Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2018/02651/И |
Дугаар | 184/ШШ2018/02154 |
Огноо | 2018-09-06 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2018/02154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Б.Баярмаа, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б-т холбогдох
Гэм хорын хохиролд 16,805,073 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, иргэдийн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь хийн түлшний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Хариуцагч Ч.Б нь 2012 оны 02 сарын 17-ны өдрөөс 2014 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгч компанид борлуулагч, жолоочоор ажилласан. Ийнхүү ажиллах явцдаа 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвд газ хүргэж өгөхдөө өөрийн төрсөн дүү Ч.Б-ийг оруулж холболт хийлгэсний улмаас гал алдсан. Ийнхүү гал алдсанаар нэхэмжлэгч нь дараах байдлаар хохироод байна. Нэгд. 5 цайны газар шатаж нийт 9,918,903 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг нэхэмжлэгч компани хариуцагчийн өмнөөс хохирол учирсан цайны газрын эздэд 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний өдөр төлж барагдуулсан. Хариуцагч Ч.Б нь ажиллах явцдаа бусдад учруулсан хохирлоо нэхэмжлэгч компанид буцаан барагдуулах үүрэгтэй байсан боловч барагдуулалгүй ажлаас гарсан. Хариуцагч Ч.Б нь шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэггүй, нэхэмжлэгч компанид ажилладаггүй хүн болох өөрийн төрсөн дүү Ч.Б-аар хийн баллоны холболт хийлгэсэн нь буруутай юм. Хоёрт, Ч.Б-ын үйлдлийн улмаас Сүү ХХК, Л.Адилбиш, Өгөөж чихэр боов ХХК-ийн худалдаалж байсан эд хөрөнгөнд хохирол учирч тухайн хохирлыг Мандал даатгал ХХК барагдуулсан байдаг. Гэвч Мандал даатгал ХХК нь даатгуулагчид учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00329 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар Ч.Б, Ч.Б нарын өмнөөс 6,886,150 төгрөгийг Мандал даатгал ХХК-д олгох тухай шийдвэр гаргасан. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ... өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу Ч.Б-аас нийт 16,805,073 төгрөгийг шаардах эрхтэй байна. Ийнхүү хариуцагчийг нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг төлөхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрийг төлөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж байна. Иймд хариуцагч Ч.Б-аас 16,805 ,73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа дэмжин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Ч.Б-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Ч.Б нь тус компанид 2012 оны 2 дугаар сараас эхлэн ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ болон бусад аливаа гэрээ хэлцэл байгуулаагүйгээр амаар тохиролцсоны үндсэн дээр тус компанид борлуулагч, жолоочоор ажиллаж байсан. Ч.Б нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн дүү Ч.Б-ийн хамт Барс-2 худалдааны төвд Г компанийн газыг холбосон бөгөөд Барс-2 худалдааны төв нь газ холбуулах аюулгүйн шаардлагыг хангаагүй, мөн тухайн өдрийн баллоны даралтын хий өндөр байсны улмаас газыг холбосны дараагаар баллоны шланк мултарч гал гарсан. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж тухайн үед нь гэм буруутай этгээдийг тогтоож холбогдох хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллаж байсан. Тухайн үед нь Ч.Б-аас байцаалт, тайлбар авч байсан бөгөөд Ч.Б-ыг ямар нэгэн байдлаар буруутай этгээдэд тооцсон эсхүл хохирол төлүүлэх асуудал үүсээгүй. Иймээс Г ХХК нь өөр гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг тухайн үед буруутай гэж шалгагдаж байсан этгээдээс нэхэмжлэх учиртай. Ч.Б нь галын осол болсноос хойш ажилдаа үргэлжлүүлэн ажиллах гэтэл янз бүрээр дарамталж, шахалт үзүүлж байгаад ажлаас нь гаргаж ажилгүй болгосон. Түүнчлэн Ч.Б-ыг гарын үсэг зурсан мэтээр хуурамч хэлцлийг нэхэмжлэлд хавсарган өгсөн байх бөгөөд Ч.Б нь ямар нэгэн хохирол, төлбөр төлөх тухай гэрээнд гарын үсэг зурж байгаагүй. Тухайн үед Ч.Б нь хийн түлшийг тээвэрлэх, борлуулах, угсгах ажлыг амаар тохиролцон Г ХХК-д хийж байсан. Мөн дүү Ч.Б энэ ажлыг хамт хийж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу ажилллаж байсан гэх этгээдэд хамаарахгүй. Эрүүгийн хэрэгт авагдсан Автомашин түрээслэх гэрээ нь эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, тамга дараагүй тул гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа. Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй Г ХХК-аас 6,886,150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэргийн Улсын дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг 443 дугаар зүйлийн 443.7 гэж өөрчилсөн нь шүүхээс ажилтны гэм буруутай үйлдлээс гэм хор учирсан гэж үзээгүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Ч.Б биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 16,805,073 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба үндэслэлийг хариуцагчийн буруугаас гал гарч бусдад 9,918,903 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэгч байгууллага арилгасан, мөн 6,886,150 төгрөгийн хохирлыг Мандал даатгал ХХК нөхөн төлснийг Г ХХК-аас буцаан гаргуулж Мандал даатгал ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу шаардана гэжээ.
Хариуцагч Ч.Б нь дээрх гэм хорын хохиролд буруугүй, нэхэмжлэгч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвд Ч.Б, түүний дүү Ч.Б нар хийн түлштэй баллон /газ/ хүргэж, Ч.Б баллоныг газан плиткатай холбох явцад хий алдагдаж, лааны дөлтэй авалцаж гал гарсан болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2014260001754 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 дугаартай галын шинжээчийн дүгнэлт, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3509 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-46, 48-50, 59-61/
Нэхэмжлэгч тал Ч.Б-ыг компанитай 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулсан ба гэрээгээр түрээслэгч нь автомашиныг байгууллагын хийн түлшийг тээвэрлэх, борлуулах чиглэлээр ашиглахаар харилцан тохиролцсон гэсэн бол хариуцагч тал уг гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, тамга дараагүй тул гэрээг байгуулаагүй гэж үзнэ хэмээх боловч хариуцагчийг нэхэмжлэгч байгууллагын автомашинаар хийн түлш тээвэрлэн, үйлчлүүлэгчид хүргэн угсралт хийхээр амаар тохиролцож уг ажил үүргийг гүйцэтгэж байсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-47/
Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч Г ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаагүй боловч тэрээр 2012 оны 02 сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгч байгууллагын автомашинаар хийн түлш тээвэрлэн, угсрах ажил үүргийг гүйцэтгэж, үүний төлөө хөлс авдаг байсан, Шингэрүүлсэн шатдаг хийн түлшний тоног төхөөрөмжийн операторч бэлтгэх 160 цагийн түр сургалтад хамрагдаж үнэмлэх авсан байх тул хийн түлшийг зохих ёсоор тээвэрлэн, угсрах үүргийг гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэм буруутай гэж үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ын төрсөн дүү Ч.Б-ийг нэхэмжлэгч байгууллагатай мөн амаар тохиролцон хийн түлш тээвэрлэх, угсрах ажил үүргийг гүйцэтгэж байсан гэж тайлбарлах ч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Горгаз ХХК нь өөрт учирсан хохирлыг хариуцагч Ч.Б-аас шаардах эрхтэй байна.
Ажил олгогч нөхөн төлсөн хохирлыг ажилтанд холбогдуулан эргэн шаардсан нөхцөлд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм буруу, учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоог тогтоох үндсэн зарчмаас гадна ажил олгогч хохирлыг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөх үүрэг хүлээсэн байхыг шаардана.
Гал гарсан үйлдэлд аюулгүй ажиллагааны журам, галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн Н.Г, Р.Д нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хохирлын хэмжээ нь их хэмжээнд хүрэхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3509 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-59-61/ Гал гарсны улмаас нэхэмжлэгчийн шаардсан хэмжээний хохирол учирсан болох нь Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3509 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож байх тул гэм буруу нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой гэж үзнэ. /хх-59-60/
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний хооронд 9,918,903 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага төлж барагдуулсан хэмээн хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэлийг нэхэмжлэгч тал үндэслэж байна. Энэхүү тэмдэглэлд яллагдагч Н.Г хохиролд 10,000,000 төгрөгийг хяналтын прокурорт хүлээлгэн өгч, хяналтын прокурор 7 хохирогчдод нийт 9,918,903 төгрөгийг хүлээлгэн өгч, үлдэгдэл 84,092 төгрөгийг Н.Г буцаан өгсөн тухай тэмдэглэжээ. Эндээс үзэхэд 9,918,903 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Г ХХК бус Н.Г нөхөн төлсөн байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар нэхэмжлэгч уг хохирлыг хариуцагч Ч.Б-аас шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчтай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэлцэл байгуулсан бөгөөд үүгээр хариуцагч 9,918,903 төгрөгийн хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохирсон хэмээн нотлох баримтаар хэрэгт гаргаж өгснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хэлцлийг хариуцагч Ч.Б байгуулаагүй, хэлцэлд зурсан гарын үсэг түүнийх биш, түүнчлэн нэхэмжлэгч байгууллагыг Д.Б төлөөлсөн нь ийнхүү төлөөлөх бүрэн эрхгүй гэх үндэслэлээр уг хэлцлийг үгүйсгэжээ. Нэхэмжлэгч тал энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг нотолгооны бусад хэрэгслээр нотлоогүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч 9,918,903 төгрөгийг төлөхөөр тохирсон хэлцлийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлээгүй болно.
Мандал даатгал ХХК нь галын улмаас Сүү ХК, иргэн Л.Адилбиш, Өгөөж чихэр боов ХХК-д нийт 6,886,150 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр төлснийг Г ХХК, МВС ХХК-аас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 329 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 722 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1040 дугаар тогтоолоор МВС ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Горгаз ХХК-аас 6,886,150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх-14-16, 38-39/ Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэлээр хариуцагчаас 6,886,150 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 дугаартай галын шинжээчийн дүгнэлтэд . . .Г ХХК болон хэрэглэгчийн хооронд хийсэн гэрээ байхгүй, 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК-ийн ажилтан Б, Б нарт ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй гэсэн нь гал гарахад нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэв. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар хариуцагч Ч.Б-ын хариуцах ёстой 6,886,150 төгрөгийн хэмжээг бууруулан 4,590,766 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Б-аас 4,590,766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үлдэх 12,214,307 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.