Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 216/МА2018/00002

 

 Ж.Батмөнхийн ХХК-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 7-09 тоотод оршин суух, Баян богд овогт Жаргалын Батмөнх, /РД:ЕВ86070418, утас: 99000249/-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 1-р багт байрлах Шивээ-Овоо ХК-д холбогдох

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2017/00185 дугаар шийдвэртэй,

Ажлаас чөлөөлсөн Шивээ-Овоо ХК-н гүйцэтгэх захирлын 2017.07.03-ны өдрийн Б/249 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Манхдахнаран, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, шүүгчийн туслах А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

      Нэхэмжлэгч Ж.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Батмөнх миний бие 2009 онд “Шивээ-Овоо” ХК-д мэдээллийн технологийн инженер мэргэжлээр ажилд орсон. Холбоо мэдээллийн албаны дарга, хүний нөөцийн хэлтсийн албаны даргаар 2013 онд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдөр бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэсэн нэрийдлээр ажлаас халсан. Тухайн ажлын байр байхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан боловч эргээд ажлын байрыг бий болгохдоо Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс гэсэн нэртэйгээр байгуулсан. Ажлын байрны тодорхойлолт YAMAT-08-ыг харахад Монгол Улсын Үндэсний ажил мэргэжлийн тодорхойлолтыг “Шивээ-Овоо” ХК мөрдөж ажилладаг. ISCO-08 гэсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 2010 оны тогтоолын 12 дугаар бүлэгт удирдах албан тушаал буюу захиргааны арилжааны менежер гэсэн бүлэг байгаа. Үүний 1212 буюу хүмүүний менежер гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Ажлын байрыг дахин бий болгохдоо ажил, мэргэжлийн индексийг хэвээр хадгалаад ажлын байрны тодорхойлолтын зарим зүйлийг өөрчлөөд бий болгосон. Нэгдүгээрт, энэ үндэслэлээр ажлын байрыг орон тооны цомхотголд ороогүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл энэ үүргийг хэрэгжүүлээгүй, ямар нэгэн ажлын байр санал болгоогүй. Мөн хуулийн 36.3 дахь хэсэгт энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасны дагуу гомдлыг гаргасан.

Мөн миний бие нь 2016 оны орон нутгийн сонгуулиар Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэсэн зөвшилцлийг “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ын гаргасан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот “бүтэц орон тоо батлах тухай тогтоол” дээр ямар нэгэн байдлаар зөвшилцөж шийдвэр гаргаагүй байна. Хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргасан. Тиймээс хүсэлтийг хангаж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүхэд гаргасан тайлбартаа:  Ж.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Ж.Батмөнх нь миний өмнө ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргын албан тушаал нь “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Захираа хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон нэршил өөрчлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох ёстой хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй зүйл юм. Ж.Батмөнх “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын тогтоолд заасан үндэслэлээр “компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон тул Ж.Батмөнхтэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн” болно.

“Шивээ-Овоо” ХК-ийн эрх барих байгууллага нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар “хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт ... төлөөлөн удирдах зөвлөл” байхаар зохицуулалттай болно. “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор бүрэн эрхийнхээ хүрээнд “Шивээ-Овоо” ” ХК-ийн бүтцээс Хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгаж, шинээр Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтсийг байгуулсан болно. Шинээр байгуулагдсан Захиргаа хөгжлийн бодлогын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүрэг нь өмнөх Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсээс эрс өөр зохицуулалттай болсон.

Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэст дулаан, ус хангамжийн хэсэг, тээвэр үйлчилгээний хэсэг, хүний нөөцийн алба, төлөвлөлт эдийн засгийн алба, лаборатори хамаарах болж чиг үүрэг, ажлын байрны зорилго, ажлын байранд тавих албан тушаалын зэрэглэл өөрчлөгдсөн болно. Өмнөх Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэст /хамаарах хэсэг, алба/ байгаагүй бөгөөд хэлтэс дангаар үйл ажиллагаа явуулдаг байсан юм.

 “Шивээ-Овоо”  ХК-ийн Төлөөлөн удирдан зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Захираа, хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгасан, шинээр байгуулагдсан Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс түүний дарга нь эрс өөр ажлын чиг үүргийг хэрэгжүүлэх болсон тул Ж.Батмөнх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон болно. Ж.Батмөнх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэх хуудсыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/570 дугаар мэдэгдлээр мэдэгдэж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Ж.Батмөнх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 6 сарын дундаж цалинтай тэнцэх 8 424 900 төгрөгийн тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгож холбогдох тооцоог бүрэн хийсэн болно. Ж.Батмөнх нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн талаар тус байгууллагад ямар нэг санал, гомдол гаргаж байгаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмжийг 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгож өгөөч хэмээн амаар хүсэмжилж байсан болно. Байгууллага Ж.Батмөнх амаар гаргаж буй хүсэлтийг харгалзан 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж Ж.Батмөнх тэтгэмжийн мөнгийг хүлээн авсан болно. Ж.Батмөнх нь өөрийн гаргаж буй үйлдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх болсныг хүлээн зөвшөөрч байсан хэрнээ үндэслэлгүйгээр ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасанд туйлын харамсаж байна.

Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр /“Шивээ-Овоо”  ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ гарч Захиргаа, хүний хөгжлийн бодлогын хэлтэс түүний даргын чиг үүрэг, ажлын байрны зорилго, ажлын байранд тавих албан тушаалын зэрэглэл өөр тул Ж.Батмөнх уг албан тушаалд томилох боломжгүй тул “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаал үндэслэлтэй болно. “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хууль холбогдох дүрэм, журмыг зөрчсөн зүйл байхгүй болно.

Иймд, дээрх байдлыг үндэслэн Ж.Батмөнхийн тус шүүхэд гаргасан “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Шивээ-Овоо” ” ХК-ийн бүтцээс Хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгаж, шинээр Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтсийг байгуулсан. Энэ нь нэгдүгээрт, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, хоёрдугаарт, байгууллагын бүтцээр тусгай нэгж байгуулагдсан учраас ажил үүргийн хуваарь шинэчлэгдсэн. Нэгдүгээрт ус, дулаан хангамжийн хэсэг, тээвэр үйлчилгээний хэсэг, хүний нөөцийн алба, төлөвлөлт эдийн засгийн алба, лабораторийг удирдах мэргэжлийн боловсон хүчнийг байгуулах шаардлага үүссэн. Өмнөх захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс нь ердөө л хүний нөөцийн бодлогын ажлыг хэрэгжүүлж байсан. Шинэ байгуулсан бүтэц нь компанийн урт болон дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулах, үүнтэй холбоотой харилцааг зохицуулах буюу бодлогын чанартай ажлыг зохион байгуулах болсон. Өдөр тутмын ажил буюу ISCO стандартыг барьсан байна. Бүтцийн хувьд доор нь хүний нөөцийн алба орж байгаа учраас стандартыг тавьж мөрдлөг болгосон. Нэгэнт бүтэц өөрчлөгдөж доор нь хэсэг нэгж орж ирсэн учраас гарцаагүй өмнөх бүтэц орон тоог өөрчилсөн. Энэ талаараа Ж.Батмөнх компанийн удирдах албан тушаалтан нар уулзаж ярилцлага хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас халах тухайгаа 40.1.5-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/570 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан хугацаа өнгөрсөн учраас Ж.Батмөнх байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолд зааснаар ажлаас чөлөөлж, 6 сарын тэтгэмжийг олгосон. Ж.Батмөнх нь удирдлагын багийн гишүүн учраас компанийн удирдах албан тушаалтан нар харилцан яриа хийснээр нэг мөр ажлаас чөлөөлсөн. Тиймээс “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Батмөнхийг “Шивээ-Овоо” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200  /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран давж заалдах гомдолдоо :

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Батмөнхийг “Шивээ-Овоо” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилсон байна.

Дээрх 185 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардаж авсан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь анхан шатны шүүх иргэний хэрэгт авагдсан нотлох баримтанд буруу дүгнэлт өгсөн, хуулийг буруу хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд буруу дүгнэлт өгсөн алдааг гаргасан гэж үзэж байна.

Шивээ-Овоо ХК-ийн эрх барих байгууллага нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар “хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт...төлөөлөн удирдах зөвлөл” байна. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан” бол хуулийн этгээдийн нэгж, хэсгийг татан буулгахаар зохицуулсан байна.

“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Шивээ-Овоо” хувьцаат компанийн бүтцээс Хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгаж, шинээр Захиргаа хөгжлийн хэлтсийг байгуулсан. Компанийн бүтцээс хэсэг, нэгжийг татан буулгах, өөрчлөн байгуулах эрх Компанийн тухай хуульд зааснаар “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг болно.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолоор Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгасан учир хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байсан Ж.Батмөнхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуй нэгж, байгууллага болон түүний нэгж татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт” орсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм.

Анхан шатны шүүх дээрхи байдалд дүгнэлт өгөхдөө компанийн салбар нэгж буюу “Захиргаа хүний нөөцийн бодлогын хэлтэс” татан буугдаагүй, ““Шивээ-Овоо” ХК Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36..2-д заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлэлгүй ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ гэсэн хоёр салаа утгатай дүгнэлтийг хийсэн байна.

“Шивээ-Овоо” ХК нь Компанийн тухай хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эрх барих дээд байгууллагын татан буулгах шийдвэр “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгаж” хэлтсийн дарга Ж.Батмөнхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн ямар ч үндэслэл болохгүй юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолд “батлагдсан бүтэц, орон тооны дагуу компанийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшинд үүрэг болгосон” байна.

Тус бүтцээр Бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын харъяанд “Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс” байгуулагдсан. Захиргаа хөгжлийн бодлогын хэлтсийн харъяанд “Дулаан ус хангамжийн хэсэг, Тээвэр үйлчилгээний хэсэг, Хүний нөөцийн алба, Төлөвлөлт эдийн засгийн алба, Лаборатори” гэсэн таван хэсэг нэгж ирсэн байна.

Анхан шатны шүүх “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн орон тоо хасагдаагүй байна” хэмээн дүгнэсэн байна. Хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудсанд байх “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.07.24-ний өдрийн Б/57 дугаар тушаалын хавсралтанд “Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс 1” орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд “Захиргаа, хүний нөөцийн хэлтэс” гэсэн хэлтэс гэсэн нэгж огт байхгүй байгаа болно. Өмнө бүтцээр 18 ажилтан  “Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс”-т харъяалагдан ажилладаг байсан бөгөөд бүтцийн өөрчлөлт /татан буулгалтын/ дагуу “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс”-ийн /татан буугдсан/ 17 ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар компаний шинээр байгуулагдсан “Хүний нөөцийн алба” болон бусад нэгж рүү шилжүүлэн ажиллуулсан болно.

Ж.Батмөнхийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасан “...ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүднээс гүйцэтгэх захирал 1-2 удаа уулзсан бөгөөд Ж.Батмөнхөд санал болгох адил чанарын өөр албан тушаал байхгүй, тохиролцоо хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Хөдөлмөрийн хуулинд цомхотголд орсон ажилтантай эхлээд тохиролц гэсэн шаардлагыг тавьдаг. Тохиролцсон тохиолдолд ажил олгогч адил чанарын ажил, албан тушаалын ажлын байранд ажиллуулах үүрэгтэй. Ж.Батмөнхийн хувьд  “Захиргаа хүний нөөцийн албаны дарга ажилтай, компанийн эрх бүхий албан тушаалтан байсан учир түүнд санал болгох албан тушаал хэлтсийн даргын л орон тоо болно.

Шинээр байгуулагдсан  “Захиргаа хөгжлийн бодлогын хэлтсийн даргын орон тоонд Ж.Батмөнхийг тавих боломжгүй” учир нь шинээр байгуулагдсан  “Захиргаа хөгжлийн бодлогын хэлтсийн даргад тавигдсан ажлын байрны чиг үүрэг, мэргэжил, боловсрол, хэрэгжүүлэх ажлын шаардлагыг Ж.Батмөнх хангахгүй ажилтан юм.

Шинээр байгуулагдсан  “Захиргаа хөгжлийн бодлогын хэлтсийн дарга”-д тавигдах ажлын байрны ажлын байрны шаардлага, хэрэгжүүлэх ажил нь төлөвлөлт болон урт, дунд хугацааны бодлого, бодлого тодорхойлох, хэлтсийн харъяанд шилжин ирсэн, алба, хэсгүүдийн ажлыг уяалдуулан зохион байгуулах ажлыг гүйцэтгэх тул ажил, мэргэжлийн өндөр шалгуур хангасан ажилтан шаардлагатай юм.

Иймд Ж.Батмөнхийг Шивээ-Овоо ХК-н гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолд заасан үндэслэлээр “Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон тул Ж.Батмөнхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн” болно.

Анхан шатны шүүх иргэний хэрэгт авагдсан нотлох баримтанд дүгнэлт хийхдээ хоёрдмол санаатай агуулгаар тайлбарлаж, буруу дүгнэлт хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг буруу хэрэглэж, Ж.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон болно.

Иймд дээрхи үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу  Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2017/00185 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Батмөнхийн нэхэмжлэлтэй “Шивээ-Овоо” ХК-д холбогдох ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Батмөнх нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо ХК-д  холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 тоот тушаалыг хүчингүй болгуулж,  ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, “...компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдаж, шинээр Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс болон байгуулагдсан, мөн ажлын чиг, үүрэгт өөрчлөлт орсон тул Ж.Батмөнхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн, ...компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй хэмээн тайлбар гаргаж  маргажээ.

             Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасаны дагуу хэргийг ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Учир нь хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч Ж.Батмөнх нь  2009 онд Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо ХК-д компьютер засварын инженерээр, 2012 онд холбоо мэдээллийн албаны дарга, мэдээлэл, тоног төхөөрөмжийн инженерээр  тус тус ажиллаж байсан байх ба улмаар компанийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/183 тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна. /хх-5-6, 35-38/

Гэтэл  хариуцагч буюу  “Шивээ-Овоо “ ХК нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор компанийн бүтцэд өөрчлөлт орж Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгасан тул ажил олгогчийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн “мэдэгдэл”-ийг  нэхэмжлэгч  Ж.Батмөнхөд  2017.05.30-ний өдөр өгчээ. /хх-26/  

Үүнийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлсэн хэмээн  хариуцагч тал тайлбарладаг. 

            Ийнхүү мэдэгдэл өгсний дараа  Шивээ-Овоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 тоот тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.14.2, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоол, ажилтнуудад буцалтгүй тусламж, тэтгэмж, нөхөн төлбөр олгох, хөнгөлөлт үзүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Батмөнхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-3/

Хэргийн 27 дугаар талд авагдсан “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017.05.16-ны өдрийн 11 дүгээр “бүтэц орон тоог батлах тухай” тогтоолоор “Шивээ-Овоо” ХК-ийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар баталж, батлагдсан бүтэц, орон тооны дагуу компанийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг  гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байна. /хх-27/

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар ... “бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал” гэсэн орон тоо-г нэмж, өмнө нь бие даан үйл ажиллагаа явуулж байсан Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс”-ийг шинээр бий болгосон гэх “Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс”-т түүний нэг алба буюу “хүний нөөцийн алба” - г хамааруулж  зохион байгуулалт, бүтцийг  баталсан  гэж үзэхээр байна.

Тодруулбал, “бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал”-н удирдлагад” Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс”-ийг хамааруулж, энэхүү  хэлтэс нь дотроо 2 хэсэг, 2 алба, лаботатори гэсэн нэгжүүдээс бүрдэж байна.

Ийнхүү “Хүний нөөцийн алба” нь шинээр бий болгосон гэх “Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс”-ийн нэг алба  болсон зэргээс  үзэхэд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017.05.16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор  “Шивээ-Овоо” ХК-ийн салбар, нэгжийг  өөрөөр хэлбэл “ Захиргаа, хүний нөөцийн хэлтэс”-ийг татан буулгасан,  орон тоог хассан,  эсхүл  ажилтны тоог  нь цөөрүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн  хэргийн 29 дүгээр талд авагдсан “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/53 тоот “Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, 2017 оны ажиллах хүчний орон тоонд өөрчлөлт оруулах тухай”  тушаалаас үзэхэд  тус компанид Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа буюу  2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирлын А/53 тоот тушаалыг  гаргаж,  улмаар компанийн бүтэц, 2017 оны ажиллах хүчний орон тоонд өөрчлөлт оруулжээ гэж үзэхээр байна.

           Өөрөөр хэлбэл, Шивээ-Овоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017.05.16-ны өдрийн 11 дүгээр тогтоол гарсанаас хойш буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс 2 сарын дараа  тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/53 тоот тушаалаар “ компанийн  удирдлага зохион байгуулалтын бүтэцийг 1-р хавсралтаар,  2017 оны ажиллах хүчний орон тоо-г 2-р хавсралтаар тус тус баталсан байна.

 Хэргийн 18 дугаар талд авагдсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “ажлын байрны тодорхойлолт”-оор “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргын орон тоо хасагдсан гэдгийг нотлохгүй, харин  “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс” нь “Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс”-ийн харъяалалд “Хүний нөөцийн алба” болж өөрчлөгдсөн  гэж үзэхээр байна.

Хариуцагч тал шинээр байгуулагдсан Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэст ажиллах чиг үүрэг нь урьд байсан “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс” –ээс өөр  тул уг шаардлагыг нэхэмжлэгч нь хангахгүй, ... гэсэн  тайлбар гаргадаг боловч  энэ нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй, уг тайлбарыг  нотолсон  баримт хэрэгт авагдаагүй.

Үүнээс гадна  хариуцагч тал  нь шинээр байгуулагдсан Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс түүний даргын чиг үүрэг, ажлын байрны зорилго, ажлын байранд тавих албан тушаалын зэрэглэл өөр тул нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилох боломжгүй тул гүйцэтгэх захирлын Б/249 тоот тушаал үндэслэлтэй гэж  маргаж байх боловч  үүнийгээ нотлох баримтаар бүрэн нотлоогүй,  улмаар  шинээр байгуулагдсан гэх Захиргаа,хөгжлийн бодлогын хэлтэс болон хүний нөөцийн алба нь хичнээн орон тоотой, үүнд ямар ямар албан тушаалын ажлын байр хамаарч байгаа талаарх ажлын байрны орон тоо-г дэлгэрэнгүй байдлаар гаргасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн компанийн дүрэм хэрэгт авагдаагүй зэргээр хариуцагч нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 Иймээс дээр дурдсан үндэслэлүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс” гэх ажлын байрны орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

            Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тул  нэхэмжлэгч Ж.Батмөнхийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улмаар нэхэмжлэгч Ж.Батмөнхийг урьд эрхэлж байсан “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга-н ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий  байна.

Иймд  хариуцагч талын  “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүсч гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 -н  “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалт нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтанг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үед ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой учир   нэхэмжлэгч Ж.Батмөнхийг ажлаас халсан  үндэслэлд хамааралгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт дээрх хуульд нийцээгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2017/00185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

               

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Х.БАЙГАЛМАА

                                      ШҮҮГЧИД                                                  Н.БАТЧИМЭГ

                                                                                                                                                                                                                                          Г.ТЭГШСУУРЬ