Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 630

 

106/2019/0377/Э

 

 

 

 

 

 2019          6             25                                            2019/ДШМ/630                                                

 

Г.Ч д холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор А.Намдаг,

хохирогч О.Сансарын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

шүүгдэгч Г.Ч , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Сансарын өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ч д холбогдох эрүүгийн 1905010600259 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Г-ийн Ч, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

 

Г.Ч  нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза” их дэлгүүрийн орчим иргэн О.Сансартай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч гийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.Сансар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч О.Сансарын өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх уг хэргийг шийдвэрлэж хохирлын мөнгөний хэмжээг тооцон гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэсэн хэсгийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь, хохирогч О.Сансар тухайн гэмт хэрэг гарах үед өөрийн эзэмшлийн гар утсаа алдсан бөгөөд уг утас тухайн үед алга болсон талаар шүүгдэгч Г.Ч , гэрч н.Хишигжаргал нарын мэдүүлгээр тогтоогдсоор байхад утасны мөнгө болох 699,000 төгрөг, мөн уг гэмтлийн улмаас ажилдаа 5 хоног яваагүй ажлын цалин болох 533,750 төгрөг, нийт 1,232,750 төгрөгийг хохирол тооцоогүй. Эдгээр хохирол нь гэмт хэргийн улмаас үүссэн үр дагаварт зүй ёсоор орох ёстой гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой шийдвэрт өөрчлөлт оруулж, тухайн үед алга болсон утасны мөнгө болох 699,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны мөнгө 470,000 төгрөг, нийт 1,160,000 төгрөгийг хохиролд тооцон гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ч гийн өмгөөлөгч С.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Шүүгдэгч Г.Ч д оногдуулсан шийтгэл тохирсон. Хохирогчийн цалингийн зөрүү нь нийгмийн даатгалд бичигдсэн бичилтээс үзэхэд цалингаа дутуу авсан. Мөн гэмт хэргийн улмаас гар утас нь алдагдсан гэдэг  нь тогтоогдоогүй тул иргэний журмаар шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ч  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг тухайн үед гар утастай байсан талаар би мэдэхгүй. Гэнэт л гар утас алга гээд байсан. ...” гэв.

 

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хохирогч О.Сансарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Г.Ч  нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза” их дэлгүүрийн орчим иргэн О.Сансартай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Сансарын “...Ч   сууж явсан таксиг зогсоогоод, өөрөө түрүүлж буун, миний сууж байсан талаар ирээд хаалга онгойлгон намайг “буугаад ир” гэж хэлээд, миний хувцаснаас зуураад буулгасан. Тэр үед би “яасан бэ” гэсэн чинь Ч   “чи битгий маяглаад байгаарай” гэж хэлээд шууд миний нүүрний зүүн тал орчим 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед Хишигжаргал, Оюундарь нар машинаасаа бууж бид хоёрыг салгах үед хэн нь гэдгийг санахгүй байна, Ч   бид хоёрын дундуур “битгий, битгий” гэж салгах үед намайг анзаараагүй байхад Ч   дахиад нэг удаа миний нүүрэнд цохисон. ... Ч  д “чи аваагүй юм бол миний гар утсыг хайгаач” гэсэн чинь Ч   дахин намайг заамдан авч газар унагасан. Тэр үед Ч   миний дээрээс гараараа цохиод, зодоод байсан. ...Ч  д “чи миний гар утсыг аваагүй юм бол юундаа уурлаад, намайг хөөгөөд байгаа юм бэ” гэж хэлж, зүүн гараараа Ч  г биедээ хүргэхгүй гээд тулаад зогсох үед Ч   миний зүүн гарыг мушгин арагш эргүүлээд миний нуруун хэсэгт гарган өчиж, газар унаган дахиад намайг өшиглөөд байсан уу, гараараа цохиод байсан уу мэдэхгүй зодсон. ...” /хх 12-14/,

гэрч Г.Оюундарийн “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед гараад Ч  , Сансар, Хишигжаргал бид дөрөв хамт такси бариад явж байгаад “Гранд плаза”-гийн урд талын тойрог өнгөрөөд явж байхад Ч   нь таксиг зогсоож, Сансарыг “буугаад ир” гээд цохиод байсан. ...Ч   нь Сансарыг газар унагаачихсан өшиглөөд байсан. ...” /хх 7/,

гэрч Ц.Хишигжаргалын “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ч  , Сансар нар хоорондоо барьцалдаад, зууралдаад байсан. ...Ч   араас нь хөөж очоод газар унагаачихсан Сансарыг аль хөлөөрөө гэдгийг тодорхой хараагүй, ямар ч байсан өшиглөөд байсан. ...” /хх 15-16/,

шүүгдэгч Г.Ч гийн “...Би 2019 оны 2 дугаар сарын 23-ны орой О.Сансартай маргасан. ...Сансарыг буулгаад түрүүлж цохисон хүн нь би. ...Би согтуурсан үедээ бусдын биед халдсан асуудал минь үнэн учраас яриад байх зүйл байхгүй, маш их гэмшиж байна. ...” /хх 33-34, 39-40/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2750 дугаартай “...О.Сансарын биед тархи доргилт, хамрын нуруу, баруун шанаа, баруун хацрын төвгөр, эрүүний баруун ард хэсэг, 2 гарын сарвуунд зулгаралт, зүүн бугалага, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, баруун гарын алганд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 21/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Ч гийн иргэн О.Сансартай маргалдан зодож, түүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг” -ийн шинжтэй гэж дүгнэж, хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажилд хийлгэх ялын төрлүүдээс Г.Ч д торгох ялыг сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдалд тохирсон байна.

 

Гэхдээ шүүгдэгч Г.Ч д торгох ял оногдуулахдаа “...шүүгдэгч Г.Ч гийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд “хэсэгчлэн” төлүүлэхээр тогтоож...” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаас үзэхэд, шүүх хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болохоор байна.

 

Иймд шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаа болох 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулав.

 

Хохирогч О.Сансарын өмгөөлөгч Х.Баатарбилэг “...Тухайн хэрэг болох үед алга болсон хохирогч О.Сансарын гар утасны үнэ болох 699,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох  470,000 төгрөг, нийт 1,160,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч  О.Сансар нь гар утасны үнэ 699,000 төгрөг гэж 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 699,000 төгрөгийн гүйлгээ хийсэн Худалдаа хөгжлийн банкны 499156894 дугаартай Очирбатын Сансар гэсэн дансны хуулга /хх 30/-ыг хэрэгт гарган өгч, гар утасны мөнгөө нэхэмжилж байгаа боловч гүйлгээний зориулалт, утга нь бичигдээгүй тус баримтыг үндэслэн шүүх О.Сансарын гар утасны үнийг 699,000 төгрөг гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн энэхүү гэмт хэргээс шалтгаалан хохирогч О.Сансар нь хэзээнээс хэзээ хүртэлх цаг хугацаанд ажлаа хийгээгүй болох, энэ шалтгаанаар цалин нь тухайн 2019 оны 2 дугаар сард багассан талаарх нотлох баримтгүйгээр О.Сансарын 5 хоногийн цалинг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй.  

 

Иймд хохирогч О.Сансарын нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хохирогчийн гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн атлаа шүүгдэгч Г.Ч г бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ заасан нь буруу байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч гийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй” гэж,

 

тогтоох хэсгийн 4 дахь заалтад “...Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Сансар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй...” гэснийг “...Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч О.Сансарын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч О.Сансарын өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ