Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0332

 

 

 

 

 

 

 

 

 

“ЮБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ЮБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б

Нэхэмжлэгч: “ЮБ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/472 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 163 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/1050/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ЮБ” ХХК-иас хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/472 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “ЮБ” ХХК-аас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/472 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “ЮБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Компанийн зүгээс гэрээ байгуулагдмагц тухайн газар дээр аялал жуулчлалын зориулалтаар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган, “Геоботаник” ХХК-иар 2020 оны газрын төлөв байдлын хянан баталгаажуулалтыг хийлгэж, мөн тухайн газар дээр байгуулах, буудаллах, отоглох орон байр /аялал жуулчлалын цогцолбор/-ны МЗХ2022/Э9-051 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулж, 2020/Е106 дугаартай Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудсыг баталгаажуулсан байдаг. Эндээс үзэхэд бидний газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болоогүй байсан бөгөөд бид тухайн газарт хөрөнгө оруулалтыг эхлүүлсэн байснаар бидний эрх ашиг зөрчигдөж байна. Бидний дээр дурдсан 3 тал гэрээ бол захиргааны гэрээ юм. Энэхүү гэрээнд тусгасны дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой байтал гэрээнд заасан урьдчилсан нөхцөл, гэрээний үүргийн хэрэгжилтийг харж үзэлгүйгээр нэг талын хүсэл зоригийг хамгаалсан захиргааны актаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

 

3.2. Бид урьдчилсан хэлэлцүүлгийн явцад Баянзүрх дүүргийн Татварын албан дээр газрын төлбөр төлөх гэхэд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсч байсан талаар, хүсэлт шийдвэрлэх шатанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлын шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан ч шүүх ач холбогдолгүй гэж дүгнэснээр Зөвлөл газар ашиглах эрхийг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь ямар шалгууртай, тэрийг хангасан үгүйг нягталж үзээд, газрын төлбөртэй холбоотой асуудалд газар, хэлтсээс тайлбар тодруулга, нэхэмжлэх өр үүсгэсэн үү, ямар ажиллагаа хийсэн, ямар нөхцөл байдалд байсан гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан. Гэрээнд нарийвчлан заасан байхад гэрээний үүргийн биелэлт, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг үзэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-ыг баримтлан хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

3.3. Захиргааны акт гаргахын өмнө гэрээтэй холбоотой харилцааг дүгнээгүй, нарийвчилсан зохицуулалтыг үзэлгүйгээр, шууд нэг талын хүсэл зориг давамгайлж захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, актыг гардуулаагүй, шуудангаар явуулсан. Захиргааны байгууллага эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд заавал мэдэгдэж, сонсгож, тайлбарыг авч байж шийдвэр гаргах ёстой байсан. Гэрээгээр зохицуулсан харилцааг захиргааны актаар шийдвэрлэх хууль зүйн шаардлага байхгүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3.4. Бид газрын төлбөр төлөх үүрэгтэй бол маргахгүй. Харин аль хугацааны, хэдэн төгрөгийн татварыг төлөөгүй гэж үзсэн, үндэслэсэнтэй маргана. Учир нь маргаан бүхий А/472 тоот тушаал нь 2023 оны 9 дүгээр сард гарсан байдаг. Тэгвэл энэ акт гарах цаг хугацаанд 2023 оны газрын төлбөрийг бүтэн төлөхийг шаардах эрх үүсэхгүй юм. Татвар ногдуулах, төлөх төлөлтөд хяналт тавих ажил Татварын албаны эрх хэмжээний асуудал гэж хуулийн зохицуулалтаар тодорхойлогдоно. Тэгэхээр хугацаанд нь ногдуулалт хийх, төлөлтөд нь хяналт тавих цаашлаад татвар хураах процесс татварын албаны чиг үүрэгт хамаарна. Татвар хураах процесс хугацаа хэтэрсэн гэдэг асуудал яригдахад Татварын хууль болон зөрчлийн хуулиар хариуцлага тооцох, хугацааны алданги яригдана.

 

3.5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам чиг үүргийнхээ хүрээнд тухайн тусгай хамгаалалттай газар нутагт энэ компани газрыг зориулалтын бусаар ашигласан уу?, байгаль орчинд хор хөнөөлтэй хориглосон үйл ажиллагаа явуулсан уу гэдэг талаас нь дүгнэх нь тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал байхад Татварын алба, Газрын албаны чиг үүрэгтэй шууд хамаарч, Засаг даргын эрх хэмжээний асуудалд хэтэрхий орсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийг цуцлах эрх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Засаг даргын эрх хэмжээний асуудал байхад энэ заалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд үндэслэсэн нь буруу гэж үзэж байна.

 

Төрийн байгууллагын ийнхүү хууль бус гэнэтийн шийдвэр татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжийн төрд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдуулж байна гэдэг талаас шүүх бүрэлдэхүүн асуудлыг харж өгөөсэй гэж хүсэж байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, бидний гаргасан шийдвэрийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Нэхэмжлэгч “ЮБ” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/472 дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэж, нэхэмжлэгчид анх 2020 оны А/466 дугаар тушаалаар Дархан цаазат газар нутгийн Зайсангийн ам хязгаарлалтын бүсэд 9988 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгосон ашиглах эрхийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

5. Харин анхан шатны шүүх “...газар ашиглах гэрээг талууд 2022 болон 2023 онд дүгнээгүй боловч нэхэмжлэгч нь 2021 онд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн, харин 2022, 2023 онд газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн болох нь шүүхэд ирүүлсэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/36 тоот албан бичгээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг нотолж байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...  нэхэмжлэгч хуулийн этгээд нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст харьяалагддаг ба тус албанд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа төлбөртэй холбоотой нэхэмжлэл үүсчихсэн байсан, үүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй учир захиргааны байгууллагаас гаргуулах, гэрч асуулгах хүсэлт тавихад шүүх хүлээж аваагүй, ...өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны татварыг төлсөн, 2023 оны хувьд 4,000,000 төгрөгийг төлсөн...” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгчийн хувьд 2021 онд гэрээний дагуу төлбөрөө төлсөн, 2022, 2023 онуудад газрын төлбөр төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг, мөн Баянзүрх дүүрэгт өөр газартай талаараа нэхэмжлэгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байсан тул маргаан бүхий газрын нэхэмжлэх Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст үүссэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

6. Үүнтэй холбоотой Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон тус дүүргийн Татварын хэлтэст нэхэмжлэгч “ЮБ” ХХК-тай холбоотой газрын төлбөрийн нэхэмжлэх үүссэн эсэх, хэрэв үүссэн бол хэзээ, ямар зориулалтаар үүссэн болох, мөн 2020-2023 онуудад нэхэмжлэгч компани нь аливаа байдлаар газрын төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгаа нь маргаан бүхий газартай хамааралтай эсэх, үүнд захиргааны байгууллагын үйл ажиллагааны хууль бус үйлдэл хамааралтай эсэх зэргээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тодруулахын тулд хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

7. Хэдийгээр Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа аливаа этгээд газрын төлбөр төлөх үүрэгтэй боловч шүүх хуульд заасан нотлох зарчмыг хэрэгжүүлж, хэргийг нэг мөр шийдвэрлэх үүднээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулж, энэ нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байжээ.

 

8. Дээрх байдлаар хэрэгт хамааралтай баримтууд нотлох баримтаар авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б. ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА