Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: АМГТГКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг илт хууль бус блохыг тогтоон, хүчингүй болгож, XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГКХт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0256 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2020/0777/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь АМГТГКХт холбогдуулан “XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг илт хууль бус блохыг тогтоон, хүчингүй болгож, XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГКХт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0256 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14. 6, 22 дугаар зүйлийн 2261, 22.4-т заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Шүүхээс ямар нотлох баримт үндэслэн маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө ХВ-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн маргаан үргэлжилж байсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна,

3.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8266 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 9014 дүгээр захирамжаар сэргээж шийдвэрлэсэн. Ингэхдээ “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг дурдсан боловч хэрэгт нотлох баримтаар авагдаагүй нь нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

3.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020.07.01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” гэж тодруулсан бөгөөд шүүх уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГКХт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг АМГТГКХт холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Маргаан бүхий Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумын нутаг дахь Хөх сүмийн ам нэртэй газарт байрлах 6,544.70 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-009698 дугаартай, “Алтандорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Н” ХХК-д шилжүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 787 дугаар шийдвэрээр бүртгэсэн байна.

3.2. “Н” ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасан байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрээр XV-009698 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дараах үндэслэлээр сунгахаас татгалзжээ. Үүнд:

3.2.1. “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй”,

3.2.2. “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт байхгүй”,

3.2.3. “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй” гэжээ.

3.3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн 2019 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө, 2018, 2019 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээ болон тайлан батлуулсан, илгээсэн болох нь тогтоогдсон ... хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэрт заасан үндэслэл нь тогтоогдохгүй, шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

4. “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй” гэх үндэслэлийн тухайд:

4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заасан.

4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Н” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий XV-009698 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хариуцагч АМГТГКХт гаргаж, өргөдөлдөө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, үйлчилгээний хөлс төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргаар батлуулсан 2020 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг хавсаргасан байна.

4.3. Гэтэл маргаан бүхий XV-009698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх сумдын нутгийг дамнан оршдог бөгөөд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаас “Н” ХХК-ийн 2020 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан учраас нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргаж чадаагүй бөгөөд хариуцагчаас мөн үндэслэлээр сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан.

4.4. Дээрх төлөвлөгөөг батлуулахтай холбоотойгоор “Н” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2021/0076 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Н” ХХК-ийн 2020 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж, батлах эсэхийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба энэхүү хуулийн хүчин төгөлдөр шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.5. Үүнээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж зааснаар “Н” ХХК нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар батлуулсан 2020 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримтаа АМГТГКХт гаргаж өгөөгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан энэ тохиолдолд хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоож, шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой.

4.6. “Н” ХХК-ийн 2020 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад мөн үндэслэлээр XV-009698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэр хууль бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт байхгүй”, “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй” гэх үндэслэлийн тухайд:

5.1. Анхан шатны шүүхээс хийсэн үзлэгээр XV-009698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н” ХХК-ийн 2018 оны тайлан, 2019 оны тайлан, төлөвлөгөө, 2020 оны төлөвлөгөө тус тус баталгаажсан төлөвтэй, 2018 оны хайгуулын ажлын зардлыг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн огноотой, 2019 оны хайгуулын ажлын зардлыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж зөвшөөрсөн төлөвтэй байгаа нь тогтоогджээ.

5.2. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасан баримт бичгийг нэхэмжлэгч компаниас хүргүүлсэн, Геологи, уул уурхайн цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байхад дээрх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан нь мөн үндэслэлгүй.

6. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “... шүүхээс ямар нотлох баримт үндэслэн маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн маргаан үргэлжилж байсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна” гэжээ.

6.1. “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан буюу маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэр гарсны дараа гарсан хэдий ч нэхэмжлэгчээс АМГТГКХт гаргасан 2020 оны 06 Дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтэд “... Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй тул Улсын дээд шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэж дурдсан.

6.2. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус зааснаар дээрх нөхцөл байдлыг тодруулах үүрэгтэй байсан тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ