Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О , С.Т нарын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22230000013 дугаар нөхөн ногдуулалтын актын 121,771,955 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 136 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Б.Б

Хариуцагч У.О , С.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0848/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж ” ХХК-иас Нийслэлийн Татварын газрын улсын байцаагч нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О , С.Т нарын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22230000013 дугаар нөхөн ногдуулалтын актын 121,771,955 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 136 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, Татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 1-ийн б, 12 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О , С.Т нарын 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22230000013 тоот Нөхөн ногдуулалтын актын 121,771,955 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. … Хэргийн гол үйл баримт нь Хонконг Улс нь Монгол Улстай давхар татварын гэрээ байгуулаагүй бөгөөд Хятад Ард Улс нь Монгол Улстай татварын гэрээтэй буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар хоорондын хийсэн хэлэлцээрийг үндэслэж шийдвэр гаргасан.

3.2. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолд “... Татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Монгол Улсын болон Хонконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, ажил үйлчилгээнд ашиглах боломжтой эсэх талаар тодруулга авахаар хүргүүлсэн хэрэглэх боломжгүй талаар хариуг ирүүлсэн” тул тухайн нөхөн ногдуулалтыг актыг хэвээр үлдээсэн.

3.3. “Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь эрх зүйн системийн хувьд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар засаг захиргаа онцгүй бүс болох Хонконг хамаардаггүй болно” гэх Татварын албаны дээд шатны байгууллагаас ирсэн албан бичгийг хэргийн нотлох баримтын түвшинд үнэлээгүй ... Татварын байгууллагаас Хонконг нь Монгол Улсын татварын албатай давхар татварын гэрээ хийгээгүй гэж албан бичиг ирүүлсээр байхад өөрийн эрх хэмжээний хүрээнд Татварын ерөнхий газар болон Сангийн яаманд албан бичиг хүргүүлж тухайн асуудлын талаар тодруулах үүргээ биелүүлээгүй нотлох баримтыг хангалттай цуглуулалгүй нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь хуулийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, нотлох баримтыг хангалттай цуглуулах, хуульд нийцсэн шийдвэр гаргах шаардлагатай байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Анх нэхэмжлэгч “Ж ” ХХК нь Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О , С.Т нарын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн НА-22230000013 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд “Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О , С.Т нарын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22230000013 дугаар нөхөн ногдуулалтын актын 121,771,955 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2.2. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2021 онд 567,465.21 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогыг тайлагнаж, татвар ногдуулан төлөөгүй, 2018 онд 298,820.57 төгрөгийн, 2019 онд 57,568.45 төгрөгийн, 2020 онд 269,251.75 төгрөг, нийт 625,101.16 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтанд ногдох худалдан авалтыг хувь тэнцүүлж тооцоогүй, татвар ногдуулах орлогоос хасаж тооцон, төлөх татварыг бууруулсан, суутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогын албан татварын тайлангаар Хонконгийн хуулийн дагуу үүсэн байгуулагдсан “L” Co.ltd компанитай байгуулсан франчайзингийн гэрээний үндсэн дээр тухайн компани руу 2018 онд 449,837,276.40 төгрөг, 2019 онд 361,619,913.40 төгрөг нийт 811,457,189.80 төгрөгийн эрхийн шимтгэлийн төлбөр шилжүүлснээс ... төлвөл зохих татварыг 2018 онд 44,983,727.64 төгрөгөөр, 2019 онд 36,161,991.34 төгрөгөөр, нийт 81,145,718.98 төгрөгөөр бууруулан тайлагнасан” гэж дүгнэж, нэхэмжлэгч компанид 81,208,229.1 төгрөгийн нөхөн татвар, 24,365,161.25 төгрөгийн торгууль, 16,239,432.58 төгрөгийн алданги, нийт 121,812,822.93 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

2.3. Уг нөхөн ногдуулалтыг актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “... Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн б хэсэгт заасны дагуу газар зүйн утгаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх нутаг дэвсгэр гэх агуулгад газар зүйн байршлын хувьд Хонконг нь бүхэлдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт оршдог, салшгүй нэгэн хэсэг мөн байх тул Монгол Улсын болон Хонконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, ажил гүйлгээнд ашиглах бүрэн боломжтой” гэж тайлбарлан маргажээ.

2.4. Анхан шатны шүүх “...Олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэхээр, Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр хуульчилсан байх тул Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, Татварын төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус маргаанд баримтлах нь зүйтэй ... Засгийн газар хоорондын хэлэлцээрийн холбогдох зохицуулалтуудад Хятад гэж БНХАУ, газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрт хамаарахаар, оногдуулж буй татвар нь шан харамж, эрхийн шимтгэлийн нийт хэмжээний 10 хувиас хэтрэхгүй гэж тус тус заасан ба Хонгконг нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт хамаарах нь тодорхой тул Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 10 хувиар тооцож татвар төлөх ёстой гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж дүгнэн, нэхэмжлэгч Ж ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.5. Учир нь Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, Татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд “Энэхүү хэлэлцээр нь хэлэлцэн тохирогч хоёр улс буюу эдгээрийн аль нэгний нутаг дэвсгэрт байнга оршин суугч этгээдийг хамаарна”, 2 дугаар зүйлд “Хэлэлцэн тохирогч аль нэг Улс, түүний нутгийн эрх барих байгууллагуудаас орлогод оногдуулж буй татварууд нь тэдгээрийг хэрхэн оногдуулж байгаа хэлбэрээс үл шалтгаалан энэхүү хэлэлцээрт хамаарна”, 3 дугаар зүйлийн 1 б/Хятад” гэж БНХАУ, газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд мөн Хятадын татварын хууль үйлчлэх БНХАУ-ын нутаг дэвсгэр багтах тэнгис, түүнчлэн олон улсын хуулийн дагуу нөөцийг нь БНХАУ олборлох, ашиглах эрх бүхий далайн ёроол, түүний хэвлий БНХАУ-ын нутаг дэвсгэрт багтах тэнгисээс гадагш орших нутгийг хэлнэ” гэж, 1 в/Хэлэлцэн тохирогч Улс, Хэлэлцэн тохирогч нөгөө Улс гэж Хэлэлцээрийн заалтын утгаас хамааран Монгол болон Хятадыг хэлнэ”, 1 з/Харъяа гэж хэлэлцэн тохирогч Улсын харъяат бүх хувь этгээд болон Хэлэлцэн тохирогч Улсын хуулийн дагуу зөвшөөрөгдөн ажиллаж буй хуулийн бүх этгээд, татвар оногдуулах утгаараа түүнтэй адилтгах хуулийн бус этгээдийг хэлнэ” гэж тус тус заасан байна.

2.6. Дээрх хэлэлцээрийн зохицуулалт, хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ...Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, Татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь эрх зүйн системийн хувьд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконг хамаардаггүй. Хонконгтой давхар татварын гэрээ байгуулсан улсын жагсаалтыг Хонконгийн татварын албаны цахим хуудаснаас танилцах боломжтой” гэх 04/1307 дугаар албан бичиг зэргээс үзэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг Улс нь хэлэлцэн тохирогч хоёр улсад хамаарахгүй, эдийн засаг, засаг захиргааны бүтцийн хувьд бие даасан учраас уг хэлэлцээрийн зохицуулалтууд үйлчлэхээргүй байх тул хариуцагчийн “... Хонгконг нь бие даасан статустай, бие даасан эдийн засагтай, бие дааж шийдвэр гаргадаг талаар заасан, Хонгконг нь дэлхийн бусад улсуудтай бие дааж, тусдаа давхар татварын гэрээ байгуулдаг тул Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ маргаанд хэрэглэхгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

2.7. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 82 дугаар зүйлийн 81.1.2-т төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1.5-д “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22230000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь дээрх хуульд заасанд нийцсэн байна.

2.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 81.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, Татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1-ийн б, взаасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О , С.Т нарын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22230000013 дугаар нөхөн ногдуулалтын актын 121,771,955 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж  хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ