| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2017/0035/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 01
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 201616000247 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар: А.******* нь 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Гурвантэс сумын төвд өөрийн гэртээ С.Молор-Эрдэнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлаад Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч С.******* мэдүүлэхдээ: “2016 оны 10 сарын 21-ний өдөр манай найзууд цэрэгт явах гэж байсан. Тэгээд намайг дуудаад явах гэж байгаа найзуудтайгаа хамт бид нар хөдөө гарч пиво уусан тэгээд сумын төвд буцаж орж ирсэн. Сумын соёлын төв дээр бүжиг болж байсан тэнд бид нар очсон. Бид нар бүжиг харж байгаад би нэг найзыгаа гэрт нь хүргэж өгчихөөд буцаад соёлын төврүү мотоцикльтой явж байхад нэг яватай хүн хажуугаар ороод сигналдаад байсан би эргээд тэр хүн дээр яасан юм бол гээд очиход нэг танихгүй залуу сайн байна уу ахын дүү ахыгаа таньж байна уу? гэж асуусан тэгэхээр нь би танихгүй байна гэхэд би танай дээд хашаанд байдаг шдээ гэж хэлсэн. Би таныг огт хараагүй юм байна гэхэд би чамайг таньж байна гэсэн Тэр хүн намайг чи хаачих гэж байгаа юм бэ гэсэн би соёлын төврүү явж байна гэхэд хоёулаа нэг айлд очъё гэсэн би хэнийд очих гэж байгаа юм бэ гэхэд *******гийн гэрт нь очно гэж хэлсэн тэр хүн ява унаад явахад нь би араас нь дагаж яваад *******гийн гэрт нь ороод байж байхад тэр хүний утас нь дугарсан тэгээд ярьж байгаад *******гын мотоцикль нь эвдэрсэн гэнээ хоёулаа хамт очих уу гэхээр нь би хамт явсан. Тэгэхэд ******* мотоциклио түрээд гэрлүүгээ явж байсан. Намайг тэнд очиход чи миний мотоциклийг түрээд оч би чиний мотоциклийг унаад явлаа гэсэн. Би мотоциклийг нь түрээд гэрийнх нь гадаа тавьчихаад гэрт нь ороход ******* нь 2 залуутай хамт 0,5 литрийн нэг архи задалчихсан сууж байсан. ******* надад архи аягалж өгөхөөр нь би хатуу юм уухгүй зөөлөн юм уудаг гэж хэлэхэд ******* миний мотоциклийн ганзаганд пиво байгаа оруулаад ир гэсэн би гарч пиво оруулж иртэл ******* чи наад пивоо ганцаараа уугаарай гэж хэлсэн. Би уг пивоноос 2 аяга пиво уугаад байж байхад хамт байсан 2 залуу нь согтчихсон. Бид 2 явлаа гээд мотоцикльтой явчихсан. Тэр 2 хүнийг явсны дараа ******* надруу хандаж чи наад пивоо ууж чадахгүй байна уу гэхэд нь би тулгамдаад байна тавьж байгаад ууя гэхэд наад аягатай пивоо өг гэж аваад ууж дуусгаад пиво ингэж уудаг юм гэж хэлээд намайг гэрийн баруун талд сууж байхад босоод ир гэхээр нь би сууж байгаад босоход шууд намайг 2 гараараа ээлжлээд нилээд хэд хэдэн удаа нүүрлүү цохиж эхэлсэн би нүүрээ дараад доошоо тонгойход доороос өвдөглөсөн. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Би хамарнаас цус гарлаа гэхэд л цэрэгт тийм хайр байдаггүй юм гээд намайг үсдэж дээш нь босгож байгаад миний нүүрлүү баахан цохиж байгаад намайг зодохоо больсон тэгээд шал нь цус болсон болохоор намайг хурдан цэвэрлэ гэсэн тэгээд би алчуур олдохгүй болохоор нь өмсөж байсан цамцаараа цусаа арчиж дуусахад одоо гэр цэвэрлэ 10 тоолохын дотор цэвэрлэхгүй бол би чамайг ална шүү гээд миний нүүрлүү цохьсон. Тэгээд би орон дээр нь байсан юмыг нь янзлаад хогийг нь гаргаж асгаад гэрийг нь янзлаж байхад 10 тоолоод намайг 4-5 удаа 2 гараараа нүүрлүү цохиод байсан тэгээд намайг ор зас гэж хэлсэн тэгээд орыг нь засаад дуусахад ******* 8 гэж тоолж байгаад чи амжсангүй гээд намайг ирээд дахин 4-5 удаа цохьсон. Шүүгээнээсээ хөнгөн цагаан шанага авч ирээд миний дагзруу нэг удаа цохиж аваад ишээр нь миний баруун хөмсгийг сэтэлсэн. Миний хөмсөгнөөс цус гараад байсан. Намайг пиво ууж чадахгүй бол зайл гэхээр нь би ууж чадахгүй гэж хэлээд гэрээс нь гараад хашаанаас нь гараад явж байхад араас гүйж ирээд чи яасан овоо зугтдаг гар вэ гээд намайг гэрлүүгээ чирж оруулаад дахин хэд хэдэн удаа нүүр лүү цохисон. Тэгээд намайг унт гэж хэлэхээр нь би үгүй би гэртээ харьж амармаар байна гэхэд унт пизда минь гээд намайг зодоод байсан тэгэхээр нь би гэрийн зүүн талд нь очоод хэвтэж байхад ******* нь орондоо ороод удалгүй хурхирч эхэлсэн тэгээд би нилээд хэвтэж байгаад хаалгаар нь мөлхөж гараад тэгээд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/ Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч С.Намсрайжав мэдүүлэхдээ: “Молор-Эрдэнийн нүүр нь тэр чигээрээ хавдсан байсан. Хоёр нүд хавдсан. Уруул нь язараад хавдсан. Амаа ангайж чадахгүй болсон байсан. Хүзүү нь шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/ Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Т.******* мэдүүлэхдээ: “Тэр өдөр би хөдөө гэрээсээ орой сумын төв дээр ирсэн. Сумын соёлын төвд бүжиг болж байхаар нь би найз *******гийн хамтаар соёлын төв рүү орсон тэнд би хүнтэй уулзаж байгаад соёлын төвийн гадна гараад ирэхэд ******* явчихсан байсан. Би утсаар залгаж ирээд намайг аваач гэхэд ирж мотоциклиор намайг аваад бид 2 Жакал баарны гадна очиход манай хүргэн ******* согтуу мотоциклио унаж чадахгүй байж байсан. Би *******ын мотоциклийг аваад *******гийн араар *******ыг суулгаад *******гийн гэр лүү би түрүүлээд явсан тэгэхэд засмал зам дээр *******той би таарсан тэгээд сигналдаж зогсоход ******* ирсэн тэгээд би мэнд мэдээд уулзахад найзуудыгаа цэрэгт гаргаж өгөөд явж байна гээд халамцуу над дээр ирсэн. Би ганц юм байгаа уухуу гэхэд тэгье гэсэн. Би араас дагаад яваа гэж хэлээд *******гийн гэрлүү явсан. Тэгээд гэрт нь ороод байж байхад ******* над руу утсаар залгаад мотоцикль эвдэрчлээ гэж хэлсэн тэгээд би *******той хамт мотоцикльтой явж очиход ******* мотоциклио түрээд алхаж байсан. ******* мотоциклио *******д өгөөд өөрөө *******гийн мотоциклийг унасан. Би *******ыг араараа суулгаад явсан. *******гийн гэрт нь очсон тэгээд *******, ******* бид нар нэг шил архи байсан тэрийгээ задлаад ууж эхэлж байхад ******* араас ирсэн. Би *******д архи аягалж өгөхөд би архи уухгүй гэж надад хэлсэн. Би өө за за тэгвэл яахав гээд би дахиж архи өгөөгүй. Би пиво байгаашдээ гэхэд ******* тэрийг чинь ууя гэсэн тэгээд ******* ганцаараа пиво уусан би нөгөө 2-той архиа ууж байгаад нилээд согтож эхэлсэн би *******ыг аваад би харьлаа шүү гээд *******гийн гэрээс шууд гарч яваад *******ыг гэрт очоод тэнд амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/ Хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “Би 10 дугаар сарын 21-ний өдөр хөдөө явж ******* гэх найзыгаа мотоциклиор авсан тэгээд би найзтайгаа хамт сумруу буцаж байхдаа 1 шил 0,5 литрийн багтаамжтай архи хувааж уучихаад манай гэрт ирсэн би дахиж нэг шил архи гаргаж *******тай хувааж уусан. Тэгээд бид 2 манайхаас сумын соёлын төврүү явсан тэр өдөр соёлын төвд бүжиг болж байсан. Би соёлын төвөөс гэртээ ирээд мотоциклийн ганзаганд нэг шил архи байсныг гэрлүүгээ орж задлаад ууж байхад ******* утсаар залгаад намайг соёлын төв дээр хүрч ирээд аваач гэхээр нь би унаа олоод ирээч гэхэд унаа олдохгүй байна гэсэн. Тэгээд би *******ыг соёлын төвөөс аваад Жакал гээд бааранд очсон тэнд ******* гэх ******* хүргэн нь согтоод тасарчихсан байсан. ******* мотоциклийг нь унаад явсан би *******ыг араараа суулгаад гэрлүүгээ явсан. Замд миний мотоцикль эвдэрсэн тэгээд би түрж явж байгаад *******ыг дуудсан. ******* ирэхдээ нэг танихгүй мотоцикльтой залуутай ирсэн. Би тэр залуугийн мотоциклийг унаад гэрлүү явсан тэр залууг миний мотоциклийг хүргээд өг гэж хэлсэн. Намайг гэртээ ороод *******тай архиа ууж эхэлж байхад миний мотоциклийг түрээд ирсэн. Тэгээд би тухайн үед согтоод тасарсан байсан тэгээд өглөө болоход ийм асуудал болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, “...би тухайн үед их архи уусан байсан. Гэртээ архи уусан. Тэгээд нэг ухаан орсон чинь хохирогч *******тэй хамт архи уугаад сууж байсан. Нэг мэдсэн бид хоёр хэрэлдэж, хэлцээд нэг юм яриад байсан. Тэгээд нэг мэдсэн чи яагаад намайг ингэж хэлдэг юм гээд муудалцаад нэг нэгнийгээ барилцаад авсан. Цаашаа юу болсныг тодорхой санахгүй байна. Унтаад өглөө болсон ийм асуудал болсон байсан. Би норкоз өмнө хийлгэж байсан болохоор архи уусны дараа юмаа мартаад байдаг. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. -2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 579 дугаартай Өмнөговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн гаргасан дүгнэлт /хх-ийн 22/
1. Молор-Эрдэнийн биед тархины доргилт, 2 нүдний зовхи, хүзүү, цээжний цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, хамрын зулгаралт, нүүрний баруун хэсэг духны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт болон Эвлэрлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов. А.******* нь 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Гурвантэс сумын төвд өөрийн гэртээ С.Молор-Эрдэнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.МолорЭрдэнийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч А.*******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.*******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүгдэгч А.******* анх удаа хөнгөн гэм хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Шүүгдэгч А.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнгөн цагаан шанагыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 ,284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар А.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь16.5 см , тойргийн хэмжээ 16 см, өндөр 7.5 см хэмжээтэй хөнгөн цагаан шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар А.*******д урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ