар цаг гаруй болоод буцаад Сүмбэр сумын Булган толгой гэх газар луу Шинэбаярын автомашинтай явсан. Лхагвадорж, Шинэбаяр, Дагважамц бид нар 2 литрийн 3 ширхэг пиво уусан. Би хүргэн ах Дамчибадгартай уулзаад буцаад Булган толгой руу явж байтал Лхагвадорж, Шинэбаяр, Дагважамц нар замд таараад бид нар тэндээсээ Гансүхийн гэрт очсон. Тэнд Гансүх, Дашгалдан гэх хүмүүс байсан. Дамчибадгар, Гансүх бид нарыг Лхагвадорж та нар надтай цуг явсангүй гээд 2-3 удаа цохиод байхаар нь би түүнийг бол гэж хориглоход Лхагвадорж намайг зуураад авахаар нь түүнтэй мөн адил зууралдаад гэрийн тамбар луу гарсан. Тэр үед Дамчибадгар, Дагважамц нар салгах гэж оролдож байсан санагдаж байна. Намайг Лхагвадорж гараараа цохиод тамбарт хэсэг зодсон. Би ухаан алдсан байсан. Би гэртээ ирэхэд аав, ээж намайг эмнэлэгт үзүүлээд, дараа нь Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг авч явсан. Д.Лхагвадоржоос өөр хүн намайг зодож цохьсон асуудал байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

 

 Хохирогч иргэний нэхэмжлэгч М.Баасандалай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 цаг 15 минутын орчимд миний ажилладаг "Сайн” ломбардны гадна хаалга гэнэт хаагдаад үүдний коридор харанхуй болсон, хаалгыг онгойлгох гээд бостол хүний хөлийн чимээ гарахаар нь аюулгүйн товчлуурыг дараад боссон чинь гаднаас дотор хаалга түлхээд цагаан өнгийн малгайтай цамцтай, гадуураа цэргийн цайвар ногоон өнгийн дисант хүрэм өмссөн нилээн махлаг биетэй 30-32 орчим насны 165-170 см орчим өндөр нуруутай эрэгтэй орж ирсэн ба надтай ямар ч юм яриагүй над руу чиглээд дайрсан. Энэ үед би урдаас нь гараараа хий цохиод 2 түшлэгтэй сандлыг нөгөө эрэгтэй рүү урдуур нь хэрээс хийж түлхээд лангууны араас гараад ломбардны байрнаас гараад зугтаасан. Миний араас тэр залуу гаран гартал хөөгөөд би ломбарднаас гараад гадаа хаалгыг нь хаагаад' ойр орчимд явж байсан хүмүүсийг туслаач гэсэн чинь тухайн үед ломбардны ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй. Тэр үеэр нэг эгч явж таараад ломбард руу нэг хүн дайрч ороод дээрэмдэх гээд байна гэж хэлсэн надтай хамт хаалга дараад зогсож байтал нөгөө залуу хаалгыг дотроос нь хүчтэй түлхэж гарч ирээд зам хөндлөн гараад гудамж руу гүйгээд явсан. Би ломбардандаа орж ирээд ширээний доор байх шүүгээ онгорхой байхаар нь үзтэл дотор нь байсан 1.226.880 төгрөгийг аваад явсан байсан. Тэр хүнийг тухайн үед анх удаа харсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 77-81 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Цэрэннадмид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагт Өвөрхангай аймгаас гараад шөнийн 23 цагийн орчим Улаанбаатарт ирж Гэмтлийн эмнэлэг дээр очиж нөхөртэйгээ уулзахад манай нөхөр Т.Очирцэрэнгийн нүүр хэсэг нь нэлэнхүйдээ хавдартай, биеийн байдал нь нилээд хүнд байсан. Юу болсон талаар өөрөөс нь асуухад Д.Лхагвадорж гэх хүнд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/

 

Гэрч Я.Баянжаргалын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Сүмбэр суманд хөдөө байсан. Гэтэл утас дуугараад Дэлгэрмаа гэдэг хүн яриад танай Очирцэрэн гэдэг хүүг чинь хүн зодоод байна та ирэхгүй бол болохгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд хүүгийнхээ гэрт очиход хүү маань толгой нүүр нь хар хөх юм болсон нилдээ цус гарч байсан. Сумын эмнэлэг рүү аваачсан манай хүү ухаан нь орж гараад байх шиг байсан. Сүмбэр сумын эмнэлгээс Улаанбаатар хот руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/

 

Гэрч С.Дамчибадгар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ ...Би 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэртээ амарч байхад Очирцэрэн орж ирээд "Би уул руу явж “Булан толгой” гэх газар байж байгаад ирлээ" гэсэн. Тэгээд бид 2 гэрээс гараад явж байтал Шинэбаяр, Лхагвадорж, Дагважамц нар Шинэбаярын машинтай явж байхад таарсан. Бид нар Гансүхийн гэр рүү очихоор болсон юм. Тэгээд бид нар Гансүхийн гэрийнх нь гадаа очоод Лхагвадорж, Очирцэрэн бид 3 Гансүхийн гэрт нь орох үед Дагважамц, Шинэбаяр 2 машинд үлдсэн. Тэгээд бид 3 Гансүхийн гэрт ороход тэдний гэрт Дашгалдан, Гансүх, Гэрэлмаа нар байсан. Очирцэрэн, Лхагвадорж ахаа 2-уулаа гараад уулзъя гэхэд Лхагвадорж "Чи муу ер нь өдрөөс хойш яах гээд байна" гээд Лхагвадорж Очирцэрэнг бариад авахад би тэр 2-т хандан "Одоо больцгоо" гэхэд намайг Лхагвадорж "Чи муу пизда минь гараад байж бай" гэхэд би айгаад Дашгалдан бид 2 хажуу айлын бие засах газар ороод эргээд Гансүхийн гэрт нь ороход Лхагвадорж гэрийн гадаа дээгүүр цамцаа тайлаад орилоод зогсож байсан. Гансүхийн гэр рүү орох гэхэд гэрийнх нь үүдний таамбар хэсэгт Очирцэрэн цус нөжиндөө хутгалдаад хэвтэж байсан. Би Лхагвадоржоос яагаад Очирцэрэнг ингэж зодож байгаа юм бэ гэхэд Лхагвадорж надад хандан "Чи муу гөлөг, муу банди надтай хамт уул руу өнөөдөр явахгүй яасан юм" гээд байсан...Лхагвадорж, Очирцэрэн нар архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 219-220 дугаар хуудас/

 

Гэрч Б.Дагважамц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Шинэбаяр, Лхагвадорж бид 3 сум руу буцаад явж байхад Дамчибадгар, Очирцэрэн 2 гараа өргөөд машинд сууцгаасан. Тэгээд бид Гансүхийн гадаа очиход Дамчибадгар, Очирцэрэн, Лхагвадорж 3 дотогшоо орж, Шинэбаяр бид 2 машиндаа үлдсэн. Тэгтэл чанга, чанга орилоод зодоон болж байгаа юм шиг чимээ гарахаар нь хашаанд ороход Очирцэрэн, Лхагвадорж 2 маргалдаж байсан. Тэгээд би Лхагвадоржийг явъя гэхэд "За түр байж бай би дүүтэйгээ юм ярих хэрэгтэй байна гэхээр нь би Гансүхийн гэрт ороод хэвтэхэд гадаа бас шуугиан болоод явахаар нь гэрээс гарахад амбаар дотор Лхагвадорж  цамцаа тайлсан байдалтай, харин Очирцэрэн гэрийн таамбарт шалан дээр хэвтэж байхад Лхагвадоржийг би одоо тайвшир миний хөгшин гээд аваад гарсан. Очирцэрэн, Лхагвадорж нар нилээд архи уусан байсан. Очирцэрэн гэрийн үүдний таамбарт толгой нүүрээ дараад хэвтэж байсан. Лхагвадорж түүнийг зодсон юм шиг байна лээ. Лхагвадоржоос өөр хүн Очирцэрэнг зодох ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

Шинжээч О.Болороо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Т.Очирцэрэнгийн бие махбодид учирсан гэмтэл унах үед үүсэх боломж муутай, харин цохих, өшиглөх үед үүсэх боломж илүү, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3 буюу түүнээс дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг / хх-ийн 120-121 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Очирцэрэн нь Д.Лхагвадоржтой бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17-18 цагийн орчим Төв аймгийн Сүмбэр сумын нутаг "Баруун тахилгат" гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч, "Дэтмэнт" харуул хамгаалалтын албаны хамгаалалт хийж байсан газар луу иргэдийг уриалан очиж, "гэрээ буулга, эндээс зайл" гэх шалтгаанаар гэрийг нь нурааж, танхайрсан гэмт хэргийг

 

Шүүгдэгч Д.Лхагвадорж нь Сум дундын 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар захирамжаар 2 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа шүүгдэгч Т.Очирцэрэнтэй бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17-18 цагийн орчим Төв аймгийн Сүмбэр сумын нутаг "Баруун тахилгат" гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан, "Дэтмэнт" харуул хамгаалалтын албаны хамгаалалт хийж байсан газар луу иргэдийг уриалан очиж, "гэрээ буулга, эндээс зайл" гэх шалтгаанаар гэрийг нь нурааж танхайрсан гэмт хэргийг

 

 Мөн Д.Лхагвадорж нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн байшингийн хороололын 3-6 тоотод оршин суух Г.Гансүхийн гэрт иргэн Т.Очирцэрэнг "хийж байгаа үйлдэл хорьлоо" гэх шалтгаанаар шалтаглан зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Эрдэнэбат, гэрч С.Дамчибадгар, Э.Цэрэннадмид, Я.Баянжаргал, Б.Дагважамц, Г.Мөнхсүх, М.Бат-Эрдэнэ, П.Даваа-Очир нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Д.Лхагвадоржийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сайн" ломбард руу нэвтрэн орж, ломбардны ажилтан М.Баасандалайн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж 1.226.880 төгрөгийг ломбарднаас дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Д.Лхагвадоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж болдог. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Сайн ломбардны камерийн бичлэгийг хуулж авсан СД бичлэгийг шинжлэн судлахад хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, занал хийгээгүй, довтолсон үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Д.Лхагвадоржийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар байх тул хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул шүүгдэгч Д.Лхагвадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Мөн Төв аймгийн Прокурорын газраас Д.Лхагвадоржийг зэвсгийн чанартай бусад зүйл болох унь хэрэглэж хохирогч Б.Эрдэнэбатын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдохгүй байна. Учир нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Бат-Эрдэнэ болон гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ няцсан, мөн гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгдээ унь барьсан талаар мэдүүлдэг боловч униар хаана нь хэрхэн цохиж, ямар гэмтэл учруулсан талаар тодорхой мэдүүлж чаддаггүй. Мөн эд мөрийн баримтаар цохисон гэх “унь” хураагдаж ирээгүй, шүүгдэгч Т.Очирцэрэн мөрдөн байцаалтын шатанд униар цохисон гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт униар цохиогүй гэж мэдүүлдэг бөгөөд Д.Лхагвадорж нь өөрийн танхайн үйлдлээ идэвхижүүлэх зорилгоор унийг ашигласан гэдэг нь нотлогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажиллагаа гүйцэтгээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар /хөнгөрүүлэн үзэж/ унь буюу зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гаргасан 17 хуудас баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Хэрэг учрал 2015 оны 06 сарын 10-ны өдөр гарсан боловч шинээр гаргаж буй нотлох баримтууд нь 2014 оны 8 сарын 20-ны өдрийн баримтууд байна. Мөн тухайн баримтуудаар шүүгдэгч Д.Лхагвадорж нь нөхөрлөлийн тэргүүн байсан нь хэрэг учрал болсон газар нөхөрлөлийн шугамаараа ажил үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэх баримт авагдаагүй нотлох чадвараа алдсан баримтууд байна. Мөн тухайн хамгаалсан гэх газар нь компаний эзэмшлийн газар байсан бөгөөд гар аргаар алт олборлох зөвшөөрөл гараагүй байхад шүүгдэгч нарын хийсэн үйлдэл нь хууль зөрчсөн танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэсэн.

 

Шүүгдэгч Т.Очирцэрэн, Д.Лхагвадорж нарын холбогдсон хэрэг нь 2015 оны 06 сарын 10-ны өдөр үйлдэгдсэн буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж зааснаар хамаарагдаж байх бөгөөд Т.Очирцэрэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хамрагдаж байх тул шүүгдэгч Т.Очирцэрэнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, шүүгдэгч Д.Лхагвадоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарагдаж байх тул шүүгдэгч Д.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар

Хохирогч Д.Эрдэнэбатын хувьд сэтгэл санааны болон гэмт хэргийн улмаас  өөрт учирсан эм тарианы зардал, тээврийн зардал 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж хохирлын хэмжээг тооцож үзэхэд эм тарианы зардал 800.000 төгрөг, бензин болон тээврийн зардал 80.000 төгрөг нийт 880.000 төгрөг нэхэмжилсэн байгаа боловч хавтас хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй эх хувиараа биш, тамга тэмдэг дарагдаагүй хэдий ч, хохирогчийн гараа гэмтээсэн нь хавтаст хэрэгт авагдсан зураг, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож, хохирогчийн гараа гэмтээсэн эсэхэд талууд маргаагүй байх тул эмчилгээний болон тээврийн зардлын баримтаар нотлогдсон 169.160 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар Д.Лхагвадоржийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан ногоон эрээн хувцсыг Д.Лхагвадоржид буцаан олгож, СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган хадгалж, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Д.Лхагвадоржийн эзэмшлийн 000062005 дугаартай газрын гэрчилгээ, Т.Очирцэрэнгийн эзэмшлийн Тошиба маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Д.Лхагвадоржийн урьдчилан цагдан хоригдсон 450 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцох нь зүйтэй байна.  

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн “Д.Эрдэнэбатыг униар буюу зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

 

 

3. Шүүгдэгч Сартуул овогт Дагийсүрэнгийн Лхагвадорж, Толягийн Очирцэрэн нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрч, танхайрах гэмт хэргийг үйлдэх явцдаа Д.Лхагвадорж нь бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, мөн Д.Лхагвадорж нь бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Д.Лхагвадоржийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадоржид холбогдох Эрүүгийн хуулийн 146  дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадоржийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Очирцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирцэрэн, Д.Лхагвадорж нарт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас тус тус 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хассугай.

 

7. Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвадожид энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж, ялтан Д.Лхагвадоржийн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Очирцэрэнд оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, ялтан Д.Лхагвадоржид оногдуулсан 1 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Д.Лхагвадоржийн урьдчилан цагдан хоригдсон 451 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Очирцэрэнд оногдуулсан 1 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн байцаан Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Очирцэрэн тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн тэнсэнгийн ялыг хорих ялаар солих болохыг  сануулсугай. 

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Лхагвадоржоос 169.160 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнбатад олгож, 1.226.880 төгрөгийг иргэний нэхэмжлэгч М.Баасандалайд төлсөн, хохирогч Т.Очирцэрэн ялтан Д.Лхагвадоржоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг ялтан Т.Очирцэрэн нь 275.000 төгрөгийг хохирогч Ганхуягт төлсөн, хохирогч Ганхуяг нь  Т.Очирцэрэнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хохирогч, Д.Эрдэнэбат нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн “Д.Лхагвадоржийн эзэмшлийн 000062005 дугаартай газрын гэрчилгээ, Т.Очирцэрэнгийн эзэмшлийн Тошиба маркийн хөргөгчийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчдэд нь буцаан олгосугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Д.Лхагвадоржийн хэрэг үйлдэх үед өмсөж явсан ногоон эрээн өнгийн саарал дотортой хүрэм 1 ширхэгийг ялтан Д.Лхагвадоржид буцаан олгож, СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргасугай.

 

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Т.Очирцэрэнг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Д.Лхагвадоржид  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

      

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОТГОНЖАРГАЛ      

                 

                     ШҮҮГЧИД                             Ж.МӨНХТУЯА                              

                     

                                                            Ю.ЭНХМАА