Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00157

 

 

 

 

 

 

 

 

  “Т” БСБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02849 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” БСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 23 426 200 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” БСБ-ын эрхлэгч Н.А нь “А” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, Саруул хотхон хорооллын 112 дугаар байрны 2 дугаар орц, 1 давхарт байрлах, 152.3 м.кв талбайг үйлдвэр, үйлчилгээний зориулалттай байрыг 380 750 000 төгрөг төлөх, гүйцэтгэгч барилгыг 2016 оны 3 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. “Т” БСБ нь Нийслэлийн боловсролын газарт 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийг хийлгэн улсын статистик мэдээ өгөх байсан боловч “А” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөхгүй, гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гэрчилгээг гаргаж өгсөн тул 29 хүүхдийн нийт 23 426 200 төгрөг улсын төсвөөс хувьсах зардал авч чадахгүй хохироод байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хохиролд 23 426 200 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "А" ХХК нь иргэн Д.Б-тэй 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 140 дүгээр "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын барилгад үйлчилгээний байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ" байгуулсан бөгөөд уг барилга байгууламжийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын комисс актаар хүлээн авсан. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захиалсан барилга байгууламжийг захиалагч Н.А-гийн эзэмшил, ашиглалтад "орон сууц хүлээлцсэн акт" үйлдэн хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл тус компани үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд "А" ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу биелүүлсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээг гэрээний 6.6-д "Захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд үйлчилгээний байрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг захиалагчид гаргаж өгөх ба бүртгүүлнэ" гэж заасан. Нэхэмжлэгч тал төлбөрийн сүүлчийн үлдэгдэл буюу 16 962 500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "А" ХХК-д төлсөн тул гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагатай бичиг баримтыг бүрдүүлэн Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт өгсөн билээ. Гэрчилгээ гарах эсэх асуудал нь манайхаас шалтгаалахгүйгээр Улсын бүртгэлийн газраас олгодог тул гэрээнд гэрчилгээ гаргаж өгөх хугацааг заадаггүй. Иймд манай компаниас үл шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан байдаг. Нэхэмжлэгч тал манай компанийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул хохиролд 23 426 200 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, хугацаанд нь захиалагчид хүлээлгэн өгснөөр дээрх хуульд даасан үүргээ биелүүлсэн учраас хохирол төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох хохирол бодит байдалд хэрхэн учирсан талаар тодорхойгүй байгаа буюу "Т" БСБ тухайн үед цэцэрлэгтээ хэдэн хүүхэд бүртгэн авч, хэдэн хүүхдийг сурган хүмүүжүүлж, эцэг, эх, асран хамгаалагчаас нь төлбөр авч байсан эсэх тодорхойгүй. Хэрэв цэцэрлэгийн хүүхдийн тоо хүрээгүй тохиолдолд улсаас хувьсах зардал авах нөхцөл бодит байдалд бүрдэхгүй юм. Харин цэцэрлэгийн хүүхдийн тоо хүрсэн боловч Нийслэлийн боловсролын газар санхүүжилт олгохоос татгалзсан бол тухайн татгалзлыг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. Учир нь тухайн барилга байгууламжийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтанд оруулж, улсын комисс актаар хүлээж авсан, нэхэмжлэгч талын эзэмшил, ашиглалтад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр актаар хүлээлгэн өгч, нэхэмжлэгч тал үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа барилга байгууламжид улсаас хувьсах зардал олгоход сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйп ажиллагааг ойлгоно" гэж заасны дагуу Нийслэлийн боловсролын газар "Т" БСБ-д 23 426 200 төгрөгийн хувьсах зардал олгоогүй үйл ажиллагаа нь захиргааны актад хамаарахаар байх тул нэхэмжлэгч тал уг нэхэмжлэлээ захиргааны байгууллагад холбогдуулан захиргааны шүүхээр нэхэмжлэх бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг заалтыг баримтлан “А” ХХК-д холбогдох, 23 426 200 төгрөг гаргуулах тухай “Т” БСБ-ын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Т” БСБ нь улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 275 081 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулсныг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 275 081 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. “Т” БСБ нь “А” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, Саруул хорооллын 112 дугаар байрны 2 дугаар орц 1 давхарт байрлах, 152.3 м.кв талбай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай байрны 380 750 000 төгрөг төлөх, гүйцэтгэгч барилгыг 2016 оны 3 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. “Т” БСБ нь Нийслэлийн боловсролын газарт 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийг хийлгэн улсын статистик мэдээ өгөх байсан. Гэвч “А” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрчилгээг гаргаж өгсөн тул 29 хүүхдийн нийт 23 426 200 төгрөг улсаас авах хувьсах зардал авч чадахгүй хохирсон. Хэрэгт цугларсан баримтаар “А” ХХК нь гэрээний хугацааг хэтрүүлсэн үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгчид 23 426 200 төгрөгийн хохирол учирсан. Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг нягтлан үзэлгүй, дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” БСБ нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 23 426 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “А” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын Б блокын 2 дугаар байр, 2 дугаар орц 1 дүгээр давхарын 152.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээг иргэн Д.Б-тэй байгуулж, /хх-ийн 33-37 дугаар тал/ уг гэрээний талууд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар захиалагч Д.Б-гийн эрх, үүргийг нэхэмжлэгч Н.Алтанцэцэг шилжүүлэн авсан, Н.А нь 380 750 000 төгрөг төлөх, хариуцагч “А” ХХК нь барилгыг 2014 оны 3 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан /хх-ийн 41-42 дугаар тал/ баримтаар тогтоогджээ.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

            Ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг талууд “ажил гүйцэтгэх акт”-аар тодорхой тохирч, гүйцэтгэгч “А” ХХК Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын Б блокын 2 дугаар байрны 2 дугаар орц 1 дүгээр давхарын 152.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр захиалгаар барьж гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотой 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт гарсан үйл баримтын талаар талууд мөн маргаагүй.

 

Талууд гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай байрыг 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “орон сууц хүлээлцэх акт”-аар хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 44-47, 51 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох хариуцагч “А” ХХК гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас 29 хүүхдийн хувьсах зардалд 23 426 200 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн өмчлөлийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарах болсон шалтгааныг нэхэмжлэгчийн зүгээс сүүлийн төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн байдалтай холбон хариуцагч тайлбарласан ба захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд үйлчилгээний байрыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон баримт бичгийг захиалагчид гаргаж өгөх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 36, 61 дүгээр тал/

 

Иймд хариуцагч “А” ХХК-ийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн, эсхүл зохих ёсоор үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан цаг хугацааны нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас хувьсах зардлаа авч чадахгүйтэй шалтгаант холбоотой гэж эргэлзээгүй дүгнэх баримт хэрэгт байхгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02849 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ                                     

                                          ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ