Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0620/З |
Дугаар | 221/МА2024/0282 |
Огноо | 2024-04-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0282
“Н ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/492, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 225 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Э.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ууганбаяр
Хэргийн индекс: 121/2023/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н ” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/492, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/492, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Нэхэмжлэгч “Н” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/338 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлын зориулалтаар 16 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Н-с Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 1/35 дугаартай мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд “Н” ХХК-ийг 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын иргэн П-н Н үүсгэн байгуулж, улмаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай “Э ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн хувьцааг БНХАУ-ын иргэн ……… гэгч нар эзэмшдэг байна. Мөн “Н ” ХХК нь дээрх газарт өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол барихаар барилгын ажпыг эхлүүлэн, барилгын суурь цутгаж, 1, 2 дугаар давхрын өрлөгийн ажлыг хийсэн байна” гэж дурдсан байдаг.
3.2. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Н ” ХХК-г эх үүсвэр нь тодорхойгүй санхүүжилтээр орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байх явцад “Н ” ХХК-г П.Н үүсгэн байгуулж, Ч.Б-д хувьцаагаа зарсан, Ч.Б нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Э ” ХХК-д компанийн хувьцааг шилжүүлж, улмаар талуудын хооронд гэрээ байгуулан, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар орон сууцны хороолол барихаар барилгын ажлыг эхлүүлсэн, тус төслийн ашгаас Ч.Б 21 хувийг хүртэхээр тохиролцсон зэрэг нь үйл баримтууд гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон.
3.3. Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсгийн 14-д “ ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахыг хориглосон боловч газар ашиглаж буй компанийн хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байхыг хориглоогүй бөгөөд “Н ” ХХК-д газрыг ашиглуулахаар шийдвэрлэх үед тус компанийн хувьцаа эзэмшигчээр иргэн П.Н бүртгэлтэй байсан байх тул хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан явдал үзэж байна.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Н ” ХХК анх “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/492 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/627 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
2.2. Анхан шатны шүүх “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “Н ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо шийдвэр гарах нөхцөл байдлыг өөрөө тогтоож, үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна ... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахыг хориглосон боловч газар ашиглаж буй компанийн хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байхыг хориглоогүй бөгөөд 2010 оны А-338 дугаар тушаалаар Н ХХК-д газрыг ашиглуулахаар шийдвэрлэх үед тус компанийн хувьцаа эзэмшигчээр иргэн П.Н бүртгэлтэй байсан байх тул хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглох боловч компанийн хувьцаа эзэмшигч солигдсоныг ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч “Н ” ХХК нь газар ашиглаж эхэлснээс хойш ашиглаж буй газар дээрээ барилга барихаар эрх бүхий байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл авч барилга барьсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, дархан цаазат газрын горимыг зөрчин газар ухаж, барилга байшин барьсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ... хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байхад маргаан бүхий газарт гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон сайдын 2022 оны А/627 дугаартай тушаал нь хууль бус болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.5. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/492 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Н ” ХХК-ийг “... 16 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компаний хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э ” ХХК-д шилжүүлснийг нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/35 дугаар мэдэгдлийн дагуу зориулалт бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм гормыг зөрчин газар ухаж барилга байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн” гэж үзэж, газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
2.6. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж зааснаар анхан шатны шүүх “... газар ашиглаж буй компаний хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байхыг хориглоогүй” гэж дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь буруу байна.
2.7. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хөрөнгө оруулалт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг, 3.1.2-д “хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Н ” ХХК-ийг “хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн” гэж буруутгаж байгаа энэ тохиолдолд “Э ” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эсэхийг тогтоож, дээрх хуульд заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
2.8. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Э ” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дөрвөн иргэн, “Н ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээллээр компанийн 24 хувийг “Э ” ХХК, 76 хувийг Ч.Б эзэмшдэг тул Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Э ” ХХК-ийн өмчлөгч хэн болох, нэхэмжлэгч компанид хэдэн хувийн хөрөнгө оруулалтыг оруулсан эсэх, компаний хөрөнгийн жагсаалтыг холбогдох байгууллагаас авч тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
2.9. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ