Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00602

 

2021           06            02                                          001/ХТ2021/00602

 

 

 

...................гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00693 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар магадлалтай,

 

...................гийн нэхэмжлэлтэй

...................ТӨҮГ-т холбогдох

 

Ерөнхий захирлын 2020.03.03-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................... миний нөхөр ...................ТӨҮГ-ийн Засвар механикийн заводад 15 жил тасралтгүй ажиллаж байгаад 2016 онд зүрхний өвчнөөр нас барж 3 хүүхдийн хамт өнчирч хоцорсон. Нөхрийн маань ажиллаж байсан байгууллага бага насны 3 хүүхэдтэй хоцорсон намайг өөрийн цехдээ аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд 2017.05.08-ны өдөр авснаар өнчин үлдсэн 3 хүүхдээ тэжээн тэтгэж өсгөн хүмүүжүүлэх боломж олгосон билээ. 2020.02.06-ны өглөө ажилдаа очоод мастер Б.Мөнхтуяагаас 1 өдрийн чөлөө олгохыг хүсэж өргөдлөө бичгээр гаргаж мастер зөвшөөрөв гэсэн цохолт хийсэн учир би гэр рүүгээ буцаж явах гэтэл унаа машин байгаагүй тул 8 цаг 15 минутын автобус ирэхийг хүлээгээд гадаа маш хүйтэн байсан тул дулаацахаар цай уудаг өрөөндөө түр ороод байж байтал цехийн эмч Л.Түмэнжаргал орж ирээд дээрээс чамайг архи уусан гэсэн мэдээлэл ирсэн тул үлээлгэнэ гээд өөрийнхөө өрөө рүү авч явсан. Би эмчийг дагаж яваад өрөөнд нь үлээдэг зүйлийг үлээхэд согтолт 0.19 хувь гарсан. Тэр өглөө ажилдаа явах гээд өглөө сэртэл зүрх дэлсээд байхаар нь долоогоны хандыг нилээн өндөр доозоор уусан ер нь миний зүрх үе үе дэлсэж хэм алддаг, бөөр шохойжсон учир бөөрнөөс үүдэлтэй цусны даралт ихсэж үүнээс үүдэлтэй зүрх өвддөг тул цехийн эмчийн хяналтанд үзүүлж даралтны эм, зүрхний эм байнга уудаг. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мастер Б.Мөнхтуяа дуудаж цехийн даргын өрөөнд дарга нарын зөвлөлийн хурлаар чамайг хэлэлцэнэ гээд ороход дарга нар байсан би 6-ны өдөр ямар нэг согтууруулах зүйл хэрэглээгүй харин 5-ны өдөр ажил тараад найзтайгаа хамт пиво уусан, харин өглөө нь зүрх өвдөөд байхаар нь долоогоны ханд уусан гэж үнэнээ хэлж уучлалт гуйсан. Дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж надад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын хугацаанд цалингаас 20 хувиар суутгуулах арга хэмжээ авсан болохыг мастер Б.Мөнхтуяа мэдэгдсэн, дахин ийм байдал гаргахгүй үр хүүхдийнхээ төлөө ажиллах ёстой шүү гэж өөрөө өөртэй амлаж байлаа. Харин миний бөөр өвдөж, бөөрнөөс үүдэлтэй даралт ихсэж зүрх өвдөөд байсан тул 2020.02.18-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж бие маань гайгүй болж ажилдаа ороод хэд хонож байтал 2020.03.03-ны өдөр чамайг ажлаас чинь чөлөөлсөн гэж хүний нөөцийн ажилтан дуудаж тушаал гардуулсан. Цехийн дарга болон удирдлагуудын зөвлөгөөнөөр надад 3 сарын хугацаанд цалингийн 20 хувийг суутгах арга хэмжээ авсныг баталгаажуулж цехийн даргын тушаал гарсан эсэхийг мэдэхгүй боловч гэнэт ажлаас чөлөөлөх тушаал гаргасанд гомдолтой байна, хүүхэд хуурч байгаа юм шиг хүний амьдралаар ингэж тоглож болохгүй байх гэж бодож байна. Тухайн өдөр буюу 2020.02.06-ны өдөр би наряд авч ажил хийгээгүй, ажлын хувцасаа ч өмсөөгүй, өргөдөл бичиж ажлаасаа чөлөө авчихаад автобус хүлээгээд үйлдвэр дотор сууж байснаараа ажлаасаа халагдлаа, хэрэв би хувийн машинтай ч юм уу эсвэл үйлдвэрээс алхаад явчихсан бол өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд орохгүй, үр хүүхдүүдээ талхны мөнгөөр дутаахгүй байсан байх даа гэж харамсаж байна. Иймээс ...................ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020.03.03-ны өдрийн Б/346 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ................... намайг Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 4,488,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...................ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгч ...................тэй 2019.08.21-ний өдөр 21/19/590 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулж байсан ба тус хөдөлмөрийн гэрээний 6 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцлүүдийг харилцан тохиролцож баталгаажуулсан. Мөн тус гэрээний ажилтны хүлээх үүрэгтэй холбоотой 2.4 дэх заалтын 2.4.4-т Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох журам, тушаал, шийдвэр, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх гэж заасан заалтыг дагаж мөрдөх үүргийг хүлээн ажиллаж байсан болно. Гэтэл ................... нь 2019.12.10-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2 дахь заалтыг зөрчин ажлын нэг өдөр ажил тасалсан. 2020.02.06-ны өдөр ажилдаа ирэхийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.12 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Ажил олгогч буюу ...................ТӨҮГ нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40, 131 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь заалт. ...................тэй 2019.08.21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгээр олгогдсон эрх хэмжээний хүрээндээ ...................тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Ерөнхий захирлын 2020.03.03-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар цуцалж шийдвэрлэсэн.Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...................гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00693 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ...................г ...................ТӨҮГ-ын Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ...................ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6.305.507 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 186.038 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.038 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар хяналтын гомдолдоо:  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар зохицуулснаас тус зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан...” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан. 2. ................... нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019.12.10-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2 дахь заалтыг зөрчин ажлын нэг өдөр ажил тасалсан, 2020.02.06-ны өдөр ажилдаа ирэхийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.12 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь цагийн бүртгэл, согтолтын зэргийг тогтоох багажийн хэвлэсэн тест, сорилын акт, нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон. 3. Гэтэл Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар заагаагүй, гомдол нь хоёр шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээг зөвшөөрөөгүй агуулгатай тул гомдлыг хангахгүй орхив.

 

................... нь ...................ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020.03.03-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 6,305,507 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

 

Ажил олгогч тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.3.16 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т заасныг баримталж, ...................ТӨҮГ-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020.07.06-ны өдрийн №1 дугаар акт, Засвар механикийн заводын даргын 2020.02.19-ний өдрийн 12/130 дугаар албан бичиг зэргийг үндэслэн 2020.02.06-ны өдөр ажилдаа ирэхийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2019.12.10-ны өдөр ажил тасалсан, 2020.02.06-ны өдөр ажилдаа ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан гэж  мэтгэлцсэн, үүнээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд 2020.02.06-ны өдөр ажилдаа согтуугаар ирсэн гэх зөрчил тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн, ажилтан давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул ажил олгогчийн тушаал хууль бус, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

 

Сахилгын шийтгэл хүлээсэн байхдаа дахин зөрчил гаргавал давтан зөрчил гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь 2019.12.10-ны өдөр ажил тасалсан зөрчил гаргасан боловч дараагийн зөрчил нь тогтоогдоогүй тул давтан зөрчил болохгүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2-т зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00693 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 186,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ЦОЛМОН

 

                        ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Х.СОНИНБАЯР

 

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД