Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00886

 

 Хүннү конкрет ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02866 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаар магадлалтай,

Хүннү конкрет ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Бармаш ХХК, Бүрэн констракшн ХХК-д холбогдох 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 787,967,892 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагч Бармаш ХХК-ийн өмгөөлөгч Н.Тайван, хариуцагч Бүрэн констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Т.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Бармаш ХХК-тай 2019.06.26-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг, 2019.07.05-ны өдөр Арматур төмөр худалдах, худалдах авах гэрээг тус тус байгуулж, гэрээнүүдийн дагуу бетон зуурмаг болон арматур төмөр нийлүүлсэн. Гэвч тус компани нь гэрээгээр хүлээн авсан бетон зуурмаг болон арматур төмрийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй, хугацаа хожимдуулан хэсэгчлэн төлж байсан. Бармаш ХХК-тай 2019.12.31-ний өдрийн байдлаар болон 2020.04.01-ний өдрийн байдлаар тус тус тооцоо нийлж, үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн нь 525,311,928 төгрөг болохыг баталгаажуулсан. Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 6.3 дахь заалт, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 6.2 дахь заалтад тус тус худалдан авагч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөгдөхөөр тохиролцсон. Үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн нь 575,311,928 төгрөг, 2019.10.21-ний өдрөөс эхлэн алданги тооцоход үндсэн төлбөрийн 50 хувьд хүрсэн. Иймд 525,311,928 төгрөгийн 50 хувиар тооцож, 262,655,964 төгрөгийн алданги нийт 787,967,892 төгрөгийг Бармаш ХХК-иас гаргуулж өгнө үү. Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 3.9, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 2.7 дахь заалтуудын дагуу гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Бармаш ХХК-ийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан ба барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Бүрэн констракшн ХХК-ийг хамтран хариуцагчаар тодорхойлж, гэрээний зүйл болох бетон зуурмаг, арматур төмрийг Бүрэн констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд хэрэглэсэн, маргаан бүхий гэрээний хувьд тус компани хамтран үүрэг гүйцэтгэгч тул худалдах, худалдан авах гэрээний үүрэг 787,967,892 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хамтран хариуцуулж, барьцааны гэрээний хувьд үүрэг хүлээхгүй болно гэжээ.

Хариуцагч Бармаш ХХК-ийн шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хүннү конкрет ХХК-тай 2019.06.26-ны өдөр болон 2019.07.05-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу гэрээнд дурдсан материалыг манай компани хүлээн аваагүй. Харин Бүрэн констракшн ХХК нь төслийн барилгын ажилдаа зориулан бетон зуурмаг болон арматур төмрийг авсан. Иймд Хүннү конкрет ХХК-иас гэрээний дагуу барааг огт хүлээн аваагүй төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, манай компани нь жинхэнэ хариуцагч биш бөгөөд бидний зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно гэжээ.

Хариуцагч Бүрэн констракшн ХХК-ийн шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй тул хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02866 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бүрэн констракшн ХХК /РД:6121217/-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,311,928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК /РД:5785367/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 262,655,964 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Бармаш ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,167,989.46 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бүрэн констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,784,509.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэг Хүннү конкрет ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02866 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бармаш ХХК-аас 525,311,928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК-д олгож, нэхэмжлэлээс 262,655,964 төгрөг болон Бүрэн констракшн ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дахь заалтаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бармаш ХХК өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206010463 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 94, 94 а цтл 94 тоот, 7128 м.кв, 220,8 м.кв, 44,3 м.кв талбай бүхий, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, хариуцагч Бүрэн констракшн ХХК-иас гэснийг хариуцагч Бармаш ХХК-иас гэж өөрчилж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид давж заалдах шатны шүүхийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Хэрэглэх ёстой хууль болох Иргэний хуулийн 208.1, 208.2 дахь хэсгийг хэрэглээгүй тухай: Магадлалд талууд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэхдээ төлбөрийг хэзээ гүйцэтгэж дуусгах талаар тохиролцоогүй гэх дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёстой хууль болох Иргэний хуулийн 208.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүйтэй холбоотой байна. Учир нь, давж заалдах шатны шүүхийн зүгээс төлбөрийг хэзээ төлөхийг талууд тооцоо нийлэх актаар тохирох ёстой мэтээр тайлбарлаж. Гэтэл хуулийн дээрх заалтын дагуу үүрэг гүйцэтгэгч нь үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой. Харин тооцоо нийлэх акт үйлдэж байгаа нь тухайн өдрийн байдлаар төлөх үүрэгтэй төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж буй хэлбэр юм. Талуудын хооронд байгуулагдсан Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 2.8 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацааг заасан бөгөөд төлбөр төлөх сүүлийн хугацаа нь 2019.09.15-ны өдөр байхаар тохиролцсон. Харин Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний хувьд үүрэг гүйцэтгэх хугацааг тус гэрээний 3.6 дахь хэсэгт заасан бөгөөд үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа нь 2019.09.30-ны өдөр байхаар заасан. Мөн Бармаш ХХК-ийн гэрээний дагуу төлөх үүрэгтэй төлбөрийн үлдэгдэл нь хэзээ, хэдэн төгрөг байсан талаар хэрэгт дараах баримтууд авагдсан:

Нэхэмжлэгч компанийн Бүрэн Констракшн ХХК-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаанд 2019.09.30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 492,553,500 төгрөг болох тухай тусгагдсан, нэхэмжлэгч компанийн Бармаш" ХХК-д хүргүүлсэн 2019.10.21-ний өдрийн албан бичигт үндсэн төлбөрийн үлдэгдэл 492,553,500 төгрөг болох талаар тусгагдсан, нэхэмжлэгч компанийн 2019.11.30-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02/10 тоот албан бичигт үндсэн төлбөрийн үлдэгдэл 575,310,928 төгрөг болох тухай тусгагдсан, нэхэмжлэгч компанийн Бүрэн Констракшн ХХК-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаанд 2019.12.31-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 525,311,928 төгрөг болох тухай тусгагдсан, Бүрэн Констракшн ХХК-ийн нэхэмжлэгч компанид ирүүлсэн 2020.05.29-ний өдрийн Тодруулга хүргүүлэх нь 5 дугаартай албан бичигт Худалдах, худалдан авах гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр нь 2019.10.21-ний өдрийн байдлаар 575,311,928 төгрөг байснаас 2019.12.10-ны өдөр 50 сая төгрөг тус тус төлөгдөж, төлбөрийн үлдэгдэл 525,311,928 төгрөг байсан талаар тусгагдсан. Эндээс харахад бидний нэхэмжилж буй үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн болох 525,553,500 төгрөг нь 2019.12.31-ний өдрийн Тооцоо нийлэх актад заасан үлдэгдэл дүн болох, мөн 2019.12.10-ны өдрөөс эхлэн төлбөрийн үлдэгдэл дүн 575,311,928 төгрөг байсан байна. Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 6.3 дахь заалт, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 6.2 дахь заалтад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор заасан. Иймд үүрэг гүйцэтгэх хугацааг 100 хоног хэтрүүлсэн нөхцөлд хуульд заасан дээд хэмжээ болох үндсэн төлбөрийн 50 хувьд хүрч байгаа. Иймд дээрх хугацаа болох 2019.12.10-ны өдрөөс эсвэл Тооцоо нийлсэн өдөр болох 2019.12.31-ний өдрөөс ч тэр алданги тооцоход бидний нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар алдангийн хувь үндсэн төлбөрийн 50 хувьд хүрч, 262,655,964 төгрөг болчихсон байсан. Түүнчлэн, хэрэв талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцоогүй гэж үзвэл Иргэний хуулийн 208.2 дахь зохицуулалт үйлчлэх билээ. Хэргийн 19 дэх талд авагдсан баримт болох нэхэмжлэгч компаниас хариуцагч Бармаш ХХК-д хүргүүлсэн 2019.11.30-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2019.11.30-ны өдрөөр тасалбар болгож, төлбөрийн үлдэгдэл 575,310,928 төгрөгийг төлөхийг шаардаж байж. Иймд хэрэв үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тохироогүй гэж үзвэл Бармаш ХХК нь Иргэний хуулийн 208.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгчийн шаардсан хугацаа болох 2019.11.30-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл дүн болох 575,310,928 төгрөгийг бүхэлд нь төлөх үүрэгтэй байсан. 2019.11.30-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан ёсоор алданги тооцвол 2020.03.10-ны өдрийн байдлаар алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувьд хүрчихсэн байх юм.

Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай: Магадлалын 7 дахь талд алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар тайлбарлахдаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсгийг иш татаж, хэрэглэсэн байна. Гэвч хуулийн тус заалт нь үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох тухай зохицуулалт юм. Иймд маргаан бүхий асуудал болох алданги гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд хамааралгүй заалт байх тул шүүх тус хуулийг хэрэглэх ёсгүй байсан юм. Иймд Бармаш компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Энэхүү гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2021.01.15-ны өдрийн өөрчлөн найруулсан зүйл, заалтууд хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2021.03.01-ний өдрөөс өмнө гаргав. Иймд тухайн үеийн байдлаар хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Бармаш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1-т заасны дагуу дараах үндэслэл бүхий гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Хариуцагч Бүрэн констракшн ХХК-ийн зүгээс ХЗДХЯам болон ШШГГазартай байгуулсан Хуульчдын хотхон барих төслийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлыг яаралтай эхлэх хэрэгцээ шаардлага үүсч 2019 оны 6 сард Бүрэн констракшн ХХК нь Хүннү конкрет ХХК-ийн удирдлагуудтай бетон зуурмаг болон арматур төмөр нийлүүлэх хэлцэл хийж, гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон боловч Хүннү конкрет ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа тавьсан этгээдтэй Худалдах, худалдан авах гэрээг байгуулна гэх шаардлага тавьсан. Бүрэн констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Бармаш ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Хажидсүрэнгийн нөхөр Г.Ганбаатар тухайн үед ажиллаж байсан мөн Бүрэн констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Мөнх-Очир болон тус компанийн хувьцаа эзэмшигчид ятгаж гуйсан учир бетон зуурмаг, арматур төмөр худалдан авах гэрээг Бармаш ХХК-ийн нэр дээр байгуулахыг зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК-ийн шаардлагаар Бүрэн констракшн ХХК-ийн хүсэлтээр Бармаш ХХК нь 2019.06.26-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ болон 2019.07.05-ны өдрийн Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ, 2019.07.05-ны өдөр Барьцааны гэрээ-г тус тус байгуулсан. Хариуцагч Бүрэн констракшн ХХК нь Хүннү конкрет ХХК-тай тохиролцсон ёсоор бетон зуурмаг, арматур төмрийн худалдан авалтыг хийж, хэлцэл ёсоор хүлээн авсан барилгын материалын төлбөр тооцоог Бүрэн констракшн ХХК-ийн санхүүгээс тооцоо нийлж, төлбөр тооцоо хийж байсан. Болсон явдлын бодит үйл баримт бол товчдоо энэ билээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 248 дугаар зүйлийн 248.1 Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно" гэж тус тус заасан байна. Иргэний хуулийн дээрх зохицуулалт, талуудын хооронд байгуулсан гэх гэрээний холбогдох зохицуулалтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбаруудаар Хүннү конкрет ХХК-с хариуцагч Бармаш ХХК-д бараа, бүтээгдэхүүн огт нийлүүлээгүй, харин Бүрэн констракшн ХХК хүлээн авсан болох нь нотлогдож байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн юм. Хүннү конкрет ХХК нь хариуцагч Бүрэн констракшн ХХК-д нийт 703,311,928 төгрөгийн арматур болон бетон зуурмаг нийлүүлсэн, Бүрэн констракшн ХХК нь 223,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 525,311,928 төгрөгийг төлөөгүй учир алдангийн хамт шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилсэн. Хүннү конкрет ХХК-иас маргааны зүйл болох төлбөрийн нэхэмжлэхийг буюу 2019.10.28-ны өдөр 137,518,000 төгрөг, 2019.10.28-ны өдөр 13,518,500 төгрөг, 2019.10.28-ны өдөр 196,178,000 төгрөг, 2019.10.28-ны өдөр 113,895,000 төгрөг, 2019.10.28-ны өдөр 76,968,428 төгрөг, 2019.10.28-ны өдөр 27,160,000 төгрөг, 2019.11.01-ний өдөр 91,847,535 төгрөг, 2019.11.01-ний өдөр 107,520,489 төгрөг нэхэмжлэхийг Бармаш ХХК-д бус, Бүрэн констракшн ХХК-д хүргүүлж байсан. Бүрэн констракшн ХХК-с 2019.07.05-ны өдөр 128,000,000 төгрөг, 2019.12.05-ны өдөр 45,000,000 төгрөг, 2019.12.10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 230,000,000 төгрөгийг Хүннү конкрет ХХК-д төлсөн бөгөөд талууд уг төлбөрийн үйл баримт дээр маргаагүй. Өөрөөр хэлбэл, Хүннү конкрет ХХК болон Бүрэн констракшн ХХК-иудын хооронд худалдах, худалдан авах хэлцлийн дагуу арматур болон бетон зуурмаг нийлүүлэгдэж, төлбөр тооцоо нийлсэн нь баримтаар нотлогдсон бөгөөд анхан шатны шүүх Хүннү конкретХХК болон Бүрэн констракшн ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тухайлбап, Хүннү конкрет ХХК болон Бүрэн констракшн ХХК-иуд дээр дурдсан бараа нийлүүлсэн болон төлбөр тооцооны талаар удаа дараа тооцоо нийлж баталгаажуулсан баримт нь 2019.07.01-ний өдрөөс 2019.09.01-ний өдрийн байдлаар, 2019.07.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдрөөс байдлаар тус тус тооцоо нийлж баталгаажуулсан акт байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт хавтаст хэргийн 136-р хуудсанд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх эргэлзээ бүхий баримтыг үнэлж, Хүннү конкрет ХХК болон Бармаш ХХК-иудын хоорондын гэрээгээр тооцоо нийлж байсан мэтээр дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дээрх 136-р хуудсанд эх хувиар авагдсан баримтыг хуулбарлан 2020.04.10-ны өдөр нотариатаар батлуулж, хавсаргаж өгсөн. Ингэхдээ эх хувь дээрх байхгүй хүмүүсийн буюу Цэрэнпэлжээ, Д.Оюунгэрэл гэх нэрийг нөхөж бичсэн байх бөгөөд гарын үсэг зурсан хэсгийн ард мөн тус бүрийн нэрийг нөхөж бичсэн байна. Уг тооцоо нийлсэн гэх актад хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй бөгөөд 2020.04.10-ны өдөр нотариат баталсан тамган дээр 2020.04.01-ний өдөр үйлдсэн мэтээр гараар нэмж бичсэн нь хуурамч болох тодорхой харагдаж байна. Үүнээс гадна хэргийн 14-р хуудсанд бүдэг харагдахгүй тооцоо нийлсэн актыг нотариатаар батлуулж нэхэмжлэгч тал өгсөн бөгөөд хожим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бүрэн констракшн ХХК-г хамтран хариуцагчаар татсаны дараа дахин тод байдлаар хуулбарлаж, нотариатаар батлуулан гаргаж өгсөн нь хх-ийн 107,108-д нотлох баримтаар авагдсан байна. Дээр дурдсан нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа Бармаш ХХК-д бараа нийлүүлж, тооцоо нийлсэн мэтээр харагдуулах зорилгоор, зарим нотлох баримтыг бүдэг хэвлэж, Бармаш ХХК-тай тооцоо нийлсэн гэх актад нотариатаар батлуулсны дараа 2020.04.01-ний өдөр үйлдсэн мэтээр гараар нэмж бичиж өгсөн болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, хэргийн 136-р тал болон 15-р талд авагдсан нэг баримт харилцан адилгүй, эх хувиасаа зөрүүтэй, нотариатаар батлагдсаны дараа засвар хийгдсэн эргэлзээтэй баримтыг давж заалдах шатны шүүх үнэлсэн атлаа энэхүү гомдлын 7 дахь хэсэгт дурдсан Бүрэн констракшн ХХК болон Хүннү конкрет ХХК-иудын хооронд 2019.09.01, 2019.12.31-ний өдрийн байдлаар 2 удаа тооцоо нийлж, төлбөрийг үлдэгдлийг баталгаажуулсан эргэлзээгүй нотлох баримтад огт дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Бүрэн констракшн ХХК-с Хүннү конкрет ХХК-д 2019.11.11-ний өдрийн 80 дугаартай албан бичиг, 2020.05.29-ний өдрийн 15 дугаартай албан бичиг, Хүннү Конкрет ХХК-с Бүрэн констракшн ХХК-д 2019.11.06-ны өдөр хүргүүлсэн 02\131 дугаартай албан бичгээр үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан байна. Давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т заасныг дурдаад, уг заалт нь гэрээний тал биш этгээдэд үүрэг хүлээлгэх тухай заалт биш гэж дүгнэсэн ойлгомжгүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай дүгнэлт болсон байна. Хүннү конкрет ХХК, Бармаш ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 1.3-т Талуудын хэн аль нь нөгөө талдаа бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. гэж заасан. Гэрээний энэ заалтын дагуу Хүннү конкрет ХХК Бармаш ХХК-иас өөр гуравдагч этгээдэд арматур төмөр, бетон зуурмаг нийлүүлэх ёсгүй байсан. Гэтэл бодит байдалд арматур төмөр, бетон зуурмагийг Бүрэн констракшн ХХК-д шилжүүлж, бараа материалын анхан шатны наряд баримтаар төлбөр тооцоогоо харилцан нийлж бичгээр хүлээн зөвшөөрсөн нотлох баримтаар Бармаш ХХК нь бараа материал огт хүлээн аваагүй учир төлбөр төлөх үүрэггүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх Бармаш ХХК төлбөр төлөх үүргээ бусдад шилжүүлж болохгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхээс зөрүүтэй байдлаар хууль хэрэглэж Бармаш ХХК-д хэт хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хүннү конкрет ХХК нь Бармаш ХХК-д арматур, бетон зуурмаг нийлүүлээгүй, харин Бүрэн констракшн ХХК-д нийлүүлсэн учир арматур, бетон зуурмагийг хүлээн авсан компаниас төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж маргасан. Бүрэн констракшн ХХК-ийн зүгээс арматур болон бетон зуурмагийг өөрийн төслийн барилгын үйл ажиллагаанд зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлөхөө шүүх хуралдаанд удаа дараа илэрхийлж байсан. Мөн эвлэрлийн гэрээ байгуулах агуулгаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэрээний тал биш этгээдэд үүрэг ногдуулах боломжгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, худалдан авалт хийсэн Бүрэн констракшн ХХК-ийг хариуцлагаас бүрэн чөлөөлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль хэрэглээний болон хэрэгт цугларсан нотлох баримтууд, маргаанд холбогдох үйл баримтын талаар буруу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгч 2020.06.26-ны өдөр Бүрэн констракшн" ХХК-г нэхэмжлэлийн шаардлага болох 787,967,892 төгрөг гаргуулах шаардлагыг хамтран хариуцагчаар оролцох хүсэлтийг гаргаж, шүүгчийн мөн өдрийн 09508 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.09.10-ны өдөр ...шүүгчийн 2020.05.12-ны өдрийн 06851 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах тухай захирамжид өөрчлөлт оруулж, Бармаш ХХК-ийн эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээг Бүрэн констракшн ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 787,967,892 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээгээр солиулах хүсэлт гаргасан. Улмаар шүүгчийн 2020.09.14-ний өдрийн 12811 дугаартай захирамжаар уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Уг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нь Бүрэн констракшн ХХК-д бараа нийлүүлсэн, төлбөрийг тус компаниас гаргуулах шаардлага гаргасантай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр манай компанийн дансыг битүүмжилсэн арга хэмжээг өөрчилж, Бүрэн констракшн ХХК-н арилжааны банк дахь дансыг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр буюу 787,967,892 төгрөгийн үнийн дүнгээр битүүмжлүүлсэн нь дээр дурдсан бүхий л үйл баримтуудыг буюу нэхэмжлэгч болон Бүрэн констракшн ХХК-иудын хооронд гэрээний харилцаа үүссэн болохыг анхан шатны шүүх хууль зүйн зөв дүгнэлт хийж шударгаар хэргийг шийдвэрлэсэн болно. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хууль хэрэглээний болон хэрэгт цугларсан нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, талуудын аман болон бичгээр гаргасан тайлбарт үндэслээгүй, хэргийн жинхэнэ хариуцагчийг төлбөрийн үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 197 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 02866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК нь хариуцагч Бармаш ХХК, Бүрэн констракшн ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 787,967,892 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Бүрэн констракшн ХХК-аас 525,311,928 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 262,655,964 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Бармаш ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Бармаш ХХК-аас 525,311,928 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК-д олгож, нэхэмжлэлээс 262,655,964 төгрөг болон Бүрэн констракшн ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Зохигчид хяналтын журмаар гомдол гаргасан боловч талууд эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүхэд ирүүлжээ.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй. 

Зохигчдын хооронд 2021.04.09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд 1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 183/ШШ2020/02866 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.20-ны өдрийн 197 дугаар магадлалаар 525,311,928 төгрөгийг гаргуулж Хүннү конкрет ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн мөнгийг энэхүү гэрээний талууд харилцан тооцоо нийлж барагдуулах, Бармаш" ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, Бүрэн констракшн ХХК-ийн 45%-ийн хувьцааг шилжүүлэн авах ажиллагааг зохицуулна.

1.1.1. Хүннү конкрет ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 525,311,928 төгрөгийн үндсэн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацааны дагуу хүлээн авахыг зөвшөөрөв.

1.1.2. Бүрэн констракшн ХХК нь Хүннү конкрет ХХК-д дээрх төлбөрийг төлнө.

1.1.3. Бүрэн констракшн ХХК нь 525,311,928 төгрөгийн нийт төлбөрийг болон шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар төлнө. Үүнд

А. Гэрээний 1.1-д хамаарах нийт төлбөр болох 525,311,928 төгрөгийн өр төлбөрөөс 425,311,928 төгрөгийн өр төлбөрт тооцон Бенз маркийн 5195 УАР улсын дугаартай, WIN463260IX356181 арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг Хүннү конкрет ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ.

В. Үлдэгдэл өр төлбөр болох 100,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор Хүннү конкрет ХХК-д бэлнээр төлж барагдуулна.

С. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 1,471,230 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх.

1.1.4. Хүннү конкрет ХХК нь энэхүү гэрээний 1.1.3, 1.1.5-д заасан байдлаар эд хөрөнгө, төлбөрийг хүлээн авснаар УДШ-д хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж гомдлыг буцаан авах хүсэлтийг нэн даруй УДШ-д гаргана.

1.1.5. Хүннү конкрет ХХК нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 4,167,989 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг "Бармаш ХХК 2,167,989 төгрөгийг, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг Бүрэн Констракшн ХХК 2021 оны 04 дүгээр сарын 09-ний дотор төлнө.

1.2. Хүннү конкрет ХХК нь гэрээний дагуу Бүрэн констракшн ХХК-иас гэрээний 1.1.3, 1.1.5-д заасан төлбөр, эд хөрөнгийг хүлээн авсан даруй Бармаш ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 94, 94а цтл 94 тоотод байрлах, 7128 м.кв, 220.8 м.кв, 44.3 м.кв талбайтай 2,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206010463 улсын бүртгэлийн дугаартай барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх мэдэгдэл гаргаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас бүрэн чөлөөлөх үүрэг хүлээнэ.

1.3. Хүннү конкрет ХХК нь энэхүү гэрээний 1.1.3, 1.1.5-д зааснаар төлбөр, эд хөрөнгө хүлээн авснаар шүүхийн шийдвэр, магадлалд заасан төлбөр төлөгдсөн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хандсан албан бичиг үйлдэж, Бармаш" ХХК-ийн эд өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээг эх хувиар ньБармаш ХХК-д хүлээлгэн өгнө.

1.4. Бүрэн констракшн ХХК нь Хүннү Конкрет ХХК-д төлөх төлбөрийг төлж байгаатай холбогдуулан:

1.4.1. "Бүрэн констракшн ХХК-ийн 45%-ийн хувьцаа эзэмшигч Г.Ганбаатар, Ч.Мөнхбаяр, Баттөр нар Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулан, Бүрэн констракшн ХХК-ийн сонирхогч этгээдэд хувьцаагаа 2021.04.09-нд шилжүүлнэ.

1.4.2. Бүрэн констракшн ХХК болон Бармаш" ХХК-иуд хоорондоо Төлбөр тооцоо барагдуулах гэрээ-г тусгайлан байгуулж, энэхүү гэрээний хамт баталгаажуулна.

1.4.3. Төлбөр барагдуулах гэрээнд хавсралтаар тусгагдсан, Бармаш ХХК-ийн байранд хадгалж байгаа тоног төхөөрөмжийг Г.Ганбаатар Бүрэн констракшн ХХК-д хүлээлгэн өгөх.

1.4.4. Бармаш ХХК нь Хүннү Конкрет ХХК-тай хамт Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж буцаан авах хүсэлт гаргана.

1.5. Энэхүү гэрээнд заасан үнийн дүн бүхий төлбөр гэрээнд заасан хугацаа, журмын дагуу Хүннү Конкрет ХХК-д төлөгдөөгүй нөхцөлд тус компани энэхүү гэрээний дагуу аливаа үүрэг хүлээхгүй буюу энэхүү гэрээ нь үйлчлэлгүй болж, маргаан ердийн журмаар үргэлжлэх, шийдвэрлэгдэх болно.

 

ХОЁР. ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ

2.1. Энэхүү гэрээнд заасан үйлдэл, үүргийг талууд харилцан шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

2.2. Хүннү конкрет ХХК-ийн нэхэмжлэлтэй, Бармаш ХХК, Бүрэн констракшн ХХК-д холбогдох Бетон зуурмаг, арматур төмөр нийлүүлэх гэрээний төлбөр тооцооны маргааныг энэхүү гэрээний дагуу талууд харилцан тохиролцож бүрэн шийдвэрлэгдсэнд тооцов.

2.3. Бүрэн констракшн ХХК нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр Бүрэн констракшн ХХК болон Бармаш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээнд заасан Бүрэн констракшн ХХК-ийн Хүннү конкрет ХХК-д төлөх өр төлбөртэй холбоотой үүрэг биелсэнд тооцогдоно.

2.4. Энэхүү гэрээний дагуу Бүрэн констракшн ХХК нь Бетон зуурмаг, Арматур төмөр Худалдах, худалдан авах гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоог бүрэн хариуцан барагдуулсан тул төлбөр авагч Хүннү конкрет ХХК нь Бармаш ХХК болон Бүрэн констракшн ХХК-ийг гуравдагч этгээдийн аливаа гомдол нэхэмжлэлээс чөлөөлөх үүрэгтэй. Бүрэн констракшн ХХК болон Бармаш ХХК-иудад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнүүдтэй холбоотой хохирол байхгүй.

2.5. Гэрээг нотариатаар гэрчлүүлэх бөгөөд гэрээний төлбөр тооцооны асуудлаар шаардлагатай тохиолдолд талууд ИХШХШТХ-ийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар нотариатын мэдэгдэх хуудас бичүүлэх эрхтэй. Гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлэхээс талууд татгалзах эрхгүй.

ГУРАВ. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

3.1. Энэхүү гэрээнд талуудыг төлөөлөх бүрэн эрх олгогдсон этгээдүүд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

3.2. Гэрээний үүргийг талууд гүйцэтгэж дуустал хүртэл хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байна.

ДӨРӨВ. МЭДЭГДЭЛ БАТАЛГАА

4.1. Гэрээг 4 хувь үйлдэж гурван тал тус бүр, нотариатч гэрээний нэг хувийг хадгална. 4.2. Энэхүү гэрээ болон гэрээний дагуу байгуулагдаж байгаа Төлбөр барагдуулах гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх, Авто машин худалдах, худалдан авах гэрээ, Барьцаанаас чөлөөлөх мэдэгдэл, Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоос татгалзах мэдэгдлүүдийг болон энэ гэрээтэй холбоотой талуудаас гарах бүхий л албан ёсны баримтуудыг нотариатаар батлуулж, бүх хувийг Хүннү конкрет ХХК-ийн хуульч А.Базарт хадгалуулна.

4.3. Хуульч, өмгөөлөгч А.Базар нь гэрээнд заасан үе шатны дагуу нөхцөл биелсэн тохиолдолд тухай бүр баримт бичгүүдийг талуудад гаргаж өгнө.

4.4. Хүннү конкрет ХХК-тай шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг цуцлуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгнө.

4.5. Гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүд талуудыг бүрэн төлөөлөх эрх бүхий болохоо баталж гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.

4.6. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ талууд бүрэн биелүүлснээр Хүннү конкрет ХХК-ийн нэхэмжлэлтэй, талуудын хооронд үүссэн өр төлбөртэй холбоотой асуудал бүрэн дууссанд тооцогдох ба талууд энэ асуудлаар дахин хэлэлцэхгүй, гомдол гаргахгүй гэж харилцан тохиролцов.

4.7. Энэхүү гэрээг шүүхэд гаргаж өгөхгүй бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болохгүй гэсэн байх бөгөөд гэрээнд нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Өлзийтөгс, хариуцагч Бүрэн констракшн ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Амарбаясгалан, хариуцагч Бармаш ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Н.Хажидсүрэн нар гарын үсэг зурж, тус тусын тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байна.

Хариуцагч Бүрэн Констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Амарбаясгалангаас 2021.06.02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэд ...тус иргэний хэрэгт нэхэмжлэгч Хүннү Конкрет ХХК, хариуцагч Бармаш ХХК болон Бүрэн констракшн ХХК-ууд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэрээр Бармаш ХХК-д хариуцуулсан төлбөрийг Бүрэн констракшн ХХК хариуцан төлж, төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон ба манай компанийн хувьд үүргээ зохих ёсоор биелүүлэн Бармаш ХХК-ийн нэрийн өмнөөс төлбөр тооцоог барагдуулсан болно гээд Хүннү Конкрет ХХК-ийн 425,000,000 төгрөгт тооцон 2021.04.09-ний өдөр Н.Юндэнгийн нэр дээрх Бенз маркийн 5195 УАР улсын дугаартай, WIN463260IX356181 арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг Хүннү конкрет ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд 2021.04.09-нөөс 11-ний өдрүүдэд 100,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 3,471,230 төгрөг, нийт 103,471,230 төгрөгийг дансаар шилжүүлж барагдуулан гэрээний үүргээ биелүүлсэн гээд Голомт банкны дансны хуулгыг хавсаргажээ.

Хариуцагч Бармаш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ко Кёнрак, өмгөөлөгч Э.Билэгсайхан, Н.Тайван нараас 2021.06.25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэд ...талууд 2021.04.09-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж дараахь зүйлийн тохиролцсон гээд ...525,311,928 төгрөгийг Хүннү Конкрет ХХК хүлээн авахыг зөвшөөрч, Бүрэн Констракшн ХХК нь Хүннү Конкрет ХХК-тай тооцоо хийж 100,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл төлбөрт бартераар автомашин хүлээлгэн өгч тооцоо дуусгах, Бармаш ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, Бүрэн Констракшн ХХК-ийн 45%-ийн хувьцааг шилжүүлэхээр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно. Талууд дээрх байдлаар ...хуульд зааснаар эвлэрэн хэлэлцэж, төлбөр тооцоог харилцан гүйцэтгэсэн тул зохигчид эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулан төлбөр тооцоо гүйцэтгэснийг харгалзан Талуудын эвлэрлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хүннү Конкрет ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын 2021.07.01-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: ... Бүрэн Констракшн ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Эвлэрлийн гэрээг байгуулсан, шаардлагыг биелүүлсэн бөгөөд үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан тул үүнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд 2021.04.09-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний 1.1.1,1.1.2,1.1.4,1.2 дахь заалтуудад тусгасны дагуу нэхэмжлэгч Хүннү Конкрет ХХК нь үндсэн төлбөр болох 525,311,928 төгрөгийг Бүрэн Констракшн ХХК-аас хүлээн авах, ингэснээр үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох алданги, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд маргахгүй байхаар тохирсон. Өнөөдрийн байдлаар Бүрэн Констракшн ХХК нь 100,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, 425,311,928 төгрөгт автомашин тооцож өгөх замаар тохиролцсон төлбөрийг бүрэн төлсөн. Бүрэн Констракшн ХХК нь ийнхүү хэсэгчилсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Эвлэрлийн гэрээнд тусгагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байгаа. Эвлэрлийн гэрээнд Бармаш болон Бүрэн Констракшн компаниудын хоорондын хувьцаа, тоног төхөөрөмжийн асуудлыг мөн адил зохицуулсан. Гэвч энэ нь бидний нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудал тул хэргийг хялбаршуулж шийдвэрлэхэд саад болохгүй гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаан дээр зохигчид дээрх хүсэлтээ дэмжсэн бөгөөд хариуцагч Бармаш ХХК болон Бүрэн Констракшн ХХК-ийн тухайд эвлэрлийн гэрээний 1.4.3 дахь хэсэгт заасан Бүрэн Констракшн ХХК тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх гэсэн хэсэг л хэрэгжээгүй байгаа гэсэн тайлбар гаргасан байна.

Зохигчдын хооронд 2021.04.09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулсан, талуудын тохиролцсон нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд эвлэрлийн гэрээний 1.4.3 дахь хэсэгт зааснаас бусад нөхцөл хэрэгжсэн гэснийг зохигчид хүлээн зөвшөөрсөн хүсэлт болон тайлбарыг гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс зохигчдын эвлэрлийг батлах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул зохигчоос хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох боломжгүй.  

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02866 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын хооронд 2021.04.09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний үүргээс 1.4.3 дахь хэсэгт заасан Төлбөр барагдуулах гэрээнд хавсралтаар тусгагдсан, Бармаш ХХК-ийн байранд хадгалж байгаа тоног төхөөрөмжийг Г.Ганбаатар Бүрэн констракшн ХХК-д хүлээлгэн өгөх-өөс бусад бүх нөхцөл хэрэгжсэнийг баталж, эвлэрлийн гэрээний 1.4.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, Бармаш ХХК, Бүрэн констракшн ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 787,967,892 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Хүннү конкрет ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Бармаш ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 2,784,510 төгрөг, нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 1,471,230 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН