Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 116/ШШ2021/0012

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

               Нэхэмжлэгч: “БНХГН” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “БНХГН” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч В.Д, хариуцагч Халхгол сумын Засаг дарга *******, гуравдагч этгээд “СБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “БНХГН” НҮТББ-ын гүйцэтгэх захирал А.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай ТББ нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Байгалийн нөөц ашиглах, нөхөн сэргээлтийн үйл явцад иргэдийн хяналтыг тогтоож, ил тод хариуцлагатай, олон нийтэд нээлттэй болгох, байгаль орчин, түүний нөөцийг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дорнод аймгийн Халхгол сумын иргэдээс манай байгууллагад хандаж, тус Халхгол сумын Ташгай багийн нутаг дэвсгэр, тухайлбал Атар-3 гэх газарт 1600 гаруй га газрыг гадаадын иргэд, компаниуд эзэмшиж, хууль бус үйл ажиллагаа явуулж, Монгол улсын хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаар, мэдээлэл, өргөдөл гомдол ирүүлсэн. Үүний дагуу тус газарт 2013 оноос хойш ямар компани, иргэдэд хэний шийдвэрээр эзэмшүүлж буй талаарх мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт танилцахаар тус суманд албан бичиг хүргүүлсэн, уг албан бичгийн дагуу Халхгол сумын Засаг даргын 2021 оны 02 сарын 08-ны албан бичгээр “Сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 25-ны А/113 дугаар захирамжаар “Жи Эм Эс Эс” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг “СБ” ХХК-д шилжүүлсэн болно” гэсэн хариуг, А/113 дугаар захирамжийн хуулбарын хамт ирүүлсэн.

           Дээрх “СБ” ХХК нь газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээд байхад, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэл бүрдсэн байхад сумын Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, хүчингүй болгох арга хэмжээ авахгүй байна. ...тухайн газар эзэмших эрхийг цуцлах дараах үндэслэлүүд байна.

            1. “*******” ХХК-ийн охин компани болох тухайд: “СБ” ХХК-ийн 24%-ийн хувьцаа эзэмшигч болох Хятад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай ******* захиралтай “Дорнод дэ юу органик хөдөө аж ахуй” ХХК-ийн шийдвэрээр Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Өвөрмонгол эзэнтэй гэгдэх н.Цэвэлмаа захиралтай “*******” ХХК-ийн охин компани болгон өөрчилж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөөр байна.

            2. БНХАУ-ын иргэн *******, ******* нараас хөрөнгө оруулах нэрийдлээр “Дорнод дэ юу органик хөдөө аж ахуй” ХХК-д 100 хувь ашиглуулж, газрын тухай хууль тогтоомж зөрчиж байна.

           3. Тухайн газар ашиглахдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд Монгол Улсад бүртгэгдэж, ашиглах зөвшөөрөлгүй химийн бодис бордоог ашиглаж, үр тарианы аж ахуйн нэгжид хориглох хөрс боловсруулах технологийг зөрчсөн.

              4. Эзэмшил газраа хуульд заасны дагуу зориулалтын дагуу 2-оос дээш жил үйл ажиллагаа явуулаагүй, тухайлбал тариалалт эрхлээгүй үйл баримтууд тогтоогдсон.

           Захиргааны Ерөнхий хуульд заасан журмын дагуу эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан нь аливаа шийдвэр гаргахдаа мэргэжлийн болон холбогдох төрийн захиргааны байгууллагаас холбогдох мэдээлэл, лавлагаа, дүгнэлт гаргуулж дээр дурдагдсан нөхцөл байдлыг тодруулах үүрэг боломж байгаа.

           Бид энэ талаар холбогдох эрх бүхий байгуулага болох Халхгол сумын Засаг дарга, Дорнод аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч хуулийн дагуу судлан үзээд газар эзэмших эрхийг цуцлахаас татгалзсан хариу ирүүлсэн. Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй.

            Иймд ...Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгаж өгнө үү гэв. 

         Нэхэмжлэгч /“БНХГН” НҮТББ/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага байгаль орчны чиглэлээр, Дорнод аймаг болон бусад сумдад явж байгаа уул уурхайн компанийн үйл ажиллагаа, байгаль орчны хууль бус үйлдэл, үйл ажиллагааг хянаж ажилладаг. Энэ ажиллагааны хүрээнд Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай байгаль орчинг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангуулах, заавар зөвлөгөө өгөх, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг ажиллагаан дээр хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан. Халхгол суманд байгаль орчны эсрэг олон үйлдэл гарч, бид газар тариалангийн чиглэлээр хяналт хийж байна. Халхгол сум нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхэд бэршээлтэй,  тал нутаг тул их амархан цөлжилт үүсдэг учраас технологи, горимыг мөрдөж ажиллахыг шаарддаг. Энэ утгаараа зохих байгууллагаас ирүүлсэн дүгнэлтийг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж явсны дагуу Засаг даргын эс үйлдэхүйд гомдол гаргасан.

             Жил бүр тухайн газар ашиглахтай холбоотой дүгнэлтийг сумын даамал, мэргэжлийн хяналтын байцаагч, сумын байцаагч, аймгийн мэргэжлийн хяналтын газар, газрын албаны бүрэлдэхүүнтэй шалгалт хийж дүгнэлт гаргах ёстой, гэтэл энэ дүгнэлт төдийлөн гарч чадахгүй байна. 2016 онд нэг удаа торгууль төлөгдсөн байсан. 2016 оны дүгнэлтийн шаардлагыг хангаж нотлох баримтыг ирүүлээгүй нь хийгээгүй байгааг илэрхийлж байна. Сумын даамлын эс үйлдэхүйд тухайн сумын Засаг дарга хариуцлага тооцох ёстой байдаг. Энэ ажиллагаа хийгдэхгүй үед хуулийн дагуу газар эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Жил тутам ашиглахгүй, бага зэрэг ашиглаж байгаа ч нөхөн сэргээлтийг хийх ёстой.

             Манай байгууллагын зүгээс жил бүр хүсэлт гаргадаг. Гэвч төрийн байгууллагаас хариу өгдөггүй байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Ер нь бол одоо тусгай зөвшөөрлийг цуцлаад нөхөн сэргээлтээ бүрэн хийдэг болсны дараа буцаагаад тусгай зөвшөөрлийг олгох боломжтой. Манай байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага бөгөөд уул уурхай, газар тариалан, ус ашиглахтай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг эрмэлзэж ажилладаг. Одооноос эхэлж хуулийн дагуу ажиллагаагаа бүрэн дүүрэн хийдэг болох хэрэгтэй гэв.

            Нэхэмжлэгч /“БНХГН” НҮТББ/-ийн өмгөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БНХГН” ТББ нь дүрмэндээ нийтийн эрх ашгийг хамгаалах, сэргээх зорилготой талаар дурдсан байдаг. Энэ хэмжээний хүрээнд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу нийтийн эрх ашгийг төлөөлж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Иргэдийн зүгээс “СБ” ХХК нь Халхгол суманд 1600 га газар эзэмшдэг талаар мэдээллийг өгсөн. Мөн иргэдийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг нь цуцлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу сумын Засаг даргатай уулзсан боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хүсэлтийг дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад хүсэлт тавьсан боловч шийдэгдээгүй байна.

          Хариуцагчийн зүгээс “үнэхээр хууль зүйн үндэслэлтэй бол газар эзэмших эрхийг цуцлахад татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн. Гэвч сумын Засаг дарга өөрөө нийтийн өмчийг хамгаалж нотлох баримтыг бүрдүүлж, тухайн компанид хяналт тавих тэргүүлэх, чиглүүлэх ёстой эрх бүхий ажилтан юм.

            Монгол Улсын бүх газар төрийн буюу нийтийн өмч байдаг. Эс үйлдэхүй нь өөрөө захиргааны акт болдог. Тиймээс хийж хэрэгжүүлэх ёстой ажлаа хийхгүй байгаа бол “даалгах тухай” нэхэмжлэлийг гаргах бүрэн эрхтэй. Тусгайлсан хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар тодорхой зааж өгсөн бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр газар эзэмших гэрээгээ хуульд заасны буюу жил бүр дүгнүүлж акт үйлдээгүй бол” гэж заасан байдаг.

             2016 онд хийгдсэн мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалтгалтаар газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, бусад байгаль орчны, хүнсний, химийн хортой бодистой холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн талаар акт дүгнэлт гарсан. Гэхдээ энэ дээр ямар нэг арга хэмжээ аваагүй, энэ талаар баримтыг ч ирүүлээгүй байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд, мөн хүн амын эрүүл мэндийн эсрэг химийн бодис, бордоо хэрэглэсэн бол, мөн үндэсний ашиг сонирхолд харшилж болохуйц гадаадын иргэдийн эрх мэдэл нөлөөлсөн, гадаадын иргэн аж ахуй нэгжийн мэдэл давамгайлсан бол гэж тус тус заажээ. Энэ байдлууд нь нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалалд харшилж байгаа нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож хэрэгт хавсаргагдсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсэгт заасан байдал мөн зөрчигдсөн байгаа. Мөн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэл тогтоогдсон. Гэтэл “СБ” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ огт хийлгээгүй. Үнэлгээ хийгдээгүй гэдгийг эрх бүхий этгээд нь өөрөө нотолж өгсөн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “бусдаас шилжүүлж авсан. Шилжүүлэгч нь энэ үнэлгээг хийх ёстой байсан” гэж тайлбарлаж дээрх байдлыг бүрэн нотолж өгч байна. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан байгаа. Манай талаас 2017-2020 оныг хүртэл тухайн газрыг ашиглаагүй гэж үзэж байна. Энэ нь Дорнод аймгийн 2015, 2016, 2017, 2018, 2019 оны үр тариалалтын эцсийн мэдээгээр нотлогдож  байна. Энэ мэдээ нь жил бүр сум бүрээр гаргасан байдаг. Үүнийг хэлтсийн дарга бөгөөд газар тариалан үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн С гээд өөрийн гарын үсгээр баталгаажуулсан төрийн байгууллагын дүгнэлт байна. Үүн дээр Халхгол сумын нэр бүхий компаниудын мэдээ байгаа бөгөөд “СБ” ХХК-ийн мэдээлэл байхгүй, нэр нь ч ороогүй байна. Үүгээр 2 жил дараалан ажиллагаа эрхлээгүй болох нь нотлогдож байна. Гэрч Гантулгын мэдүүлэгт “энэ байгууллага сүүлийн жилүүдэд ямар нэг харилцаа холбоогүй, бүр сураггүй болсон” гэж тусгагдсан. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших этгээд төсөл хэрэгжүүлэхээс өмнө ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж заасан байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралт хуульд “Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийх ангилал” тусгагдсан байдаг. Энэхүү ангиллын 4 дэх хэсэгт заасан “Хөдөө аж ахуйн төсөл” гэдэгт 3 дугаар хүснэгтийн 3 дахь хэсэгт “Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх талбайд үнэлгээ хийлгэнэ. Хариуцан гүйцэтгэгч нь аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна” гэж тусгасан байна. Гэтэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт нөлөөллийн үнэлгээ хийлгэх ёстой байна уу? үгүй юу? гэж асууж байх юм. Энэ байдлыг үнэхээр ойлгохгүй байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд юу юу байх ёстойг тайлбарлаж бичсэн байна. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбарлаад байгаагаар шилжүүлэгч компани өөрөө үнэлгээг гаргаж шилжүүлж өгөх ёстой байсан гэж хэлээд байгаа нь өөрийнх нь тайлбарыг няцаасан хуулийн заалт байна гэж үзэж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 дэх хэсэгт байгаль орчны аудитын талаар заасан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101.1 дэх хэсэгт байгаль орчны аудитыг байгалийн нөөц баялгийг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллага нь хоёр жил тутам хийлгэж холбогдох дүгнэлт зөвлөмж гарган хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлнэ гэж заасан. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар гарсан энэхүү компанийн гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын иргэдтэй холбоотой ээмшил, өмчлөлийн асуудал хэрээс хэтэрсэн. Монгол Улс дахь бие төлөөлөгчөөр дамжуулан маш том хэмжээний газрыг өөрсдийн мэдэлд авсан үйлдэл ажиглагдаж байна. Энэ бодит аюул тулгарч байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

               Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                1. Нэхэмжлэлийн 1 дэх үндэслэлд заасан “*******” ХХК-ийн охин компани болгон өөрчилж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх талаар “СБ” ХХК нь 2013 оноос одоог хүртэл уг газраа эзэмшиж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэгч захирал нь өөрчлөгдсөн тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн дээрх аж ахуй нэгж байгууллагын хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх нь тухайн комппанийн дүрмийн сангаар явагддаг болно. Иймд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай нь нотлогдвол орон нутгийн зүгээс газар эзэмших эрхийг цуцлахад татгалзах зүйлгүй.

           2. “Дорнод Дэ Юу органик” ХХК нь тус суманд газар эзэмших үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд “СБ” ХХК нь 2013 оноос одоог хүртэл эзэмших газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд дээрх аж ахуй нэгжтэй газар ашиглуулах гэрээ байгуулж ашиглуулж байсан гэх нотлох баримт байхгүй байна. Тухайн байгууллага эзэмшил газраа бусдад гэрээгээр ашиглуулах тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу гэрээ байгуулж сумын Засаг даргад танилцуулж батлуулдаг болно.

            3. “СБ” ХХК нь 2013 оноос хойш эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд Монгол Улсад бүртгэгдэж, ашиглах зөвшөөрөлгүй химийн бодис бордоог ашигласан, 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэх нотлох баримт байхгүй.

               Иймд сум орон нутгийн зүгээс Газрын тухай хуульд заасны дагуу дээрх аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй байна.

            Мөн дээрх аж ахуйн нэгж нь гадаадын хөрөнгө оруулалттай болох нь нотлогдож газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байвал сум орон нутгийн зүгээс газрыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэв.

              Гуравдагч этгээд /”СБ” ХХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд “*******” ХХК-аас шилжүүлэн авсан. “СБ” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар Халхгол сумын Засаг даргын захирамжаар 1631 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

          Газар шилжүүлэн авснаас хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Нэхэмжлэлийн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаас 40.1.7 дахь заалтын нөхцлүүд бүрдсэн байна гэж тайлбарлаж байна. Гэхдээ яг ямар ямар үндэслэл бүрдэж, хууль зөрчигдөж байгааг тайлбарлаж хэлж чадахгүй байна гэж ойлгож байна.

             “Ашид арвижих” ХХК-д газраа эзэмшүүлсэн зүйл байхгүй. Энэ компанийн хувьд гадаадын компани биш. Газар дээр тухайн компани үйл ажиллагаа явуулаагүй. “СБ” ХХК нь өөрсдөө үйл ажиллагаа эрхэлдэг. Манай байгууллагын хувьд 2013 оноос 2020 оныг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, тосны ургамал, малын тэжээлийг тогтмол бэлдэж ирсэн.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа нэхэмжлэгч этгээдийн хувьд маргаж буй асуудлын талаар сонирхлоо илэрхийлсэн байх, нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй байгаа нөхцлийг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээр тайлбарлаж, нотлох ёстой” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэлийн хувьд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг гаргаж байгаа юм байна. Тэгвэл нийтийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгааг тайлбарлаж хэлж чадсангүй, цаашид ямар эрх ашгийг зөрчих боломжтой байгааг ч тайлбарлаж хэлж чадаагүй байна.

            Халхгол сумын тариалалт, ургац, газар тариалалтын үйлдвэрлэлийн газрын хариуцсан мэргэжилтэн Сын тайлангийн мэдээг харж үзэх боломжтой. Үүн дээр 2016 оноос хийгдсэн тариалангийн талаар дурдсан. 2016 онд нэг удаа Мэргэжлийн хяналтын газраас акт тавигдсан нь хөтөлбөртэй холбоотой хяналт шалгалт хийгдсэн дүгнэлт байсан. Төрийн захиргааны байгууллагаас гаргасан тоон мэдээ, мөн манай компанийн албан бичиг нь нотлох баримт болно гэдгийг хэлэхийг хүсч байна.

         Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт “Газрын хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар нөлөөлсөн” гэж заасан байна. “СБ” ХХК нь химийн хортой бодис ашигласан зүйл байхгүй. Энэ байдлыг нотолсон нотлох баримт ч байхгүй. 2016 оны хяналтын шалгалтын дүгнэлт дээр ч “химийн хортой бодис ашигласан” гэсэн тэмдэглэлээ огт байгаагүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэгт эзэмших хувь нь 25 хувиас дээш байхыг шаарддаг. “Дорнод Дэ Юу органик” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг харвал гадаадын компани байсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “Байгаль орчин аюулгүй байдлын үнэлгээ, эрсдлийн үнэлгээг хийлгээгүй” гэж маргаж байна. Гэхдээ энэ байдал нь анх газар эзэмших хүсэлт гаргаж байх үед хийгдэх ажиллагааг заасан байна. Анх авах хүсэлт гаргах үедээ “Байгаль орчин, аюулгүй байдлын үнэлгээ” хийлгээгүй байсан бол Засаг даргаас газар эзэмших эрхийг олгохгүй байх байсан. Гэтэл 2012 онд “*******” ХХК-д Халхгол сумын Засаг дарга газар олгочихсон учраас тухайн үнэлгээ 2012 онд хийгдсэн гэж үзэж байна. Түрүүнд мөн хавсралтаар төсөл хэрэгжүүлэгч байгууллагын тайланг харуулж байна. Гэтэл бид төсөл хэрэгжүүлэгч байгууллага биш юм. Төсөл хэрэгжүүлэгчийг тусад нь зааж байгааг анзаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.

           Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “2 жилээс дээш хугацаагаар газраа ашиглаагүй” талаар заасныг үндэслэл болгож байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Самбуудорж гэдэг хүн чинь хоёр өөр төрлийн баримт өгсөн. Тиймээс нотлох баримтад эргэлзээ төрж байна. Самбуудоржийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэдээ байна. Энэ мэдээн дээрээс “СБ” ХХК нь 2013 оноос 2020 оныг хүртэл жил бүр үйл ажиллагаа явуулж байсан нь харагддаг. Гэтэл нэхэмжлэгчийн дурдсан баримт дээр “СБ” ХХК-ийн нэр байхгүй гэж байна. Хоёр өөр утгатай баримтыг захиргааны байгууллагаас гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Мөн “*******” ХХК, “СБ” ХХК гэсэн хоёр өөр нэршил харагдаж байсан. Халхгол суманд “*******” ХХК нь газар эзэмшиж байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч “БНХГН” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь “Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг гаргажээ.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй,” тус хуулийн 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-д “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг тус тус хуульчилсан.

            “БНХГН” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь хуулийн дээрхи шаардлагуудыг хангасан нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, төрийн бус байгууллагын дүрэм, 2018,  2019, 2020, 2021 оны  татварын тайлан тушаасан  баримт зэргээс харахад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.[1]

              Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/113 дугаар захирамжаар газар тариалангийн зориулалтаар 1631,2 га газрыг “Жи Эм Эс Эс” ХХК-аас “СБ” ХХК-д шилжүүлж, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарчээ.[2]

                 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж... болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, мөн хуулийн  38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж заасны дагуу дээрхи захирамжийг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

                Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Дорнод аймгийн 2015, 2016, 2017, 2018, 2019 оны үр тарианы тариалалтын эцсийн мэдээнд “СБ” ХХК-ийн нэр байхгүй,  2017-2020 оныг хүртэл тухайн газрыг ашиглаагүй гэж үзэж байгаа. Энэ нь Дорнод аймгийн 2015, 2016, 2017, 2018, 2019 оны үр тариалалтын эцсийн мэдээгээр нотлогдож  байна гэж маргадаг.

               Гэтэл дээрхи захирамж гарснаас хойш “СБ” ХХК нь тухайн газар дээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулсан нь Халхгол сумын “СБ” ХХК-ний тариалалт, ургац хураалт, уринш боловсруулалтын 2013-2020 оны мэдээ,[3] Дорнод аймгийн 2015, 2016, 2017, 2018, 2019 оны үр тарианы тариалалтын эцсийн мэдээ[4], хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

               Харин Дорнод аймгийн 2015, 2016, 2017, 2018, 2019 оны үр тарианы тариалалтын эцсийн мэдээнд “СБ” ХХК-ийн нэр байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ мэдээнд “СБ” ХХК-ийн нэр харласан байдлаар харагдаж байгаа бөгөөд тэр хэсэгт байгаа тариалалтын  нэгдсэн дүн нь Халхгол сумын “СБ” ХХК-ний тариалалт, ургац хураалт, уринш боловсруулалтын 2013-2020 оны мэдээний нэгдсэн дүнтэй тохирч байна.

             Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “СБ” ХХК нь газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээд байхад, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэл бүрдсэн байхад сумын Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, хүчингүй болгох арга хэмжээ авахгүй байна. ...тухайн газар эзэмших эрхийг цуцлах  үндэслэлүүд хангалттай бүрдсэн байна гэжээ.

                 Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан “СБ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ямар үндэслэл бүрдсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбаруудаас тодорхой харагдахгүй, мөн тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй харин эсрэгээрээ тухайн газраа “СБ” ХХК нь 2013 оноос хойш тасралтгүй ашиглаж үйл ажиллагаа явуулж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

               Мөн Анхдагч газар эзэмшигч “Жи Эм Эс Эс” ХХК нь 100% монгол хөрөнгө оруулалттай компани, ...газар тариалангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг хориотой техникийн нөхцөл болон үр тариа, уринш ашигласан талаархи зөрчил илэрсэн захиргааны акт байхгүй, ...тухайн компанийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл нотлох баримт байхгүй байгаа нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/98, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/146[5] дугаар албан бичгээр давхар батлагдаж байна.

               Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.” гэжээ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх ойлголт бөгөөд “СБ” ХХК нь 2013 оноос хойш  тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

              Иймд “БНХГН” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын,  “Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

                 1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “БНХГН” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

                  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БНХГН” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 5-12-р хуудас

[2] Хавтаст хэргийн 15-р хуудас

[3] Хавтаст хэргийн 33-р хуудас

[4] Хавтаст хэргийн 98-103-р хуудас

[5] Хавтаст хэргийн 13-14-р хуудас