Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 01

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     

Хэргийн индекс 132/2017/00456/И

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 489 дугаартай шийдвэртэй,

 

 Ц.М-ийн нэхэмжлэлтэй, Х б-ы Б с-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг  нэхэмжлэгч Ц.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х б-ны Б с-ын С с-ын т-ы т-д 2008 оны 08 дугаар сараас теллерээр, 2013 оны 03 дугаар сараас ахлах теллерээр, нийт 9 жил ажилласан. салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн шалтгаан нь 2017 оны 08 дугаар сард дотоод хяналт шалгалт ирж камер шалгах явцад 1 өдөр гаргасан зөрчил илэрсэн. Энэ зөрчлөөс болж ажлаас халах арга хэмжээ авсныг хүндэдсэн гэж байна. Учир нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр теллер чөлөө авсан, цалин болон лизенгийн зээл ихтэй ачаалал их байснаас кассын орлого, зарлага зөрснийг тухайн үед нь зохих журмын дагуу бүртгэж дараа нь 1-2 хоногийн дотор алдааг олж зассан. Өөрийн нөхрийн данснаас 600000 төгрөг гаргаж харилцагчид өгөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл би хүнд 600000 төгрөг өгөх ёстой байсан өглөгөө касснаас авч өгчихөөд орой нь буцаагаад касст хийхдээ илүү хийсэн байсан. Мөн гүйлгээний дараалал зөрчин эхлээд мөнгийг нь өгчихөөд дараа нь картыг нь уншуулсан. Харилцагч маань баримтаа өгөлгүй авч явснаас касс зөрсөн. Теллер байхгүй би өөрөө теллерийн ажлыг хийж байсан тул илүүдэл бүртгээд кассаа хаасан. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баасан гариг байсан тул 7 дугаар сарын 24-ний өдөр теллерийг ажилдаа ирэхээр нь камер шүүж үзэхэд би касснаас авсан мөнгөө буцаагаад хийхдээ илүү хийсэн нь харагдсан. Энэ үйлдэл нь тухайн нөхцөлд байгууллагын дүрэм журамд нийцэхгүй боловч ноцтой хор хохирол учруулаагүй, анх удаа зөрчил гаргасан зэргийг харгалзан намайг ажлаас халахгүйгээр сахилгын өөр арга хэмжээ авах боломж байсан. Би тус банкны салбарт ажиллах хугацаандаа 2010 онд Оны хамгийн шуурхай үйлчилгээний ажилтан, 2012 онд Сумын төвд байрлалтай нэгжийн Шилдэг теллер, 2013 онд Хаан банкны Булган салбарын Оны шидлэг ахлах теллер, 2014 онд Х б-ы Мөнгөн од шагнал, салбарын хэмжээнд зохион байгуулагдсан Бид алхах теллер мэдлэг, ур чадварын тэмцээнд дэд байр эзэлж хүндэт өргөмжлөл, 2014 онд Монгол банкны баярын бичиг, 2017 онд Даатгал зуучлал хавар 2017 хөтөлбөрт хамгийн их орлого оруулж 3 дугаар байр эзэлж Хаан банкны өргөмжлөлөөр тус тус шагнагдсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн хурлаар хэлэлцэж, миний хүсэлтийг сонсоогүй, өөрөөр минь болсон үйл явдлын талаар бичүүлээд түүнийхээ дагуу тушаал гаргасан. Зөрчлийн шинж байдлыг харгалзан өөр арга хэмжээ авах боломж байхад хэрэглэлгүй шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд Ц.М намайг Би Х б-ны Б с-ын С с-ын т-ы т-ийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Би Х б-ны Б с шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь Би Х б-ны Б с-ын С с-ын т-ы т-д  ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа банкны дотоодод мөрдөгдөж байгаа, ажилтны ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх ёстой дүрэм, журам, холбогдох эрх зүйн хэм хэмжээг зөрчиж Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан. Түүний гаргасан зөрчил нь Х б-ы дотоод аудитын шалгалтаар илэрсэн бөгөөд гаргасан зөрчил нь тогтоогдсон. Ц.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн хариуцсан касс дахь бэлэн мөнгөнөөс 600000 төгрөг авч ашигласан, өглөгөө барагдуулсан, касс дутаасан, хувийн мөнгийг касст нийлүүлснээс касст зөрүү үүсгэсэн, хяналт тавих үүргээ зөрчсөн үйлдэл хийсэн. Энэхүү үйлдлээрээ Х б-ы кассын үйл ажиллагааны технологи журмын 03.02, 03.06, Х б-ы ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.4, 5.3.1.1, 5.4.3, 5.4.4, 5.5.2, Банкс программ технологи журмын Нийтлэг үндэслэл 1.8, 08-03-01, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.18, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, 3.2.12-д заасныг тус тус зөрчиж 5.7.3, 5.7.14-д заасан ноцтой зөрлийг гаргасан. Х банк Ц.М-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хаан банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг үндэслэсэн. Хуулийн энэхүү заалтыг үндэслэсэн тохиолдолд ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг. Ц.М нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг дээрх үйлдлээрээ гаргасан бөгөөд энэ нь тогтоогдсон тул Х б-ы Б с-ын захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Иймд Ц.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 489 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х б-ы Бу с-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М давж заалдах гомдолдоо: ... М миний бие нь Х б-ы С т-ны т-д ахлах теллерээр ажиллаж байгаад зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Уг шийдвэрийг арай хүнд арга хэмжээ юм, ажлаас халахгүй арга хэмжээ авч өгөөч гэж шүүхэд хандсан боловч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

Хэдийгээр Х б-ны Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол гэрээг шууд цуцлахаар заасан байгаа ч гэрээнд ноцтой зөрчилд 28 зүйл хэсгийн 100 шахам төрлийн агуулгыг өөрөөр хэлбэл банкны ажлын бүх үйлдлийг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуультай нийцээгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг тайлбарлахдаа:

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон... байхыг ойлгохоор тайлбарлажээ. Өөрийн гаргасан зөрчлөө дээрхитэй харьцуулаад үзвэл банкинд хохирол учруулаагүй, нэр хүндэд нь сэв суулгахаар ноцтой үр дагаварт хүргээгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан шийтгэлийг оногдуулахдаа ажилтны гэм буруу, зөрчлийн үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох зарчмын дагуу миний амьдралын байдал, ажиллаж байсан ажлын үр дүн зэргийг минь харгалзан үзэж ажлаас халахаас өөр арга хэмжээ авах боломжтой болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тэхай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэгч Ц.М нь Х б-ны Б с-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг  анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.М нь 2008 оны 8 дугаар сараас Х б-ы Б с-ын С  т-ны  т-д теллер, 2013 оны 3 дугаар сараас тус тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан ба Х б-ы Б с-ын захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тушаалаар ажил олгогчийн санаачилагаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг баримталсан байх бөгөөд Х б-ы Б с-ын захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тушаал хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтанд нийцсэн байна. 

Нэхэмжлэгч Ц.М нь Х б-ны Б с-ын С т-ны т-д ахлах теллерээр ажиллаж байхдаа 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хариуцсан касс дахь бэлэн мөнгөнөөс 600.000 төгрөг авч өглөгөө барагдуулснаас, касс дутаасан, хувийн мөнгийг касст нийлүүлснээс зөрүү үүсгэсэн, хяналт тавих үүргээ биелүүлээгүй зэрэг нь хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүх тухайн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.     

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН

 

 ШҮҮГЧИД                                                           С.УРАНЧИМЭГ

 

                                                                              М.ХҮРЭЛБААТАР