Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0232/з |
Дугаар | 221/МА2016/0528 |
Огноо | 2016-08-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0528
2016 оны 8 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2016/0528 | ******* хот |
“******* ******* *******” ХНН-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Е.Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Д.*******, орчуулагч Х.******* нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “******* ******* *******” ХНН-ийн нэхэмжлэлтэй, Гааль, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. “******* ******* *******” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“...“******* ******* *******” ХХН-ийн онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, онцгой албан татвараас чөлөөлөх тухай захиргааны акт гаргуулахыг даалгах, Гааль, Татварын ерөнхий газраас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төлөх ёсгүй байсан онцгой албан татварт төлсөн 640.094.154 төгрөгийг буцаан гаргуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрээр:
“Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан “******* ******* *******” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, онцгой албан татвараас чөлөөлөх тухай захиргааны акт гаргуулахыг даалгах, Гааль, Татварын ерөнхий газраас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төлөх ёсгүй байсан онцгой албан татварт төлсөн 640.094.154 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “******* ******* *******” нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй, хууль буруу хэрэглэсэн талаар:
“УБТЗ” ХНН-ийн ОХУ-ын “Роснефть-Монголия” компанитай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн UBJD/14/035 тоот гэрээний нэмэлт гэрээ №12-ын дагуу орж ирсэн дизелийн түлшинд гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татварыг “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай Монгол Улсын олон улсын гэрээний 8, 10 дугаар зүйлд заасны дагуу ногдуулах ёсгүй тул дээрх татваруудаас чөлөөлж гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасныг Гаалийн ерөнхий газар, Олон улсын гэрээний дагуу зөвхөн гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, онцгой албан татвараас чөлөөлөхгүй байсан. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатад гомдол гаргасан. Гаргасан гомдолд хариу өгөөгүй түлшний нөөц дуусч тээвэр зогсох аюул нүүрлээд байсан тул аргагүйн эрхэнд онцгой албан татварт 640.094.154 төгрөг төлж түлшээ авсан.
Шүүхэд хандах болсон гол үндэслэл нь “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай Монгол Улсын олон улсын гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын олон улсын гэрээ, онцгой албан татвар нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын татварт хамаарна. Олон улсын гэрээний 8, 10 дугаар зүйлд зааснаар “УБТЗ” ХНН-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй аливаа татварыг үл ногдуулна. Татварын ерөнхий хууль болон Гаалийн тухай хуулиудад Олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө хэмээн тус тус заасныг үндэслэн UBLD/14/035 гэрээний нэмэлт гэрээ №12-оор 2015 оны 1 дүгээр сард орж ирсэн 39 цистерн дизелийн түлшинд ногдуулсан онцгой албан татварыг төлөх ёсгүй байсан гэж маргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Олон улсын гэрээнд зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг” гэж тайлбарлаж байсан боловч онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа үндэслэлээ “...Сангийн яамнаас чиглэл өгдөг учраас чөлөөлөх боломжгүй” гэж тайлбарлаж байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбарт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүхийн шийдвэрт “...хэлэлцээрийн 10 дугаар зүйлээс дүгнэж үзвэл тухайлсан барааны хэрэглээ буюу импортод албан татвар ногдуулахгүй байх талаар хэлэлцээрт тусгайлан заагаагүй бөгөөд ОХУ-ын Наушка тосгоны район дахь Монгол, Оросын хил дээр байгаа хязгаарын боомтоо оруулж буй ******* *******ын ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан байх бөгөөд бусад тохиолдолд Монгол Улсын холбогдох хуулийн дагуу татвар ногдуулахаар заасан байна. Иймд “УБТЗ” ХНН-ийн ОХУ-аас оруулж ирсэн автобензин дизелийн түлшинд ногдуулах албан болон онцгой албан татварыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй гэж хариуцагч үзсэн нь үндэслэлтэй байна” гэж Монгол Улсын олон улсын гэрээг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Гаалийн татварын талаар Олон улсын гэрээний 8 дугаар зүйлд зохицуулсан болохоор гаалийн татвараас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзвэл 10 дугаар зүйлд зохицуулсан аливаа татвар үл ногдуулна гэдгийг тайлбарласан шүүхийн дүгнэлт огт үндэслэлгүй байна. Тэгвэл гаалийн байгууллага нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөөд байгаа үндэслэл нь юу вэ?
Шүүх гаалийн байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тул шийдвэр гүйцэтгэдэг хэмээн хуулийг буруу тайлбарладаг бөгөөд гаалийн байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах, Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 271 дүгээр зүйлийн 271.1.4 дэх хэсэгт зааснаар Олон улсын гэрээг дагаж мөрдөх, уг гэрээний Монгол Улсын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах бүрэн эрхтэй байна.
Гаалийн удирдах төв байгууллага нь “УБТЗ” ХНН-ийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 30-ны хооронд импортолсон дизелийн түлшийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ зөвшөөрөл олгох ёстой бөгөөд энэ зөвшөөрлийг олгохгүй байсан тул уг зөвшөөрөл /өөрөөр хэлбэл, захиргааны акт/ гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэгч шүүхэд хандсан.
Гэтэл шийдвэрт “...татварыг Улсын Их Хурал өөрчлөх, чөлөөлөх эрхтэй, Засгийн газар онцгой албан татварын хувь хэмжээг тогтооно гэж зааснаас үзвэл Гаалийн байгууллага болон Сангийн яам онцгой албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргах эрхгүй...” гэсэн нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 5-д “Олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж уг гэрээнд тусгайлан заагаагүй, Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй албан ёсоор нийтлэгдсэн Олон улсын гэрээний заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт шууд үйлчилнэ”, 6.1-д “иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн хэлэлцүүлгийн зүйл болж буй маргаантай харилцааг зохицуулсан материаллаг эрх зүйн дотоод хуулийн зүйл, заалтаас Олон улсын гэрээний зохицуулалт өөр байгаа бол олон улсын гэрээг шууд хэрэглэнэ” гэсэнтэй зөрчилдөж Олон улсын гэрээгээр нэгэнт зохицуулсан харилцааг дахин Улсын Их Хурал, Засгийн газраас захиргааны акт гаргана” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2. Шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгатай нийцэж байх зарчимтай зөрчилдсөн талаар:
“УБТЗ” ХНН-ийн байгуулсан дээрх гэрээний дагуу 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 30-ны өдрүүдэд нийлүүлэгдсэн “УБТЗ” ХНН-ийн технологийн зориулалттай дизелийн түлшинд онцгой албан татварыг үндэслэлгүйгээр ногдуулсан бөгөөд 640.094.154 төгрөгийн онцгой албан татвар төлөхөөс аргагүй байдалд хүргэсэн нь хууль бус гэдгийг тогтоолгож гаалийн байгууллагаас “УБТЗ” ХНН-ийг Олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжид заасны дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвараас чөлөөлөгдөх тухай захиргааны акт гаргахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх “...1998 оноос онцгой албан татвар төлж байсан, ирээдүйд юунд зориулж ямар бараа материал оруулж ирэх нь тодорхойгүй байхад шүүхээс татварыг хөнгөлж чөлөөлөхгүй байгаа нь хууль бус, ...гаалийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл нэмэлт гэрээний дагуу 2015 оны 1 сард орж ирсэн дизелийн түлшинд ногдуулсан онцгой албан татварын талаарх маргаан байхад шүүх, өөрийн дураар нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг дэлгэрүүлж “УБТЗ” ХНН-ийн анхнаасаа төлсөн онцгой албан татвар болон ирээдүйд болох зүйлийн талаарх маргаан болгож дүгнэлт хийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгатай нийцэж байх зарчимтай зөрчилдөж байна.
Шүүх хуралдаанд шүүгчээс нэхэмжлэгчийг “...Засгийн газраас гаргасан онцгой албан татварын хувь хэмжээ тогтоосон 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолд гомдол гаргахгүй яасан юм бэ” гэж асууснаас үзэхэд шүүгч хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар буруу тодорхойлсон нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч татварыг өөрчлөх, хүчингүй болгох мөн хувь хэмжээний талаар маргаагүй бөгөөд харин Гаалийн ерөнхий газрыг Олон улсын гэрээгээр нэгэнт зохицуулсан хэм хэмжээг мөрдөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа талаар шүүхэд хандсан билээ. Нөгөөтэйгүүр удаан хугацаанд хууль зөрчиж байсан нь шүүхээс уг хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл онцгой албан татварыг өмнө нь ч /1998 оноос/ төлж байсан нь цаашдаа ч хууль болон олон улсын гэрээг зөрчиж татвар ногдуулах үндэслэл болохгүй гэж бодож байна.
3. Нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн талаар:
Шүүхийн шийдвэрт “...ОХУ-ын Наушка тосгоны район дахь Монгол Оросын хил дээр байгаа хязгаарын боомтоор оруулж буй ******* *******ын ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан....” гэсэн байна. Гэтэл “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай 1949 оны Олон улсын гэрээ нь 20 гаруй нэмэлт гэрээтэй эдгээр нэмэлт гэрээний нэг 1952 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “*******аас Замын-Үүдийн орчим байгаа Монгол-Хятадын хил хүртэл ******* *******ын шугамыг байгуулах ба ашиглах тухай” БНМАУ, ЗЗСБНХУ-ын Засгийн газрын хоорондын нэмэлт хэлэлцээрээр “...Наушки-*******ын ******* *******ын үргэлжлэл болох ******* *******ыг *******аас Замын-Үүд хүртэл байгуулж ашиглах ба энэ хэлэлцээр нь 1949 оны хэлэлцээрийн салшгүй хэсэг бөгөөд хэлэлцээрийн доторх зүйлүүд нь тус хэлэлцээрээр үл өөрчлөгдөнө” гэж зохицуулсан байгаа тул шаардлагатай тохиолдолд уг нэмэлт хэлэлцээрийг Гадаад харилцааны яамнаас гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж нотлох баримтыг заасан боловч шүүх “шаардлагагүй” гэж үзсэн билээ. Мөн Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 179 дүгээр тогтоолд энэ талаар нотлогдсон, хэрэгт авагдсан байдаг боловч шүүх энэ тогтоолыг “...шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого болно” гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй боловч шийдвэрт байгаа зүйлийг гажуудуулан тусгасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэхь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт “...“УБТЗ ХНН нь импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшээ өөрийн үйл ажиллагаанд зориулсан ашиг олох зорилгогүй байсан гэдгээ нотолж чадаагүй” гэжээ. Нэхэмжлэгч маргаанд холбогдох хугацааны /2015 оны 1 сарын 20-ны өдрөөс 30-ны хооронд/ болон хариуцагчийн хүссэнээр 2015 онд нийт импортолсон дизелийн түлшийг өөрийн салбар нэгжүүдээр хэрхэн хуваарилсан талаарх мэдээллийг өдөр, сараар нь хуваарилсан хэмжээтэй нь гаргаж өгсөн нь нотлох баримт шинжлэн судлахад тайлбар хийсэн. Харин шүүх хуралдаанд Гааль, Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...“УБТЗ” ХНН нь импортолсон дизелийн түлшээ ачаа, зорчигч тээвэрт хэрэглэж ашиг олдог” гэж тайлбар хийж байсан боловч үүнийг нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Хариуцагчийн энэхүү хууль бус тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар авагдсан “УБТЗ” ХНН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг судлуулсан ба “УБТЗ” ХНН-ийн үндсэн үйл ажиллагаа нь ачаа болон зорчигч тээвэрлэлт гэдэг нь уг нотлох баримтаар нотлогдсон.
Түүнээс гадна “УБТЗ” ХНН нь анх байгуулагдсан цагаасаа ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд хувь нийлүүлсэн нийгэмлэгийг талууд байгуулахдаа ашиг олох зорилгоор байгуулсан гэдэг нь “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай 1949 оны Олон улсын гэрээний 4, 10 дугаар зүйлд тодорхой тусгагдсан байх ба хоёр улсын Засгийн газраас 1949 онд энэ байгууллагыг байгуулахдаа ашгийн хэмжээнээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хамаарахаар зохицуулаагүй байна.
Иймд шүүхээс “...“УБТЗ” ХНН нь импортолсон дизелийн түлш нь ашиг орлого олох зорилгогүй байсан гэдгийг нотлоогүй” гэж дүгнэсэн нь хариуцагчийн нотолгоогүй хэлсэн тайлбарт үндэслэсэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж харагдаж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сангийн яамны 1998 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 016/2535 тоот, Гадаад харилцааны яамны 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09/5351 тоот, Улсын Дээд шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3847 тоот албан бичгүүдийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан боловч энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
4. Нууцлалын талаар:
Шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хаалттай явуулсан. Нэгэнт төрийн нууцад холбоотой баримт хэлэлцэнэ гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол анхнаасаа “Монгол Улсын шүүхийн нууцын журам”-ыг баримтлаагүй, оролцогчдоос нууцыг задруулахгүй байх талаар баталгаа аваагүй ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын 1.4-т заасныг зөрчин шийдвэрийг shuuk.mn цахим санд байршуулах талаар шүүгч О.Оюунгэрэлийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/6931 тоот албан бичигт дурдсан мөн шүүхийн шийдвэрийг ямар нэгэн нууцлалын ажиллагаа хийлгүйгээр гардуулсан.
Шүүх хуралдааны явцад Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар нэгэн нотлох баримтгүй, үндэслэлгүй, “нууц” мэдээлэл хийсэн, уг мэдээлэл нь Олон улсын гэрээний тал болох ОХУ онцгой албан татварыг төлөхийг зөвшөөрч байгаа гэсэн утгатай байсан. Гэвч бодит байдал дээр Монгол-Оросын Засгийн газар хоорондын шинжлэх ухаан техник, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын жил бүрийн хуралдаан дээр Оросын тал удаа дараа энэ асуудлыг сөхөж тавьж байгаа ба хамгийн сүүлийн 19 дэх хуралдаан дээр Монголын тал “...“УБТЗ” ХНН-ийн өөрийн үйл ажиллагаанд импортлогдсон дизелийн түлшинд 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс онцгой албан татвар ногдуулахаа зогсооно” гэж мэдэгдсэн тухай 19 дэх хуралдааны Протоколд тусгагдсан байна. Үүнийг ч хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд “...“УБТЗ” ХНН-ийг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс онцгой албан татвараас чөлөөлж байгаа” гэж баталж тайлбар хийж байсан.
Иймд нууц гэсэн нэрийн дор хариуцлагагүй худал мэдэгдэл хийж шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого байсан байж болохыг үгүйсгэхгүй ба энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байгаа.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр, ийнхүү зөвтгөөгүйгээс хэрэгт хамааралтай нотлох баримтыг гүйцэд цуглуулалгүйгээр маргааныг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
1. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******гийн тайлбар, давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчээс “******* ******* *******” ХНН-ийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу эдгээр албан татвараас чөлөөлөгдөх тухай захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг ирээдүйд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд зориулж бус гагцхүү ОХУ-ын “Роснефть Монголия” компанитай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны UBJD/14/035 тоот гэрээний нэмэлт 12 дугаар гэрээний дагуу 2015 оны 1 дүгээр сард Монгол Улсын хилээр оруулж ирсэн 39 цистерн дизелийн түлшинд ногдуулсан онцгой албан татварыг чөлөөлсөн акт гаргуулах зорилгоор гаргасан атал шүүхээс энэхүү шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр “...ирээдүйд ямар бараа, материал импортоор оруулж ирэх нь тодорхойгүй байхад татварыг хөнгөлж чөлөөлөхгүй байгаа нь хууль бус гэж гаалийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэсэн;
-мөн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2183 дугаар захирамжаар нэхэмжлэлийн хүрээнд буюу “...гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвараас чөлөөлөгдөх тухай захиргааны акт гаргахыг даалгах” шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн, түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болох нь тус хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад дээрх шаардлагыг “зөвхөн онцгой албан татвараас чөлөөлөгдөх” гэж шүүх өөрийн санаачилгаар өөрчилж хэргийг шийдвэрлэсэн,
-түүнчлэн 1998 оноос хойш одоог хүртэл “******* ******* *******” ХНН-ийн Монгол Улсад импортоор оруулж ирсэн дизель түлшинд гаалийн болон нэмэгдсэн өртийн албан татвар ногдуулахгүй байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх шаардлагатай байна.
2. 1-р хавтаст хэргийн 172 дугаар талд авагдсан Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, Монгол-Оросын хувь нийлүүлсэн ******* ******* ******* нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нарын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16/002 уулзалтын тэмдэглэлд тусгагдсанаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд зориулан импортоор оруулах түлшинд онцгой албан татвар ногдуулж буй явдлыг таслан зогсоох асуудлыг хэлэлцээд хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дизель түлшинд онцгой албан татвар ногдуулахаа зогсоохоо Монгол Улсын төлөөлөгч мэдэгдсэн тул Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлаар аливаа шийдвэр, албан бичиггүйгээр шууд биелүүлэх үүргийг утсаар холбогдон Гааль, татварын ерөнхий газар даалгасныг тус газрын дарга С.Пүрэв, дэд дарга О.Даваасүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Доржсүрэн, Гааль, тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэг нарт мэдээлсэн, нийгэмлэгийн одоо ирсэн байгаа гаалийн бүрдүүлэлт хийх дизелийн түлшийг онцгой албан татвар ногдуулахгүй, харин зохих гаалийн бүрдүүлэлтийн түр горимд байршуулахаар шийдвэрлэж, энэ талаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХН-д хүргүүлэхээр болжээ.
Мөн хуралдаанаар Оросын тал түлшний хувьд өмнө төлсөн онцгой албан татварыг МОНП-1, МОНП-2-ын зээлийн өрөнд шилжүүлэх асуудлыг судалж, танилцуулах асуудал яригдсан талаар тусгагдсан, энэхүү “МОНП-1, МОНП-2” гэдэг нь Монгол Улсын Засгийн газраас “******* ******* *******” ХХН-ийн авсан зээлийн нэр гэдгийг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байгаа зэрэг нь нэхэмжлэлийн 2 дахь буюу “...2015 онд оруулж ирсэн 39 цистерн дизель түлшний онцгой албан татварт төлсөн 640.094.154 төгрөг буцаан гаргуулах” шаардлагатай шууд уялдахаар байх тул энэхүү уулзалтаар яригдсан асуудлуудын талаар холбогдох нотлох баримтыг тухайлбал, уулзалтаар яригдсан асуудлын шийдвэрлэлт ямар шатандаа байгаа талаар тодруулга, тайлбар гаргуулах зэрэг ажиллагааг явуулах шаардлагатай.
Учир нь “******* ******* *******” ХНН-ээс шүүхэд анх 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд харин дээрх уулзалт захиргааны хэрэг үүссэнээс хойш буюу 2016 онд хийгджээ.
Иймд одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай шууд болон шууд бусаар холбоотой дээрх нөхцөл байдлыг тодруулан шалгасны дараа маргааныг шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбарын үндэслэлийг тодруулах зайлшгүй шаардлагатай байх бөгөөд шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах, цаашлаад шүүхийн шийдвэр биелэгдэхэд чухал ач холбогдолтой, улмаар уг шаардлагад холбогдох хариуцагчийг зөв тодорхойлох боломжтой юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар 5 сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН