Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00527

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 25 001/ХТ2021/00527

 

 

 

О.Өмиргүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/00485 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр магадлалтай,

 

О.Өмиргүлийн нэхэмжлэлтэй

Орхон аймгийн Баян-Өндөр сумын*******т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 1,333,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Өлзийбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч Ш.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Өмиргүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019.05.01-ний өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-т Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1.-ийг үндэслэн байнгын ажлын байранд Архивын ажилтнаар орсон. Уг ажлыг 2019.05.01-ний Б/88 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр халагдсан М.Цэнгэлмаагаас ажил хүлээж авсан. Ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Сар бүр хийсэн ажлаа тайлагнаж удирдлагуудад и-офиссоор илгээж танилцуулдаг байсан. Баян-Өндөр суманд Архивын ажилтан-аар ажиллах хугацаанд 2010 оноос 2018 он хүртэлх удирдлагын баримт бичиг болох бүх захирамж тушаалуудыг цахим хэлбэрт шилжүүлэн цахимжуулсан, тус сумын архивт хадгалагдаж буй хадгаламжийн нэгжүүдийг ангилан төрөлжүүлж нийт сан хөмрөгийн тоог гаргаж зориулалтын хайрцагт дугаарлан хийж эмх цэгцтэй болгосон, 5 жилд нэг удаа болдог улсын архивын үзлэг шалгалтанд хангалттай дүн авсан. 2020.01.23-наас эхлэн эмнэлгийн магадлагаатай, өвчтэй байсан. /тамгын дарга-д уг өдрөөс эхлээд өвчтэй байгаагаа мэдэгдсэн/. Гэтэл 01 дүгээр сарын 27-ны өдөр дуудаж ажлаас халагдсан тушаал өгсөн. Тэр өдрөө ажил хүлээлцсэн. Миний бие Улаанбаатар хотод ХСҮТ болон ЭНЭМҮТ-д 2019.08 дугаар сараас хойш онош тодруулан өндгөвчний эндометриома оношоор мэс заслын заалттай, 2019.12 дугаар сард хагалгааны хуваарьт орох байсныг хувийн шалтгааны улмаас 2020.02 дугаар сар хүртэл хойшлуулсан байсан. Дотоод журмын дагуу 02 дугаард сард ээлжийн амралтын эрх үүссэж байсан тул би тухайн үед удирдлагуудад өвчний карт, онош, томограф сиди, шинжилгээний хариу гэх мэтийг танилцуулж байсан. Иймд намайг өвчтэй байхад, сахилгын болон ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад, мөн анх ажилд авахад үндсэн ажилтнаар авсан хүний оронд буюу түр гэж огт мэдэгдээгүй, ямар ч шалтгаангүйгээр ажлаас гэнэт чөлөөлсөнд гомдолтой байна. Мөн эмнэлгийн хуудас №1356007 нягтлан бодогчдоо бодуулах гэж өгөхөд халагдсан тул бодохгүй, мөн ажилласан хугацааны ээлжийн амралтын хоногийн олговрыг тооцон олгохоос татгалзсан. Миний бие ажилд эргүүлэн тогтоолгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 02 дугаар сарын 29-ний байдлаар /1 дүгээр сарын 5 хоногийн 135,000 төгрөг, 2 дугаар сарын цалин 598,000/ нийт 733,000 төгрөг мөн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор болох 600,000 төгрөг нийтдээ 1,333,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байна. 2020.01.01-нээс эхлэн цалин шинэчлэн тогтоох тушаалд архивын ажилтан цалин болон ангилал нэмэгдсэн. Хүсэлтийг минь хүлээн авч хохирлыг минь барагдуулж эргүүлэн тогтоолгож өгнө үү? Миний бие О.Өмиргүл 2020.02.21-нд нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг 2 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар буюу 1 дүгээр сарын 5 хоногийн 135,000 төгрөг, 2 дугаар сарын цалин 598,000 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг нийт 1,333,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилсэн дээр ажилд эргүүлэн тогтоолгох хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулахаар нэмэлтээр нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч нэмэлтээр нэхэмжлэлд оруулж өгнө үү. Намайг ажилд авахдаа хэн нэгний оронд түр гэрээгээр авч байна гэж хэлж байгаагүй. Хэрвээ намайг хэн нэгний оронд түр гэрээгээр авч байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Мөн намайг зохих журмын дагуу чөлөө аваагүй гэж үзсэн. Би өглөө ажил дээрээ цагтаа очоод эмнэлэг явлаа гэж хэлээд явсан. Тэгээд эмч намайг яаралтай төлөвлөгөөт хагалгаанд орсон нь дээр юм байна гэж хэлсэн. Эмчийн бичиг өгсөн заалт нь хүртэл байна. Листний хугацаа 2020.02.02-нд дуусаж байсан. Өвчтэй гэдгээ мэдэгдэж байсан. Би энэ хүн рүү мессеж бичсэн. Над руу буцаагаад хариу бичсэн. Тэр хариу нь хүртэл надад одоо байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга Ш.Өлзийбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архивын ажилтнаар Ж.Энхтуяаг 2017.01.02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар ажиллуулж байгаад 2017 оны 07 дугаар 17-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар архивын ажилтны байнгын ажлын байранд Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтын дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Архивын ажилтан Ж.Энхтуяа нь 2017.08.22-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авч, тус өдрөөс Н.Маралмааг архивын ажилтнаар түр томилон ажиллуулсан. Ингээд Архивын ажилтан-ны албан тушаалд 2017.05.18-ны өдрийн Б/97 дугаар тоот тушаалаар Г.Одонтунгалагийг Ж.Энхтуяагийн хүүхэд асрах чөлөө дуусах хүртэл хугацаагаар түр гэрээ байгуулж, томилон ажиллуулсан болно. Г.Одонтунгалаг нь өөр албан тушаалд томилогдож 2018.11.06-ны Б/318 дугаар тушаалаар архивын ажилтнаар М.Цэнгэлмааг Ж.Энхтуяагийн хүүхэд асрах чөлөө дуусах хүртэл хугацаагаар гэрээ байгуулж томилон ажиллуулсан. М.Цэнгэлмаа нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, 2019.05.01-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тус өдрөөс Засаг даргын Тамгын газрын даргын Б/89 дүгээр тушаалаар О.Өмиргүлийг архивын ажилтны албан тушаалд түр хугацаагаар, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Архивч Ж.Энхтуяа нь ажилдаа орох өргөдөл өгч, О.Өмиргүлийг ажлаас чөлөөлөх асуудал үүсэхэд О.Өмиргүл нь 2020.01.23-ны өдрөөс ажилдаа ирээгүй, зөвхөн утсаар өвчтэй гэж, хэнд хэлсэн нь тодорхой бус, эмнэлгийн өвчтөний лист болон нотлох баримт тухайн үед өгөөгүй болно. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 10.13, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон багуудын ажлын албаны ажилтан, албан хаагчдад чөлөө олгох журам-ын 4.1.дэх заалтуудад ямар нэгэн шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд бичгээр эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх ёстой байсныг зөрчсөн тул өвчтэй байсан үед тушаал гаргасан гэж нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тушаалын төсөлтэй танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Архивч Ж.Энхтуяа нь 2020.01.14-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгаж ажилдаа орох хүсэлтээ өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 заалтын дагуу ажилд нь эргүүлэн авах болсон тул О.Өмиргүлийг 2020.01.27-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйд нийцсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/00485 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ээлжийн амралтын олговор 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Өмиргүлд олгож, нэхэмжлэлээс үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Өмиргүлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамж 18650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээ магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ээлжийн амралтын олговор 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Өмиргүлд олгож, нэхэмжлэлээс үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ... О.Өмиргүлийг Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас 2.541.596 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Өмигүлд олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баян-Өндөр сумын*******т даалгасугай ... гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг ... хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамж 18650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай ... гэснийг ... хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 55.614 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч О.Өмиргүлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Өлзийбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу Н.Маралмаа, Г.Одонтунгалаг, М.Цэнгэлмаа нарыг архивын ажилтнаар томилсон тухай хэрэгт авагдсан тушаалуудын үндэслэх хэсэгт Ж.Энхтуяагийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусах хүртэл хугацаагаар гэж тодорхой тусгасан нь Архивын ажилтан-ы орон тоо нь Ж.Энхтуяад хэвээр хадгалагдаж байгааг нотолж байх тул Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил, хүний нөөцийн мэргэжилтний хайхрамжгүй гаргасан 2018 оны Б/89 дугаартай тушаалын үндэслэх хэсгийг чухалчлан О.Өмиргүлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан архивын ажилтнаар томилсон байх тул нэхэмжлэгчийг хүний оронд түр ажилласан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Үндсэн ажилтан Ж.Энхтуяагийн оронд ажиллаж байсан бусад албан хаагчдын тушаалууд болон О.Өмиргүлийг ажилд авсан тушаалуудыг хариуцуулан үнэлээгүй, ажил үүргээ гүйцэтгэж байгаа үндсэн ажилтан Ж.Энхтуяагийн асуудлыг хэлэлцэлгүйгээр О.Өмиргүлийг ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь архивын ажилтан Ж.Энхтуяаг ажилладаггүй, ажиллахгүй байгаа гэх мэт худал үндэслэлгүй мэдээллийг өгсөн. Шүүхийн магадлалын 5 дугаар хуудасны дээд талаас 25 дахь мөрөнд Нэхэмжлэгч О.Өмиргүлийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн гаргасан Б/89 дугаар тушаалын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул... гэсэн байгаа нь О.Өмиргүлийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2020 оны Б/21 дугаартай тушаалыг бус Б/89 дугаарт тушаалыг шүүгч нар шинжлэн судалж дүгнэлт гаргасан байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа, ээлжийн амралтын олговорт 1,333,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай О.Өмиргүлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

О.Өмиргүл 2019.05.01-ний өдрийн Б/89 дугаар тушаалаар архивын ажилтнаар ажиллаж байсан ба ажил олгогч 2020.01.27-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар архивч Ж.Энхтуяагийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлжээ.

 

Зохигчийн хоорондох маргааны зүйл нь нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажилласан эсвэл байнгын орон тоон дээр ажиллаж байсан эсэх асуудал болсон, анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримтыг эрх зүйн үндэслэлтэй дүгнэсэн байна.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архивчаар Ж.Энхтуяа ажиллаж байгаад 2017.08.22-ны Б/116 дугаар тушаалаар жирэмсний амралт авч оронд нь Н.Маралмааг ажилд түр авсан, 2018.05.18-ны Б/97 дугаар тушаалаар Н.Маралмааг чөлөөлж Г.Одонтунгалагийг түр авч ажиллуулсан, 2018.11.06-ны Б/318 дугаар тушаалаар М.Цэнгэлмааг архивчаар ажилд түр авсан, М.Цэнгэлмаа ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан тул 2019.05.01-ний Б/88 дугаар тушаалаар О.Өмиргүлийг архивчийн ажилд авсан баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажилд орсон нь тогтоогдсон байна. Энэхүү үйл баримтын талаар анхан шатны шүүх эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ.

 

Ажилд авах тухай 2019.05.01-ний өдрийн Б/88 дугаар тушаалд О.Өмиргүлийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд авсан талаар дурдаагүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй, хэлбэрийн хувьд уг тушаалаар байнгын ажлын байранд ажилд авсан утга байх боловч дээр дурдсан тушаалуудаар хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд нэхэмжлэгчийг ажилд авсан нь хөдөлбөргүй тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх үйл баримтыг дүгнэж чадаагүй, тушаалын хэлбэрийг дүгнэж агуулгыг орхисон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалд анхнаасаа Ж.Энхтуяа үндсэн ажилтнаар ажилласан, хүүхэд асрах чөлөө авснаас хойш хэд хэдэн хүнийг уг ажилд түр авсан, О.Өмиргүлээс өмнөх дээрх тушаалуудад ажилд түр авсан нөхцөл тусгагдсан болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс гадна магадлалын удирдтгал болон тогтоох хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг алдаатай тусгасан байв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4-т зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй ба Ж.Энхтуяа нь 2020.01.24-ний өдөр ажилдаа орох хүсэлт гаргаснаар хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/00485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 125,815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ