Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/02866

 


 

2020 10 23 183/ШШ2020/02866

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайхан дүүргийн 6 дугаар хороонд байранд байрлах, ХХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Б ХХК /РД:/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Б ХХК-ийн байранд байрлах, БХХК /РД:/ нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 787 967 892 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ко шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь Б ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 06HUN/HU/020 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 06HUN/HU/022 дугаартай Арматур төмөр худалдах, худалдах авах гэрээг тус тус байгуулж, гэрээнүүдийн дагуу бетон зуурмаг болон арматур төмөр нийлүүлсэн. Гэвч тус компани нь гэрээний дагуу хүлээн авсан бетон зуурмаг болон арматур төмрийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй, хугацаа хожимдуулан хэсэгчлэн төлж байсан. Б ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тус тус тооцоо нийлж, үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн нь 525 311 928 төгрөг болохыг баталгаажуулсан. Иймд бид дээрх хоёр гэрээний дагуу төлөгдвөл зохих тус үндсэн төлбөрийг Б ХХК-иас нэхэмжилж байна. Мөн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 6.3 дахь заалт, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 6.2 дахь заалтад тус тус худалдан авагч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан нөхцөлд хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөгдөхөөр заасан. Үүний дагуу бид дээрх үндсэн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан өнөөдрийг хүртэлх хугацаанд алданги тооцох эрхтэй. Хоног тутам үндсэн төлбөрийн 0.5 хувиар алданги тооцогдохоор талууд тохиролцсон тул үндсэн төлбөр төлөх хугацааг 100 хоногоор хожимдуулсан нөхцөлд алдангийн хэмжээ нь Иргэний хуульд заасан дээд хэмжээ болох үндсэн төлбөрийн 50 хувьд хүрч байна. Үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн нь 575 311 928 төгрөг болсон 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн алданги тооцож ч өнөөдрийн байдлаар алдангийн дүн нь үндсэн төлбөрийн 50 хувьд хүрсэн байна. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн болох 525 311 928 төгрөгийн 50 хувиар тооцож, 262 655 964 төгрөгийн алданги нийт 787 967 892 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 3.9, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 2.7 дахь заалтуудын дагуу гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ..-1, Чингисийн ергөн чөлөө .., цтп94 тоот хаягт байрлалтай, 7128, 220.8, 44.3 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-.. тоот дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд дээрх 787 967 892 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг тус барьцаа хөрөнгөөр хангуулна гэж,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БХХК-ийг хамтран хариуцагчаар тодорхойлж, гэрээний зүйл болох бетон зуурмаг, арматур төмрийг БХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд хэрэглэсэн, маргаан бүхий гэрээний хувьд тус компани хамтран үүрэг гүйцэтгэгч тул хулдалдах, худалдан авах гэрээний үүрэг 787 967 892 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хамтран хариуцуулж, барьцааны гэрээний хувьд үүрэг хүлээхгүй болно... гэв.

 

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... ХХХК нь 2020 оны 04 сарын 14-ний өдөр тус шүүхэд 787 592 гаргуулахаар ганц манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. ХХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах, арматур төмөр худалдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу манай компани эдгээр гэрээнд дурдсан материалыг хүлээн аваагүй. Харин БХХК нь ХЗДХЯ болон ШШГЕГ-тай байгуулсан хуульчдын байгуулах төслийн барилгын ажилдаа нэхэмжлэгч байгууллагатай бетон зуурмаг болон төмөр нийлүүлэх хэлцлийг хийж бетон зуурмаг арматур төмрийг авсан байсан. Өнгөрсөн хугацаанд манай компани нэхэмжлэгч байгууллагатай эвийн журмаар асуудлыг хамтран шийдвэрлэх бүхий л боломжтой байдлыг санал болгож БХХК-ийн төслийн ажлын явц, санхүүжилт саатаж байгаа шалтгаан нөхцөл болон БХХК төлбөрийг бүрэн хариуцан төлөх үүрэг хүлээсэн болохыг нотлон албан хүсэлтүүдийг хүргүүлж байсан юм. Иймд ХХХК-иас гэрээний дагуу барааг огт хүлээн аваагүй төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, өөрөөр хэлбэл манай компани нь жинхэнэ хариуцагч биш бөгөөд бидний зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно гэв.

 

Хариуцагч БХХК-ийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй эвлэрэх хугацаа авч, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй тул хариуцах үндэслэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 787 967 892 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар БХХК-ийг тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Б ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний зүйл болох бетон зуурмаг, арматур төмрийг БХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд хэрэглэсэн, маргаан бүхий гэрээний хувьд БХХК хамтран үүрэг гүйцэтгэгч, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлага БХХК-д хамаарахгүй... гэж тайлбарлав.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Б ХХК болон ХХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 06HUN/HU/020 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч тал буюу ХХХК нь иж бүрэн лабораторийн шинжилгээтэй, стандарт шаардлагыг бүрэн хангасан бетон зуурмагаар графикийн дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч буюу Б ХХК нь гэрээний хугацаанд нийт 18 000 м.куб бетон зуурмагийн татан авалт хийхээр, бетон зуурмагийн нийт үнэ 3 330 000 000 төгрөг байхаар, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 06HUN/HU/022 дугаартай арматур төмөр худалдах, худалдах авах гэрээгээр 1 800 тонн арматур төмрийг нийт 3 255 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тус тус тохиролцож, дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 94, 94 а цтл 94 тоот, 7128 м.кв, 220,8 м.кв, 44,3 м.кв талбай бүхий, ..лэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бариулахаар тохиролцсон барьцааны гэрээг 2019 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан байна.

 

Шүүх, дээрх гэрээг шинжлэн судлаад, нэхэмжлэгч ХХХК болон хариуцагч Б ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарах боловч нэхэмжлэгч нь хариуцагч Б ХХК-иас дээрх гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Талууд гэрээгээр эд хөрөнгийн хүлээн авах нөхцөлийг тухайлан тодорхойлж, тохиролцсон байх ба тодруулбал, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 06HUN/HU/022 дугаартай Арматур төмөр худалдах, худалдах авах гэрээний 3.8-д талууд захиалсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн ажилтан буюу томилсон этгээдээр дамжуулан хүлээлцэх ба бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, бүрэн бүтэн байдал болон худалдан авагчийн өгсөн захиалгад нийцэж байгаа эсэхийг шалгаж үзэх ба талуудын томилсон этгээд нь бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан, падаан болон бусад баримтыг хүлээлгэн өгөх буюу хүлээн авна гэж, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 06HUN/HU/020 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 4.5-д худалдагч тал нь бетон зуурмаг нийлүүлэх бүртээ худалдан авагчийн барилгын талбай дээр худалдагч талын технологич ажилтан очиж худалдан авагч талын инженертэй утас /станц/-аар тохиролцож авахаар болсон бетон зуурмагийн өтгөн ба шингэний конусан суултыг газар дээр нь дээж авч баталгаажуулах үүрэгтэй., 5.3-т худалдан авагч тал нь хүлээн авсан зуурмагийн тоо хэмжээ, марк, тээврийн хэрэгслийн дугаар, барилгын талбайд орсон гарсан цаг, минутыг тэмдэглэсэн санхүүгийн баримтыг тухайн тээврийн хэрэгслийн жолоочид өгч байна. гэж тус тус тохирсон байх боловч гэрээний зүйлийг худалдан авагч Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг худалдан авагч буюу Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул хэлэлцсэн тохирсон үнийг шаардах эрхгүй, түүнчлэн барьцааны эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд дээр дүгнэсэнчлэн худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй тохиолдолд барьцааны эрх дуусгавар болж, барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүсэхгүй юм. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.

 

Харин дээрх гэрээний нөхцөлийн дагуу гэрээний зүйл болох бетон зуурмаг, арматур төмрийг хариуцагч БХХК өөрийн хэрэгжүүлж буй хуулийн байгууллагын орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажилд зориулж нэхэмжлэгч ХХХК-иас хүлээн авсан, хүлээн авсан барааны үнийг 2019 оны 07 сарын 05 болон 2019 оны 07 сарын 23-ны өдөр нийт 128 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 05-ны өдөр 45 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 10-ний өдөр 50 000 000 төгрөгийг тус тус төлж, 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 525 311 928 төгрөг байгаа нь үнэн зөв талаар хариуцагч БХХК-иас нэхэмжлэгч ХХХК-д хүргүүлсэн 2020 оны 05 сарын 29-ны өдрийн 15 тоот албан бичиг болон тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 41 дүгээр зүйлийн 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийн шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар хариуцагч БХХК, нэхэмжлэгч ХХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч БХХК-ийн өмчлөлд гэрээний зүйлийг шилжүүлсэн, хариуцагч БХХК хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул үлдэгдэл 525 311 928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр заасан. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй тул хариуцагч Бүрэн контстракшн ХХК-иас нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 4 167 989,46 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2 784 509,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэг ХХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БХХК /РД:/-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525 311 928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХК /РД:/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 262 655 964 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 167 989,46 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 784 509,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэг ХХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ