Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, З.С

Нэхэмжлэлийн шаардлага: Т ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоох, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийг хүчингүй болгуулж, “Т ” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах” тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  17 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, З.С

Шүүх хуралданы нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 119/2023/0039/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь Т ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоох, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийг хүчингүй болгуулж, “Т ” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах”-аар маргажээ.  

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь заалтуудыг баримтлан “Т ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Т ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийн “Т ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т ” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг Э ТӨҮГ-т даалгаж”  шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан байх тул Захиргааны ерөхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Э  үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.2. “Э  үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын А/452 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь “Э  үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдөр “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай цахим тендерийн баримт бичгийг боловсруулан баталж, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тендер нээгдэхэд тендерийн хянан үзэж, үнэлгээг хийсэн бөгөөд тус тендер нь амжилтгүй болсон. Захиалагч “Э  үйлдвэр” ТӨҮГ нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаар шийдвэрийг биелүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай цахим тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn-д дахин зарлахад “Э  үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын А/452 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь мөн л тус тендерийн баримт бичгийг боловсруулан баталж, цахим тендер ирүүлсэн компаниудын тендерийг хянан үзэж, үнэлгээг хийсэн байхад нэг удаагийн шинжтэй гэж дүгнэн эрх зүйн үр дагаврыг “Э” ТӨҮГ хариуцна гэсэн нь үндэслэлгүй байна.

3.3. “Т ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1-т Үнэлгээний хороо 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтийн “Т ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2-т “Т ” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Э  үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” гэснээс үзэхэд хариуцагч нь захиалагч буюу “Э  үйлдвэр” ТӨҮГ, хамтран хариуцагчаар Үнэлгээний хороо байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна … шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.30-д “Дээрх үндэслэлүүдээр тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэн гарсан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан аввах тухай хуулийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан тендер үр ашигтай байх, хариуцлагатай байх, хэмнэлттэй байх зэрэг худалдан авах ажиллагааны зарчимд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэсэн нь дээрх хуулийн 106.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

3.4. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээг үзүүлэх” тендер сонгон шалгаруулах ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаарх тайлбар, уг сонгон шалгаруулалттай холбоотой нотлох баримтууд”-ыг ирүүлэх талаар 119/АБ2024/0055 дугаартай албан бичгийг Э  үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн бөгөөд албан бичигт дурдсан баримтуудыг шүүхэд хүргүүлсэн юм.

3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.12-т “Э  үйлдвэр” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, “гэр кемп” гэснийг хасаж, дахин тендер сонгон шалгаруулалт зарласан бөгөөд уг тендерт “Т ” ХХК, “Оддөл” ХХК-иуд оролцож, захиалагчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТБ-134-12/678, мөн өдрийн ТБ-134-12/679 дугаартай албан бичгээр уг хоёр тендерээс татгалзсан мэдэгдлийг тендерт оролцогч нарт хүргүүлсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “О” нь Сангийн яаманд гомдлоо гаргаж, Сангийн яамны албан бигээр гомдлыг хянасан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна дурдсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээг үзүүлэх” тендер сонгон шалгаруулах тендерийн үр дүн гарч, эрх зүйн үр дагаврыг бий болгосон байхад дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд нотлох баримтын хүрээнд хэрхэн үнэлснийг дурдаагүй.

3.6. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь Э  үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан“Т ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийн “Т ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т ” ХХК-г ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Э  үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан байна.

2.2. “Э  үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээг үзүүлэх тухай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061167 дугаар нээлттэй тендерийг зарлаж, Тендерийн үнэлгээний хороо тендерийн сонгон шалгаруулалтыг явуулжээ.

2.3. Маргаан бүхий тендерт нэхэмжлэгч “Т ” ХХК, “О” ХХК нар өрсөлдсөн бөгөөд хариуцагч Үнэлгээний хорооны 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т ” ХХК нь тендер  шалгаруулалтад оролцон шалгарч “Э  үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/5447 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэнийг “О” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж “...Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин шийдвэрлэсэн” талаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 дугаар албан бичгээр мэдэгдсэний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдан, тендерт үнэлгээ дахин хийж, “Э  үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар албан бичгээр ““Т ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулж ирүүлээгүй тул шаардлага хангаагүй” гэж Үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгдэж, уг шийдвэрийг “Т ” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргажээ.

2.4. Улмаар Сангийн яам 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр “Т ” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цахим системээр тодруулга авах хүсэлт хүргүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан ... захиалагч тодруулгад хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль зөрчсөн байна ... тус тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тухайн тендер нь хүчингүй болсон байна. Хариуцагчид тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдэж” хариуг хүргүүлсэн байна.

2.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д “Захиалагч ... хуульд заасан журмын дагуу үнэлгээний хороо байгуулах эрхтэй”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх болон тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх чиг үүрэгтэй байна” гэж, Сангийн Сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна”, 5 дугаар зүйлийн 5.3-д “Захиалагч үнэлгээний дүгнэлтийг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор энэ тухай үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ”, 5 дугаар зүйлийн 5.4-д “Энэ журмын 5.3-т заасан мэдэгдлийг захиалагчаас хүлээн авснаас бусад тохиолдолд үнэлгээний хороо захиалагчид хүргүүлсэн үнэлгээний дүгнэлтэд өөрчлөлт оруулах, эсхүл шинээр дүгнэлт гаргах эрхгүй” гэж тус тус заасан байна.

2.6. Дээрхээс дүгнэвэл хууль болон журмын зохицуулалтаар Үнэлгээний хороо нь гагцхүү хуралдааны зохион байгуулалттайгаар хуульд тусгайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг, байнгын бус үйл ажиллагаатай ажлын хэсэг бөгөөд түүний гаргасан шийдвэр, дүгнэлтийг захиалагч хүлээн авч баталгаажуулснаар хүчин төгөлдөр болохоор байгаагаас үзвэл анхан шатны шүүх байнгын үйл ажиллагаатай “Э  үйлдвэр” ТӨҮГ-ийг хариуцагч гэж үзэн нэхэмжлэгчтэй тендерийн гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.

2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ын 22 дугаар зүйлийн 22.3-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно”, 22.4-д “Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно”, 22.4-д “Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр, эсхүл худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно” гэж заасан байхад хариуцагч энэ ажиллагааг хийгээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан байна.  

 2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т ” ХХК 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тендерийн баримт бичигт хавсаргасан “Ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн техникийн даалгавар”-т “гэр кемп”-ийн талаархи тодруулга хийлгэхээр захиалагчид www.tender.gov.mn цахим системээр хүсэлт гаргасан боловч уг хүсэлтэнд тендерийн үнэлгээний хороо хариу өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулж, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тендерийг нээсэн бөгөөд тендер нээхээс өмнө хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А-2/1140 дугаартай албан бичиг, www.tender.gov.mn цахим системд хүсэлт хүргүүлсэн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх ... Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичиг гэр кемп” гэсэн тухайн тендерт хамааралгүй үйлчилгээг оруулж, уг асуудлаар тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус үйлдэл гаргасан бөгөөд тухайн “гэр кемп” гэх ганцхан үндэслэлээр нэхэмжлэгчийг тендерээс татгалзсан нь бодит байдал дээр үндэслэлгүй шийдвэр болжээ … “Т ” ХХК нь Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг бүрэн хангасан болох нь Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагчийн мэдэгдэл зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.9. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон тайлбартаа ... 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээг үзүүлэх” тендер сонгон шалгаруулах тендерийн үр дүн гарч, эрх зүйн үр дагаврыг бий болгосон байгаа. Тендерийн хүчинтэй хугацаа дууссан” гэж тайлбарлаж байх боловч уг тендер хэрэгжиж үр дагавар бий болгосон эсэх нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, үүний улмаас “Т ” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол буюу шударгаар, тэгш боломжоор өрсөлдөх эрх нь хөндөгдсөн байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй юм.

2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ