Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     

Хэргийн индекс 132/2017/00347/И

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 450 дугаартай шийдвэртэй,

 

 Х.А-ийн нэхэмжлэлтэй, Н.Ц-д холбогдох 3731200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгч Х.А түүний өмгөөлөгч М.Даваасүрэн

Хариуцагч Н.Ц

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А миний бие 2 оюутан хүүхдийн сургалтын болон бусад төлбөрийг төлөх амьдралын шаардлага гарсан учраас Н.Ц-аас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1000000 төгрөгийг, өдрийн 20000 төгрөг буцаан төлөхөөр, сарын 10 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүүг цаг хугацаанд төлөхөөс гадна хугацаанаасаа өмнө төлж барагдуулж байсан. Үүний зэрэгцээ нэмж зээл авах хэлбэрээр амаар харилцан тохиролцож байсан. Н.Ц-д надад холбоогдуулан 2017 оны 02 дугаар сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн. Би тухайн үед өөрийн нэр төр, Н.Ц-д өөрөө ажилгүй, нөхрийнхөө мөнгийг хүүлдэг зэрэг нь амьдралд нь нөлөөлөх байх гэсэн үүднээс нэхэмжилсэн 3000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хугацаа тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу 2 сарын мөнгийг төлж, дараагийн сарын мөнгийг төлөх хугацаа болоход оюутан хүүхдийн төлбөр нэхэгдсэн учраас өгөх боломжгүй болсон. Би энэ учир байдлаа Н.Ц-д мессежээр мэдэгдсэн боловч хариу мэдэгдээгүй. Харин шууд Шүүхийн шийдвэр гүйцэлтгэх албанд албадан гүйцэтгүүлэх хүсэлт өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх мөнгийг 3 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг хураана гэж хэлсэн. Ингээд би хууль мэдэх хүмүүсээс зөвлөгөө авахад бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү, алданги тооцох эрхгүй гэж хэлсэн. Би Н.Ц-аас мөнгө зээлсэн учраас зохих ёсны хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие маш их мөнгө төлсөн бөгөөд нэгэнт бичгээр гэрээ байгуулаагүй учраас өөрийн тооцоогоор хэрэглээгүй хоногт төлсөн хүү болох 3731200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Н.Ц-д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: X.А нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1000000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Ингээд өдөрт 20000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцож төлбөрөө хугацаандаа төлж байгаад үлдэгдэл төлбөртэй байх үедээ нэмж хүүтэй мөнгө хэдэн хэдэн удаа зээлдэж авч байсан. Ингээд анх авсан зээлийн үлдэгдэл 1950000 төгрөг, хүү 600000 төгрөг, сүүлд авсан зээлийн үлдэгдэл 1450000 төгрөг, хүү 432000 төгрөг, нийт 4432000 төгрөгийг Х.А-ээс гаргуулахаар миний бие Булган аймаг дахь Сум дундын шүүх дахь Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2017 оны 2 дугаар сард өргөдөл гаргасан билээ. Тухайн үед Х.А нь миний нэхэмжилсэн 4432000 төгрөгнөөс 3000000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400000 төгргийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин миний зүгээс 1432000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Энэ талаараа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 63 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулсныг, шүүгч баталгаажуулж 132/Ш32017/00534 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Х.А нь надад төлөх   3000000 төгрөгөөс 580000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг шүүгчийн захирамжинд дурьдсан хуваарийн дагуу төлөхгүй байсан тул миний бие албадан төлүүлэхээр захирамж гаргуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан асуудлаар урьд нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн   захирамж гарсан байхад дахин энэ талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 450 дугаар шийдвэрээр:

          Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Ц-аас 3731200 төгрөг гаргуулах тухай Х.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74699 /далан дөрвөн мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарлаж,

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгч Х.А түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нар давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудлаар урьд нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байхад дахин шүүхэд хандсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ. Ингэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна үндэслэл нь: 1. Хариуцагч шүүхэд эвлэрлийн гэрээ, захирамж зэргийг нотлох баримтаар авчирч өгсөн ч энэ асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хүчин төгөлдөр шийдвэртэй талаар яригдаагүй шүүгч шийдвэр танилцуулахдаа ингэж танилцуулаагүй. /Шүүх хуралдааны явцын бичлэгээс үзнэ үү./ 2. Миний бие нэхэмжлэл гаргахдаа Н.Ц-аас /хувь хүнээс/ мөнгө хүүтэй зээлдэж зээлийг зээлийн хүүгээр тооцож өдөр бүр 20000-80000 төгрөг төлөхөөр 2015 оны 11 сараас 2017 оны 1 сар хүртэл аман тохиролцоогоор нийт дансаар 7,205,000 сая төгрөгийг бэлэн 1,000,000 төгрөг нийт 8,205,000 төгрөг зээлдэж 17,320,000 төгрөг буцаан өгсөн баримтаар шүүхэд гаргаж өгсөн /баримтгүйгээр өгсөн зөндөө мөнгө бий/ надаас ийм их мөнгө хүүлсэн мөртлөө намайг мөнгөө төлсөнгүй гэж шийдвэр гүйцэтгэлд хандсан болохоор нь би анх шүүхэд хандсан үнэн, энэ хугацаанд Н.Ц-д 3,000,000 төгрөгийг маш богино хугацаанд төлсөн ингээд би давхар өр зээлд орсон тул энэ хүнд ийм их хүү төлсөнөө тооцож үзэхэд хүү төлөхдөө урьд авсан зээл, түүний хүү 2-ыг нэмж зээл авахдаа давхардуулж тооцуулж Жишээ нь: Нэг сая төгрөг 2 сарын хугацаатай авахад хүүгийн хамт 1 сая хоёр зуун мянган төгрөгийг 60 хоногт 20 мянгаар төлөхөөр явж байтал 20 хоногт дараа мөнгө авах болохоор 20 хоногт төлсөн мөнгө нь 400,000 мянган төгрөг хасаад 800,000 мянган төгрөг дээр нэмж авсан 500,000 мянган төгрөг гэвэл түүхий хүү 100,000 болоод нийт зээлийн хүү 1,4 сая болж өдөрт 25 мянган төгрөг төлөхөөр болж байснаа ойлгосон энэ үйлдэл хуульд нийцэхгүйг би олж мэдээд нэгэнт хүний мөнгийг аваад хэрэглсэнийхээ хувьд хүүгий нь төлье. Харин надад 10 хувийн хүүтэй зээл тохирч өгчихөөд нэмж зээл авахаар давхар хүү тооцож сард 20 хувийн хүүтэй авсан гэжээ.

            Хариуцагч Н.Ц хариу тайлбартаа: ...Шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 534 дүгээр захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Энэ захирамж хэрэгт байгаа. Дээрхи асуудлаар миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, төлбөр төлөгч Х.А нь төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ талаар Х.А болон миний бие гарын үсэг зурсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг Х.А мэдэж байгаа.

            Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тухай хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хэрэгт нотлох баримтаар өгсөн тул хэргийн оролцогчид бид бүгд энэ талаар шүүх хуралдаан дээр ярьсан ч бай, яриагүй ч байсан урьд нь танилцсан тул мэдсэн гэж үзнэ. Энэ утгаараа 534 дугаартай шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

            Миний хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй юм. Х.А түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.24-ний өдрийн 450 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Н.Ц-д холбогдуулж 3731200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.А нь анх 2015 оны 11 дүгээр сараас хариуцагч Н.Ц-аас 1000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, өдөрт 20000 төгрөг төлж байхаар амаар тохиролцон зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авсан байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн хүүг тохиролцсоноороо төлж байсан ба зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцон хэд хэдэн удаа зээл авч байсан байна.

Тухайн үед нэхэмжлэгч Н.Ц нь нийт зээлж авсан мөнгө, хүү төлөгдөөгүй байгаа 4432000 төгрөгийг хариуцагч Х.А-ээс гаргуулахаар нэхэмжилж Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг зохих хугацаанд төлөхөөр 63 тоот эвлэрлийн гэрээг байгуулснаар, шүүх 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 534 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Н.Ц-ын хүсэлтийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1044 дүгээр шүүгчийн захирамжаар 534 дүгээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр захирамж гарсан төдийгүй төлбөр төлөгч Х.А нь эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлсэн 3.000.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь зохигчдийн тайлбар бусад нотлох баримтаар нотлогдсон байна./х.х-ийн 40,41,42/

       Харин нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Н.Ц-аас хүү 3.721.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээг бичгээр хийгээгүйгээс хүү илүү төлсөн гэж тодорхой гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, анх авсан зээлийн хүү 432.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэв шүүх тухайн маргааны үйл баримтын талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч Х.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Н.Ц-аас хүүтэй мөнгө зээлж авсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү тооцох эрхгүй. Хариуцагчид хүү төлсөн 3.731.200 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон хүүнд илүү төлсөн мөнгөө буцаан авах тухай шаардлага гаргасан байхад шүүх маргааны үйл баримтын талаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтуудад тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлээгүй үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А-ийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 450 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.699 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ё.БЯМБАЦЭРЭН

 

        ШҮҮГЧИД                                                            С.УРАНЧИМЭГ

 

                                                                                       М.ХҮРЭЛБААТАР