Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 648

 

 О.Нид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Жаргалсайхан,

            шүүгдэгч О.Нийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

            хохирогч А.Даваадоржийн өмгөөлөгч Д.Майдри,

            хохирогч С.Буянхангайгийн өмгөөлөгч Г.Батцэцэг,

            хохирогч Б.Халиунаа, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

            хохирогч Ч.Дарьсүрэн, түүний өмгөөлөгч Б.Ариунболд,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Халиунаагийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлоор О.Нид холбогдох эрүүгийн 201626030203 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ..................., 1981 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитекторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, бэр дүү нарын хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 24-09 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

            О.Н нь 2013-аас 2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаандаа:

   1. Иргэн Б.Бат-Эрдэнээс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 7 дугаар сар хүртэлх хугацаанд уг барилгын салхивч агааржуулалтын ажлыг 87.000.000 төгрөгөөр хийлгэхээр “Ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулан, төлбөрт тус байрны 5 тоотын 2 өрөө орон сууц өгөхөөр харилцан тохирч “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан боловч уг байрыг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.Өлзийсайханд зарж, Б.Бат-Эрдэнийг хуурч 87.303.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Дээрх байдлаар О.Өлзийсайханд зарсан 5 тоотын орон сууцыг иргэн М.Батсүхэд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд зээлж авсан болон орон сууц зарна гэж авсан 320.000.000 төгрөгийн оронд 2015 оны 9 дүгээр сард өгнө гэж хуурч 320.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Даваадоржоос 2013 оны 12 дугаар сараас эхлэн 432.908.091 төгрөгийн барилгын материал зээлээр авч, зээлээр авсан барааны төлбөрт:

- иргэн Нямдовчинтой 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг 2015 оны 2 дугаар сард өгнө гэж хуурч,

- мөн иргэн Б.Бадралд “Худалдах, худалдан авах” гэрээгээр 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгсөн тус байрны 2 тоот орон сууцыг өгнө гэж, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж,

- мөн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Эко” ББСБ-д 40.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлээс чөлөөлөгдөж иргэн Ч.Бадам-Очирт тус өдөр “Худалдах, худалдан авах” гэрээгээр шилжсэн байсан тус байрны 16 тоот орон сууцыг өгнө гэж хуурч, 

- мөн байрны 10 тоот орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр А.Даваадоржтой “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан боловч 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэн Н.Гансүхэд 40.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд барьцаалж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Дэлгэрнямд “Худалдах, худалдан авах” гэрээгээр шилжүүлэн өгч, бодит байдлыг нуун дарагдуулж, нийт 432.908.091 төгрөгийн хохирол учруулсан,

4. Иргэн С.Буянхангайгаас 2014 оны 10 дугаар сарын 03-наас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд 19.485.500 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал зээлээр авч, төлбөрт нь тус байрны 9 дүгээр давхарын 3 өрөө орон сууцыг худалдан авах санал гарган, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл дахин 26.500.000 төгрөгийг авч, “9 давхарын 3 өрөө орон сууцыг өгөх боломжгүй болсон” гэж хэлэн иргэн Нямдовчинтой 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж бэлнээр 8.825.000 төгрөгийг, дансаар 31.675.000 төгрөгийг тус тус авч, нийт 60.016.700 төгрөгийн хохирол учруулсан,

5. Иргэн Ё.Мягмаржавын краныг тус барилга дээр 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд түрээслэн ажиллуулж, түрээсийн төлбөр болох 60.000.000 төгрөгийг төлөөгүй, тус байрны 22 тоот буюу иргэн Б.Бадралд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцыг 2015 оны 8 дугаар сард 89.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлэн хуурч, 2015 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд зөрүү гэж 29.000.000 төгрөгийг нэмж аван,  нийт 89.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Хохирогч Б.Халиунаагаас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тус байрны 93Б тоот үйлчилгээний талбайтай объектыг барьцаалан зээлийн гэрээ байгуулж, 70.000.000 төгрөг зээлж авсан ба дээрх орон сууцыг “бусдад зарж борлуулан таниас зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна” гэж уг орон сууцны гэрчилгээг хуурч аван 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Эко девелопмент” ББСБ-д 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, иргэн О.Гантулгаас 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 55.000.000 төгрөг зээлж  “Эко девелопмент” ББСБ-аас авсан зээлийг чөлөөлөн авч, өмчлөх эрхийг тус өдөр О.Гантулгын нэр дээр шилжүүлж, улмаар иргэн Ч.Дарьсүрэнгээс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 60.000.000 төгрөг зээлж О.Гантулгад өгч үл хөдлөх хөрөнгийг Ч.Дарьсүрэнгийн нэр дээр 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн иргэн Б.Халиунаад 70.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Иргэн Ч.Дарьсүрэнтэй 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус байранд 3 өрөө 92.98 мкв “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж бэлнээр 117.000.000 төгрөгийг авч, улмаар уг байр нь барьцаанд байгаа гэж хэлэн “уг байрны “Б” тоот үйлчилгээний талбайтай байр буюу иргэн Б.Халиунаад 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 70.000.000 төгрөгийн барьцаанд байсан байрыг О.Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгийн барьцаанд байгаа чөлөөлж ав” гэж хуурч О.Гантулгаас авсан зээлийн төлбөрийг төлүүлж, өмчлөх эрхийг 2016 оны 1 дүгээр сарын 26-нд хууль бусаар шилжүүлэн өгсөн,

- мөн 40 тонны 3.000.000 төгрөгийн үнэ бүхий контейнер зээлээр авч төлбөрийг төлөөгүй, “Тайланд улс руу эмчилгээнд явна гэж” 3.000.000 төгрөгийг тус тус хуурч аван нийт 183.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Иргэн Б.Саруулд 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус байранд байрлах 76 м.кв 31 тоот орон сууцыг 168.000.000 төгрөг, 20 тоот автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр тус тус зарахаар “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж, тухайн өдрөө бэлнээр 89.050.000 төгрөгийг авч, улмаар гэрээний дагуу 2015 оны 2 дугаар сар хүртэл 194.000.000 төгрөгийг авсан боловч автомашины гаражийн өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Дэлгэрнямд шилжүүлэн өгч, 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Иргэн Н.Ариунболдоос 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртлэх хугацаанд “барилга барихад мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч, бэлнээр болон дансаар авч 118.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч нартай захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө авсан боловч тэдгээр байраа бусдад зарах, барьцаанд тавьж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, бусдад зарагдаж өмчлөх эрх шилжсэн орон сууцнуудыг зарна, өр төлбөртөө тооцон өгнө гэж бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан хуурч, нийт 1.386.102.791 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.....................ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч, бусдад 1.231.071.091 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан О.Нийг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Нид оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Нийн цагдан хоригдсон нийт 74 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд О.Ноос 1.231.071.091 төгрөг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 31-401 тоотод оршин суух хаягтай /РД:ДВ75112814/, Бэрсүүд овгийн Мягмарын Батсүхэд 255.000.000 төгрөг, хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 96-22 тоотод оршин суух хаягтай, /РД:УХ81080313/, Солон овгийн Салаагийн Буянхангайд 59.985.000 төгрөг, хохирогч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45а байрны 2-128 тоотод оршин суух хаягтай, /РД:ИВ53121518/, Чинсартуул овгийн Ёндонгийн Мягмаржавд 89.000.000 төгрөг, хохирогч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны Б тоотод оршин суух хаягтай, /РД:ЧМ82041008/, Даваагүнд овгийн Баярсайханы Халиунаад 70.000.000 төгрөг, хохирогч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 108-29 тоотод оршин суух хаягтай, /РД.ЧО89030574/, Бэйс овгийн Намширын Ариунболдод 118.875.000 төгрөг, хохирогч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын АОС-74 тоотод оршин суух хаягтай, /РД:УС79061811/, Пэлжээ овгийн Алгирмаагийн Даваадоржид 342.908.091 төгрөг, хохирогч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын АОС 76-1 тоотод оршин суух хаягтай, /РД:ЦД82092673/, Хиад овгийн Балдангомбын Бат-Эрдэнэд 87.303.000 төгрөг, хохирогч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын З0а байрны 4 тоотод оршин суух хаягтай, /РД.ЧЖ55012701/, Олхонууд овгийн Чадраабалын Дарьсүрэнд 183.000.000 төгрөг, хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны 31 тоотод оршин суух хаягтай /РД:ЦД80021706/, Алаг адуу овгийн Баярсайханы Саруулд 25.000.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнууд болон В давхрын 157.71 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, О.Нийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), 12 тоот (Ү-2206039648), 19 тоот (Ү-2206038965) орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн 201626030203 тooт хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Ноос гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Б.Халиунаагийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.Лхагваханд нь шүүгдэгч О.Нтой урьдаас үгсэн тохирч хохирогч Б.Халиунаагийн зээлийн барьцаанд байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-Туул гудамжны 93 дугаар байр Б тоот үйлчилгээний зориулалттай 157.71 мкв талбай бүхий обьектийг О.Гантулгын зээлийн барьцаанд хууль бусаар шилжүүлснийг миний үйлчлүүлэгч хохирогч Б.Халиунаа мэдээд хуулийн байгууллагад мэдэгдэх хооронд улсын бүртгэгч Д.Лхагваханд нь О.Гантулгаас Ч.Дарьсүрэнгийн өмчлөлд хууль бусаар дахин шилжүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Д.Лхагваханд, О.Н нар нь бүлэглэн үйлдсэн, яллагдагч С.Гэсэрмаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогддог. Үүнд:

1. 4 дүгээр хавтас хэргийн 248-250 дугаар хуудсанд байх гэрч Д.Должингийн “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэгч Б.Энхбаяр над руу залгаад “манай эгч танай бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийлгэх гэж явна. Түүнд туслаад өгөөч” гэж гуйсны дагуу би Д.Лхагвахандыг гуйж, Ч.Дарьсүрэнд тусалсан” гэх мэдүүлэг, 4 дүгээр хавтас хэргийн 44-45 дугаар хуудсанд байх гэрч Б.Цолмонгийн “2016 оны 1 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Б.Халиунаа бид хоёр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт очиж улсын бүртгэгч Д.Лхагвахандтай уулзаж, Б.Халиунаа өөрийн зээлийн барьцаанд байгаа обьектийнхоо хувийн хэргийг шалгахад дээрх обьектийг “Б.Халиунаагийн зээлийн барьцаанаас хууль бусаар шилжүүлснийг бид 2 мэдээд ахлах улсын бүртгэгч С.Мөнхзаяад дээрх нөхцөл байдлыг хэлэхэд “би мэдэхгүй хуулийн байгууллагаар шалгуул” гэсэн. Б.Халиунаа бид хоёр даргатай нь уулзахад дээрх байдлыг газар дээр нь шалгаж үзээд “дээрх обьектийн хувийн хэрэгт таны зээлийн барьцаалбар байна” гэж Б.Халиунаад хэлсэн юм. Ингээд Б.Лхагвахандтай дахин уулзахаар өрөөний гадаа нь Б.Халиунаа бид хоёр зогсож байхад тэр өрөөнд байсан улсын бүртгэгч нар хоорондоо “энэ Б.Халиунаа гээд хэл ам хийгээд байгаа хүүхний материал нөгөө хэний хурдан гаргаад өг гэж гуйгаад байсан материал байна шүү дээ” гэж хоорондоо ярьцгааж байсан” гэх мэдүүлэг, 2 дугаар хавтас хэргийн 56 дугаар хуудсанд байх С.Мөнхзаяагийн Авилгатай тэмцэх газарт өгсөн тайлбарт “Халиунаагийн зээлийн барьцаанд байгаа обьектийг хууль бусаар бусдад шилжүүлсэн талаар надад мэдэгдсэн, өргөдөл өгсөн. Хууль бусаар шилжүүлсэн талаар шилжилт хийсэн бүртгэгч хариулт өгөх байх, ...улсын бүртгэгч С.Оюунболд нь О.Нийг таньдаг байсан. Миний хувьд О.Нийг танихгүй. Дээгүүр ирээд явдаг байсан. Хэрэв санаатайгаар мэдээллийн санд оруулаагүй бол хэдэн сарын дараа дараагийн барьцаа хийгдэхгүй байх ёстой” гэх мэдүүлэг, 8 дугаар хавтас хэргийн 149 дугаар хуудсанд байх Цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт явуулсан албан бичгийн дагуу архиваас авсан бичиг баримтан дотор Б.Халиунаагийн барьцааны болон зээлийн гэрээ хувийн хэрэгт байсан болохыг нотолсон баримтуудыг шинжлэн судлаж үзэхэд “дээрх обьектийн хувийн хэрэгт Б.Халиунаагийн зээлийн болон барьцааны гэрээ байсан болох нь бүрэн дүүрэн тогтоогддог. Дээрх байдлаас үзэхэд улсын бүртгэгч Д.Лхагвахандын “дээрх обьектийн хувийн хэрэгт Б.Халиунаагийн зээлийн барьцааны гэрээ байгаагүй тул би мэдээгүй шилжилт хийсэн” гэсэн илтэд худал мэдүүлгээр түүний үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэгч Д.Лхагваханд нь дээрх обьект Б.Халиунаагийн зээлийн барьцаанд байгаа, шилжилт, хөдөлгөөн хийж болохгүй юм байна гэдгийг урьдаас ухамсарлан ойлгож, мэдсээр байж Б.Халиунаагаас О.Гантулгын эзэмшилд, О.Гантулгаас Ч.Дарьсүрэнгийн өмчлөлд хууль бусаар санаатайгаар шилжүүлсэн болох нь мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон дээрх нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогддог. Иймд Ч.Дарьсүрэнгийн дээрх обьектийг хууль бусаар өмчилсөн гэрчилгээг нь хүчингүй болгох ёстой.

2. Улсын бүртгэгч Д.Лхагваханд дээрх обьектийг Б.Халиунаагийн зээлийн барьцаанд байгаа талаар мэдээллийн санд бүртгээгүй болохоор шилжүүлсэн гэдэг нь илтэд үндэслэлгүй болох нь дараахь нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогддог юм. 2 дугаар хавтас хэргийн 59 дүгээр хуудсанд байх гэрч С.Гэсэрмаагийн “Асуулт: Та Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-Туул гудамжны 93 дугаар байр Б тоот үйлчилгээний зориулалттай 157.71 мкв талбай бүхий обьектийг барьцаанд бүртгүүлж, /2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн/ мэдүүлгийн шивэлтийг программд хийсэн байна. Энэ ямар учиртай юм бэ? гэсэн мөрдөгчийн асуултанд “тухайн үл хөдлөх хөрөнгийн барьцааны мэдүүлгийн шивэлтийг миний эрхээр орж хийсэн байсан. Миний хувьд тухайн мэдүүлгийн шивэлтийг хийгээгүй. Зарим тохиолдолд ажлын ачааллаас болоод бүртгэгч нар бие биенийхээ мэдүүлгийг шивэх үе гардаг. Шивэлт хийх ажлыг тухайн сард Энхцэцэг гүйцэтгэж байсан” гэх мэдүүлэг, 2 дугаар хавтас хэргийн 167 дугаар хуудсанд байх гэрч Энхцэцэгийн “Мэдээллийн санд боловсруулалт хийсэн бүртгэгч уг материалыг архивт хүлээлгэн өгдөг. 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед С.Гэсэрмаа мэдээллийн санд шивж оруулаад миний нэр дээр шилжүүлсэн байсан” гэх мэдүүлгийг шинжлэн судлаж үзэхэд Б.Халиунаагийн зээлийн болон барьцааны гэрээ мэдээллийн санд бүртгэлтэй байсан болох нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл нь хавтас хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлан үзэхэд “Б.Халиунаагийн зээлийн барьцаа мэдээллийн санд байгаагүй тул Б.Халиунаагаас О.Гантулгад, О.Гантулгаас Ч.Дарьсүрэнд шилжилт хийсэн” гэсэн Д.Лхагвахандын илтэд худал мэдүүлгээр нь түүний үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Яллагдагч Д.Лхагваханд мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөх үедээ “Миний энэ үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг учир Авлигатай тэмцэх газар шалгах ёстой гэж өмгөөлөгч зөвлөсөн” гээд нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байдаг. Хэрэв яллагдагч Д.Лхагваханд нь шүүгдэгч О.Нтой урьдаас үгсэн хуйвалдаж албан тушаалаа ашиглан Б.Халиунаагийн зээлийн барьцаанд байсан дээрх обьектийг хууль бусаар О.Гантулгын нэр дээр, О.Гантулгаас Ч.Дарьсүрэнд шилжүүлээгүй бол өнөөдөр дээрх обьект Б.Халиунаагийн зээлийн барьцаанд байж л байх ёстой байсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Д.Лхагвахандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигчаар татуулах саналтай гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхэд гаргахад анхан шатны шүүхээс “хохирогч Ч.Дарьсүрэн нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр-Туул гудамжны 93 дугаар байр Б тоот үйлчилгээний зориулалттай 157.71 мкв талбай бүхий обьектийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байна” гэсэн илтэд хууль бус шийдвэр гаргасан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч С.Гэсэрмааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж прокуророос яллагдагчаар татсан боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Учир Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч С.Гэсэрмаа нь албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас миний үйлчлүүлэгч хохирогч Б.Халиунаад онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн бацаалтын явцад цугларсан дээрх нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байхад хяналтын прокурор н.Оюунжаргал нь С.Гэсэрмааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж буруу зүйлчлэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хохирлын талаар хэрэгт авагдсан үнэлгээгээр 93 дугаар байр Б тоот үйлчилгээний зориулалттай 157.71 мкв талбай бүхий үйлчилгээний төвийн үнэ 315 сая төгрөг ба хохирогч Ч.Дарьсүрэн 183 сая төгрөгийн хохиролтой тул миний үйлчлүүлэгч Б.Халиунаа уулзаад “миний 70 сая төгрөгийг та өгөөд дээрх обьектоо ганцаараа авна. Та энэ объектийг эргүүлээд зарахад өөрийнхөө хохирол болон надад өгсөн 70 сая төгрөгөө хангалттай гаргаад авчих боломжтой” гэсэн саналыг тавьсан боловч Ч.Дарьсүрэн би дээрх объектийг ганцаараа авна гэсэн хариу өгсөн юм. Дээрх обьект Ч.Дарьсүрэнгийн өмчлөлд хууль бусаар шилжсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байгаа тул түүний өмчлөх эрхийг хүчингүй болгон, дээрх обьектийг /хохирогч Халиунаагийн зээлийн барьцаанд эргүүлэн байлгах/, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар дуудлага худалдаагаар зарж борлуулан, хохирогч Ч.Дарьсүрэн, Б.Халиунаа нар болон бусад хохирогч нарын хохирлуудыг төлж барагдуулах шийдвэр гаргуулах саналтай байна. О.Нийн өмчлөлийн 93 дугаар байрны 4 тоот орон сууц нь Б.Халиунаагийн зээлийн барьцаанд байгааг нотолсон албан бичиг 8 дугаар хавтас хэргийн 149 дүгээр хуудсанд байгаа. Дээрх 93 дугаар байрны 4 тоот орон сууц нь Б.Халиунаагийн 40 сая төгрөгийн зээлийн барьцаанд байж байгаад О.Н, Б.Халиунаа хоёр хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийж дээрх обьектийг Б.Халиунаа өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах гэтэл хяналтын прокурор Жаргалсайхан дээрх үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг нь зогсоосон тул худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болохгүй гацсан. Дээрх хоригийг хүчингүй болгож өгөх саналыг шүүхэд гаргахад анхан шатны шүүхээс хоригийг хүчингүй болгохгүй, дээрх обьектийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар дуудлага худалдаагаар зарж борлуулан бусад хохирогч нарын хохирлыг төлүүлэхээр хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Б.Халиунаагийн зээлийн барьцаанд байгаа болон Б.Халиунаа, О.Н нар хоорондоо худалдан, худалдан авах гэрээ хийж Б.Халиунаагийн өмчлөлд шилжихэд бэлэн болсон байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар дуудлага худалдаанд оруулан бусад хохирогч нарт хувааж өгөх хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж тодорхой заасан байна. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.Лхагваханд, О.Гэсэрмаа нарын албаны чиг үүрэгтэй холбоотой хууль бус үйлдлийн улмаас миний үйлчүүлэгч Б.Халиунаад 70.000.000 төгрөгийн хохирол учирсан тул дээрх хохирлыг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргахад анхан шатны шүүхээс дээрх үйлдэл нь иргэн Д.Лхагваханд, С.Гэсэрмаа нарын хувийн асуудал байна. Албаны чиг үүрэгтэй нь ямар ч хамааралгүй юм байна гэсэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллагдагч С.Гэсэрмаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын хууль бус шийдвэр болон Ч.Дарьсүрэнгийн хууль бусаар өмчилсөн гэрчилгээ зэргийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.Лхагвахандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигчаар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын улсын  бүртгэгч С.Гэсэрмааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгуулж, миний үйлчлүүлэгч Б.Халиунаад учирсан 70.000.000 төгрөгийн хохирлыг Улсын бүртгэлийн Ерөнхий газраар төлүүлж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Халиунаа “...тус шүүх хуралдаанд гаргах тайларгүй. ...” гэв.

 

Хохирогч С.Буянхангайгийн өмгөөлөгч Г.Батцэцэг “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

 

Хохирогч А.Даваадоржийн өмгөөлөгч Д.Майдри тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ч.Дарьсүрэнд 93 дугаар байрны Б тоот буюу үйлчилгээний зориулалттай объектийг 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Энэ шилжүүлгийг хуулийн дагуу хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Тухайлбал, 2 дугаар хавтасны 28 дугаар хуудас, 29-47 дугаар хуудсан дахь баримтуудыг үзэхэд хуулийн дагуу шилжүүлж аваагүй байдаг. Хохирогч Ч.Дарьсүрэнгийн хохирол 183.000.000 төгрөг гэдэг, гэтэл 399.000.000 төгрөгийн үнэтэй объектийг ганцаараа авсан байдаг. Тэгсэн хэрнээ шүүхийн шийдвэрээр дахиад 183.000.000 төгрөгийн хохирлоо гаргуулна гэдэг. Уг нөхцөл байдлыг анхан шатны шүүх дутуу үнэлсэн болов уу гэсэн бодолтой байна. Прокурорын зүгээс уг хэрэг 9 хохирогчтой байхад “хохирогч Халиунаа, Дарьсүрэн хоёрт 93 дугаар байрны 4 тоот болоод үйлчилгээний зориулалттай Б тоот объектийг өгөх ёстой” гэдэг байдлаар тайлбар хэлж байсан. Үүнийг зөвшөөрөх боломжгүй. Миний үйлчлүүлэгч Даваадорж хамгийн өндөр хохиролтой байгаа. Гэтэл хохирогч Дарьсүрэн өөрийн хохирлоос өндөр үнэлгээтэй байрыг авчихсан байна. Мөн 4 тоот байрыг бүх хохирогч нар хуваагаад авах ёстой байтал хохирогч Халиунаа гэдэг хүн ганцаараа авна гэж ярьж болохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 38, 39 дүгээр хуудсанд дурдагдсан Дарьсүрэнгийн хохирлыг тогтоосон, Дарьсүрэнд 183.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулж өг гэж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримттай нийцэхгүй байна.” гэв.

 

Хохирогч Ч.Дарьсүрэнгийн өмгөөлөгч Б.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Нид холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, нотлох баримтыг үнэн зөв дүгнэсэн, эргэлзээгүй гарсан гэж хохирогч Ч.Дарьсүрэн болон өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Хохирогч Б.Халиунаагийн өмгөөлөгч Б.Чинбатын давж заалдах гомдолд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Дарьсүрэнгийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаартай орон сууцны В давхарын үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дурдахдаа шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй эсвэл шийтгэх тогтоол хууль хэрэглээний хувьд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсвэл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлийг дурдаагүй байгаа нь гомдлын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн тухайд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Дарьсүрэн нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 93 тоот орон сууцны Б тоот үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахдаа 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ /5хх-18-19/, хохирогч Ч.Дарьсүрэнгээс цагдаад өгсөн өргөдөл /5хх-5/, О.Гантулгаас тус үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан тухай О.Гантулгын гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх-78-79/ зэрэг нотлох баримтуудаар хуульд заасан үндэслэл журмын дагуу авсныг шүүх харгалзан үзсэн нь шүүхийн тогтоол хэргийн бодит байдалд нийцсэнийг харуулж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Дарьсүрэнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай хохирогч Б.Халиунаа түүний өмгөөлөгч Б.Чинбат нар хүсэлтийг хангахаас татгалзахдаа Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн эсэх тухай Хан-Уул дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн харьяалал, шүүх бүрэлдэхүүн нотлох баримт бусад процесс ажиллагааг зөрчөөгүй энэ тухай аливаа санал гомдол байхгүй тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ч.Дарьсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гантулга гэх хүнээс уг объектийг авахдаа 60.000.000 төгрөгийн зээлийг нь чөлөөлж авсан. Би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахдаа, авах ёстой журмаар нь ороод цонхоор нь авсан. Би цаана нь юу болсон талаар мэдэхгүй.” гэв.

 

Шүүгдэгч О.Нийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Халиунаагийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдолд тайлбар гаргаж байна. 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний зориулалттай 157.71 мкв талбай хохирогч Ч.Дарьсүрэнгийн өмчлөлд шилжсэн байгаа. Уг объектыг 7 дугаар хавтас хэргийн 135-138 дугаар хуудсанд 399.000.000 төгрөгөөр үнэлэсэн байдаг. Хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох саналыг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Лхагваханд, Оюунболд, Гэсэрмаа нарыг О.Нтой бүлэглэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан. Улсын бүртгэлийн эдгээр ажилчид залилангийн гэмт хэрэгт бүлэглэн, хамтран оролцсон асуудал тогтоогдоогүй. Иймд дахин шалгуулах хүсэлт нь үндэслэлгүй юм. Харин шүүгдэгч О.Н, Халиунаа хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээг бүртгэх явцдаа Гэсэрмаа нь албан тушаалынхаа байдалд хайнга хандсан байдаг. Гэрээ 5.000.000 төгрөгөөр хийгдсэн байдаг. 70.000.000 төгрөг зээлсэн гэдэг дээр аль аль тал маргадаггүй. Уг 5.000.000 төгрөгөөр хийгдсэн зээлийн гэрээний барьцааг Улсын бүргэлийн цахим санд хийгээгүй гэсэн асуудал яригддаг. Уг асуудлыг шалгаад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

О.Н нь 2013-аас 2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаандаа:

   1. Иргэн Б.Бат-Эрдэнээс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 7 дугаар сар хүртэлх хугацаанд уг барилгын салхивч агааржуулалтын ажлыг 87.000.000 төгрөгөөр хийлгэхээр “Ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулан, төлбөрт тус байрны 5 тоотын 2 өрөө орон сууц өгөхөөр харилцан тохирч “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан боловч уг байрыг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.Өлзийсайханд зарж, Б.Бат-Эрдэнийг хуурч 87.303.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Дээрх байдлаар О.Өлзийсайханд зарсан 5 тоотын орон сууцыг иргэн М.Батсүхэд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд зээлж авсан болон орон сууц зарна гэж авсан 320.000.000 төгрөгийн оронд 2015 оны 9 дүгээр сард өгнө гэж хуурч 320.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Даваадоржоос 2013 оны 12 дугаар сараас эхлэн 432.908.091 төгрөгийн барилгын материал зээлээр авч, зээлээр авсан барааны төлбөрт:

- иргэн Нямдовчинтой 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг 2015 оны 2 дугаар сард өгнө гэж хуурч,

- мөн иргэн Б.Бадралд “Худалдах, худалдан авах” гэрээгээр 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгсөн тус байрны 2 тоот орон сууцыг өгнө гэж, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж,

- мөн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Эко” ББСБ-д 40.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлээс чөлөөлөгдөж иргэн Ч.Бадам-Очирт тус өдөр “Худалдах, худалдан авах” гэрээгээр шилжсэн байсан тус байрны 16 тоот орон сууцыг өгнө гэж хуурч, 

- мөн байрны 10 тоот орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр А.Даваадоржтой “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан боловч 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэн Н.Гансүхэд 40.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд барьцаалж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Дэлгэрнямд “Худалдах, худалдан авах” гэрээгээр шилжүүлэн өгч, бодит байдлыг нуун дарагдуулж, нийт 432.908.091 төгрөгийн хохирол учруулсан,

4. Иргэн С.Буянхангайгаас 2014 оны 10 дугаар сарын 03-наас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд 19.485.500 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал зээлээр авч, төлбөрт нь тус байрны 9 дүгээр давхарын 3 өрөө орон сууцыг худалдан авах санал гарган, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл дахин 26.500.000 төгрөгийг авч, “9 давхарын 3 өрөө орон сууцыг өгөх боломжгүй болсон” гэж хэлэн иргэн Нямдовчинтой 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж бэлнээр 8.825.000 төгрөгийг, дансаар 31.675.000 төгрөгийг тус тус авч, нийт 60.016.700 төгрөгийн хохирол учруулсан,

5. Иргэн Ё.Мягмаржавын краныг тус барилга дээр 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд түрээслэн ажиллуулж, түрээсийн төлбөр болох 60.000.000 төгрөгийг төлөөгүй, тус байрны 22 тоот буюу иргэн Б.Бадралд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцыг 2015 оны 8 дугаар сард 89.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлэн хуурч, 2015 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд зөрүү гэж 29.000.000 төгрөгийг нэмж аван,  нийт 89.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Хохирогч Б.Халиунаагаас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тус байрны 93Б тоот үйлчилгээний талбайтай объектыг барьцаалан зээлийн гэрээ байгуулж, 70.000.000 төгрөг зээлж авсан ба дээрх орон сууцыг “бусдад зарж борлуулан таниас зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна” гэж уг орон сууцны гэрчилгээг хуурч аван 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Эко девелопмент” ББСБ-д 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, иргэн О.Гантулгаас 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 55.000.000 төгрөг зээлж  “Эко девелопмент” ББСБ-аас авсан зээлийг чөлөөлөн авч, өмчлөх эрхийг тус өдөр О.Гантулгын нэр дээр шилжүүлж, улмаар иргэн Ч.Дарьсүрэнгээс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 60.000.000 төгрөг зээлж О.Гантулгад өгч үл хөдлөх хөрөнгийг Ч.Дарьсүрэнгийн нэр дээр 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн иргэн Б.Халиунаад 70.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Иргэн Ч.Дарьсүрэнтэй 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус байранд 3 өрөө 92.98 мкв “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж бэлнээр 117.000.000 төгрөгийг авч, улмаар уг байр нь барьцаанд байгаа гэж хэлэн “уг байрны “Б” тоот үйлчилгээний талбайтай байр буюу иргэн Б.Халиунаад 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 70.000.000 төгрөгийн барьцаанд байсан байрыг О.Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгийн барьцаанд байгаа чөлөөлж ав” гэж хуурч О.Гантулгаас авсан зээлийн төлбөрийг төлүүлж, өмчлөх эрхийг 2016 оны 1 дүгээр сарын 26-нд хууль бусаар шилжүүлэн өгсөн,

- мөн 40 тонны 3.000.000 төгрөгийн үнэ бүхий контейнер зээлээр авч төлбөрийг төлөөгүй, “Тайланд улс руу эмчилгээнд явна гэж” 3.000.000 төгрөгийг тус тус хуурч аван нийт 183.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Иргэн Б.Саруулд 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус байранд байрлах 76 м.кв 31 тоот орон сууцыг 168.000.000 төгрөг, 20 тоот автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр тус тус зарахаар “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж, тухайн өдрөө бэлнээр 89.050.000 төгрөгийг авч, улмаар гэрээний дагуу 2015 оны 2 дугаар сар хүртэл 194.000.000 төгрөгийг авсан боловч автомашины гаражийн өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Дэлгэрнямд шилжүүлэн өгч, 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Иргэн Н.Ариунболдоос 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртлэх хугацаанд “барилга барихад мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч, бэлнээр болон дансаар авч, 118.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч нартай захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө авсан боловч тэдгээр байраа бусдад зарах, барьцаанд тавьж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, бусдад зарагдаж өмчлөх эрх шилжсэн орон сууцнуудыг зарна, өр төлбөртөө тооцон өгнө гэж бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан, хуурч нийт 1.386.102.791 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Батсүхийн “...2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Every day” худалдааны төвийн гадаа уулзахад О.Н нь “баригдаж байгаа байрнаасаа байрлал сайтай, хямд үнээр байр өгнө, худалдаж ав” гээд надаас 120.000.000 төгрөг авсан. Түүнээс хойш одоохондоо байр маань баригдаж дуусаагүй байна, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсанд шинээр байр баригдаж байгаа” гэж удаа дараа худлаа ярьж явсаар байгаад дараа нь хэд хэдэн удаа “барилгад мөнгө дутаад байна, барилгын материал авах гэхэд мөнгөний хэрэг болоод байна” гэж 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 40.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 74.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 10-наас 2015 оны 11 дүгээр cap хүртэл дансаар болон бэлнээр нийт 41.000.000 төгрөгийг ямар ч барьцаагүй, гэрээгүйгээр аваад алга болсон. ...Надад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 93 дугаар байранд 3 өрөө байр ав гээд зааж өгсөн. Тэр байрыг нь манай хамаатны Сүхээ гэх хүнд би зуучилж өгөөд, тэр байранд нь Сүхээ ах өөрийн хөрөнгөөрөө нэмж 25.000.000 төгрөгөөр засвар хийгээд ортол давхар өөр эзэн гарч ирэн “би энэ байрыг О.Ноос 2015 онд барьцаанд авсан” гээд байрны гэрчилгээгээ бариад ирсэн. Тэгэхээр нь О.Нид энэ байдлыг нь хэлсэн чинь “би хүнээс мөнгө аваад наад байрыг чинь барьцаанд тавьсан байсан юм” гэж хэлээд дахин тэр байрандаа 4 өрөө байр зааж өгөхөд нь тэр байрыг нь судалсан чинь 120.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байр байсан. ...О.Нийн Хаан банкны 5020917288 гэсэн данс руу 2 удаа мөнгө шилжүүлсэн. Бэлнээр зарим үед аваачиж өгдөг байсан. Заримдаа өөрөө ирж авдаг байсан. ...Нэг удаа 70.000.000 төгрөг зээлээд буцааж авч байсан болохоор би итгэлтэй хүн байна гэж бодоод, өөрийн мөнгөө ямар нэгэн барьцаа авалгүй өгч байсан юм. ...Тооцоогоо шахаж үзээд эцсийн байдлаар Намнандоржоос 320.000.000 төгрөг авах ёстой. ...Би анх мэдүүлэг өгсөнөөсөө хойш дэвтэрээ үзэж байтал 20.000 ам.доллар өгсөн гэж өөрөөр нь бичүүлж авсан байсан. Энэ 20.000 ам.долларыг нь дээрх 355.000.000 төгрөгт нь оруулаад тооцсон байгаа. Би Лексус-570 машиныг нь 20.000 ам.долларын барьцаанд байхад нь мөнгийг нь төлж зээлээс чөлөөлсөн. Тэгээд бас энэ 355.000.000 төгрөгт орохгүй 74.000.000 төгрөгийн тооцоо өр төлбөр Намнандоржид байсан юм. Түүндээ болон 20.000 ам.доллартаа тооцоод машиныг надад шилжүүлж өгсөн. ...Намнандоржид увуулж цувуулж өгсөөр нийт 355.000.0000 төгрөг өгсөн. Түүнтэй тооцоо нийлээд эцсийн байдлаар 320.000.000 төгрөг болсон. Үүнээс тус 93 дугаар байрны 2 давхарын 5 тоот 2 өрөө орон сууцыг 110.000.000 төгрөгөөр бодож хасахаар би өөрийн найзыг байранд оруулсан. ...2015 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57 м.кв орон сууцыг 111.000.000 төгрөгөөр бодож надад өгсөн. Намнандорж нь энэ 111.000.000 төгрөгийг 320.000.000 төгрөгнөөс хасаж тооцохоор тохирч надад уг 5 тоот орон сууцны түлхүүрийг өгсөн. Улмаар өөрийн танил Мөнх-Алдарт Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57 м.кв орон сууцыг 111.000.000 төгрөгөөр цааш нь зарж би Мөнх-Алдараас урьдчилгаа 65.000.000 төгрөгийг авсан. Гэтэл уг орон сууцыг Намнандорж нь өөрийн төрсөн дүү болох Очирбатын Өлзийсайханы нэр дээр гэрчилгээг нь гаргасан байсан. ...Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57 м.кв орон сууцыг 111.000.000 төгрөгөд бодож ав гэж хэлээд албан ёсоор түлхүүрийг нь өгсөн. Нэг ч хохирол төлөгдөөгүй байна. Би Намнандоржоос 320.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. ...” /1 хх 86-87, 88-89, 4 хх 41-42, 7 хх 9, 9 хх ЗЗ/,

 

хохирогч С.Буянхангайгийн “...Намнандорж өмнө нь “обой нийлүүлэх мөнгөө 12 дугаар cap хүртэл надад зээлээч” гээд 2014 оны 10 дугаар сарын 03-нд 7.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 06-нд 10.000.000 төгрөг зээлсэн. Мөн нийлүүлнэ гэж ярьж тохирсон барилгын материалыг 2015 оны 1 дүгээр сард өгсөн. Нийтдээ 19.485.500 төгрөгийн бараа нийлүүлсэн. Энэ дунд 4 дүгээр сард байхаа 3.000.000 төгрөг надад буцааж өгсөн. Тэгж байгаад “байр зарагдахгүй байна, байр үзээч” гэсэн учраас би байран дээр нь эхнэр бид хоёр хамт ирсэн. Эхлээд “9 давхарын 93 м.кв байрыг аваач” гэж санал болгоод “байранд 2015 оны 10 дугаар сарын 01-нд оруулна” гэж хэлсэн. Тэр хоорондоо намайг “байрныхаа урьдчилгаа мөнгийг өгөөч” гээд 2016 оны 6 дугаар сарын 02-нд 8.500.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-нд 6.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 1-нд 1.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 07-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 05-нд 6.000.000 төгрөг тус тус авсан. ...2016 оны 1 дүгээр сарын 05-нд эхнэр бид хоёрыг байран дээрээ дагуулж ирээд 3 давхарт орж үзэхэд 3 давхарын 3 өрөө байранд гал тогооны тавилга тавьсан байсан чинь “8 давхарын айл нүүж орж ирж байна, та хоёрт 8 давхарын 3 өрөөг өгөхөд асуудал байхгүй болсон” гэж хэлсэн. Би Намнандоржид бэлнээр 40.500.000 төгрөг өгч, 19.485.500 төгрөгийн обой, эмульс зэрэг барилгын материалын бараа нийлүүлсэн. Нийтдээ 59.985.500 төгрөгөөр хохироод байна. ...19.485.500 төгрөгөнд нь барилгын материалыг зээлээр өгч байсан. ...Намнандорж анх Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр туул гудамжны 93 дугаар байрны 27 тоотын орон сууцыг өгнө гэж амалсан юм. Уг орон сууцыг өгнө гэж хэлэхээр нь би тухайн үед өөрийн биеэр очиж үзэхэд хоосон, айл ороогүй шинэ байр байхаар нь итгэсэн. Тэгээд мөнгөө өгсөн юм. Тэгсэн сүүлд нь Намнандорж надад өгнө гэсэн орон сууцаа өөр хүнд зарчихсан байсан. ...” /1 хх 170-172, 7 хх 10/,

 

хохирогч Ё.Мягмаржавын “...2014 оны 04 дүгээр сараас Намнандоржийн барьж байсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгад нэг краныг сарын 13.5 сая төгрөгөөр түрээслүүлэн 9 дүгээр cap хүртэл ажиллуулсан. Эхний гурван cap нь ажилтай байсан ба сүүлийн сард барилгын материал байхгүйгээс ажил тасалдаж байсан. Тэгээд Намнандоржоос түрээсийн төлбөрт 60.000.000 төгрөг авахаар тохирсон бөгөөд Намнандорж нь “барилгаа ашиглалтанд оруулаад мөнгийг өгнө” гэж байсан. 2015 оны хавар уг барилга ашиглалтанд ороод, 2015 оны 8 дугаар сарын эхээр Намнандоржтой уулзахад “60.000.000 төгрөгөө өгч чадахгүй байна, хүмүүс үлдэгдэл мөнгөө өгөхгүй, зарим байр зарагдаагүй” гээд надад 93-р байрны 7-22 тоот нэг өрөө байр үзүүлээд “та энэ байрыг авах уу, та 89.0 сая төгрөгөөр ав, зөрүү 29.0 сая төгрөгийг өгчих” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд, үүнээс хойш 10 орчим хоногийн дараа би “байрандаа оръё, зөрүү мөнгөө өгье” гэсэн чинь би “үйлчилгээний талбайгаа зарахаар болчихлоо, таны 60.0 сая төгрөгийг өгье” гэсэн. Би “за, за” гээд хүлээгээд хааяа утсаар ярихад “худалдаж авах гэсэн хүмүүсийн зээл нь бүтэхгүй байна” гэсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 14-нд Намнандорж над руу утсаар яриад “мөнгө бүтэхгүй байна, та ерөөсөө байраа ав, та зөрүү мөнгөө өгчих” гэхэд нь зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Туул ресторанд очиж уулзахад Намнандорж эхнэртэйгээ хамт явж байсан бөгөөд тэр өдөртөө “Голомт” банкны салбараас өөрийн 2209227189 тоот, мөн 2105004269 тоот дансуудаас 20.0 сая төгрөг гаргаж, Намнандоржид өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 30-нд уулзаж үлдсэн 9.0 сая төгрөгийг Намнандоржид өгсөн. Ингээд “байрандаа оръё” гэхэд “өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргаад барьцаанд тавьсан байгаа, барьцаанаас чөлөөлөөд танд шилжүүлж өгнө” гэж хэлэх болсон. Мөн “та жоохон хүлээчих, сангийн засвар дуусаагүй, ванн жорлонг хийсэн хүмүүсээр нь тавиулна” гээд байлгаад байсан. Тухайн үед нь би “өөрөө ванн жорлонг янзалчихья” гэхэд “болохгүй, анх хийлгэсэн хүмүүсээр хийлгэхгүй бол ус алдах, энэ тэр болвол хэл ам гарна” гээд байсан. ...Би Намнандоржоос нэг ч төгрөг авч чадаагүй байна. Ажлын хөлс болох 60.000.000 төгрөг, бэлнээр төлсөн 29.000.000 төгрөг, нийт 89.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” /2 хх 7-8, 5 хх 4, 7 хх 11-12/,

 

хохирогч Б.Халиунаагийн “...Намнандорж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 32 айлын орон сууц барьж эхэлсэн бөгөөд “барилгаа барьж дуусгаад орон сууцаа борлуулахаар өгье” гэж хэлээд 70.0 сая төгрөг зээлсэн. Ингэхдээ зээлийн гэрээ, уг орон сууцны Б тоотын 157.71 м.кв үйлчилгээний талбайг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст очиж бүртгүүлсэн. Энэ талбайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь Намнандоржийн нэр дээр байсан. Тэгээд дараа нь 2015 оны намар Намнандорж нь “гэрчилгээгээ хүнд үзүүлээд ирье” гээд гуйгаад аваад явсан. Түүнээс хойш “гэрчилгээ өгөөч” гэхэд “хүнд үзүүлж харуулж байна” гээд л байдаг байсан. ...Би Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст очиж лавлахад барьцаалсан тайлбай нь барьцаанаас чөлөөлөгдөөд 2-дагч этгээдэд шилжсэн байсан. Намайг цагдаагаар өргөдөл өгөөд явж байх зуур 2-дагч этгээдээс 3-дагч этгээдэд шилжсэн байсан. Анх Гантулга гэдэг эмэгтэйд шилжсэн байсан ба тэр хүнтэй нь ярихад манай ээжээс 55.0 сая төгрөг зээлээд миний нэр дэээр шилжүүлж өгсөн гэж хэлсэн. Намайг утсаар ярьсны дараахан Дарьсүрэн гэдэг хүнд шилжүүлсэн байсан. ...Тухайн үед Намнандоржтой 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 70.0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад барьцаанд нь өөрийнх нь барьсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны 1 давхарын 157.71 м.кв үйллчилгээний талбайг барьцаалж Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр Намнандорж, бид хоёр хамт ирсэн. Баримт бичгээ улсын бүртгэгчид хүлээлгэж өгсөн. Намнандорж гарын үсэг зурсан. Намнандорж 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд намар нь 11 дүгээр сард Намнандорж надтай уулзаад барьцаалсан үйлчилгээний талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “хүнд үзүүлэх гэсэн юм, хэрвээ хүн худалдаж авчихвал чамаас зээлсэн мөнгөө хүүгийн хамт өгөөд, үл хөдлөх хөрөнгөө зээлийн барьцаанаас чөлөөлүүлнэ, хэрэв авахгүй бол маргааш чамд гэрчилгээг эргүүлээд өгье” гэсэн. Тэгээд алга болсон. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс дээр ирж "Ү-2206038003 дугаартай үйлчилгээний талбай миний зээлийн барьцаанд бүртгэлтэй байна уу” гэж лавлахад бүртгэлтэй гэж хэлсэн. ...15 дугаар хороо хариуцсан улсын бүртгэгч Лхагвахандтай уулзаад “миний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан” талаарх мэдээллийг шалгуулах гэхэд “Мөнхзаяа гэж ахлах байцаагчтай уулз” гэсэн. Тэгсэн Мөнхзаяа нь “нөгөө барьцаалсан эд хөрөнгийг Гантулга гэж хүнд худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байна” гэж хэлсэн. ...Хамгийн анх барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгч нь Оюунболд гэж хүн байсан, түүнийг Мөнхзаяа “ажлаасаа халагдсан” гэж надад хэлсэн. Оюунболд нь Намнандоржтой хуйвалдаж ийм юм хийсэн. Ер нь улсын бүртгэгч нар хуйвалдсан. Намнандорж бид хоёр хамт бүртгэлийн хэлтэст ирэхэд бүх хүмүүстэй нь мэндлээд “энийг ингээч, тэрийг тэгээч” гээд байсан. Намнандоржийн хөөцөлдсөн асуудал өдөртөө л бүтэж байсан, би хамт явсан болохоор мэдэж байна. Намнандорж надад барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө мэдэгдэлгүйгээр хоёр хүн рүү дамжуулж худалдсан байгаа. Дахиад сүүлд утсаар ярихад Намнандорж “надад чамд өгөх юм байхгүй, чи Цагдаагаараа яв, надад чамаас уучлалт гуйх эрх алга, та нар өөрсдөө зохицоод наадахаа ав” гэж хэлсэн. ...Намнандорж нотариатын хураамж бага төлөх гээд анх Зээлийн гэрээг 5.0 сая төгрөг гэж байгуулсан ба надад үлдсэн хувь дээр “70 сая төгрөг авлаа” гэж өөрөө гараараа бичээд, гарын үсэг зурсан байгаа. Намнандоржоос зээлийн хүүд гэж 10.500.000 төгрөг авсан. Харин 2016 оны 1 дүгээр сард надаар дамжуулж Дамдинсүрэн гэж хүнээс авсан зээлийн хүүнд мөнгийг нь өгсөн. Дамдинсүрэн нь Японд байдаг хүн юм. ...”  /2 хх 148-149/,

 

            хохирогч Н.Ариунболдын “...2015 оны 1 дүгээр сард “"барилга барихад мөнгө хэрэг болоод байна” гээд надаас мөнгө цувуулж авч эхэлсэн. Би өгсөн мөнгөө дэвтэр дээрээ тэмдэглээд явсан, түүнээс гарын үсэг зуруулсан, гэрээ байгуулсан юм байхгүй. Би Намнандоржийг “тооцоо нийлээд гарын үсэг зураад өгөөч” гэхээр “амжихгүй, өнөөдөр, маргааш” гээд яваад байсан. Намнандорж нь 2015 оны 9 дүгээр cap хүртэл надаас нийт 30.875.000 төгрөг авсан. Энэ мөнгөний 13.0 сая төгрөг нь барилгын төмрийн үнэ юм. Манай хадам аавын профиль төмөр үйлдвэрлэдэг үйлдвэрээс нь аваад өгчихсөн юм. Би өөрөө тэр үйлдвэртэй тооцоо хийчихсэн байгаа. Үүнд гэр бүлийн аялалаар хамт явсан зардал орсон. Надад “очоод өгнө” гэж хэлээд аялалын зардлаа гаргуулсан боловч тооцоо хийгээгүй. Үүний дараа 9 дүгээр сард бас “яаралтай мөнгө хэрэг боллоо” гээд гуйгаад байхаар нь би хадам ах Ч.Мөнхчулууны орон сууцыг ББСБ-д барьцаалаад, сарын 04 хувийн хүүтэй 50.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Тэгсэн хүүг нь төлөхгүй болохоор нь Ариунтуяа гэдэг хувь хүнээр зээлээ чөлөөлүүлээд, энэ хүнд одоо зээлийн хүү төлж байгаа. Хадгаламж зээлийн хоршоотой Мөнхчулуун нь Зээлийн гэрээ байгуулсан байгаа. Өмнө нь Намнандорж, Мөнхчулуун ахаас 150.0 сая төгрөг зээлээд нэхүүлж байж өгч байсан. Одоо “нэг л тусалчихвал болох гээд байна” гээд гуйгаад байсан. 150.0 сая төгрөг авахдаа “барилга хөлдөх гээд байна, паар, цонх хэрэгтэй байна” гэж гуйж байгаад авсан. 50.0 сая төгрөгийг нь болохоор “одоо 50.0 сая төгрөг л байвал барилга дуусах гээд байна” гэж авсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр барилга нь ашиглалтанд орсон боловч мөнгө өгөөгүй, өөрөөс нь асуухаар “байр зарагдахгүй байна, хүмүүс үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна” гээд, сүүлдээ өөрөө ч, эхнэр нь ч утсаа авахаа больсон. Эхнэртэй нь хааяа ярихаар “мэдэхгүй” гээд байхаар нь өргөдөл бичиж өгч байна. ...Би одоогийн байдлаар 118.875.000 төгрөг О.Ноос авах ёстой юм. Үүнийгээ нэхэмжилж байна. ...” /2 хх 171-172, 7 хх 13/,

 

            хохирогч А.Даваадоржийн “...Өмнө нь 230 сая төгрөгийн барилгын материал аваад, 117 сая төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан. Тэгээд мөнгөө нэхэхэд “мөнгөгүй боллоо, ажлаа явуулж чадахгүй байна, мөнгийг чинь өгнө” л гэдэг байсан. Энэ үед барилгын ажил нь гайгүй явчихсан байсан болохоор нь би харилцан ярилцаад барилгын ажлыг нь “хамтарч дуусгая” гэж тохироод, барилгын материал нийлүүлж эхэлсэн юм. 2014 онд бетон зуурмаг, арматурын төмөр, паркетан шал, плита, гадна дотно хаалга, труба, мөн лифт зэрэг нийт 300 гаруй сая төгрөгийн бараа нийлүүлсэн. Улмаар 2015 оны 1 дүгээр сард барилга ашиглалтанд орсон. Тухайн үед би Монгол улсад байгаагүй, 2 дугаар сарын эхээр ирээд Намнандоржтой уулзаад “би оруулсан 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа яаж шийдвэрлэх вэ” гэхэд надад 1 өрөө орон сууц 2 ширхэгийг, 2 өрөө орон сууц 1 ширхэгийг өгөхөөр болсон. ...Намнандорж надад өгөх ёстой барилгын материалын мөнгө, бэлэн зээлж авсан мөнгө гээд нийт 400 гаруй сая төгрөгийн тооцоонд 93-16, 27 тоот өөр бусад тоотуудын хамт өгнө гээд надтай 16 тоотыг 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулаагүй. Мөн 27 тоотыг надад өгнө гэсэн учраас би өөрийн өглөгтэй Гантулгыг Намнандоржтой уулзуулаад, тэд хоорондоо “Орон сууц захиалах” гэрээ байгуулсан. Гэрээ нь Гантулгад байгаа байх. Тэгээд Намнандоржоос Гантулга өөрөө 16, 27 тоотын түлхүүрийг аваад засвар хийсэн. Гантулга өөрөө жорлон ванныг нь тавиад, засвар хийсэн. Би өөрөө 10, 02 тоотын түлхүүрийг бас л Намнандоржоос авсан. 10 тоотын түлхүүрийг Мягмарсүрэн очиж авсан. Би энэ хүнд уг байрыг зарахаар болоод уг байранд оруулсан юм. 2 тоотын түлхүүрийг би өөрөө авсан. Намнандорж зүгээр ярьж тохирсоноороо л өгсөн. Тэр үед 2 тоотын гэрчилгээ Намнандоржийн нэр дээр байсан. Гэрчилгээгээ надад харуулж байсан. Одоо тэгэхэд 2 тоотыг Бадрал гэж хүн өмчилж байгаа гээд уг тоотыг суллуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. ...Би Намнандоржийн баригдаж буй барилгад 432.908.091 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний төлбөрт буюу бартер хэлбэрээр 27, 2, 10, 16 дугаартай орон сууцнуудыг надад өгөхөөр тохирч захиалгын гэрээг байгуулсан. 93 дугаар байрны 10, 16 тоотуудын захиалгын гэрээ байгуулсан Мөнхдэлгэр гэдэг хүн нь манай менежер ажилтай хүн, компанийг төлөөлж, миний өмнөөс Намнандоржтой 10, 16 тоот байруудын гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээг нөхөж байгуулаагүй. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уг гэрээ хийгдсэн. Хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. ...” /2 хх 219-221, 9 хх 32/,

 

хохирогч Б.Бат-Эрдэнийн “...Намнандорж “манай орон сууцны барилгын агааржуулалт, салхивчийг хийж өгөөч, би бэлэн мөнгөгүй байна, бартераар тохиролцъё, танайх өөрсдийн хөрөнгөөр энэ ажлыг хийж өгөөд баригдаж байгаа барилгын 2 давхрын 2 өрөө орон сууцыг манай зарж байгаа үнээр нь тооцож аваач” гэсэн санал тавьсан. Намнандорж эхлээд “манайхыг үнийн саналаа өг” гэхэд уг орон сууцны барилгын агааржуулалт, салхивчийн ажлыг 87.303.000 төгрөгөөр хийх үнийн санал өгсөн. 2 давхрын 2 өрөө 5 тоотын байр нь 1 мкв-ыг 2.150.000 төгрөгөөр тооцоход 114.595.000 төгрөг болж байсан. Зөрүү мөнгийг байрыг ашиглалтанд оруулж, Улсын комисст хүлээлгэж өгөөд түлхүүр хүлээлгэж өгөх үед авна гэж тохирсон. Тэгээд орон сууц захиалан бариулах гэрээг би Намнандоржтой, Ажил гүйцэтгэх гэрээг манай компанийн захирал Баттай Намнандорж тус тус байгуулсан. Ингээд уг орон сууц ашиглалтанд ороод “орон сууцаа авья” гэхэд Намнандорж нь “гүйцэт ашиглалтанд ороогүй байгаа, гэрчилгээ гараагүй байна” гэдэг байсан. Сүүлд 2015 оны 07 дугаар сард өөрөө надтай ирж уулзаад “та нарт өгөх гэж байсан байраа хүнд зарахаар боллоо, тэгээд бэлэн мөнгийг нь аваад, та нарт 87.303.000 төгрөгийг өгөхөөр боллоо” гэж хэлсэн. Түүнээс хойш би байнга утсаар ярихаар “нөгөө хүн мөнгөө өгөөгүй байна, 7 хоногийн дараа, 3 хоногийн дараа” гэсээр байгаад 2016 он болсон. Одоо бүх байр нь эзэнтэй болсон байна. 87.303.000 төгрөгийн баримт нь байгаа. Зарим баримт дутуу. Яагаад дутуу вэ гэхээр би зээлээр агааржуулалтын сэнс зэргийг авч уг барилгад ашиглаж суурилуулсан. Тэгээд Намнандоржоос мөнгөө аваад, эсвэл байраа аваад мөнгийг нь тухайн газарт өгч баримт авах ёстой. Мөнгийг бүрэн өгөөгүй болохоор нөгөө талаас баримт өгөхгүй байна. Бусад ажилчдын хөлс, Монголоос авсан материал хэрэгсэлтэй холбогдох баримтууд нь байгаа. ...Би өөрөө хохирсон хүн болохоор хохирогч, иргэний нэхэмжлэгчээр энэ хэрэгт явах болно. Намнандоржоос 114.595.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөний оронд гэрээний дагуу 2 давхрын "Е"-гийн 2 өрөө 53.3 мкв орон сууцыг өгнө гэж тохиролцсон. Энэ орон сууцаа Намнандорж зарчихсан байсан. ...” 2 хх 232-233/,

 

хохирогч Ч.Дарьсүрэнгийн “...2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” тухай гэрээ хийж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 3 өрөө 92.98 мкв орон сууц захиалахаар гэрээ байгуулж, бэлнээр 117.000.000 төгрөгийг Намнандоржид өгсөн юм. Уг орон сууц баригдаад дууссаны дараа захиалсан орон сууцандаа орох гэтэл Намнандорж “банкны барьцаанд байгаа” гэх мэтээр худал ярьсаар байсан. Надад 7 давхарт нэг орон сууц үзүүлээд байсан. Тэгсэн тэр орон сууцанд нь тухайн үед айл ороогүй байсан боловч одоо бол айл орчихсон байна. Ингээд би орон сууцаа авч чадахгүй болохоор “мөнгөө авъя” гэж хэлтэл “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байр Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгний барьцаанд байгаа юм “та Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгийг өгөөд энэ үл хөдлөх хөрөнгийг ав” гэж хэлсэн юм. Намнандорж надад 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр хэлэхдээ энэ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байр 55.000.000 төгрөгний барьцаанд байгаа, энэ 55.000.000 төгрөгний хүүний мөнгө болон худалдан авсан, улсын орлогын татварын мөнгө нийлээд 5.000.000 төгрөг болсон юм. Тэгээд би Гантулгад 60.000.000 төгрөг өгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрыг Гантулга гэх хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Мөн Намнандорж Тайланд улс руу эмчилгээнд явна гэж хэлээд надаас 3.000.000 төгрөг авсан. Би Намнандоржид 2013 оны 8 дугаар сард 40 тонны контейнер 1 ширхэг 3.000.000 төгрөг, Тайланд явна гээд 3.000.000 төгрөг бэлнээр, Орон сууц захиалан авах гэрээгээр 117.000.000 төгрөг, Гантулга гэх хүний барьцаанд байсан гэх байрыг чөлөөлж авахын тулд 60.000.000 төгрөгийг өгч байж Б тоот орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Ингээд нийт 183.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Гантулгаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 25-нд хийсний дараа буюу маргааш нь 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө 08 цаг 30 минутанд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг газраар нь яаралтайгаар холбогдох материалаа өгсөн. Тэгээд “үдээс хойш 15:00 цагт ирж аваарай” гэж нэг цонхны үйлчилгээний хүн хэлсэн. Тэгээд би 14 цагийн үед Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр ирж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрыг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр О.Н иргэн Б.Халиунаа гэх хүнд 70.000.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан байсныг мэдээгүй. Сүүлд 2016 оны 3 дугаар сард Халиунаа гэх хүнд зээлийн барьцаанд тавьсан гэдгийг нь мэдсэн. ...Би 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би "Илланай" банк бус санхүүгийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж ЗОа дугаар байрны 04 тоот 4 өрөө орон сууц 94.8 мкв талбайтай миний өөрийн нэр дээр байдаг өмчлөлийн хөрөнгөө барьцаанд тавьж байж Намнандоржид Гантулгын 60.000.000 төгрөгийг нь төлөхийн тулд зээл авсан. Би "Илланай" банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа 2 жилийн хугацаатайгаар сарын 2 хувийн хүүтэйгээр 79.264.218.91 төгрөг төлж барагдуулж байгаа юм. Хэрэв би "Илланай" Банк бус санхүүгийн байгууллагад зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулахгүй бол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж З0а дугаар байрны 04 тоот 4 өрөө 94.8 мкв талбайтай орон сууцаа алдахад хүрээд байна. Миний хувьд "Илланай" банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн 60.000.000 төгрөгийн зээлийг төлөх гэж үйл тамаа үзэж байна. Маш хүнд байна. Миний амьдрал ахуй туйлын хүнд болоод байна. Иймд би Намнандоржоос яаралтай мөнгөө гаргуулж авмаар байна. Би гомдолтой байна. ...” /5 хх 9-11, 7 хх 14-15/,

 

хохирогч Б.Саруулын “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байдаг 93 дугаар байранд О.Нтой хамт очиж үзээд таалагдсан. Тэгээд тэр дор нь Намнандоржийн машин дотор 10 дугаар давхарт 76 мкв байрыг 168.0 сая төгрөгөөр, авто зогсоолыг 25.0 сая төгрөгөөр захиалах гэрээ байгуулсан. Тухайн үедээ автомашины зогсоолын дугаар тавигдаагүй гээд гэрээнд зогсоолын дугаар бичигдээгүй юм. Тэгээд гэрээ байгуулсан өдрөө Намнандоржид байрны урьдчилгаа төлбөр гээд 93 дугаар байрны гадаа 89.050.000 төгрөг бэлнээр төлсөн. Байрны мөнгө төлөх график гаргаад “намайг боломжтой үедээ мөнгөө дансаар болон бэлнээр өгч бай” гэсэн ба би нийт 12 удаагийн үйлдлээр 194.500.000 төгрөг бүрэн төлж, 2015 оны 2 дугаар сард байрандаа нүүж орсон. Тэгээд 93 дугаар байрны В1 давхрын 20 дугаартай автомашины зогсоолд 2015 оны 2 дугаар сараас хойш машинаа тавьж ашиглаж байгаа. Тэгтэл Намнандорж нь байрны гэрчилгээг гаргаж өгөөд, автомашины зогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй. Уулзахаар “"завгүй байна, завтай болохоороо гаргаад өгнө” гэж хэлдэг. 2015 оны 11 сараас манай байрны хүмүүс Намнандорж нь хэд хэдэн байрыг хүмүүст давхар зарсан асуудлаар цагдаад шалгагдаж байгаа талаар хэлсэн. Тэгтэл 2017 оны 03 дугаар сард намайг шүүхэд дуудаж, “Дэлгэрням гэдэг хүний нэр дээр 93 дугаар байрны 20 дугаартай авто зогсоолын гэрчилгээ гарсан байна, 20 дугаартай автомашины зогсоолыг чөлөөлж өг” гэсэн. Тэр үед нь Намнандоржтой утсаар ярихад “би таны зогсоолыг түр мөнгө хэрэг болоод барьцаанд тавьсан, тэр хүнд мөнгийг нь буцааж өгөөд таны машины зогсоолын гэрчилгээг гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш чимээгүй алга болсон. Баянгол дүүргийн Иргэний шүүхээс зогсоолыг Дэлгэрнямын өмч мөн гэсэн шийдвэр гарсан. Ингээд Намнандоржтой холбогдох гээд чадахгүй байгаа. Намнандоржоос авто зогсоолын мөнгө болох 25.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /9 хх 48-50/,

 

гэрч Ж.Дашдэмбэрэлийн “...Намнандорж нэг өдөр мөнгө зээлээч гээд гуйж байгаад авахад нь би Батсүхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Every day" худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр аваачиж өгч байсан ба тэр өгсөн мөнгө нь 100 гаруй сая төгрөг торонд хийгээд өгч байсан. Би тухайн үед Батсүхийг “чи хамаагүй, ямар ч барьцаагүй мөнгө өгч болж байгаа юм уу” гэж асуухад “за яахав, залуу хүүхэд юм хийе гээд гүйгээд байгаа юм, тус болохгүй бол болохгүй, итгээд өгсөн” гэж хэлэхээр нь би тэр үедээ өөрөө мэдэж байгаа юм байлгүй гээд дуугүй өнгөрсөн. Сүүлд нь сонсоход нилээн хэдэн хүн залилан мэхэлсэн гэж сонсогдож байсан. Тухайн үед Батсүх “энэ хүүхэд нэг байр барьж байгаа юм, болохгүй бол тэр байрнаас нь авна” гээд тоохгүй байсан. ...” /1 хх 92/,

 

гэрч Д.Энхнасангийн “...Намнандорж хувиараа барилга барьж байгаа, манай нөхөр Батсүхээс мөнгө хэрэг болоод байна гээд зээлж аваад байсан, би тэр үед нь нөхөртөө хандан мөнгөө яаж буцааж авах гэж байгаа юм бэ гэхэд “барилга нь баригдаад дуусахаар заримд нь байр аваад, зарим мөнгийг нь буцааж авах ёстой” гэж хэлдэг байсан. Намнандоржид 2013 оноос хойш цувуулаад нилээн хэдэн удаа мөнгө өгсөн. Нийт хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар нэг удаа ахаасаа 50.0 сая төгрөг аваад өгч байсан. Мөн манай хашаанд ирээд бас нэг удаа мөнгө авч байсан, гэрт хүртэл ирээд 10, 20 саяар нь мөнгө аваад явдаг байсан ба мөнгө авах болгондоо “барилгаа барьж дуусаагүй байгаа, барилгын материал авах гэж байгаа” тухай ярьдаг байсан. Нөхөр Батсүх нь хувиараа бизнес хийдэг юм, тэгээд өөрт байсан мөнгөнөөсөө Намнандоржид итгээд, ямар ч барьцаагүй мөнгө өгдөг байсан. Би эр хүмүүсийн наймаанд оролцоод яахав гээд тэр мөнгө төгрөгөнд нь оролцдоггүй. ...” /1 хх 90-91/,

 

гэрч У.Мөнх-Алдарын “...Батсүх “надад нэг орон сууц бий, чамд боломжийн
үнээр зарна шүү” гэж хэлэхээр нь би “уг орон сууцыг сонирхож үзье” гэж хэлсэн. Тэгвэл
Намнандоржтой уулзаад нэг орон сууц үзүүлнэ. Хэрэв таалагдвал худалдаж авахгүй юу
гэхээр  нь  би   Намнандоржтой  утсаар  яриад  Батсүх  орон  сууц  үз  гэж хэлсэн  гэхэд Намнандорж надад хэлэхдээ 05 тоот орон сууцыг үзчих гэж хэлсэн. ...05 тоот орон сууцыг чинь худалдаж авъя гэж хэлсэн чинь тэгвэл удахгүй бүгдээрээ уулзъя гэж хэлсэн. Тэгээд Батсүх, Намнандорж бид гурав Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны гадаа уулзсан. Намнандорж надад уг 05 тоот орон сууцыг хүлээлгэж өгөхөөр болсон юм. Харин урьдчилгаа мөнгийг Батсүхийн Хаан банкны 5029357157 тоот дансанд 65.000.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн юм. Намнандоржоос орон сууцны түлхүүрийг нь хүлээж авсан юм. Намнандорж надад хэлэхдээ та Батсүх ахад мөнгөө өгнө биз дээ, би 05 тоот орон сууцыг нь таны нэр дээр шилжүүлж удахгүй орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг би Батсүхээс 95.000.000 төгрөгөөр худалдан авахаар аман байдлаар тохирсон. Намнандорж, Батсүх гэдэг хүнд мөнгөний өртэй байсан юм шиг байна. Тийм болохоор миний худалдан авах гэж байсан 05 тоот орон сууцны мөнгийг Батсүхийн данс руу шилжүүлж өг гэж хэлээд байсан. Батсүх бид 2 хоорондоо аман байдлаар гэрээ хийхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг 95.000.000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 65.000.000 төгрөг өгчихөөд 05 тоот орон сууцны гэрчилгээ нь миний нэр дээр гарсаны дараа үлдэгдэл 30.000.000 төгрөгийг Батсүхийн данс руу шилжүүлэхээр ярилцаж тохирсон юм. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцны гэрчилгээ Намнандоржийн төрсөн дүү Өлзийсайхан гэх эмэгтэйн нэр дээр байгаа юм. Намайг уг 05 тоот орон сууцыг Батсүхээс худалдан авах үед гэрчилгээ нь гараагүй байгаа гэрчилгээ таны нэр дээр удахгүй гарна гэж Намнандорж хэлсэн. Тэгэхээр нь би Намнандоржид итгээд 05 тоот орон сууцанд оршин сууж амьдарч байсан юм. Тэгтэл 2016 оны 9 дүгээр сарын 16-нд Өлзийсайхан гэх эмэгтэйн нэр дээр уг орон сууцны гэрчилгээ нь гарсан байна гэдгийг мэдсэн. Ингээд мэдэнгүүтээ Батсүх рүү утсаар яриад миний амьдарч байгаа орон сууцны гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байна гэдгийг хэлтэл за би учрыг нь олъё гэж хэлсэн. Тэгээд одоо энэ асуудал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр явагдаж байгаа юм. Би Батсүхэд 65.000.000 төгрөгийг өгсөн. Миний хувьд уг орон сууцаа авах юм бол санал гомдол байхгүй. ...” /5 хх 23-25/,

 

гэрч О.Өлзийсайханы “...Намнандорж ах угаасаа тухайн үед орон сууц барьж байсан болохоор надаас "2 өрөө байрныхаа мөнгийг түрүүлээд өгч бай, би энэ орон сууц барих ажилд хэрэглэж байя" гэж хэлсэн болохоор нь би орон сууцаа авах хүртлээ өөрийн боломжоороо олдсон мөнгөө Намнандорж ахын данс руу шилжүүлж байсан юм. Би өөрийн орон сууцаа зарсны дараа Намнандорж ахын барьж эхэлж байсан орон сууцнаас 2 өрөө орон сууц авахаар тохиролцож ярилцсан байсан юм. Ингээд 2014 оны 12 дугаар сарын үед  Намнандорж ахтай 2 өрөө орон сууцаа заалгахад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө орон сууцыг зааж өгсөн. Би Намнандорж ахад өөрийн Хаан банкны 5041228262 тоот данснаас 2013 оны 8 дугаар сарын 10-нд
31.000.000 төгрөгийг авч, 30.000.000 төгрөгийг данснаас авсан өдрөө Намнандорж ахад
бэлнээр өгсөн, 2014 оны 11 дүгээр сарын 06-нд Хаан банкны 5041228262 тоот данснаас
29.000.000 төгрөгийг Намнандорж ахын Хаан банкны 5020917288 тоот дансанд шилжүүлж
хийсэн, 2014 оны 11 дүгээр сарын 17-нд өөрийн Хаан банкны 5041228262 тоот данснаас Намнандорж ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2014 оны 11 дүгээр сарын 19-нд өөрийн Хаан банкны 5041228262 тоот данснаас Намнандорж ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2015 оны 6 дугаар сарын 11-нд Хаан банкны 5041228262 тоот данснаас
Намнандорж ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 1.500.000 төгрөгийг
шилжүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 02-нд өөрийн Хаан банкны 5041228262 тоот данснаас Намнандорж ахын Хаан банкны 5020917288 тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж, нийт 76.500.000 төгрөгийг өгсөн. ...” /5 хх 30-31/,

 

гэрч Б.Ундармаагийн  “...Намнандоржид нийтдээ 19.488.500 төгрөгийн барилгын бараа материал нийлүүлсэн. Намнандорж манайхаас барилгын материал авч эхлэхээсээ өмнө мөн нөхөр бид хоёроос бэлэн мөнгө зээлж байсан. Эхлээд бол "хүүтэй зээлье" гэж авсан. 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс эхэлж авч эхэлсэн. 2015 оны хавар 4, 5 cap орчмоос Намнандоржтой уулзаад "нийлүүлсэн барилгын материалын үнэ, зээлүүлсэн мөнгөнийхөө оронд байр авъя" гэж ярьж тохирсон. Намнандорж нь "мөнгө төгрөг муутай байна, хэцүү байна" гэж ярьж байсан болохоор нөхөр, бид хоёр "мөнгөнийхөө оронд байр авъя, зөрүү мөнгийг нь өгье" гэсэн юм. Тэгэзд Намнандорж өөрийн барьж ашиглалтанд оруулсан 32/33 гэл үү сайн санахгүй байна/ айлын орон сууцнаас 9 давхарт 3 өрөө байр авахаар болсон. Тэгсэн Намнандорж "2015 оны 10 дугаар сард байрандаа оруулна" гэж байснаа тэр байранд нь өөр хүн амьдарч байсан. Тэгсэн Намнандорж "3 давхарт ор" гэхэд нь нөхөр бид хоёр 3 давхарын байрыг нь үзэхэд нар хаасан өргөтгөлтэй байсан болохоор нь "өөр давхарт оръё" гэхэд "8 давхарын айл мөнгө төгрөгний асуудалтай байгаа, тэр айлыг доош нь оруулна" гэсэн. Тэгээд бид нар дахин, дахин асуугаад байсан. Тэгсэн "одоо удахгүй, тэгж байна, ингэж байна" гээд л хоног хугацаа өнгөрөөгөөд байсан. Бид хоёр "байраа үзье" гэхэд 3 давхарын айл засаж байгаа юм, тэднийх ийшээ оронгуут танайхыг 8 давхарын 3 өрөө байранд оруулна гэсэн. Тэгж байтал нэг мэдсэн бүх давхарт нь айл амьдраад эхэлсэн. Намнандорж ч олдохоо больсон. Намнандоржид бэлэн мөнгө нийтдээ 46.500.000 төгрөг өгсөн. Манай нөхөр 2015 оны 09 дүгээр сарын 09-нд өгсөн 3.000.000 төгрөгөө мартаад тооцоо хийсэн байна. Энэ тооцоонд ороогүй 3.000.000 төгрөгийг миний дансаар шилжүүлсэн баримт нь байгаа. Үүнийг манай нөхөр дутуу хэлсэн байгаа. Анх өгч байсан бэлэн мөнгөө уг нь сарын 5 хувийн хүүтэй зээлж байсан. ...” /1 хх 173-174/,

 

гэрч Ч.Батчимэгийн “...Манай захирлыг Буянхангай, эхнэрийг нь Ундармаа гэдэг. Би энэ хүмүүсийн ажиллуулдаг обой зардаг лангуунд худалдагч хийдэг. Тэгээд энэ Намнандорж гэж Буянхангай захирлын найз гэдэг бөгөөд надаас обой, обойн цавуу авахаар ирдэг байсан. Заримдаа өөрөө, эсвэл түүний аав Бат-Очир гэж хүн, заримдаа ажлынх нь хүн гэх ах ирж авч байсан. Би зарлагын падаан бичдэг байсан. Би бүх падаандаа гарын үсэг зуруулдаг байсан. 2014 оны 12 сараас 2015 оны 03 дугаар cap дуусах хүртэлх хугацаанд ирж обой, обойн цавуу авч байсан. Хамгийн сүүлд 2015 оны 3 дугаар сарын 31-нд ирж авсан байна. Нийтдээ 15.243.000 төгрөгийн обой, обойн цавуу авсан баримт байгаа. ...” /1 хх 175-176/,

 

гэрч С.Батсайханы “...Манай захирлыг Буянхангай, эхнэрийг нь Ундармаа гэдэг. Би энэ хүмүүсийн ажиллуулдаг эмульс, будаг, багс, өнхрүүш, гэрэл чийдэн зэргийг зардаг лангуун дээр худалдагчаар ажилладаг. Намнандорж гэх хүн Буянхангай захирлын найз бөгөөд надаас эмульс, өнхрүүш, цаасны хутганы запасыг авсан байна. Нийтдээ 4.357.500 төгрөгийн барааг авсан бөгөөд нэг удаа аав Бат-Очир нь ирж авч байсан. Би зарлагын падаан үйлдээд өөрсдөөр нь гарын үсэг зуруулж байсан. Барааг дандаа зээлээр авч байсан. Зарлагын баримтаас харахад 2015 оны 01 сарын 04-ний өдрөөс 2015 оны 03 сарын 31-ний хооронд ирж авсан байдаг. Намнандорж нь авсан барааны үнийг өгөөгүй гэж захирлууд ярьж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ...” /1 хх 177/,

 

гэрч Б.Цолмонгийн “...2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Намнандорж нь Халиунаагаас 70.000.000 төгрөг зээлээд оронд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар оайрны В тоот дахь 157.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий орон сууцыг барьцаа болгож өгсөн. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг Халиунаа болон Намнандорж нар нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст барьцаалбарын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд Халиунаа нь угаасаа улсын байгууллага нь бүртгэлдээ барьцаалбарын гэрээтэй гэдгээр бүртгэчихсэн учраас санаа амар гадаад улсад ажлаар явсан. Халиунаа гадаадаас Монголд хүрэлцэн ирээд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж Намнандоржийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр барьцаалбартайгаар байгаа үгүйг мэдэх гэж шалгуулах үед нь би хамт явсан. Тэгсэн чинь Халиунаагийн нэр дээр барьцаалбар хэлбэрээр байхгүй, Гантулга гэдэг хүний нэр дээр шилжүүлэгдэж өмчлөгдсөн байсан. Тэгэхээр нь Халиунаа бид хоёр гайхаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны үл хөдлөх хөрөнгийг хариуцсан улсын бүртгэлийн хэлтэсийн улсын бүртгэгч Лхагвахандтай 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр ...өглөөний 09:00 цаг гэхэд ажил эхлэх цагаар орж уулзаад "Халиунаа гэдэг хүний зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгө өөр хүн буюу Гантулга гэдэг хүний нэр дээр шилжүүлэгдэж гарсан байна" гэж хэлсэн чинь "за би шалгаадхъя" гээд ...Тантулга гэдэг хүний нэр дээр байна" гэж компьютер дээрхийг үзүүлсэн юм. Лхагваханд гэдэг хүн "та хоёр хориг тавиулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн нэг цонхны хүлээн авахад өгчих" гэж хэлсэн. Тэгэхээр нь Халиунаа өргөдөл бичиж нэг цонхны үйлчилгээнд өгчихөөд улсын бүртгэлийн ахлах улсын бүртгэгч Мөнхзаяатай орж болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн юм. Тэгсэн "бид нар энэ асуудлыг мэдэхгүй, хууль, цагдаагийн байгууллагаар нь шалгуулсан дээр" гэж хэлсэн. ...Мөнхзаяа нь "хүлээж авахгүй" болохоор нь дарга дээр нь орсон чинь "уг үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт нь Халиунаа гэдэг хүний барьцаалбар байна, харин компьютер дээр барьцаалбартай гэж шивэгдээгүй байна, та гомдолтой гэсэн өргөдлөө өгчих" гэж хэлсэн. ...Маргааш нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр Халиунаа бид хоёр очиж "Халиунаа гэдэг хүний барьцаалбарын хориг тавигдсан уу" гэж Лхагваханд гэдэг улсын бүртгэгчээс асуутал "хориг нь тавигдаагүй, дахиад өөр хүний нэр дээр буюу Дарьсүрэн гэх хүний нэр дээр уг үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө шилжигдсэн байна" гэж хариу өгсөн. ..."Та нараас өмнө Худалдах, худалдан авах гэрээгээ өгчихсөн юм байна, тэгээд Дарьсүрэн гэх хүний нэр дээр шилжсэн байна” гэж хариу өгсөн. ...” /4 хх 43-45/,

 

гэрч Д.Должингийн “... Би Намнандорж гэх хунийг огт танихгүй, хамаатан садангийн холбоо байхгүй. Би Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ирсэн, явсан бичиг болон өргөдөл гомдлыг бүртгэх ажил хийдэг юм. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна, яг өдрийг нь тодорхой санахгүй байна, намайг ажлаа хийж байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Энхбаяр над руу залгаад "манай эгч одоо чам дээр очно, туслаад өгөөрэй" гэж хэлэхэд нь "юу ч гэсэн улсын бүртгэгчийг нь гуйгаад үзье, ажлын 8 цагтаа амжихна уу, үгүй юу гэдгийг гуйгаад үзье" гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг настай эмэгтэй манай өрөөнд 08:00 цаг өнгөрч байхад орж ирээд "би Энхбаярын эгч нь байнаа" гэхээр нь "юу ч гэсэн Лхагваханд эгчээс гуйгаад үзье" гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн улсын бүртгэгч Д.Лхагваханд эгчээс "энэ настай эгчийн материалыг нь 17 цаг 30 минутаас өмнө хурдан гаргаад өгөх боломж байна уу" гэхэд "за за, эхлээд өөрийнхөө яаралтай юмнуудыг дуусгаадахъя" гэхээр нь би өрөөнөөс нь гараад явсан. Маргааш нь билүү, хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна, Мөнхзаяа ахлах надаас "чи Дарьсүрэн гэх хүнтэй ямар холбоотой юм бэ" гэж асуухаар нь "би танихгүй, Энхбаяр надаас гуйхаар нь би Лхагваханд эгчийг гуйсан юм" гэж хэлсэн. Энхбаяр надад шан харамж, мөнгө амласан зүйл байхгүй. ...Би Лхагваханд эгчээс гуйсан асуудал Халиунаа гэх хүний өргөдөл гомдолтой холбоотой гэдгийг бүүр сүүлд нь мэдсэн юм. ...” /4 хх 247/,

 

иргэний хариуцагч С.Мөнхзаяагийн “...2015 оны 3 дугаар сард гарсан хувиараар дээрх барьцааны мэдүүлгийг бүртгэгч Батзориг хүлээн авсан байна. Скайнердаж мэдээллийн санд оруулсан ажилтныг санахгүй байна. Боловсруулалт хийх ёстой хариуцсан ажилтан нь бүртгэгч Оюунболд байсан. Энэ барьцааны гэрээ нь яаралтайгаар хийгдсэн барьцаа байсан. Энэ тухай иргэнээс тушаасан мөнгөний баримтаар харагдана. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэгч нь дарсан тамгаараа хариуцлагаа хүлээнэ. Миний хувьд ахлах ажилтан хэдий ч бүртгэгч нарын ажил руу хөндлөнгөөс ороод байдаггүй. 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Оюунболдын тушаал гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор 3 өдөр сунгаж үлдэгдэл ажлаа дуусгах шийдвэрийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас өгсөн. Үүний дагуу Оюунболд 3 өдөр ажилласан, надад ямар нэгэн үлдэгдэл материал өгөөгүй. Улсын бүртгэгчээр Ганчимэг, Ганцэцэг нар томилогдон ирж, 3 сард хүлээн авах болон шивэлт скайнер дээр ажилласан. Манай бүртгэгч нарын хувьд ажлын ачаалалтай байдаг учраас материал үлдээгээд явна гэсэн ойлголт байхгүй. 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх хариуцсаи хорооныхоо материалыг Оюунболд өөрөө хийж дуусгаад, архивт хүлээлгэж өгсөн. Нямханд 2015 оны 3 сард архивын лавлагаан дээр ажилласан. Ээлжийн амралтаа хойшлуулсан шиг санагдаж байна. 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн бүтцийн өөрчлөлтөөр улсын бүртгэгч болсон юм. Оюунболд зарим үед ажил тасалдаг учир хариуцсан хорооных нь материалууд бөөгнөрчихдөг. Оюунболдын өмнөөс Нямханд бичээд л явуулдаг, манайхан бүгд үүнийг мэддэг юм. Гэхдээ Нямханд улсын бүртгэгч биш учраас бөөрөнхий тамга байхаас барьцааны гэрээг бүртгэдэг "бүртгэв" дардас байдагггүй юм. 2015 оны 3 дугаар сард Гэсэрмаа шивэлт скайнер хийх ажлын хувиаргүй байсан боловч 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээний шивэлтийг хийсэн нь "манайхан бие биенийхээ кодыг асуугаад шивэлт хийчихдэг, бидний зүгээс хэн нь шивэлт хийсэн нь ач холбогдол өгөөд байдаггүй. Гэсэрмаагийн кодоор хэн нэг нь шивэлт хийсэн байх гэж бодож байна. Оюунболдын хувьд "мэдээлэл алга" гэсэн бичиглэлийг хийсэн байгаа боловч уг материалыг скайнердаагүй байсан. Оюунболдын улсын бүртгэгчийн дардас дарагдсан байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 11.5.12-т заасны дагуу өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг улсын бүртгэгч хуулийн өмнө хариуцах үүрэгтэй. Оюунболд Намнандоржийг таньдаг байсан байх гэж бодож байна. Миний хувьд Намнандоржийг танихгүй, ер нь манай дээгүүр доогуур яваад л байдаг. Мэдүүлэг хүлээн авсан улсын бүртгэгч түр чөлөө авсан тохиолдолд би оронд нь материал хүлээж авах тохиолдол олон байдаг бөгөөд өөрийнхөө тамгыг дараад л хүлээж авдаг. Бүртгэгч нар ажлын хариуцлага алдсан байх гэж бодож байна. Хэрэв санаатайгаар мэдээллийн санд оруулалгүй орхигдуулсан бол хэдэн сарын дараа, дараагийн барьцаа хийгдэхгүй байсан байх гэж бодож байна. ТҮЦ 71 машинаас гарч ирсэн лавлагаагаар барьцаанд байгаа эсэх нь гарч ирдэг. ...” /2 хх 56/ гэх мэдүүлгүүд,

 

хохирогч М.Батсүхийн мөнгө шилжүүлсэн талаархи мөнгөн шилжүүлгийн баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1  хх 41, 42-46, 48-49, 50-85/, байрны төлбөрт У.Мөнх-Алдараас хохирогч М.Батсүхийн дансанд 65.0 сая төгрөг шилжүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /5 хх 26/, хохирогч С.Буянхангайгийн мөнгө шилжүүлж байсан гэх Ундармаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /1 хх 136-168/, хохирогч С.Буянхангайгаас О.Нид өгсөн гэх барилгын материалын тооцооны гар бичмэл, орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн талаархи баримтууд /1 хх 97-135, 179-181/, хохирогч С.Буянхангайгаас О.Нид 2014 оны 12 дугаар сарын 14-нөөс 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд нийлүүлсэн гэх обой, эмульс, засал чимэглэлийн өнхрүүш, обойн цавуу зэрэг бартераар нийлүүлсэн гэх барилгын бараа материалын үнэлгээг нийт 19.516.700 төгрөг гэж үнэлж тогтоосон хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ний В17-15 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх 136-147/, хохирогч Б.Халиунаа, О.Н нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, /гэрээний үнийн дүн 5.0 сая төгрөг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй гэх/, дээрх зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 байрны Б тоотын үйлчилгээний зориулалттай 157,71 мкв бүхий О.Нийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Барьцааны гэрээ /дугааргүй/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар баримтууд /2 хх 15-17/, хохирогч Б.Халиунаа, О.Н нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн 185 дугаартай тойргийн нотариатчийн Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /2 хх 19/, Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 106 дугаартай албан тоот, уг албан бичигт хавсаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 байры Б тоотын үйлчилгээний зориулалттай 157,71 мкв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийсэн талаарх хуулбарласан баримтууд /2 хх 28, 29-47/, шүүгдэгч О.Н, хохирогч Н.Ариунболд нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт баримт /2 хх 173/, хохирогч Н.Ариунболдоос О.Нид зээлээр нийлүүлсэн гэх барилгын ханын пропил төмөр, буйдан ширээ зэрэг хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 16.653.000 төгрөг гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ний тайлан дүгнэлт /6 хх 195-205/, "Үүр тээл" ХХК-ийн захирал А.Даваадорж, О.Н нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын 14/138 дугаартай гэрээ" /2 хх 187-188/, О.Н, А.Даваадорж нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 93 дугаар байрны 2 тоот орон сууцыг захиалан бариулах тухай 10/15 дугаартай гэрээ /2 хх 185-186/, А.Даваадорж, О.Н нарын хооронд 2014 оны 12 сарын 05-ны өдөр 2 давхарын 2 тоот /В сууц/, 127.89 мкв талбайтай 230.202.000 үнийн дүн бүхий орон сууц захиалан бариулах тухай бичгээр байгуулсан гэрээ /5 хх 87-89/, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Хөрөнгө оруулалтын 14/138 дугаартай гэрээг дүгнэсэн тухай акт баримт /5 хх 90/, хохирогч "Үүр тээл" ХХК-ний захирал А.Даваадоржоос шүүгдэгч О.Нийн барьж буй барилгад нийлүүлсэн бараа материалын нийт үнэлгээг 360.732.740 төгрөг гэж үнэлж тогтоосон хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ний үнэлгээний В17-22 дугаартай тайлан дүгнэлт /6 хх 148-163/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ний ХУД536 дугаартай үнэлгээний тайлан /7 хх 141/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Нийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

   Шүүгдэгч О.Нийн бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 1.386.102.791 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүхээс О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 4 сар хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Анхан шатны шүүх 157.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Учир нь, дээрх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны В давхрын 157.71 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хохирогч Б.Халиунаагийн зээлийн барьцаанд байх хугацаанд улсын бүртгэгч нарын хууль бус үйлдлийн улмаас О.Гантулгын эзэмшилд, дараа нь Ч.Дарьсүрэнгийн өмчлөлд зүй бусаар шилжсэн байх бөгөөд уг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Б.Халиунаа, Ч.Дарьсүрэн нарын хохиролд тооцуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн зарчимд нийцнэ гэж үзэв.

Дээрх эд хөрөнгийн бүртгэлийг хууль бусаар хийсэн нь С.Мөнхзаяа, С.Гэсэрмаа, Б.Цолмон, Д.Лхагваханд, Д.Должин нарын тайлбар, мэдүүлгээр болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх Иргэний хууль хэрэглэж, болсон үйл баримтад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Иймд, энэ талаар бичсэн хохирогч Б.Халиунаагийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтыг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнууд болон В давхрын 157.71 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, О.Нийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), 12 тоот (Ү-2206039648), 19 тоот (Ү-2206038965) орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, В давхарын 157.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон О.Нийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), 12 тоот (Ү-2206039648), 19 тоот (Ү-2206038965) орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Халиунаагийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ