Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 53

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шинжээч: Б.Пүрэвжав,

Шүүгдэгч: / хохирогч/ Х.*******,

Өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: /хохирогч/ Б.*******,

Өмгөөлөгч Б.Энхбат, И.,                                                              

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Батсуурийн ******* нарт холбогдох 2028000410024 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:         

Монгол Улсын иргэн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2, эхийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн *******гийн *******, 

Монгол Улсын иргэн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, тоотод оршин суух хаягтай боловч одоогоор тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн Батсуурийн *******, 

Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадна талд Б.*******тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадна талд Х.*******ыг нөхөртэйгөө хардан маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 01 дүгээр сарын 22-ны өдөр би эгчтэйгээ хамт хүүхдийнх нь төрсний гэрчилгээг авах гээд Улсын бүртгэлийн хэлтэс рүү өглөө 10 цаг өнгөрөөгөөд гарсан. Би өдөр 14 цагаас ажилтай байсан. Улсын бүртгэлийн гадаа очиход *******ын машин харагдаагүй. 30-40 минут болоод ажлаа бүтээчихээд гарч ирэхэд Улсын бүртгэлийн хэлтсийн гадаа 2 эгнээ машины зогсоолын хамгийн хойд хэсэгт *******ын машин баруунаас зүүн тийшээ чиглэсэн буюу хаалга руу чиглээд зогсож байсан. Би машинд ороод машинаа асаах, бичиг баримтаа цүнхлэх гэх мэт зүйлийг хийх хугацаанд Б.*******ын машинд нэг ч хүн орж, гарч ирж суугаагүй. Өөр хүн унаж явж магадгүй гэж би бодсон. Би Улсын бүртгэлийн хэлтсээс гараад нэг цэгийн үйлчилгээ явах маршруттай байсан. Намайг хөдлөхөд энэ хүний машин миний араас хөдөлсөн. Би ******* төвийн гэрлэн дохиогоор явахгүйгээр ******* төвийн урдуур ороод худалдааны төв чиглэлтэй явахад энэ хүн яг миний хойноос дагаж явсан. Би улаан гэрлээр амжаад энэ хүнийг ардаа орхисон. Нэг цэгийн үйлчилгээнд очиж ажлаа амжуулчихаад Хаан банкны гадаа ирж зогсоод манай эгч хүүхдэдээ данс нээлгэх гээд банк руу ороод удаагүй *******ын машин миний баруун талд ирээд зогссон. Зогсоол дээр ирээд 2-3 минут хүн гарч ирж байгаа харагдаагүй. Би тэр хооронд машин дотроо нүүрнийхээ будгийг сэргээгээд байж байхад ******* машинаасаа гарч ирээд миний зүүн гар талд ирээд над руу харснаа эхлээд нөгөө хүүхнүүдээ дуудсан. Хүүе нөгөө ******* чинь энэ байна гараад ир гэсэн. Машинаас нь 2, 3 хүүхэн гарч ирээд тойрч зогссон. ******* миний машины хажууд ирээд хаалга онгойлгоод чи миний нөхөр рүү мессеж бичлээ гээд намайг доромжилсон. Би машинаасаа гарч очсон. Одоо камерын бичлэг шүүх байх. Би бүх тайлбарыг гараа оролцуулж хүртэл хэлсэн. Өчигдөр мессежээ андуурсан нь үнэн байсан. Эргээд би танай нөхөр рүү залгаад андуурчихлаа гээд уучлалт гуйх гээд залгахад утсаа аваагүй. Би маргааш нь ажил дээрээ очоод нөхрөөс нь уучлалт гуйгаад уучлаарай мессежээ андуурчихсан байна гэхэд надад нэг ч үг хэлээгүй. Нэг ч үг хэлээгүй болохоор би ямар нэгэн хэрүүл үүсээгүй юм байна гэж бодоод зүгээр явсан. Энэ хүнд тэгж хэлэхэд гичий, янхан минь манай гэр бүлийг үймүүллээ гээд намайг маш их доромжилсон. ******* хэдэн жилийн өмнө ч намайг тэгж доромжилж байсан. Намайг тэгж доромжлохдоо чи ажлаасаа гар, Өмнөговиос зайл гичий минь гэж намайг үгийн муухайгаар хэлсэн. Чи олон нийтийн газар байгаа шүү гэхэд гараа элгэндээ тэвэрчихсэн хамаагүй гичий минь гэсэн. Би ерөөсөө ийм үг хэрэглэдэггүй. Мэдүүлэгтээ энэ хүн намайг ийм үгнүүд хэлсэн гэсэн байсан. Энэ хүн бол байнга хэрэглээд явдаг. Би олон нийтийн газар байгаагаа мэдэж байсан учраас машин руугаа орох гээд эргэхэд миний ар талаас үсдээд доошоо дараад намайг маажсан. Миний нүүр шууд халаад эхэлсэн. Би биеэ хамгаалъя гэж бодсон. Энэ хүнийг хамгийн түрүүнд намайг өшиглөчихвий, миний нүүрэнд гэмтэл учруулчихвий гэж бодсон. Энэ хүнээс өөрийгөө салгая гэж бодсон. Салгах явцад надад өөр ойрхон зүйл байхгүй, хамгийн ойр байсан нь энэ хүний үс байсан. Үснээс нь бариад салгахаас өөр үйлдэл хийх боломжгүй байсан. Би биеэ хамгаалах үйлдэл хийгээгүй байсан бол өнөөдөр миний нүдийг сохолчихсон байхыг үгүйсгэхгүй. Миний биеэ хамгаалах үйлдэл гаргаж үснээс нь зулгааж холдуулах явцад нүүрэнд сорив шарх үүссэн байх магадлалтай. Би зориудаар биед нь хохирол учруулъя гэж хүрээгүй. Намайг бүтэн эргүүлж үсэдсэн. Энэ үед нөгөө 3 эмэгтэй салгах оролдлого хийсэн. Миний машины хажууд салгаагүй. Намайг чирч машины хамар дээр зүүн талаар налуулсан. Нэг эмэгтэй нь миний гарын хөдөлгөөнийг хааж дээш нь дарсан. ******* тэр үед намайг дахин самардсан, миний уруулыг сэтэлсэн. Бид хоёрын үсдэлцсэн үйлдэл машины урд үүссэн. *******ыг машиндаа ороход нь би та нар яагаад олон нийтийн газар хүн бүлэглэж зодож байгаа юм бэ? Би цагдаа дуудна гэхэд *******ын машины хамрын урд талд зогсож байсан нэг эмэгтэй цагдаа гээд яах юм явъя гэж хэлээд машиндаа орсон. Миний ард зогсож байсан нэг эмэгтэйгээс бусад нь машиндаа суухад нь би та нар хүн зодчихоод явна гэж юу байсан юм бэ? гээд *******ын машины жолоочийн талын хаалгыг татахад хаалга нь цоожтой байсан учраас би арын хаалгыг нь онгойлгоод явуулахгүй байх арга хэмжээ авсан. Найз нь намайг машинаас нь буулгасан учраас машиных нь ард нь очиж зогссон. Тэр үед машиных нь улаан гэрэл асчихсан байсан. Энэ хүмүүс хүн зодчихоод явах гэж байна, явуулахгүй гээд үс сэгсийчихсэн байхад олон нийтийн газар би цагдаа иртэл зогссон. Тэр үед надад үнэхээр хэцүү байсан. Миний таньдаг хүмүүс хажуугаар өнгөрсөн. Машинтай хүмүүс ч зөндөө явж байсан. Би 2 удаа дуудлага өгөхөд цагдаагийн машин ирээд авч явсан. Цагдаагийн газар очоод энэ хүн намайг алгадсан гэж хэлж байна. Би бол алгадаагүй. Алгадан гэдэг нь гарын алгаараа цохихыг хэлдэг. Цагдаагийн газар очиход нөхөр нь ирчихсэн байсан. Энэ хүн зүгээр байгаа хүнийг яагаад ийм болгож байгаа юм гэхэд чамтай харьцахгүй гэхээр нь би гарынхаа араар чи цаашаа бай гээд ёрвосон. Надад тийм хүчтэй алгадсан зүйл байхгүй. Миний уруул сэтэрсэн учир би аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Цагдаагийн газар энэ хүмүүсийг бүгдийг нь аваачсан. Би маш их гомдолтой байгаа

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би *******тай 01 дүгээр сарын 22-ны өдөр тааралдсан. Ер нь бол 01 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр рүү хайр дурлалын мессеж бичсэн. Яагаад ингээд байгаа юм гээд би нөхөртэйгөө муудалцаж, маргалдсан учир 22-ны өдөр хүртэл надад маш их хэцүү байсан. Учрыг нь олох гэж Хаан банкны гадаа уулзсан. Ер нь бол тэр хүмүүсийн нэг нь надаас мөнгө зээлье гэж байсан. Би удирдлагын академи төгсөх гээд нэгнээс нь дээл авъя гэж уулзсан. Учир шалтгааныг олъё, яагаад ингээд байгааг нь асууж тайлбарлуулах гэж очиход намайг доромжлоод янз бүрийн зүйл хэлээд андуурсан гэж хэлээд байхад ямар хаашаа юм, одоо би ямар нөхөртэй чинь яваад байгаа юм уу? гэсэн. Өмнө нь явж байсан, одоо явж байгаа юм уу? гэх мэтээр намайг доромжилсон. Би их гомдолтой байна. Өмнө нь 2014 оноос энэ хоёрын үйлдэл эхэлсэн. Тэсэж тэвчиж явсаар учир байдлыг олох гэж ийм зүйл болсон. Өөдөөс чичлээд, дайраад хохино, одоо тэгээд яах гээд байгаа юм гэх зэргээр намайг доромжилсон. Би өөрийгөө барьж дийлээгүй, үсэдсэн. Манай найзууд салгасан. Машин дотор ороод намайг зугтлаа гээд цагдаа дуудна гэхээр нь хүлээгээд байж байхад арын хаалгаар орж ирээд намайг татаад машины дэр мөргүүлж байсан. Цагдаа дээр оччихоод одоо тэгээд яах юм гээд гарынхаа алгаар алгадсан. Би бол маш их айсан. Цагдаа ирчихээд байхад цагдаагийн хажууд нь намайг зодсон. Цагдаа боль та хоёр очих газраа очоод учраа ол гэж зогсоосон. Тухайн үед би маш их айсан. 2014 оноос хойш үүсэлтэй. Би больчихсон байх гэж бодож байхад болиогүй, 01 дүгээр сарын 05-нд мессеж ирсэн. Би маш их шаналдаг, хоёр хүүхдээ бодоод, гэр бүлээ бодоод больчихно гэж бодоод тэвчиж байсан учраас 01 дүгээр сарын 22-нд тааралдаж, уулзахад өөдөөс тийм зүйл хэлсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.******* гэж эмэгтэй олон нийтийн газар миний эрх чөлөөнд халдаж, миний гоо сайханд насан туршийн сорив үлдээсэн. Мөн гоо сайхнаасаа болоод өвчтэй байсны цалин хөлс орлогоор хохирсон. Шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Ямар ч нотлох баримтгүйгээр миний ажил дээр очиж захиралтай уулзаж миний нэр хүндийг унагаасан. Би нэр хүндээ сэргээлгэнэ. Ийм хохирлуудыг би *******аас нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хувьд ч гэсэн ажил дээрээ ажлаа хийхэд маш хэцүү байгаа. Хүмүүс юу гэж байгаа бол гээд дандаа тайван бус ажлаа хийдэг. Нийт *******аас 1.516.460 төгрөг нэхэмжилж байгаа. Эрүүл мэндтэй холбоотой зардал 185.000 төгрөг болсон. Уруулдаа оёдол тавиулсан 60.000 төгрөг, нүдээ үзүүлсэн 45.000 төгрөг, сорвины тос 35.000 төгрөг болсон. Буруу бодсон байна, нийт эрүүл мэндэд 140.000 төгрөг болсон байна. 1.326.364 төгрөг өвчтэй буюу орлогогүй байх үеийн цалин хөлс байгаа. Нэг талын замын зардлын баримтаа хаясан учир нэг талын замын зардал болох 45.000 төгрөг, эм тарианы зардал өөр зүйл бичсэн байсан учир оруулаагүй байгаа. Нотариатын зардал 5.100 төгрөг гарсан. Өмгөөлөгчийн зардлыг нэхэмжлэхгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 01 дүгээр сарын 22-нд болсон 808.540 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөнд толгойн томографын зураг авхуулсан мөнгөө оруулаагүй. Учир нь би нийгмийн даатгалаас энэ мөнгөө хасуулсан. Нүүр, хүзүүнд үүссэн сорвио би Улаанбаатарт очиж лазердуулсан нь 300.000 төгрөг болсон. Сорвины тосыг би маш ихээр авсан. Надад 3 баримт байсан учир 3 ширхэг тосны 150.000 төгрөгийг оруулсан. Улаанбаатар руу явсан шатахууны зардал 129.800 төгрөг, 2014 оноос хойш энэ асуудал үүссэн гэж үзэж гэрлэлтийн баталгаа, 2 хүүхдийн төрсний гэрчилгээ, хяналтад байхдаа маш хэцүү байсан учир тэр үеийн бүх баримтаа нотариатаар батлуулсан. Нотариатаар батлуулсан 26.400 төгрөг болсон.  Зүрх өвдөөд унтаж чадахгүй ажлаа хийж чадахгүй, сэтгэл санаа тайван бус, хоёр даралт ойртож байсан учир зүрх судасны эмчид үзүүлсэн. Эм тариа нь 187.340 төгрөг болсон. Эдгээр зардлууд нийт 808.540 төгрөг болсон. Үүн дээр нийгмийн даатгалаас авсан 120.000 төгрөг нэмэгдэнэ. Энэ мөнгийг би өөр зүйлд зарцуулах ёстой байсан.

Шинжээч Б.Пүрэвжав шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлт дээр нэг гээд шүүх эмнэлгийн үзлэг гэсэн байгаа. Хоёр гээд амбулаторийн үзлэг гэсэн нь миний эмчийн хувьд үзсэн үзлэг байгаа. Шугамаар хэмжиж тавьсан. Зурагдалт, шалбаралт нэг ойлголт, шалбаралтын нарийн урт хэсгийг зурагдалт гэнэ. Улайлт бол арьсны өнгөн давхарга гэмтээгүй байгааг хэлнэ. Тэр нь гэмтэхээр шалбаралт, зурагдалт үүснэ. Арьсны доод давхаргатайгаа хамт гэмтсэнийг шарх гэнэ. Эд нар бүгд шархны хэмжээнд хүрээгүй гэмтлүүд байгаа. Улайлт, хөхрөлт нь арьсны бүтэц алдагдахгүйгээр цусны жижиг судаснууд нөлөөлснөөр харагддаг гэмтлүүд байгаа. Дүгнэлтийнхээ нэгдүгээр хэсэгт гэмтлүүдээ дурдаад, үүсэх шинж чанар механизмын хувьд дүгнэлтэд онцгой өөрчлөлт орохгүй учраас гэмтлүүдээ дурдаад, ард нь өөрчлөлтүүдээ бөөнөөр нь дурдсан байна. Зүүн нүдний дээд зовхийг заавал шалбаралтад хамааруулсан зүйл биш. Бүх гэмтлүүдээ нэгдсэн байдлаар хойно нь бүгдийг нь оруулаад бичсэн. Бусдаар тус тусад нь бичихээр урт болдог. Гэмтлийнхээ хувьд тийм их өөр шинж чанар байхгүй. Зүүн нүдний дээд зовхи хавдсан гэдгийг доор нь зүүн нүдний дээд зовхи шалбарсан гэж ойлгохоор бичээгүй гэж бодож байна. Дээд гэмтлүүдээ дурдаад доор нь орсон өөрчлөлтүүдийг нь дурдаад бичсэн. Үзлэг ба шинжилгээ хэсэгт бичигдсэн зүйл бүгд тус тусдаа байгаа болохоор шалбаралтыг нь шалбаралт гэдгээр, хөхрөлтийг нь хөхрөлтөөр нь тус тусад нь ойлгох байх гээд нэгдсэн байдлаар бичсэн. Дээд талынхаа өөрчлөлтүүдийг нь үзлэг хэсгүүдэд гэж бичээд, тэрнээс доош өөрчлөлтүүдийг нь нэгтгээд дүгнэлт хэсэгт бичсэн. Тус бүрт нь авах юм бол бүгдээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй 6, 7 гэмтэл үүсчихсэн байна. Нэг хувиас ихгүй гэдэг нь харьцангуй ойлголт. Яагаад гэвэл нарийн үзүүртэй зүйлээр хатгачихсан байхад тэр нь хэзээ ч нэг хувь хүрэхгүй. Гэхдээ нэвт хатгачихсан байвал тэр нь гэмтлийн зэрэгт тогтоогдоно. Энд тодорхой хэмжээний зулгаралт зураас үүсчихсэн байгаа. Зургаан тооны зүйл үүсчихсэн байхад гэмтлийн зэрэг тогтоогдохоос өөр арга байхгүй. Энэ дүгнэлт ямар нэг байдлаар эргэлзээтэй байж болох юм. Энэ талаараа дараагийн шатанд тавих бүрэн эрхтэй. Би бол өөрийн гаргасан дүгнэлтдээ гэмтлийн зэрэг заасныг зөрчөөгүй зөв гэж бодож байна. Хөдөлмөрийн чадварт нөлөөлсөн нь гэмтлийн зэрэгтэй хамааралтай ойлголт биш. Хөдөлмөрийн чадвар алдалт нь байнгын ойлголт болохоос хэд хоног чөлөө авах асуудалд хамаарахгүй. Бид нар шинжилгээ хийхэд баримталдаг журмаараа эхлээд үзлэгээ хийчихээд дараагийн шатанд шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмч нарын үзсэн үзлэгийг оруулна. Түүний дараа нарийн мэргэжлийн шинжилгээнүүд хийсэн бол оруулна. Үзлэгээ дэлгэрэнгүй бичнэ. Дэлгэрэнгүй бичсэн зүйлээ ойлгомжтой болгоод нэгтгээд дүгнэлт дээрээ бичнэ. Хавдсан гэдэг үгийг шалбаралт гэж бичсэнээр гэмтлийн зэрэгт нөлөөлөх зүйл байхгүй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 сарын 05-ны шөнө 22 цагийн үед манай нөхрийн утас руу хамт ажилладаг ******* гэх эмэгтэйгээс “аавын хотод байдаг эгч нь өнгөрч гэнээ, хайр нь 19-нд очъё гэж бодож байсан юм” гэсэн мессеж бичээд араас нь 2 удаа залгасан байсан. Тухайн үед би санаандгүй байж байгаад утсыг нь үзэхэд тийм мессеж ирсэн байсан. Тэгээд би нөхрөөсөө асуусан чинь манай нөхөр мэдэхгүй, ******* андуурсан гэж хэлсэн гэж яриад байсан. Ер нь 2014 онд манай нөхрийн фейсбүүкт тавьсан зургийг нь ******* шейрлээд байхаар нь би гайхаад *******аас асуусан чинь ******* намайг доромжлоод нөхрөөрөө тэжээлгэж байгаа тэнэг авгай гэх мэтээр уурлаад намайг элдвээр хэлж доромжлоод байсан. Тэгээд тухайн үед нөхрөөсөө *******тай харилцаатай эсэхийг нь асуухад нэг хэсэг үгүй гэж байгаад сүүлдээ ******* л над руу мессеж бичээд байдаг хэцүү байна гэдэг байсан. Тэр мэтээр би их доромжлуулж явсан. Тэгээд сүүлдээ гайгүй байх шиг байсан. Тэгсэн чинь энэ хоёр хүн харилцаагаа нууцлаад л байдаг байсан юм билээ. Тэгээд би хамгийн сүүлд 01 сарын 05-аас хойш нөхөртэйгөө муудалцаад байнгын хэрүүл маргаантай байгаад байсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамт ажилладаг ******* надад мөнгө зээлээч гэхээр нь би данснаас авч өгөх гээд хамтдаа ХААН банк руу очсон. Тэгээд би банкны гадна очиж зогсоод машинаасаа буугаад банк руу орох гэсэн чинь банкны үүдэнд *******ын машин зогсож байсан, дотор нь ******* сууж байхаар нь би очоод эв зүйгээр ярилцаад дахиж миний нөхөр лүү битгий мессеж бичээрэй гэж хэлэх гэж бодоод чи яахаараа манай нөхөр лүү мессеж бичсэн юм бэ одоо больчих, надад хэцүү байна гэж хэлсэн чинь өөдөөс дайраад давшлаад хаана юу ярихаа мэдэхгүй авгай гэх мэтээр хэлж элдвээр хараагаад, хэрүүл болсон. Тэгээд би тэгвэл чи хамт ажиллахаа больчих гэсэн чинь чамаар заалгахгүй гээд доромжлоод гараараа чичээд загнаад байсан. Тэгээд өмнөөс учиргүй загнаад чичлээд, нулимаад байхаар нь хоромхон зуур уур хүрээд үсдэлцээд авсан байсан. Тухайн үед юу болсноо ч санахгүй байна. Тэгэхэд миний хамт явсан хүмүүс салгасан. Тэгээд би машиндаа ороод суучихсан чинь ******* гадаа орилоод дайраад намайг зодох гээд байсан. Тэгж байгаад миний машины арын хаалгаар шагайгаад миний араас үснээс зулгаагаад татаад намайг арагш нь машины хажуу тал руу толгой цохиод үснээс татсан. Тэгэхэд хажууд байсан хүмүүс бас салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ******* бид хоёрыг машиндаа суулгасан чинь цагдаагийн машин дотор ******* чи муу хэзээ ийм болцын гээд хажуугаас нүүр лүү цохиж самардаад эхэлсэн. Тэгэхэд нь цагдаа бид нарыг машинаас буулгасан. Тэгээд би өөрийнхөө машинаар цагдаа руу ирсэн. Тэгээд цагдаагийн газар дээр орж оччихоод байж байтал ******* намайг чи муу одоо яндайгаад яадгийн хэзээ чи ийм болцын гээд миний нүүр лүү шууд цохичихсон. Миний нүүрэнд баруун зүүн хацранд самардуулсан хумсны сорвитой, хамран дээр 2 сорви, зүүн нүдний дээд зовхинд самардуулсан, хүзүүний баруун хэсэгт 2 самардуулсан сорвитой болсон, толгой маш их өвдөж байна, хэрэг болсноос хойш байнга л даралтны эм, зүрхний эм ууж байна, үс маш ихээр унаж байгаа, сэтгэл санааны маш их дарамттай байна. Надад гомдолтой байна. Аймгийн БОЭТөвд үзүүлсэн чинь яаралтай тархины зураг авахуулах шаардлагатай байна гэсэн би Улаанбаатар хотод имрайд харуулах шаардлагатай гэсэн, мөн миний нүүрэнд маш их сорви үүссэн байгаа. Үүнд маш их гомдолтой байна. Одоогоор нэхэмжлэх зардал мөнгө тодорхойгүй байна. /хх-ийн 10-11-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би улсын бүртгэлийн хэлтсээр орж хүүхдийн гэрчилгээ авчихаад гарч ирэхэд ******* гэдэг эмэгтэй машинтай миний зогсоолд зогсож байсан. Тэгээд би дараа нь нэг цэгийн үйлчилгээн дээр очиж эгчтэйгээ дотогш орчихоод гараад шууд ХААН банк руу очсон. Тэгээд манай эгч банк руу орсон чинь ******* машинтайгаа хажууд ирж зогссон. Тэгээд машинаас нь нэг ч хүн гараагүй. Тэгж байгаад ******* гэдэг эмэгтэй машинаасаа гарч ирээд миний машины хажууд ирэхээр нь би цонхоо нээсэн чинь шууд машины хаалга татахаар нь би цонхоо хаагаад гарч очсон. Тэгсэн чинь ******* машиндаа байсан хүмүүсийг нөгөө хүүхэн чинь энэ байна шүү дээ гээд дуудсан. Тэгснээ намайг чи Өмнөговиос зайл гэхээр нь би чи олон нийтийн газар байна шүү гэж хэлсэн чинь хамаагүй янхан гичий гээд шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би өөрийг нь зөрүүлээд үсэдсэн. Тэгсэн чинь миний үснээс тавихгүй байсан. Хамт байсан хүүхнүүд нь миний куртикнээс татаад намайг машины хамар дээр налуулж хэвтүүлээд миний гарын хөдөлгөөнийг хааж куртикнээс барьж арагш дарсан байсан болохоор ******* миний уруулыг сэтэлсэн, тэгэхээр нь би *******ын үсийг тавиад салсан. Тэгсэн чинь тэд нар машиндаа сууцгаасан. Тэгээд би цагдаа дуудна гэсэн чинь цагдаа дуудаж яахын явъя гээд хамт байсан эмэгтэй нь машиндаа суугаад хөдлөх гээд байсан. Тэгэхээр нь би машиных нь арын хаалгыг нээгээд зууралдсан. Тэгээд би машиных нь ард гарч зогсоод явуулахгүй байсан. Тэгж байхад манай эгч банкнаас гарч ирээд чи юу болсон бэ нүүр чинь яасан юм гэж хэлээд тэд нарт та нар олуулаа яаж байна хариугаа амсана гэж хэлчихээд явчихсан. Тэгж байгаад цагдаа ирсэн. Тэгээд ******* бид хоёрыг цагдаагийн машинд суулгасан. Би машинд орох гэтэл ******* би сууж чадахгүй өөрийнхөө машинаар очъё гээд машиндаа суугаад явсан. ******* миний нүүрний баруун талаар духнаас доош эрүү хүртэл самардсан, бас уруул сэтэлсэн, баруун хөлийн өвдөгний доохно хөхрөлт үүсч арьс нь зулгарсан байсан, толгойны зүүн талын хэсэг нь таллаад өвдсөн шинжээч эмчид хэлсэн байгаа. Би олон нийтийн газар хүний эрхэнд халдсанд нь гомдолтой байна. Миний биед гэмтэл учруулчихаад явах гээд байсан. Олуулаа ирчихээд энэ бидний өмнөөс яавал гэж гэсэн байдалтай тойрч зогсоод хараад байсан. Би ажлаасаа чөлөө авсан. Би Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн зардал, замын зардал, өмгөөлөгчийн хөлс, чөлөөтэй байх хугацааны цалин урамшууллын зардлыг гаргуулна, эдгээр нь одоогоор хэдэн төгрөг болж байгааг мэдээгүй байна. Баримтыг нь гаргаж өгнө. /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт эхнэр *******ын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 21-р хуудас/

Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би хамт ажилладаг *******аас мөнгө зээлэхээр болоод хамтдаа ХААН банкны гадна очсон. Тэгэхэд ******* өөрийнхөө машиныг жолоодож явсан. Машинд би хамт ажилладаг нэг хүнтэй, бас *******ын найз гэх нэг танихгүй эмэгтэй хамт явсан. Тэгээд ХААН банкны гадаа очоод ******* машинаасаа буугаад хажуу талд зогсож байсан нэг машины хүнтэй уулзаад байх шиг байсан. Би машинаас буугаагүй байсан. Тэгж байтал гэнэт ******* нэг эмэгтэй хүнтэй зодолдоод үсдэлцээд эхлэхээр нь бид нар бүгд очоод нэлээд зууралдаж байж арай гэж салгасан. Тэгж байхад цагдаа нар ирсэн. Зодолдсоны дараа салгасан чинь ******* нь надад уруулаа үзүүлсэн чинь уруулаас нь цус урсаад гарч байсан бас нүүр нь самардчихсан байсан, *******ын нүүр нь улаан эрээн болоод маажуулчихсан байсан. /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байгаад хамт ажилладаг *******тэй хамт гарч үдийн цай уухаар явсан. Тэгэхэд ******* *******аас мөнгө авна гээд бид нар хамтдаа ХААН банкны гадаа очсон. Тэгсэн чинь ******* машинаасаа буугаад банк руу орох гэж явснаа нэг хүүхэнтэй муудалцаад хэрэлдээд байсан. *******ын нөхөр нь тэр хүүхэнтэй нэр холбогдсон юм болов уу гэж би ярианаас нь ойлгосон. Тэр хоёр нэлээд удаан хэрэлдэж зогссон. Тэгж байгаад барилцаад харилцан үсдэлцээд эхэлсэн. Тэгэхээр нь бид нар очиж салгасан. Тэгсэн чинь ******* тэр хүүхэн хоёрын нүүр хоёулаа л самардчихсан улаан зураас болчихсон байсан. Нөгөө хүүхний нүүр нь бас маажуулсан, уруулаас нь цус гарчихсан байсан. Тэгж байхад цагдаа нар ирсэн. /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би цайны цагаар хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ******* манай гэрт очиж юм үзэх гээд хамтдаа манайх руу явж байгаад замаараа ХААН банк руу орж хүнд мөнгө гаргаж өгнө гээд очсон юм. Банкны гадна очоод би банк руу орсон чинь банкны цайны цаг болсон байсан. Тэгээд буцаад машинд очоод суусан чинь ******* байж бай гээд машинаасаа бууж яваад хажуугийн машины хүнтэй уулзаад байгаа харагдсан. Тэгж байтал хэрэлдээд чанга яриад эхлэхээр нь би машинаас буугаад очсон чинь ******* хажууд байсан машинд сууж байсан нэг эмэгтэйг одоо энэ үйлдлээ больчих гэр оронд хэрүүл амтай хэцүү байна гэж хэлж байсан. Тэгэхэд нөгөө эмэгтэй нь өмнөөс нь хохь чинь гэж хэлсэн. Тэгж нэлээд удаан хэрэлдсэн. Тэгэхэд ******* нөгөө тэй яваад байгаа хүүхэн чинь энэ шүү дээ гэж хэлсэн. Тэгж байгаад ******* нь *******ын нүүр лүү нулимсан. Тэгсэн чинь ******* араас нь үсдээд зуурсан чинь нөгөө эмэгтэй нь зөрүүлээд үснээс нь зулгаагаад ноцолдсон. Тэгэхэд нь би арай гэж салгаад *******ыг машинд нь суулгасан. Тэгсэн чинь ******* машиных нь арын хаалгыг нээчихээд үснээс нь зуурч авахаар нь салгасан. Тэгэхэд ******* гэдэг нь цагдаа дуудсан. Тэгж байхад цагдаа ирсэн. Цагдаагийн машины ард бас согтуу хүн суучихсан бололтой байсан. Тэгээд *******, ******* нарыг цагдаагийн машинд суулгасан чинь ******* нь *******ын үснээс зуурч доош нь дарсан. Тэгэхэд машинд сууж байсан согтуу хүн нь машинаасаа гараад зугатаасан чинь цагдаа нь араас нь хөөгөөд явсан хойгуур тийм зүйл болсон. Тэгээд бид нар бүгд цагдаа дээр ирсэн. Цагдаагийн газар дээр ирсэн хойноо үүдэнд нь ******* *******ыг гарынхаа араар хацар луу нь цохисон. /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор томилогдон ажиллаж байсан. Өдөр 13 цагийн үед 1-р баг Гурвансайханы гэр хороололд согтуу хүн агсам тавьсан гэсэн мэдээлэл хүлээн авагч цагдаагийн дэд ахлагч О.Батдоржтой хамт дуудлаганд очиж агсам тавьсан гэх согтуу хүнийг нь аваад буцаж явахад /102-с ХААН банкны гадаа хүн зодуулсан гэсэн дуудлага ирлээ гэснээр шууд ХААН банк руу очсон. Тэгэхэд нэг эмэгтэй уруулнаас нь цус гарчихсан энэ хүн намайг зодсон гээд хажууд нь байсан нэг машин дотор байсан эмэгтэйг заасан. Тэр эмэгтэй машинаасаа бууж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд чи намайг зодсон гээд байсан. Тэгээд хэрэлдэхээ боль машинд суугаад хамт яв ажил дээр очиж учраа ол гээд машинд суулгасан чинь хоорондоо зодолдоод байхаар нь буулгасан. Тэгж байтал машинд байсан согтуу хүн буугаад баруун тийшээ зугатаахаар нь би араас нь хөөж гүйгээд Хан Уул зочид буудлын хажуугаас тэр хүнийг барьж аваад дагуулж ирж машинд суулгасан. Тэгэхэд нөгөө эмэгтэйчүүд машинтайгаа явчихсан байсан. нэг эмэгтэйгийнх нь машиныг унаад явсан. Тэр хоёр эмэгтэй бие биеийнхээ нүүрийг самардсан бололтой нүүр нь улаан эрээн болчихсон байсан. Бас нэг эмэгтэйгийнх нь уруулаас цус гарчихсан байсан. /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би төрсөн дүү *******ыг гуйгаад
машинаар нь хүүхдийн төрсний гэрчилгээ авах гэж яваад хүүхдийнхээ нэр дээр
данс нээлгэхээр ХААН банкны гадна очоод би дотогш орж, ******* машиндаа
үлдсэн
. Тэгээд би нэлээд удчихаад гарч ирсэн чинь манай дүү *******ын уруул
ам нь сэтэрчихсэн цус гарчихсан байж байсан
. Тэгэхэд хажуу талын машинд 4-5
хүүхэн байсан яасан гэсэн чинь эд нар ийм болгочихлоо гээд уйлаад байсан
. Тэгээд
нөгөө эмэгтэйчүүд нь явах гээд машиндаа сууцгаасан чинь манай дүү цагдаа
ирсэн хойно яв гээд хориод байсан
. Тэгээд цагдаа дуудсан. Тэгж байгаад би цагдаа
ирэхээс өмнө гэр
лүүгээ явчихсан. /хх-ийн 31-р хуудас/

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан юм өдөр 13 цаг 10 минутанд Гурвансайханы 1-15 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлага ирсний дагуу жолооч Батрдэнийн хамтаар уг дуудлаганд явж агсам тавьсан согтуу хүнийг аваад буцаж явахад ХААН банкны гадна хүн зодуулчихлаа гэнэ очоорой гэсэн дуудлага жижүүрээс мэдээлсний дагуу ХААН банкны гадна очиход банкны урд талын машины зогсоол дээр байсан 2 машины хүмүүс хоорондоо зодолдсон гээд нэг хар үслэг хувцастай эмэгтэй нүүрээ самардуулчихсан уруулаа сэтлүүлчихлээ гээд надад хэлсэн. Тэгээд хажуу талд нь байсан цагаан машины жолоочийнх нь машинаас нь буулгаж уулзахад улаан куртиктэй эмэгтэй байсан ба тэр хүн бас зүүн нүдний орчимд самардуулсан гэж хэлж байсан. Нүүр нь улаан мөр гарчихсан байсан. Тэгээд би тэр хоёр эмэгтэйг цагдаагийн машины ар талд суулгахаар эхлээд ******* гэдгийг нь машины буруу талд суулгасан. Тэгээд ******* гэдгийг нь машины зөв талд суулгасан юм. Тухайн үед машины арын суудалд дуудлагаар авч явсан согтуу залуу суусан байсан болохоор би тэр хоёр эмэгтэйг 2 талд нь тусгаарлаж суулгаад хаалга хаасны дараа ******* гэдэг нь машин дотор ******* гэдэг эмэгтэйтэй хэрэлдээд хоорондоо зодолдох гээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг машинаас буулгаад өөр өөрсдийнх нь машинд суулгасан юм. Тэгэхэд ******* гэдэг хүн нь миний дотор чичрээд машин жолоодож чадахгүй байна гэхээр нь би машиныг нь жолоодож цагдаагийн газар дээр авч ирсэн. Цагдаагийн газар дээр ирсний дараа хүлээлгийн танхимд байхдаа бас тэр хоёр хоорондоо хэрэлдээд ******* гэдэг нь ******* гэдэг эмэгтэйн нүүр лүү гараараа алгадсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад голд орсон чинь ******* нь намайг оо хойшоо байж бай би чамайг танина шүү гээд байсан. Тэгээд *******, ******* нарыг эмнэлэгт үзүүлж шархандаа цэвэрлэгээ хийлгүүлчихээд ир гэж явуулсан... Би тэр хоёр эмэгтэйг албаны машины хойд талын суудалд гол нь хүнтэй байсан түүний хоёр талд суулгасан чинь тэр хоёр хэрэлдэж байгаад бие биенээ үсдэж зууралдахаар нь би буулгаад өөрсдийнх нь машинд суулгасан юм. Тухайн үед хоёуланг нь одоо хэрүүл хийхээ боль гэж хэлсэн боловч хэрэлдээд бие бие рүүгээ дайраад байсан. /хх-ийн 32-33-р хуудас/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн Хан-уул зочид буудлын зогсоол руу харсан камертай. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бичлэг одоо байхгүй. Камерын хадгалах хугацаа 14 хоног байдаг. /хх-ийн 34-р хуудас/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хяналтын камер 15 хоногийн хугацаа байдаг. 1 сарын 22-ны бичлэг 2020 оны 02 сарын 01-ний өглөө устсан байна. /хх-ийн 35-р хуудас/

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2 камер байдаг. Бичлэг хийдэггүй. Ажилладаггүй, ажиллагаагүй. /хх-ийн 36-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хяналтын камер 7 сараас хойш ажиллахгүй байгаа. /хх-ийн 37-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №114 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.*******ын биед нүүрний зүүн талд зулгаралтай, баруун хацар хавдсан, доод уруулын баруун тал урагдаж сэтэрсэн шархтай, баруун хөлийн өвдөгний гадна доод хэсэгт хөхрөлт үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Х.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 39-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №115 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биеийн зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, хамрын уг, 2 хацар, баруун нүдний гадна хэсэг, хүзүү хоолойн баруун хэсгүүдэд шалбаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 41-р хуудас/

Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ******* олон нийтийн газарт миний эрх чөлөөнд халдсан учир би биеэ хамгаалах үйлдэл хийсэн. Би өөр байдлаар шийдэх гээд чи олон нийтийн газар байна шүү, үймээн шуугиан гаргаж болохгүй гэдэг байдлаар сануулсан. Тэр үед би зодоон цохион хийх санаа байгаагүй. /хх-ийн 50-51-р хуудас/

 Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан, би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. /хх-ийн 53-54-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаартай тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хх-ийн 65-р хуудас/

Даланзадгадын Дулааны цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/64 дугаартай тодорхойлолт /хх-ийн 69-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 101-103-р, 155-156-р хуудас/

88282676 дугаарын хуулга /хх-ийн 124-143-р хуудас/

Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 157-р хуудас/

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 158-159-р хуудас/

Үйлдвэр техникийн хэлтсийн ээлжийн инженер Х.*******ын 01 дүгээр сарын цалингийн хүснэгт, тайлбар /хх-ийн 164-165, 170-174-р хуудас/

Төрсний бүртгэлийн хуулбар /хх-ийн 208-209-р хуудас/

Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 210-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хх-ийн 166-167, 177-179, 180-185, 217-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадна талд Б.*******тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадна талд Х.*******ыг нөхөртэйгөө хардан маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 115 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биеийн зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, хамрын уг, 2 хацар, баруун нүдний гадна хэсэг, хүзүү хоолойн баруун хэсгүүдэд шалбаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн. Б.*******ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 41-р хуудас/ гэснээр,

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Х.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 114 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.*******ын биед нүүрний зүүн талд зулгаралтай, баруун хацар хавдсан, доод уруулын баруун тал урагдаж сэтэрсэн шархтай, баруун хөлийн өвдөгний гадна доод хэсэгт хөхрөлт үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Х.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 39-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.*******ын өмгөөлөгч Ц.Баярмаа шинжээчийн 115 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй байна гэх үндэслэлээр шинжээч Ц.Пүрэвжавыг шүүх хуралдаанд оролцуулсан ба шинжээч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд“...Үзлэг ба шинжилгээ хэсэгт бичигдсэн зүйл бүгд тус тусдаа байгаа болохоор шалбаралтыг нь шалбаралт гэдгээр, хөхрөлтийг нь хөхрөлтөөр нь тус тусад нь ойлгох байх гээд нэгдсэн байдлаар бичсэн. Дээд талынхаа өөрчлөлтүүдийг нь үзлэг хэсгүүдэд гэж бичээд, тэрнээс доош өөрчлөлтүүдийг нь нэгтгээд дүгнэлт хэсэгт бичсэн. Тус бүрт нь авах юм бол бүгдээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй 6, 7 гэмтэл үүсчихсэн байна. Нэг хувиас ихгүй гэдэг нь харьцангуй ойлголт. Яагаад гэвэл нарийн үзүүртэй зүйлээр хатгачихсан байхад тэр нь хэзээ ч нэг хувь хүрэхгүй. Гэхдээ нэвт хатгачихсан байвал тэр нь гэмтлийн зэрэгт тогтоогдоно. Энд тодорхой хэмжээний зулгаралт зураас үүсчихсэн байгаа. Зургаан тооны зүйл үүсчихсэн байхад гэмтлийн зэрэг тогтоогдохоос өөр арга байхгүй... Хавдсан гэдэг үгийг шалбаралт гэж бичсэнээр гэмтлийн зэрэгт нөлөөлөх зүйл байхгүйгэх мэдүүлэг өгснөөр өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтээ үнэн зөв болохыг баталж байна гэж үзэв.

Өмгөөлөгч Ц.Баярмаа шүүгдэгч Х.*******ын үйлдлийг “аргагүй хамгаалалт” гэж үзэж хэрэгсэхгүй болгох санал  гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгээс үзэхэд ХААН банкны  урд талын машины зогсоол дээр Х.******* Б.******* нар нь уулзалдаж, улмаар харилцан маргалдаж байгаа байдалтай дохио зангаа хэрэглэсэн дүрс харагдах бөгөөд   Х.******* нь эхлээд Б.*******ыг түлхэх үйлдэл хийж байгаа, үүний дараа Б.******* нь Х.*******ын үснээс зулгааж, улмаар харилцан үснээсээ зулгаах үйлдэл хийж, хөндлөнгийн этгээдийн тусламжтайгаар зодооныг зогсоож байгаа үйл явдал бичигджээ.

Энэхүү үйл явдал дууссаны дараа Х.******* нь Б.*******ын машины хаалгыг нээж, улмаар түүний үснээс зулгаасан талаар гэрч, хохирогч нар мэдүүлдэг ба доорх мэдүүлгүүд камерын бичлэгээр давхар нотлогдож байна. Үүнд:

Б.*******ын хохирогчоор мэдүүлсэн “...Би машиндаа ороод суучихсан чинь ******* гадаа орилоод дайраад намайг зодох гээд байсан. Тэгж байгаад миний машины арын хаалгаар шагайгаад миний араас үснээс зулгаагаад татаад намайг арагш нь машины хажуу тал руу толгой цохиод үснээс татсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгэхээр нь би машиных нь арын хаалгыг нээгээд зууралдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тэр хоёр эмэгтэйг албаны машины хойд талын суудалд гол нь хүнтэй байсан түүний хоёр талд суулгасан чинь тэр хоёр хэрэлдэж байгаад бие биенээ үсдэж зууралдахаар нь би буулгаад өөрсдийнх нь машинд суулгасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/-ээр, Цагдаагийн байгууллага дээр ирсний дараа Х.******* дахин Б.*******ын эрх чөлөөнд халдсан гэх гэрч цагдаагийн ажилтан О.ийн: ...ХААН банкны гадна очиход банкны урд талын машины зогсоол дээр байсан 2 машины хүмүүс хоорондоо зодолдсон гээд нэг хар үслэг хувцастай эмэгтэй нүүрээ самардуулчихсан уруулаа сэтлүүлчихлээ гээд надад хэлсэн. Тэгээд хажуу талд нь байсан цагаан машины жолоочийнх нь машинаас нь буулгаж уулзахад улаан куртиктэй эмэгтэй байсан ба тэр хүн бас зүүн нүдний орчимд самардуулсан гэж хэлж байсан. Нүүр нь улаан мөр гарчихсан байсан. Тэгээд би тэр хоёр эмэгтэйг цагдаагийн машины ар талд суулгахаар эхлээд ******* гэдгийг нь машины буруу талд суулгасан. Тэгээд ******* гэдгийг нь машины зөв талд суулгасан юм. Тухайн үед машины арын суудалд дуудлагаар авч явсан согтуу залуу суусан байсан болохоор би тэр хоёр эмэгтэйг 2 талд нь тусгаарлаж суулгаад хаалга хаасны дараа ******* гэдэг нь машин дотор ******* гэдэг эмэгтэйтэй хэрэлдээд хоорондоо зодолдох гээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг машинаас буулгаад өөр өөрсдийнх нь машинд суулгасан юм. Тэгэхэд ******* гэдэг хүн нь миний дотор чичрээд машин жолоодож чадахгүй байна гэхээр нь би машиныг нь жолоодож цагдаагийн газар дээр авч ирсэн. Цагдаагийн газар дээр ирсний дараа хүлээлгийн танхимд байхдаа бас тэр хоёр хоорондоо хэрэлдээд ******* гэдэг нь ******* гэдэг эмэгтэйн нүүр лүү гараараа алгадсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад голд орсон чинь ******* нь намайг оо хойшоо байж бай би чамайг танина шүү гээд байсан. /хх-ийн 32-33-р хуудас/... гэх мэдүүлэг,

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь довтолгоо төгссөн хойно Б.*******ын эрүүл мэндэд дээрх байдлаар удаа дараа халдсан үйлдэл хийсэн байх тул өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүгдэгч Х.*******ын үйлдлийг “аргагүй хамгаалалт” гэж үзэж хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Х.*******, Б.******* нар нь санаатай үйлдлийн улмаас харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч нар шаардах эрхтэй байна.      

Шүүгдэгч Х.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 808.540 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 808.540 төгрөгөөс 187.140 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 621.400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын эрүүл мэндэд бодитоор учирсан хохирол болох лазер хийлгэсэн 300.000 төгрөг, сорвины тос авсан 150.000 төгрөг, нүдний гэмтэл үзүүлсэн 15.000 төгрөг, нотариатын зардал 26.400 төгрөг, ЭХО-д үзүүлсний 130.000 төгрөг, нийт 621.400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Х.*******аас гаргуулан  хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.     

Харин интернэт банкаар гүйлгээ хийсэн Монсул гэх баримт нь ямар зардал гарсан болох нь тодорхойгүй, мөн 2020 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдөр 80.000 төгрөгөөр бензин авсан е-баримт нь хэрэг болсон өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 2 сарын дараа авагдсан нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт зарцуулсан гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор, мөн имрай зураг авахуулсан гэх 120.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 1.516.464 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас нэхэмжилсэн ба шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 1.516.464 төгрөгөөс 42.333 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын эрүүл мэндэд учирсан хохирол болох нүд үзүүлсний төлбөр 45.000 төгрөг, сорвины тос авсан 35.000 төгрөг, бензиний зардал 45.000 төгрөг, нотариатын зардал 5.100 төгрөг, уруул хэсэгт оёдол тавиулсан 60.000 төгрөг, нийт 190.100 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.*******ад олгох нь зүйтэй гэж үзэж, илүү нэхэмжилсэн 42.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өвчтэй буюу орлогогүй байх үеийн цалин хөлс болох 1.284.031 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан Х.*******ын цалингийн тайлбар: “...1, 2 сарын гарт олгох цалингийн зөрүү нийт 1.326.364 төгрөг байна” /хх-ийн 165-р хуудас/, Х.*******ын цалингийн тайлбар: “...1, 2 сарын гарт олгох цалингийн зөрүү нийт 1.284.031 төгрөг байна” /хх-ийн 170-р хуудас/ гэх зөрүүтэй баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх боломжгүй төдийгүй Х.******* нь гэмт  хэрэг гарснаас хойших хугацаанд буюу 1-р сарын 22-ны өдрөөс хойш ажилдаа яваагүй гэх боловч 1-р сарын цалингийн цэс дээр ажлын 10 хоног өвчтэй байсан талаар тэмдэглэгджээ. Гэтэл 1-р сарын 22-ны өдрөөс хойш хуанлийн тооллоор ажлын 8 хоног байх бөгөөд ажлын 2 хоногийн зөрүү гарч буй нь ойлгомжгүй байна. Түүнчлэн байгууллагын ерөнхий нягтлан болон бусад холбогдох албан тушаалтны зүгээс Х.*******ын цалин хөлстэй холбогдуулан 2 удаа тодорхойлолт гаргасан нь хэрэгт авагдсан ба 2-р сарын цалинг бодохдоо 2 хоног өвчтэй байсан, 4 хоног өвчтэй байсан гэж 2 өөр байдлаар тодорхойлсны улмаас энэхүү тодорхойлолтуудыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй болж, хохирогч Х.*******ын цалин хөлс нэхэмжилсэн нотлох баримт нь эргэлзээ төрүүлэхүйц байна гэж үзэв. Түүнчлэн эмнэлгийн бичиг баримтаа ажил олгогчид ирүүлсэн байхад түүнд өвчтэй хугацааны олговор олгогдсон эсэх, энэхүү олговрыг аваагүй бол шүүгдэгч Б.*******ын үйлдэлтэй холбогдолтой эсэх гэх мэт асуудлуудыг тодруулсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.******* нь өвчтэй байсан хугацааны цалин 1.284.031 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Б.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.       

Шүүхээс шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө завсарлага авч, шүүгдэгч Б.*******аас 190.100 төгрөг гаргуулан хохирогч Х.*******ад олгох шийдвэрийг шүүгдэгч Б.******* биелүүлсэн, шүүгдэгч Х.*******аас 621.400 төгрөг гаргуулан хохирогч Б.*******д олгох шийдвэрийг шүүгдэгч Х.******* 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.      

Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Х.*******, Б.******* нарын аль алинийх нь зүй бус ажиллагаатай холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

Шүүгдэгч Х.*******, Б.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч Х.******* нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст бүртгэгдээгүй” /хх-ийн 56-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод: “******* овогтой ******* нь /КЮ90121965/ Даланзадгад сум /хот/-ын Дундсайханы 4 дүгээр багийн Дундсайханы 6б-29 тоотод ам бүл 2-уул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.” /хх-ийн 70-р хуудас/ гэснээр, Даланзадгадын Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/64 дугаартай тодорхойлолт: “*******гийн ******* нь тус станцад ээлжийн инженерээр ажилладаг нь үнэн болно.” зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст бүртгэгдээгүй” /хх-ийн 57-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод: “Батсуурийн ******* нь /КЮ87040667/ Даланзадгад сум /хот/-ын Цагаанбулаг 8 дугаар багийн Нанзад 8-8 тоотод ам бүл 4-уул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.” /хх-ийн 70-р хуудас/ гэснээр, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар: “овог Сайхан, эцэг, эхийн нэр , нэр Баярцэнгэл, 2014 оны 12 сарын 22-ны өдөр төрсөн” /хх-ийн 208-р хуудас/ гэснээр, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар: “овог Сайхан, эцэг, эхийн нэр , нэр Очир-Эрдэнэ, 2016 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн” /хх-ийн 209-р хуудас/ гэснээр, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар: “Э., Б.******* нарыг 2006 оны 10-р сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 12-р сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 315-рт бүртгэж, гэрчилгээ олгов.” /хх-ийн 210-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч Х.*******ын өмгөөлөгч Ц.Баярмаа Х.*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хэнээс үйлдэлтэй вэ? гэхээр хохирогч буюу шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн. Нэг талдаа тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэсэн байдаг. Нэг талдаа ял шийтгэлийг оногдуулахад тухайн хүний хувийн байдлыг харгалзан үзэх эрх зүйн үндэслэл байдаг. Хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд 2013 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгссөн, дээд боловсролтой боловсон хүчин байгаа. Хавтаст хэргийн 158 болон 155 дугаар хуудсанд авагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны цахилгаан станцын даргын албан тодорхойлолтоор тухайн байгууллагын залуу боловсон хүчин, идэвх санаачилгатай ажилладаг, байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг гэсэн байна. Энэ албан тодорхойлолтоор *******ын хувийн байдал тодорхой харагдана. Б.*******д 621.400 төгрөгийн хохирол төлөх шүүхийн шийдвэр гарсан. Энэ хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг зүйлсийг анхааран үзнэ үү? Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн гэж байдаг. Энэ байдлыг энэ хэрэгт тодорхой хэмжээнд нөлөөлж болохуйц нөхцөл байдал болж байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргав.

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Энхбат, И. нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг хуульчилсан байдаг. Манай үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар манай үйлчлүүлэгч өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй талаар ял шалгах хуудсаар тогтоогддог. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирол төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулсан байгаа нь гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болж байна. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болж байгаа. Энэ гэмт хэрэг үйлдэгдэж, миний үйлчлүүлэгч өмгөөлөгч надаас зөвлөгөө авах болсон цаг үеэс гэр бүлийн дотоод асуудал, маргаантай үл ойлголцол байгаа тохиолдолд дахин ийм олон нийтийн газар хүч хэрэглэх замаар асуудлыг шийдэж болохгүй гэдэг талаас нь маш их зөвлөгөө өгсөн. Үнэхээр ийм асуудал дахин гарвал хоорондоо ярилцаж учраа олно, болохгүй бол мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах бүх арга замын талаар тайлбарлаж өгсөн байгаа. Дахин ийм асуудлаар бусадтай маргах, бусдын эрх чөлөөнд халдах, зүй зохисгүй үйлдэл миний үйлчлүүлэгчээс дахин гарахгүй. Иймд итгэл үзүүлээд хамгийн бага нэгжээр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг гаргав.

Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Х.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн төгрөгийн торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овгийн Батсуурийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Х.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.      
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.*******аас 190.100 /нэг зуун ерийн мянга нэг зуу/ төгрөг гаргуулан хохирогч Х.*******ад олгох шийдвэрийг шүүгдэгч Б.******* биелүүлсэн, шүүгдэгч Х.*******аас 621.400 /зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Б.*******д олгох шийдвэрийг шүүгдэгч Х.******* 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж, шүүгдэгч Б.*******ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 187.140 /нэг зуун наян долоон мянга нэг зуун дөч/ төгрөгийг, хохирогч Х.*******ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 42.333 /дөчин хоёр мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.******* нь өвчтэй байсан хугацааны цалин 1.284.031 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга гучин нэг/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч Х.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА